Ц.Далхаа: Манай улс дотоод нөөц бололцоогоо тултал ашиглах ёстой

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 26

Амьдралынхаа 60 гаруй жилийг Монгол Улсын банк санхүүгийн системийг хөгжүүлэх үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж, өөрийн жинтэй хувь нэмрийг өнөөдрийг хүртэл оруулсаар яваа Цэрэндаш овогтой Далхаа гуайг энэ дугаарын "Өглөөний зочин"-оор урилаа. Түүний улс, нийгэмд оруулсан хувь нэмрийг үнэлж Ардын Хувьсгалын ойн медалиуд, таван жилийн гавшгайч цол тэмдэг, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Ард түмний гавьяат, Монгол Улсын  ардын гавьяат эдийн засагч зэрэг төр, засаг, банк санхүү, олон нийтийн байгууллагуудын хүндэт шагналуудаар шагнаж байжээ. Түүнийг Хөдөө аж ахуйн банк буюу ХААН банкийг анх санаачлан, үүсгэн байгуулсан гэдгээр нь хүмүүс андахгүй билээ. Мөн түүнийг “хадгаламж” Далхаа хэмээн дууддаг гэнэ.


-Цэл залуухан 17 настай байх үеэс банкны системтэй амьдралаа холбож байсан гэдэг. Та манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Би 1934 онд Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн. Аав, ээжийнхээ гар дээр хүмүүжиж, 1943 онд нутагтаа бага сургуульд суралцан төгсөж, Санхүү эдийн засгийн техникумд орж нягтлан бодогчийн мэргэжил эзэмшсэн. Ажиллах хугацаандаа Эдийн засгийн дээд сургуульд суралцаж санхүү, эдийн засгийн дээд мэргэжилтэй болсон. 1951 оноос Улсын банк, түүний системийн байгууллагын хариуцлагатай албан тушаалуудад ажиллаж эхэлсэн. 17 настайдаа Улсын банкны нягтлан бодогчоор анх ажилд орж байлаа. Улсын банкны бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогчоос  хөдөлмөрийн гараагаа эхэлж, байцаагч, ахлах байцаагч, эдийн засагч, ахлах эдийн засагч, нууц, тусгай хэргийн эрхлэгч зэрэг албыг хашсан. Төв аймаг дахь Банкны Конторын даргаар 1964 онд томилогдон ажилласан.

1971 онд Улсын Банкандаа эргэн ирж касс, хадгаламжийн бүртгэл тооцооны хэлтэст хариуцлагатай албан тушаалууд дээр ажиллаж байгаад 1991 онд Монголын Хөдөө аж ахуйн Төв Банкийг үүсгэн байгуулалцаж, хяналт шалгалтын албанд ахлах байцаагч, зөвлөхөөр ажиллаж байсан. 1996 оны сүүлээр өндөр насны тэтгэвэрээ үдүүлсэн билээ. Ард түмнээ мөнгөжүүлэн амьжиргааг нь дээшлүүлэх, ялангуяа амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдэд бизнесийн болон мэргэжлийн чиг баримжаа олгох чиг үүрэг бүхий сургалтыг үнэ төлбөргүй явуулах, өрхийн орлогыг нь нэмэгдүүлж хуримтлалтай болоход нь тэдэнд дэмжлэг үзүүлэхийн тулд “Арвин өв сан хадгаламж” сайн дурын бүлэг, “Ард түмний зээлдэн туслах сан” нэртэй төсөл, хөтөлбөрийг 1990-ээд оны дунд үеэс санаачлан зохион байгуулж  явсаар уг асуудлыг Монгол банк, Сангийн яаманд албан ёсоор танилцуулж “Алтан төгрөг, боломж бололцоо сан” нэрээр тусгай зөвшөөрөл авч 2015 онд Улсын бүртгэлд бүртгүүлэн үйл ажиллагааг нь удирдан чиглүүлж байна.   

-Монгол Улсын банкны систем хоёр шатлалтай тогтолцоонд шилжиж, тухайн үеийн Хөдөө аж ахуйн банк буюу одоогийн ХААН банкийг таныг анх санаачилсан гэдэг. Өнөөгийн хамгийн олон хэрэглэгчтэй банкны суурийг хэрхэн тавьж байв?

-Нийгэм эдийн засгийн шинэчлэл өөрчлөлттэй уялдан 1991 онд анхны арилжааны банк үүссэн. Үүнээс үүдэн Монгол Улсын санхүүгийн системд нэгэн шинэ өөрчлөлт гарсан юм. Төв банк, арилжааны банкнууд гэсэн банкны хоёр шатлалт систем бүрэлдэн бий болсон. Улсын банкны систем, хувийн банкны систем зэрэгцэж эхлэхэд хувийн банкны систем давамгайлж хөгжиж байсан. Монгол Улсын банкны систем  хоёр шатлалтай тогтолцоонд шилжсэний дараахан  Монголбанк намайг шинээр байгуулагдах арилжааны банканд ажиллуулахаар томилсон. Энэ нь тухайн үеийн Хөдөө аж ахуйн банк буюу одоогийн ХААН банк байсан юм. Тухайн үед банканд ажилладаг хүн цөөхөн байсан. Тухайлбал, Улсын банкны анхны дарга Г.Балжид, Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны  нэгдүгээр орлогч сайд асан Д.Готов, Банкны ерөнхий хорооны дарга асан Г.Хүдэрчулуун нар байлаа.

-Таныг Монголбанкны дээд шагнал “Санхүү банкны тэргүүний ажилтан” тэмдгийн эх загварыг бүтээлцэж хийл­гэсэн гэдэг. Тэргүүний ажилтны энгэр дээр таны зохиосон тэмдэг гялалзахыг харахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Аливаа салбарын хамгийн том шагнал нь тэргүүн байдаг. Гэтэл манай салбарт тийм цол тэмдэг байдаггүй байсан. Тиймээс энэ санаачилгыг би гаргаж, эх зургийг нь зохиогоод Сайд нарын зөвлөлд оруулсан юм. Банкны тэргүүний ажилтны тэмдгийг зураад Боловсон хүчний хэлтсийн даргад очиход ганцхан банкны ажилтан гэж хийж болохгүй гэв. Харин Сангийн яамны дарга Д.Моломжамц санхүү банк хоёр хамт байх хэрэгтэй шүү дээ гэхээр нь түүгээр нь хийсэн байдаг. Тэргүүний ажилтны энгэр дээр миний зохиосон тэмдэг гялалзаж явахыг харахаар би өөрөө дахин шагнуулчихсан юм шиг л баярлана шүү дээ. Одоог хүртэл энэ тэмдгийг ашиглаж байгааг харахад сайхан байдаг.

-Таны шинээр санаачилсан, хөдөлмөрийг хөнгөвчилсөн зүйл маш олон хийсэн байдгийг мэдээд бахархах сэтгэгдэл төрж байлаа. Мөнгө хураах цүнхийг шинэчилсэн талаараа сонирхуулна уу?

-Урьд даавуун цүнхэнд л мөнгө хураадаг байлаа шүү дээ. Мэдээж даавуу болохоор дорхноо л урагдана, элэгдэнэ. Тиймээс зузаан брезентээр цүнх хийж төмөр цоожтой болгосон. Манай нутагт Лувсан-Ёндон гэж мундаг дархан байсан. Тэр хүн л цоож, цуурга гээд бүх зүйлийг нь хийсэн дээ.

-Мөнгө хадгалах савны битүүмжлэл буюу лац зохиох санаа хэрхэн төрсөн бэ?

-Анх бол мөнгө хадгалах савыг зангидаж уяад явдаг байсан. Энэ нь их болхи санагддаг байсан. Монгол Улсын их хөрөнгө хадгалдаг сав ямар нэгэн лац ломбогүй байна гэдэг буруу шүү дээ. Төв аймгийн Баянчандмань суманд дардас хийдэг машин байдаг байсан. Түүнийг нь ашиглаад модны давирхай, улаан тоосгоны үнс, ялз чанасан малын махны ялзмагийг тодорхой харьцаагаар хольж найруулсан тусгай жороор хийж үзлээ. Тэгэхэд аливаа нэг зүйлийг хадгалахад хөдөлгөөнийг нь хянах тэмдэг болж болмоор санагдсан. Ингээд л анх аймгийнхаа банканд туршилт хийж эхэлснээр улс даяар энэ лац тархсан юм. 

-1955 онд мөнгөн дэвсгэрт шинэч­лэгдэхэд анхны зураг, хэвийг нь та гаргасан гэл үү?

-Тийм. 1954 онд манай улсын сүлд өөрчлөгдсөн юм. Үүнийг дагаад мөнгөн тэмдэгтээ өөрчлөх хэрэгтэй болсон. Тэгээд би бараг л албан даалгавраар мөнгөн тэмдэгтийн шинэчилсэн хувилбарыг санаачлан зурж Ардын зураач Минжүүр гуайд шилжүүлж байсан. Минжүүр гуай гайхамшигтай сайхан зурна. Түүний уран бүтээл бүхэн хүний зүрх сэтгэлд шингэдэг байсан. Тиймээс ч 1955 оноос хойших мөнгөн тэмдэгтүүд их утга агуулгатай болсноос гадна хэн хүний сэтгэлд хүрсэн сайхан бүтээл болж хэрэглээнд гарсан гэж би боддог юм. Ингээд л бидний зохиосон мөнгө /хуучнаар/ ЗХУ-д хэвлэгдэж эхэлсэн дээ. 1966 онд шинэчлэгдсэн мөнгөн дэвсгэртүүд, нүхтэй мөнгөний загварыг гаргалцаж гадаадын улс орнуудад захиалан хийлгэхэд өөрийн биеэр оролцсон байдаг. “Данзангийн доллар” гэж Монголд яригддаг байсан. Би Данзангаа бутархай мөнгөн дээр зураад банкны ойгоор бэлэглэсэн байдаг л даа. Гэхдээ Данзангаа мөнгөн тэмдэгт дээр оруулж чадаагүй юм шүү, ирээдүйдээ болох л байх. Одоо гадуур худалдаанд байгаа мөнгө хураах даллагатай, ардаа баян Намсрай бурхантай мөнгөний бэлгэдэл бий. Түүнийг би анх гаргаж, зохиогчийн эрхийг нь авсан юм. Үүнийг олон улсын аялагчид их худалдан авдаг. Ийм мөнгөний бэлгэдэл аль ч улс оронд байдаггүй юм билээ.

-Мөн хуруу чийглэгчийг санаачлан нэвтрүүлсэн гэдэг шүү дээ?

-Гараар мөнгө тоолох ажиллагааны эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хуруу чийглэгчийг санаачлан нэвтрүүлсэн. Хуруу чийглэгч дугуй савнуудыг хийж, бүх банканд тараасан байдаг. Би маш олон зүйлийг санаачилж зарим нь ажил хэрэг болж, зарим нь дэмжигдээгүй л дээ. Чүдэнзний хайрцаг дээр хадгаламжийн давуу талыг  сурталчилсан зураг тавихыг санаачилж, зураг загварыг нь би өөрөө гаргаж байлаа.

-Нягтлан бодогч нарын цагийг хөнгөв­чилсөн хадгаламжийн хүү тооцох тусгай хүснэгт зохион бүтээж, ном болгосон гэдэг шүү дээ энэ талаараа ярина уу?

-Герман улс руу Бүртгэлийн хэлтсийн дарга М.Тэрбиштэй яваад туршлага судлаад, буцаж ирээд хүү бодох таблицыг анх нэвтрүүлж байсан. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хорооны харьяа Төв аймаг дахь Банкны конторын даргаар ажиллаж байхдаа нягтлан бодох бүртгэлийн иж бүрэн кабинет байгуулахыг сэдэн санаачилж, зохиолч Р.Чойномтой хамтран бүтээсэн. Төв аймгийн банкны конторыг ажлын шинэ байртай болгосон, банкны ажилчин албан хаагчдад  зориулан найман айлын орон сууц бариулж ашиглалтад оруулсан. Төв аймгийн Жаргалант суманд сангийн аж ахуйн дарга байсан Хөдөлмөрийн баатар Г.Аръяатай мөр зэрэгцэн ажиллаж, улс орны төлөө гэсэн хоёргүй сэтгэлээр зүтгэж байсан юм. Тэр үед Жаргалантын сангийн аж ахуй улсдаа хамгийн томдоо ордог байсан хэдий ч төсөв, санхүү муутай, цалингаа ч тогтмол тавьж чаддаггүй байлаа шүү дээ. Харин банкны ач тусаар тус сангийн аж ахуй түргэн хугацаанд хөл дээрээ боссон. Тус суманд очих гээд явж байтал гэнэт буу дуугараад, харин Шагдар хэмээх сайн жолоочийн буянд амь гарсан түүх бий. Мөн “Ээж хад”-ны хувцсыг шинэчилж, улсын мөнгөн тэмдэгт газраар хөглөрөөд байхаар нь мөнгө хийдэг авдар тавьсан. Тэр хураагдсан мөнгөө улсын орлогод тушаадаг байсан.

-Банкны ажилтан болон хэрэглэгчдэд зориулсан гарын авлага, ном, товхимол бичиж түгээсэн гэдэг. Ямар ямар ном байдаг вэ?

-Мөнгөн хадгаламжийн  сурталчилгаанд зориулж 300 гаруй зурагт хуудас гаргаж байсан. Аймгууд дахь  банкны салбаруудад зориулж тухайн аймгийн онцлогийг тусгасан бэлгэдэл бүхий логог зурж өгч байсан, улсын мөнгөн тэмдэгтүүдийн баялаг цуглуулгаараа сурталчилгааны зурагт хуудаснууд хэвлүүлж Орхон зэрэг аймгуудад үзэсгэлэн гаргаж олны хүртээл болгосон. Банкийг олон түмэнд сурталчлан таниулахад зориулсан сонины нийтлэлүүд, банкны ажилтнуудад зориулсан мэргэжлийн гарын авлагууд, банкны харилцагчдад зориулсан “Мөнгөн хадгаламж”-ийн тухай ном, ардын уламжлалт зан заншлыг багтаасан “Айлын ном” нэртэй найман цуврал, хүүхдийн танин мэдэхүйд зориулсан “Ертөнц” зэрэг 40 гаруй  ном товхимол бичиж түгээсэн билээ.

-Эдийн засгийн техникумын дэргэдэх банкны курсийн захирлыг хийж байсан гэдэг. Хэчнээн шавьтай вэ?

-Би АШУҮИС, Хүмүүнлэгийн ухааны их сургуульд ч мөн ажиллаж байсан. Одоо миний шавь нараас 2000 гаруй хүн Банк, санхүүгийн салбарт ажиллаж байна. Энэ хугацаанд олон зуун залуу мэргэжилтэн бэлтгэж, арав гаруй мэргэжлийн ном сурах бичиг гаргасан.

-Нууцыг хамгаалах ажил эрхэлж байсан гэдэг. Банкны нууцын ажилтан гэдэг их хариуцлагатай ажил биз?

-Мэдээж нэг л алдаа гаргавал улсын өмнө хариуцлага хүлээнэ шүү дээ. Би банкны нууц хэргийг эрхлэх тусгай ажилчин байсан. Энэ нь манай оронд байгаа үнэт эдлэл, мөнгөн тэмдэгтийг хариуцдаг ажил. Нярав хүн нэг лааз будаг алдахад улсад ямар хохирол учрах билээ. Тэгэхээр монголын бүх л эрдэнэсийг хариуцаж байгаа хүн маш нарийн хяналттай, хариуцлагатай байх нь чухал шүү дээ. Улсын эрдэнэсийн санг гурван хүн хариуцдаг байсан юм.

-Эдийн засгийн хямрал манайд ч гэлтгүй олон улс оронд нүүрлэчихлээ. Эдийн засгийн салбарт ажиллаж байсан хүний хувьд хямралыг даван туулах боломжийг хэрхэн харж байна вэ?

-Манайд эдийн засгийн хямралд орж байсан үе байдаггүй юм. Манай улс зээл авахгүйгээр, дотоод нөөц бололцоогоо тултал ашиглах ёстой. Уул уурхай, мал аж ахуй, газар тариалан гээд салбаруудаа эрчимтэй хөгжүүлэхэд анхаарах нь зүйтэй. Өргөн хэрэглээний бараа гэнэт өсөх нь улсын бодлого буруу тийшээ яваад байгааг харуулж буй хэрэг.

-Иргэд хуримтлал, хадгаламж гэхээр их мөнгө хийх ёстой гэж ойлгоод  байдаг шүү дээ. Иргэддээ та юу гэж зөвлөх вэ?

-Манай Улсын хүн ам улам залуужиж, залуу гэр бүлийн тоо нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд амьдрал ахуйгаа тооцоотой удирдаж, хөдөлмөрийнхөө хөлс, бизнесийн орлогоо ариг гамтай нарийн тооцоотой зөв зарцуулах хэрэгтэй. Гэр бүлийн амьдралаа өөдрөг чинээлэг болгоход хадгаламж, хуримтлал чухал байдаг. Хүмүүсийн амьдралын нягт нямбай эдийн засгийн тооцоотой үйл ажиллагаанаас нийгмийн баялаг арвижин хуримтлагдаж, улс орны эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бие, биеэ харилцан дэмжсэнээр мөнгөө өсгөн хуримтлуулах энгийн боловч гайхамшигтай бололцоо нээгдэнэ. Энэ систем бол “Мөнгөний систем” гэж олон оронд хэрэглэгдэж байна. Энэхүү хуримтлалын сан нь иргэдээ ойр зуурын хэрэглээний мөнгөтэй байлгах цаашид нэгдэн хуримтлуулсан мөнгөөрөө үлэмж ихээхэн хэмжээний мөнгөний нөөц хэрэгцээг хангах юм. Мөн гишүүн хүн бүр мөнгө, төгрөгтэйгөө зөв харьцаж соёлтой хэрэглэж, гамнаж, хайрлаж бас хүндэлж чадвал мөнгөн энерги хэмээгч агуу хүчтэн танд туслан дэмжиж баян чинээлэг болгохыг санах хэрэгтэй. Нэг идэх хоолоо хоёр хуваан идэж хуримтлалаа өсгөх нь зүйтэй.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2022 оны 08 сарын 26

zandan shatar bas yu zuuchikheb odon zuuxiin don tusaj yanaa

0  |  0
Top