Хичээл сургууль эхлэхтэй холбоотойгоор манай сонины сурвалжлах баг сургууль, цэцэрлэг, түүний эргэн тойронд буй холбогдох сэдвийг цувралаар сурвалжлан хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн дугаартаа тусгай хэрэгцээт сургуулийн талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
29-Р СУРГУУЛЬ СУРАГЧДАА ХҮЛЭЭН АВАХАД БЭЛЭН
Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн суралцах, хөгжих боломж хүрэлцээгүй байдгийн улмаас олон мянган хүүхэд боловсролын гадна орхигддог. Учир нь улсын хэмжээнд 12 мянга орчим тусгай хэрэгцээт хүүхэд бий. Тэдэнд зориулсан сургууль улсын хэмжээнд зургаа байдаг ажээ. Эдгээр сургуулийн нэг бол тусгай хэрэгцээт 29-р сургууль юм. Манай сонины сурвалжлах баг тус сургуульд очиход багш нар болон сургалтын менежрүүд хуралдаж байв. Учир нь тус сургууль суралцагчдаа хүлээн авахад бэлэн болж, үүрэгт ажлуудаа хуваарилж байсан юм.
Тус сургуулийн үүдэнд ээжтэйгээ дүрст дуудлага хийж, сургуулийн бүртгэлээ хийлгэхээр ирсэн сурагч охин зогсож байлаа. Үүдний үйлчлэгч эмэгтэй түүнээс хэнтэй уулзах гэж явааг дохионы хэлээр асуун, зам зааж өгөв. Харин охин ээжтэйгээ дохионы хэлээр ярьсаар дээд давхрын шатыг зүглэлээ. Үйлчлэгч эгчийн хажууд харуул ах сууж байв. Гаднаас орж ирэх долоон эрэгтэйтэй мөн л дохионы хэлээр харилцаж, хоорондоо багахан инээсээр зөрөлдөв. Харуул ах олон жил ажиллаж байгаа учраас дохионы хэл сурсан талаараа багахан хуучлав. Мөн түүнтэй багахан инээлдэж зөрсөн эрэгтэйчүүд тус сургуулийн туслах багш нар байсныг дурдсан юм. Энэ сургуулийн ажилчид ажлынхаа хажуугаар нэг л мэдэхэд дохионы хэлтэй болсон байдаг ажээ. Ингэснээр тус сургуульд хэн ч хэнийгээ үл тоомсорлохгүй, нэгэндээ уусаж, дасан зохицож амьдарч, ажиллаж буй нь илт байв.
Тус сургуулийн Бага ангийн заах арга зүйн нэгдлийн менежер М.Ариунзулаас сургуулийн хичээлийн элсэлттэй холбоотой товчхон тодруулга авсан юм. Тэрбээр “Захирлын тушаалаар сургуулийн Эмнэлэг сурган хүмүүжүүлэх комисс энэ сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Манай сургууль 21 аймаг болон Улаанбаатар хотын есөн дүүргийн сурагчдыг дотуур байранд хамруулж, хүлээж авдаг. Энэ удаагийн хичээлийн жилд сурагчдыг бүртгэж авах үйл явц хэдэн хувьтай байгаа талаарх мэдээллийг гаргах боломжгүй. Учир нь хөдөө орон нутгаас суралцагчид цагийг нь тулгаж ирэх буюу сарын сүүлээр ирэх нь бий. Мөн есдүгээр сарын 1-нд ирэх суралцагчид ч байгаа. Зарим тохиолдолд есдүгээр сарын дунд үеэр ирэх суралцагчид ч байдаг. Тиймээс хичээлийн жилийн элсэлтийн бүртгэлийг хэдэн хувьтай байгаа талаар гаргах боломжгүй. Сургуулийн зүгээс засварын ажлаа дуусгаж, суралцагчдаа хүлээн авахад бэлэн болсон” гэлээ.
Уг сургуульд суралцах хөдөө орон нутгийн эсвэл алслагдсан дүүргийн сурагчид дотуур байранд хамрагдах ажээ. Тус сургуулийн дотуур байранд 240 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай юм байна. 29-р сургуульд сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээж авдаг. Тиймээс эмнэлгийн ягаан карт, эмчийн үзлэгийн тэмдэглэл, эцэг эхийн иргэний үнэмлэх хэрэгтэй ба сонсгол болон хэл ярианы бэрхшээлийг тодорхойлж, сургуульд бичлэг хийдэг ажээ. Эмнэлэг сурган хүмүүжүүлэх комисс, багш нар, сонсгол засалч эмчийн бүрэлдэхүүнтэйгээр хүүхдээ шалгаж, хүлээж авдаг байна. Шилжиж ирсэн хүүхдүүдийг ч дээрх байдлаар үзлэгт оруулж авдаг аж. Нэг жилд 3-4 бүлэгт нэгдүгээр ангийн сурагчдыг бүртгэлийг хийдэг байна. Ингэхдээ нэг ангид 8-12 хүүхэдтэйгээр хичээллэдэг ажээ. Гэвч тухайн жил нь хэчнээн хүүхэд элссэнээс хамаарч бүлгийг гаргадаг талаараа тус сургуулийн зүгээс дурдсан юм. Өнгөрсөн жил нэг бүлэгт найм, нөгөө бүлэгт таван хүүхэд элсэж, хоёр бүлэгтэйгээр хичээллэсэн ажээ. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилтэй харьцуулахад элсэгчдийн тоо нэмэгдэнэ гэх хүлээлттэй байгаа учраас олон бүлэгтэй ажиллахаар бэлтгэлээ базаасан байлаа. Одоогоор хэчнээн бүлэг гарах нь тодорхойгүй байгаа ч өнөөдрийн байдлаар хоёр бүлэг дүүрсэн байв.
Хичээл заах мэргэжлийн багш нар дутмаг байдаг гэдгийг тус сургуулийнхан онцлов. Тус сургуулийн Бага ангийн заах арга зүйн нэгдлийн менежер М.Ариунзул энэ талаар “Мэргэжлийн хэл засалч, хэлмэрч багш нар их дутмаг. Салбартаа бол ховор байдаг. Эдгээр мэргэжилтнүүдийг дотооддоо бэлддэггүй. Сүүлийн үед Монгол Улсын Боловсролын Их Сургууль /МУБИС/-д мэргэжилтэн багш нарыг бэлдэж байгаа. Гэсэн ч хангалтгүй. Боловсон хүчний дутагдал газар авсаар байна” гэлээ.
П.ЧИМЭДДУЛАМ: ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ИРГЭДИЙГ ЗУРГААН МЭРГЭЖЛЭЭР МЭРГЭШҮҮЛЭХЭЭР БҮРТГЭЖ БАЙНА
Манай улсад тусгай хэрэгцээт 107.075 иргэн бий. Энэ нь нийт хүн амын 3.3 хувийг эзэлдэг. Тэднийг насаар нь ангилбал 0-18 насны 12.5 мянга, 19-34 насны 22.8 мянга, 35-64 насны 65.5 мянга, 65-аас дээш насны 6539 хүн бий. Үүнээс харвал ид хөдөлмөрийн насны иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа юм. Хөдөлмөр эрхлэх боломжтой тусгай хэрэгцээт 15-аас дээш насны иргэд 98.2 мянга байгаагаас 31.6 хувь буюу 31 мянган иргэн л хөдөлмөр эрхэлдэг байна.
Тэгвэл иргэдийг хөдөлмөр эрхлэхэд дэмжих, мэргэжлийн боловсрол олгох сургуулийн үйл ажиллагаа ямар байгаа талаар судалсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар бол тусгай хэрэгцээт хүмүүсийг дэмжиж ажилладаг, хамгийн олон жилийн түүхт байгууллага юм. Тус газрын Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль 10 чиглэлээр мэргэжил олгох, мэргэшүүлэх сургалтыг ордог байна. Ингэхдээ тусгай хэрэгцээт 15-45 насны буюу хөдөлмөрийн насны иргэдийг нэг сар, 45 хоног болон хоёр жилийн хугацаатайгаар мэргэшүүлдэг ажээ.
Ингэхдээ тогооч, талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан, бэлэг дурсгалын зүйл урлаач, гар утас засварчин, модон эдлэлийн мужаан, сийлбэрчин, оёдолчин, цахим үйлчилгээний ажилтан, нарийн бичгийн дарга, архив бичиг хэргийн ажилтан, монгол дохионы хэлмэрч гэсэн ангиудад элсэлт авч байгаа аж. Энэ хичээлийн жилд модон эдлэлийн мужаан, сийлбэрчин бэлэг дурсгалын зүйл урлаач, тогооч, талх нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан, гар утас засвар гэсэн зургаан мэргэжлээр элсэлт авч байгаа ажээ.
Энэ талаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Мэргэжлийн боловсрол ур чадвар олгох сургуулийн сургалтын менежер П.Чимэддулам “Мэргэжлийн сургууль маань хоёр жилийн хугацаатай болохоор манай багшлах боловсон хүчний нөхцөл байдлаас хамаарч хоёр жилээ төгссөнийх нь дараа дараагийн элсэлтээ авдаг. Тэгэхээр үлдсэн дөрвөн мэргэжлээр өнгөрсөн жил элсэлт авсан учраас энэ жил авахгүйгээр өнжиж байгаа юм. Бид жил бүр Боловсрол, шинжлэх ухааны яам /БШУЯ/-наас өгсөн элсэлтийн тоон хэмжээгээр элсэгчдээ бүртгэж авдаг. Нэг ангид 12 суралцагч бүртгэж авна гэхээр зургаан мэргэжлээр элсүүлэхэд энэ жилийн хувьд 72 суралцагч бүртгэж авна гэсэн үг. Өмнө нь манай мэргэжлийн ангиудад нэг жил суралцдаг байсан. Олон жилийн турш нийгэмшээгүй хүүхэд, насанд хүрэгчид манай сургуульд ирэхэд ганцхан жилийн дотор мэргэшүүлж, ажлын байранд зуучлахаар тухайн иргэдийн чадамж нь хүрдэггүй учир БШУЯ-нд хүсэлт гаргаж, туршилтын журмаар хоёр жилээр сургаж байгаа. Мөн цар тахлын жилүүдэд сургалтын үйл ажиллагаа хэвийн байсан. Нийт элсэлтийн 50 гаруй хувь нь нийслэлээс, үлдсэн нь орон нутгийн иргэд байдаг” гэсэн юм. Тус сургуулийн сургалтад хамрагддаг тусгай хэрэгцээт иргэдийн дийлэнх нь 20-36 насныхан байдаг ажээ. Тус сургуулийн хувьд 120 хүнийг сургах хүчин чадалтай юм байна. Мөн 25 хүүхдийн багтаамж бүхий дотуур байртай ажээ. Дотуур байранд өдөр бүр хоёр тийш зорчих боломжгүй буюу тулгуур тогтолцооны бэрхшээлтэй хүүхдүүдийг ихэвчлэн авдаг байна. Тусгай хэрэгцээт иргэдийн хувьд ажлын байранд гарахад зориулж, бие даах чадварыг дотуур байрнаас суралцдаг гэдгийг тус байгууллагын ажилчид онцолж байлаа.
Дотуур байранд байх суралцагчдыг харгалзах багш нар бий. Дотуур байрны багш нар дунд дохионы хэлмэрч байдаг бөгөөд оюуны бэрхшээл, сэтгэцийн эмгэгтэй хүмүүстэй харьцаж байсан олон жилийн ажлын туршлагатай хүмүүсээр багаа бүрдүүлжээ. Сүүлийн үед хүүхдүүдийн хөгжлийн бэрхшээл хүндэрч, хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгтэй хүүхдүүд тус байгууллагын сургуульд их ирж байгаа аж. Тиймээс туслах багшийн хэрэгцээ шаардлага тэр хэрээр нэмэгдэж байгааг онцлон дурдсан юм. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг дагаад шинэ анги нээх шаардлагатай байгаа талаараа ч хуваалцав. Тухайлбал, гадна талбайн үйлчлэгч, цэцэрлэгч гэх мэт. Гэвч улсын төсвийн байгууллага учраас төсөвт хүний нөөцийн орон тоо байхгүй тул эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн ангийг нээх боломжгүй байдаг талаар ярьсан юм. Тус сургуулийн хувьд мэргэжлийн багш нараас гадна хөдөлмөр зууч хариуцсан мэргэжилтэнтэй ажээ. Ингэснээр төгсөгчдийг ажлыг байранд зуучлах, сургалтын явцад дадлага хийхэд гэрээтэйгээр дадлагажих, эсвэл шинэ байгууллагуудыг олж, гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа өргөтгөхөд тустай байдаг аж. Олон жилийн дунджаас харахад нийт төгсөгчдийн 65 хувь нь ажлын байранд зуучлагджээ. Өнөөдрийн байдлаар тус сургуулийн элсэлтийн үйл ажиллагаа 60 хувьтай байгаа аж. Одоо ч элсэлтийн бүртгэлийг үргэлжлүүлсээр байгаа ажээ. Тус сургуулийн зүгээс суралцахаар ирсэн суралцагчдад элсэлтийн оношилгоо хийдэг байна. Элсэлтийн оношилгоо гэдэг нь сэтгэц, сэргээн засах эмч болон багш нараас бүрдсэн хүмүүс оношилгооны баг болж ажиллах үйл ажиллагаа юм. Ингэхдээ суралцагчийг сонгосон ажилдаа тэнцэх эсэхийг тодорхойлдог үнэлгээ хийнэ. Жишээлбэл, уналт, таталт ихтэй суралцагч тогоочийн ангид суралцахад хүндрэлтэй тул мэргэжил эзэмшихээс илүүтэй хувийн хамгааллаа хийх боломжгүй нөхцөл байдал үүсэх юм. Тиймээс элсэгчидтэй зөвлөлдөж, тохирох мэргэжлийг нь санал болгодог байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )