А.Энхжин: Ипотекийн зээлд өөрчлөлт оруулах эсэхийг судалж байна

2022 оны 09 сарын 06

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй ипотекийн зээлийн талаар ярилцлаа.


-Хэчнээн иргэн он гарснаас хойш ипотекийн зээл авсан бэ?

-Ипотекийн зээлийг он гарснаас хойш 4577 иргэн авсан байна. Нийт зээлийн хэмжээ 400 орчим тэрбум төгрөг байгаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал зээл олгосон иргэний тоо болон зээл олгосон мөнгөн дүнгийн хэмжээ 50 орчим хувиар буурсан.

Тодруулбал, зээл авсан иргэдийн тоо өнгөрсөн онд 10 мянга гаруй байлаа. Цар тахлын хүндрэлийг бууруулахын тулд Засгийн газраас Монголбанктай хамтарч 10 их наядын төлөвлөгөөг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн юм. Үүний хүрээнд ипотекийн зээл олголтыг Монголбанкнаас нэмэгдүүлсэн. Монголбанкны санхүүгийн эх үүсвэрээр банкуудад зээл олголт хэвийн үргэлжилж байгаа. Сард 70 орчим тэрбум төгрөгийг ипотекийн зээлээр олгож байна. Цаашдаа он дуустал ипотекийн зээлийг хэвийн олгож явна. "Цар тахлын хууль" энэ оноос дуусгавар болно. Энэ хууль дуусгавар болсноор ипотекийн зээлийг цааш нь хэрхэн үргэлжлүүлэх тухай Монголбанкнаас Засгийн газартай ярилцаад, ажиллаж байгаа.

-Ипотекийн зээлийн эх үүсвэрийн харьцааг өөрчлөх талаар ярилцаж байгаа. Энэ талаар мэдээлэл өгвөл?

-Ипотекийн зээлийн эх үүсвэрийг 2020 оноос эхлээд Монголбанкнаас 90 хувийг нь санхүүжүүлдэг байсан бол 60 хувь болгож бууруулсан. Үлдсэн 40 хувийг нь арилжааны банк санхүүжүүлж ирсэн.

Төв банкнаас мөнгөний бодлогыг хатууруулж, бодлогын хүүг нэмэгдүүлснээс шалтгаалж банкууд 40 хувийн эх үүсвэрийг санхүүжүүлэх нь зургаан хувийн зээлийн төсөлд алдагдалтай, хүндрэлтэй байна гэсэн хүсэлтийг Монголын банкны холбооноос Монголбанканд ирүүлсэн. Энэ талаар Монголбанкнаас судалж, 60, 40 гэсэн харьцааг ямар байдлаар өөрчлөх вэ гэх хүсэлтэд санал солилцож байна. Ойрын хугацаанд энэ асуудлыг шийднэ.

-Найман хувийн зээлд хамрагдсан иргэд зээлээ зургаан хувийн зээл болгон өөрчлөх боломжтой юу. Хэрэв энэ асуудлыг шийдэх боломжтой бол зөрүүний алдагдал хэд байх бол?

-Найман хувийн зээл авсан иргэд энэ талаар үргэлж ярьдаг. Энэ хүрээнд Монголбанкнаас зөрүүнээс үүсэх зардлыг тооцож үзсэн. Урьдчилсан байдлаар 400 гаруй орчим тэрбум төгрөгийн зардал гарна хэмээн тооцоолсон. Энэхүү зардлыг хэрхэн шийдвэрлэхээс хамаарч найман хувийн зээлийг зургаан хувийн зээл болгох боломжтой эсэх нь шийдвэрлэгдэх юм.

-Инфляц өсөхөөр барилгын материалын үнэ өсөж, улмаар орон сууцны ам.дөрвөлжин талбайн үнэ өсдөг. Ипотекийн зээлийн журам дахь мөнгөн дүнгийн хэмжээг инфляцын өсөлттэй уялдуулж өөрчлөх боломжтой байдаг уу?

-Монголбанкны эх үүсвэрээр олгож буй ипотекийн зээлийн дээд хэмжээ 100 сая төгрөг байдаг. Таны хэлсэнчлэн уг асуудалтай холбоотойгоор Монголын банкны холбооноос хүсэлт ирсэн. Бидний зүгээс зээлийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх дээр судалж байгаа.

-Зээлийн эргэн төлөлтийг царцаасан. Ирэх жилээс зээлээ хэвийн төлж эхэлнэ.Энэ талаар мэдээлэл өгвөл?

-УИХ-аас баталсан цар тахлын эсрэг хуулиар ипотекийн зээлийн хувьд эргэн төлөлтийг хүү оролцуулахгүйгээр хойшлуулсан. Уг хуулийн хэрэгжилт энэ оноор дуусгавар болно. Тэгэхээр ипотекийн зээлтэй иргэдийн хувьд ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс эхэлж зээлийн төлбөрөө хэвийн төлж эхэлнэ. Зээлийн төлбөр хойшлуулсантай холбогдуулж Монголбанканд орж ирэх зээлийн эргэн төлөлтийн хэмжээ буурсан. Үүнээс шалтгаалж Монголбанкнаас уг хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийн хэмжээ дагаад буурсан юм.

Н.АНУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top