Өнөөдөр есдүгээр сарын 1. 2012-2023 оны хичээлийн шинэ жил эхэллээ.
Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхдүүдэд теле хичээл заадаг уламжлалтай. Харин энэ жил Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сурагчдад хичээл заахгүй. Түүний оронд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир түүх, соёлын талаар теле хичээл заана.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны долдугаар сарын 11-ний өдөр гаргасан 159 дүгээр зарлигийн дагуу бүх шатны боловсролын байгууллагад Чингис хааны эш хөргийг зална.
Ингээд хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдлуулан салбарын зарим тоон мэдээллийг хүргэе.
ЕБС
Нийслэл Улаанбаатар хотод 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн өмчийн 156, төрийн бус өмчийн 134, нийт 290 сургуульд 364091 сурагч суралцана. Тэднээс 38233 нь нэгдүгээр ангид элсэн орж буй шинэхэн сурагчид юм. Сургуулийн өмнөх боловсролд төрийн өмчийн 279, төрийн бус өмчийн 400, нийт 679 цэцэрлэгт 141023 хүүхэд хамрагдах төлөв гарсан. Тэднээс 33972 нь хоёр настай анхлан суралцагчид.
Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулиудад бага боловсролын 35 нэр төрлийн нийт 1,211,000 ширхэг, дунд ахлах ангийн 102 нэр төрлийн 1,048,000 ширхэг, казах тува хэл дээрх болон тусгай хэрэгцээт боловсролын 6 нэр төрлийн 15,000 ширхэг нийт 143 нэр төрлийн 2,274,000 ширхэг сурах бичгийн нөхөн хангалт хийнэ.
Мөн “Сургуулийн автобус” төслийн хүрээнд 75 хүүхдийн автобусыг оруулж ирэхээр НЗДТГ, “Моннис” ХХК-тай гэрээ байгуулсан ба 25 автобус ирсэн, 50 автобус нийлүүлээгүй хүлээгдэж байна. Иймд үлдсэн 50 автобус нийлүүлэх хүртэлх хугацаанд 24 автобусыг 24 чиглэлд есдүгээр сарын 5-ны өдрөөс явуулж эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангажээ. Нэг автобусыг Багахангай дүүрэгт хуваарилсан бөгөөд алслагдсан хорооноос дүүргийн төвийн сургууль руу зорчдог сурагчдыг зөөх юм. Нийтдээ 102 сургуульд 220 хүүхдийн автобус байсан бөгөөд ийнхүү 245 автобус сурагчдад үйлчлэх юм.
Цэцэрлэг:
Нийслэлийн хэмжээнд 140904 хүүхдийн цэцэрлэгийн хүчин чадлыг бий болгожээ. Тодруулбал:
-Үндсэн барилга 124244
-Түрээсийн байр 14133
-Байгууллагын цэцэрлэг 2527 байна.
Нийслэлийн цэцэрлэгийн эхний шатны бүртгэлд:
“E-Mongolia” цахим системээр 111542, уламжлалт элсэлтээр 1932 нийт 113474 хүүхэд хамрагдсан байна.
Нийт 14 мянган суудал буюу 130 гаруй түрээсийн байрыг салбар бүлгээр ажиллуулж байна. Эдгээр байрын 70 хувь нь хичээлийн жилийн өмнө ашиглалтад орж, үлдсэн 30 хув нь үе шаттайгаар ашиглалтад орж, хүүхдээ хүлээж авах юм.
Нэг айлын хүүхдүүд өөр цэцэрлэгт хуваарилагдсан бол хүүхдээ хамруулах хүсэлтэй байгаа цэцэрлэгт хандан өргөдөл гаргах боломжтой. Цэцэрлэг хооронд шилжилт хийх боломжийг шийдвэрлэх юм. Харин түр оршин суугчдын хүүхдийг хуваарилалтын дараа сул суудал гарсан цэцэрлэгүүдэд нэмэлт элсэлт зохион байгуулах боломжтой.
Нийслэлийн цэцэрлэгийн 2 дахь шатны бүртгэл есдүгээр сарын 10-нд зохион байгуулагдана. Эхний шатанд хамрагдаж чадаагүй бол дараагийн шатанд хамрагдах боломжтой. Гурав дахь шатны бүртгэл аравдугаар сард явагдаж, энэ ондоо багтаан бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг олгож буй.
Мөн цэцэрлэг, цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн тоо нэмэгдэж байгаатай уялдуулан 1000 туслах багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Эхний ээлжийн 470 туслах багш, 386 бүлгийн багшийг бэлтгэн гаргажээ.
Ахлах анги
Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангид суралцах сурагчдын сонгон судлах хичээлийн сонголтыг есдүгээр сарын 5-ныг хүртэл бүртгэнэ.
Бүртгэл Student.medle.mn цахим хаягаар явагдаж байгаа юм. Сурагчид системд бүртгүүлэх нэр, нууц үгийг анги удирдсан багшаасаа авч, 15 хичээлээс дөрвийг нь сонгох юм. Сурагчдын энэ сонголтод багш нар зөвлөгөө өгч, эцэг, эх, асран хамгаалагчид нь баталгаажуулна.
Дээд боловсрол
Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд 67 их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 85 хувь нь дээд боловсрол эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, их, дээд сургууль төгсөж буй 30 хүүхдийн дунд 1 ажлын байр байгаа бол мэргэжлийн боловсрол төгсөгч 6 хүүхдийн дунд 1 ажлын байр бий. Иймд дээд боловсролын чанар, тогтолцоог сайжруулах чиглэлээр ирэх хичээлийн жилд хамтарч ажиллана гэдгийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан энэ сарын 30-ны өдөр болсон Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт дээр онцолсон.
Түүнчлэн салбарын сайд "Их, дээд сургуулийн багш болох хүмүүст заавал докторын зэрэг хамгаалсан байх шаардлага тавина. Тэр докторын зэрэг нь үнэн байх ёстой. Оюуны хулгай нүүрэлсэн, хуурамч шинжлэх ухаантай, бие биенээ хуурч амьдардаг улс орон байх ёсгүй. Өнгөрсөн хугацаанд магистр, доктор хамгаалсан хүмүүсийг плагиаризмын шалгалтанд оруулна. Ингэж байж бид их дээд сургуулийн тогтолцоог эрүүл зөв болгох ёстой" гэдгийг тодотгосон юм.
Оюутны Umoney карт
2022-2023 хичээлийн жилийн Оюутны Umoney картын шинэ захиалга, сунгалт хийгдэж байна. Сард 22 удаа үнэгүй зорчих эрхтэй байдаг тус картыг хичээлийн шинэ жил эхлэх бүрт оюутнуудад олгодог байсан бол энэ жилээс төгсөх хүртэл нь сунгахаар болсон байна.
Тодруулбал, тухайн оюутныг их, дээд сургуулиа төгсөх хүртэл нь хэрэглэх хугацаатайгаар карт олгоно гэсэн үг.
Umoney картыг шинээр захиалах оюутнууд https://www.u-money.mn/m/shine- хаягаар нэвтэрч, цахимаар захиалах боломжтой. Карт захиалах төлбөр 4600 төгрөг бөгөөд дараах материалыг хавсаргах шаардлагатай. Үүнд:
Харин картын хугацаагаа сунгахдаа https://www.u-money.mn/m/sungalt_1 хаягаар төлбөрөө төлж, картын сунгалт хийгдсэн талаар мэдээлэл ирсэн үед Нийслэлийн үйлчилгээний Нэгдсэн Төвийн салбаруудад хандан авах аж.
Сэтгэгдэл ( 0 )