"Хүүхдийнхээ хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хийхэд сарын цалин хүрэлцэхгүй байна" гэж ярих хэд хэдэн хүнтэй таарлаа. Зах, худалдааны төвөөр ороход ч хөл гишгэх зайгүй хүн ихтэй байна. Тиймээс байгальд ээлтэй сонголт хийж, эдийн засагтаа ч хэмнэлттэй байхыг уриалах үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.
"ЦҮНХ МААНЬ МУУДААГҮЙ УЧРААС ЗУРГАА ДАХЬ ЖИЛДЭЭ ҮҮРЭХ ГЭЖ БАЙНА"
10-р ангийн сурагч О.Чойгүн хичээлийн цүнхээ зургаа дахь жилдээ үүрч байна. Цүнх нь хуучирч, муудаагүй учраас тэр шинэ цүнх авахыг ч хүсдэггүй гэнэ.
“Жил бүр шинэ хичээлийн хэрэгсэл авахын оронд тэр мөнгөө цуглуулж, оюун ухаанаа тэлэхдээ зарцуулна” хэмээн ярих энэ хүү хэрэглэх боломжтой байгаа зүйлээ шинээр авахгүй байхыг бусдад уриалж байлаа.
Тэрбээр "Жил бүр шинэ цүнх авч, мөнгөө үрэхийн оронд тэр мөнгөө цуглуулаад ирээдүйд дэлхийг тойрч аялах, эсвэл оюун ухаанаа тэлэхдээ зарцуулах нь надад илүү утга учиртай санагддаг. Харин харандаа, үзэг маань тэр жилдээ дуусчихдаг болохоор хичээлийн шинэ жил эхлэхэд шинийг авдаг. Тавдугаар ангидаа авсан цүнхээ цэвэрхэн хэрэглэж, одоог хүртэл үүрч байгаа. Энэ жил дахиад үүрнэ. Надад энэ цүнх маань таалагддаг. Хүмүүсийг дагаж тренд дагах нь утгагүй гэж боддог.
Хүмүүсийг харахад байгаа зүйлдээ талархаж сураагүй. Тренд дагаж, заавал шинэ зүйл авахыг хүсээд байгаа юм шиг санагддаг. Үүнд л их сэтгэл эмзэглэдэг. Байгаа зүйлдээ талархаж байх хэрэгтэй. Тийм учраас би өөрөө үлгэр жишээ болж явахыг хичээж байгаа" гэсэн юм.
"ҮҮРГЭЭ САЙН БИЕЛҮҮЛЖ БАЙГАА ЗҮЙЛИЙГ ТРЕНД ДАГАЖ ШИНИЙГ АВАХ ШААРДЛАГАГҮЙ"
О.Чойгүн хүүгийн ярианаас ээжийнх нь үлгэр дуурайлал "харагдана". Тиймээс түүний ээжтэй хэсэгхэн хором ярилцсан юм. Хүүгийн ээжийг Т.Очирдарь гэдэг.
Тэрбээр "Хоёр хүүхэдтэй. Бага маань цэцэрлэгийнх. Том маань 10-р ангид орно. Би өөрөө аливаа зүйлийн ач холбогдлыг нь л хардаг. Үүргээ сайн биелүүлж байгаа зүйлийг шинээр авах шаардлагагүй шүү дээ. Жишээ нь, хувцас хүнийг гадны нөлөөнөөс хамгаалах, хүйтний улиралд дулаахан байлгах үүрэгтэй. Үүргээ биелүүлж л байгаа бол шинийг авах шаардлагагүй. Чанартай цөөхөн хувцастай байхад л болно.
Яг энэ сэтгэлгээгээрээ л хүүхдүүдээ хүмүүжүүлж байгаа. Тэд маань ч маш сайн ойлгодог. Үүний наад захын жишээ нь хичээлийн хэрэгсэл дээр харагдаж байгаа юм. Том хүү маань энэ хөх цүнхээ зургаа дахь жилдээ үүрэх гэж байна. Хуучирч, муудаагүй болохоор шинийг авахыг хүсэхгүй байна гэсэн. Өмнөх жил хэрэглэж байсан, дуусаагүй дэвтрээ ч дахин хэрэглэнэ гэсэн.
Энэ нь мөнгөө хэмнэхдээ биш. Надад хүүхдийнхээ бүх зүйлийг шинээр аваад өгөх боломж бий. Гэхдээ байгаа зүйлээ шинээр аваад байвал байгальд их хортой.
Бид бүхний ууж, идэж байгаа хүнснээс гэхэд л асар их хэмжээний хог, хаягдал үүсдэг. Үүнийг буцаагаад боловсруулж чадахгүй байна. Тэр дундаа манай улс хогоо ангилдаггүй. Тийм учраас байгальд ээлтэй байж, аль болох бага хог хаягдал гаргахыг хичээх хэрэгтэй.
Мөн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл, иргэдийн амьжиргааны түвшин маш доогуур байна. Тийм учраас хүүхдийн ирээдүйн сэтгэлгээг нь бодсон ч тэр аливаа зүйлд зөвхөн ач холбогдлыг нь хардаг байх хэрэгтэй" гэсэн юм.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 5 )
mundag.jinhene ulger duurailal
Mash sain bna.olon hymyys ylger jishee avaasai.bi ch hyygee ingej l surgasan.shiniig avii gej heldegchgyi.byren byten baival ugaaj archaad l heregleed bgaa .hyyhdee het gyal tsal,ynetei ereen chamin yumand durluulaad uur busad jinhen ynet zyilsd,baigal delhiigee hairlah geh met zyild ach holbogdol ugch surgahgyi bgad haramsdag.
amjilt uur.n yum aa zuv zohthuulj chaddag huuhduud olon boltugai ulger duurailal avthaaga Mgl eej aavuud ⁉️ tolgoindoo erdem hiih juhal bolhoos jil bur shine thunh avaad bugd amjilt onth surj amrald n uurchult garsana uu ene huu chin busdad ulger duurailal bolson olon Mgl huuhed baigaasai edeer bich erdmeer duuren Mgl huuhed ih boloosoi
Зөв хүн болж байгаа хүү байна,амжилт!
Ухамсартай ээж хүү бна.