Ц.Рэнчинсэнгээ: Газар тариалангийн салбарт хууль, эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 09

Улаанбуудайн үнийг салбар яамнаас тогтоосонд Монголын тариаланчдын үндэсний холбооноос эсэргүүцэж саяхан хэвлэлийн бага хурал хийсэн. Газар тариалангийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээтэй ярилцлаа.


-Салбар яам болон Монголын тариаланчдын үндэсний холбооны улаанбуудайд тогтоосон үнэ зөрүүтэй байгааг тайлбарлана уу?

-Газар тариалангийн бүс нутаг нь Улаанбаатар хоттой ойр бол улаанбуудайн үнэ 1.080.000 төгрөг. Алсрах тусам 1.2-1.3 сая төгрөг болно. Өртөг нэмэгдчихээр улаанбуудайгаа худалдаалах үнэ өсөх нь ойлгомжтой. Гэтэл яамнаас улаабуудайн үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй харьцуулж зарласан. Манай тариаланчдыг тэр шатахуун, техник, бордоо, ургамал хамгааллын бодис, сэлбэгээ өөрсдөө үйлдвэрлэдэг болон улсаасаа шатахуунаа 50 хувь хямдруулж, сэлбэгээ 30 хувийн хөнгөлөлттэй үнээр авдаг улс орнуудтай харьцуулах нь буруу. Манай улс нэг га талбайгаас 13 центрийг авч байхад, гаднын улс орнууд 40 центрийг хураан авч байна. Тариаланчид маш өндөр өртгөөр улаанбуудайг тарьж, хураадаг. Бүхэл бүтэн улс байж дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжээд, бодит нөхцөл байдалтай уялдуулж үнээ гаргах нь зүйтэй. Гурилын анхны түүхий эд үйлдвэрлэдэг тариаланчдынхаа хүч хөдөлмөрийг үнэлэхгүйгээр төр засгаас дэлхийн орнуудтай харьцуулж үнэ тогтоогоод байвал энэ салбар хөгжихгүй, уналтад орох болно.

-Улаанбуудайг төлөвлөсөн хэмжээндээ тариалсан уу?

-Улсаас 600 гаруй мянган га-д тариалах зорилт дэвшүүлсэн. Гэвч 530 мянган га-д таригдсан. Урьд жилүүдийг бодоход улаанбуудайн тариалалт буурсан. Буурч байгаад хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, өнгөрсөн жил улаанбуудай өртгөөс доогуур үнээр борлуулагдсан. Учир нь цар тахлын нөхцөл байдал хэмээн улс импортоор 240 мянган тонн буудай авсан. Үүнээс үүдэж борлуулалт багассанаар тухайн аж ахуйн нэгжийн санхүүгийн чадамж доройтож, хаврын тариалалт буурсан. Хоёрдугаарт, гурилын үйлдвэр болон улс авсан улаанбуудайн 20 гаруй тэрбум төгрөгөө намрын ургац хураалтын цаг тулсан энэ үед аж ахуйн нэгжүүдэд өгөөгүй байна.

Ийнхүү тариалангийн аж ахуйн нэгжийн эргэлтийн хөрөнгө зогссон тул санхүүгийн эх үүсвэргүйн улмаас төлөвлөсөн хэмжээний тариалалтаа хийх боломжгүй болж, ажилчдынхаа цалинг өгч чадахгүй хэмжээнд хүрсэн. Газар тариаланг дэмждэг гол хөшүүрэг бол ургац нь тааламжтай үнээр зах зээлд борлуулагдах явдал юм. Энэ жил ургацын талбайгаар явж байхдаа зэрлэг ургамалд бариулчихсан талбайтай олон таарлаа. Яагаад ийм байдалд хүрсэн байна вэ гэвэл бодлогын алдаанаас л болсон. Нэг л бодлого буруу гарахад тэр салбарын үйлдвэрлэл ганхаж эхэлдэг. Богино хугацааны гал унтраасан шийдвэрээр цаашдаа газар тариалангийн салбар хөгжихгүй. Газар тариалангийн салбарт Хөдөө аж ахуйн яам гэж байгаагаас хойш 3-5 жилийн тогтвортой, алсын хараатай бодлого л хэрэгтэй байна. Манай төрийн байгууллагууд заримдаа алдаатай шийдвэр гаргачих гээд байх юм. Тухайлбал, тариаланчдын зүгээс улаанбуудайг нэг сая төгрөгөөс бага үнээр өгөх боломжгүй гээд олон удаа сануулсаар байхад улаанбуудайг дөрөв ангилж, дээд үнийг нэг сая төгрөг, доод үнийг 800 мянган төгрөгөөр тогтоочихсон.

-Дөрөв ангилж үнэлдэг гэлээ. Энэ нь юу гэсэн үг вэ?

-Манай улс л I, II, III, IV зэрэглэл гээд ангилсан байна. Гэтэл дэлхийн зах зээл дээр ингэж ангилдаггүй. Зөвхөн хүнсний буудайны үнэ л гэж зарладаг. Хүнсний буудайг нэг л ангилах ёстой. Манай улс энэ стандартаа өөрчилж, дэлхийн схемээр шинэчлэх хэрэгтэй. Ингэснээр улаанбуудайн үйлдвэрлэл дэмжигдэх боломж бүрдэнэ. Хятад, Европ, Африк гэх мэтчилэн улс орнуудад уур амьсгалын өөрчлөлт хүчтэй явагдаж байна. Манай улсад ч мөн өдөр нь хэт халж, шөнө нь хэт хүйтэрдэг болсон.  Орос, Украины дайнаас үүдэж Араб, Алжир, Марокко, Ливи гэх мэтчилэн улс орнууд гурил, будаагүй болж байна. Хятад улс энэ жил ургац алдаж, дотоодынхоо хэрэгцээг хангаж чадахгүйд хүрлээ гээд зарлачихлаа. Тэгэхээр бид бага хэжээгээр ч байсан буудайгаараа бүтээгдэхүүн үйлдвэрлээд гадаадын зах зээлд нийлүүлдэг болмоор байна. 2016 онд баталсан Тариалангийн тухай хуульд мөн шинэчлэл оруулах шаардлага үүссэн. Тухайлбал, хүн хүчний асуудал, малчин тариаланчийн хоорондын зөрчил гэх мэтчилэн энэ бүхний ард хууль, эрх зүйн орчны уялдаа дутагдаж байна. Малчид, тариаланчдын хоорондын зөрчлийг шийдэх гаргалгаа олон. Жишээлбэл, газар тариалангийн бүс нутагт хариулгатай эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, бэлчээрийн мал байлгавал татварыг нь нэмэх гэх мэт. Найман аймгийн 60 гаруй сум нь тариалангийн бүс нутаг юм. Эдгээр тариалангийн бүс нутагт 20 сая мал байна хэмээх судалгаа гарсан. Энэ тоо толгой өсөхийн хэрээр тариалангийн талбайд эрсдэл тэр хэмжээгээр үүснэ. Тариалангийн талбайд ийнхүү алдагдал гарсаар байвал бидний хэрэглэж буй гурил, талхны үнэ өссөөр л  байна гэсэн үг. Тариалангийн талбайд зөвхөн мал орсноос үүдэж гурилын үнэ 20-30 хувиар нэмэгдэхэд нөлөөлсөн. Хэрвээ мал талбайд орохгүй байвал бид нэг га-аас 13 центр улаанбуудай биш 30-40 хүртэлх центр авах боломжтой хөрсний потенциал байна. Иймд эрх зүйн зохицуулалтыг л зөв хийж өгөх шаардлагатай. Зөвхөн малчид, тариаланчдын хоорондын асуудал ч бус бусад хуулийн зохицуулалтыг цогцоор нь өөрчлөх нь зүйтэй. Тухайлбал, бүс нутгийн асуудал, малчид тариаланч хоорондын харилцаа, ажиллах хүчний нөөц, татвар, урамшууллын бодлого, хөрсөө хамгаалахад тариаланчдын үүрэг оролцоо, агуулах, савны нөөц, улс нөөцөлдөг байх тухай асуудал зэрэг бүх асуудал гэх мэт.

-Өнгөрсөн тавдугаар сарын 26-ны өдөр гадаад харилцааны яамаар дамжуулж Хятад улсаас рапс, хивгийг импортолж авъя гэж бичиг ирүүлэхэд салбар яам саяхнаас л анхаарч эхэлсэн байна. Үүнд тариаланчид ямар байр суурьтай байна вэ?

-Бас л нэг стратегийн төлөвлөлтгүй, зорилтгүй байгаагийн л жишээ. Бид гурилаа улам чанаржуулж дэлхийн зах зээл дээр чөлөөтэй борлуулдаг болох хэрэгтэй. Гадаад руу бүтээгдэхүүн гарах урсгалыг нэмэгдүүлэхийн тулд төрийн байгууллагууд нь хурдтай ажиллаж чадвал боломж маш их бий. Рапс тариалангийн бүс нутагт хэрэгтэй бүтээгдэхүүний нэг. Хөрсийг цэвэрлэдэг, үржил шимийг сайжруулж байдаг. Улаанбуудай, рапс хоёрыг зөв сэлгэж тарих юм бол сайн ургац авах боломжтой. Манайхан шар, хар рапс гэж ярьдаг. Шар нь рапс биш гич юм. Энэ нь манай зах зээл дээр хэрэглээ байхгүй. Зөвхөн Хятад руу 100 хувь экспортолдог. Хар нь харин рапс тосны ургамал. Дотоодын тос боловсруулах үйлдвэр жилдээ 100 мянган тонныг худалдан авч, тос гаргадаг. Гаргасан тосоо дотооддоо хэрэглэж, үлдсэнийг нь экспортлох боломжтой.

-Улаанбуудайн үрээ дотоодоос 100 хувь хангах бололцоо бүрдсэн үү?

-“Үрээ идэхээр үнээгээ ид” гэсэн үг байдаг. Тариаланч хүн сайн ургац авна хэмээн бодож буй бол чанартай үрээр тариалт хийх хэрэгтэй. Иймд улсаас үр, сорт руу чиглэсэн бодлого баримталж, энэ тухай хуультай болсон. Таримал ургамлын үр сортын тухай хууль хурдан хугацаанд тариаланчдад хүрч хэрэгжээсэй гэж бодож байна. Үр гэдэг нь зүгээр будаа суулгаад хурааж авахыг хэлдэггүй. Харин үр нь олон төрлийн сорт байх бөгөөд тухайн бүс нутагт тохирсон байх шаардлагатай. Жишээлбэл, Халх голд тарьдаг будааг Архангай аймагт таривал ургац авахгүй л гэсэн үг. Далайн түвшний өндөрлөг, дулааны нөхцөл, хур тунадас, га-аас авах ургацын хэмжээ, тарих технологи, аргууд гэм мэтчилэн хүчин зүйлүүд бүс нутгуудад өөр өөр байдаг. Тийм учраас эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд олон төрлийн судалгаа хийдэг юм. Нэг килограмм үр гаргаж авахын тулд маш олон хүний уйгагүй хөдөлмөр, 20-30 жилийн хугацаа зарцуулагдаж байдаг. Нэг атга будаанаас чимх нь л үр болох магадлалтай. Сүүлийн 50-60 жилийн хугацаанд гарын 10 хуруунд багтахаар үр, сортыг манай эрдэмтэд гаргасан. Манай улсад нэг үеэ бодоход сортын генофондийг үржүүлээд тариаланчдадаа өгөх боломж бий болжээ. Үүнийг цааш нь зөв бодлогоор хөгжүүлэх нь чухал. Тариалангийн аж ахуйн нэгжүүд 100 хувь хувийн хэвшил байдаг учраас татварын зөв бодлого хэрэгжүүлснээр үрийн аж ахуй хөгжинө хэмээн харж байгаа. Сайн чанарын үрийг өндөр үнээр борлуулах хэрэгтэй. Ингэснээр тэр үрийн аж ахуйн нэгж үрээ цааш нь тогтвортой үржүүлэх боломж бүрдэнэ. Манайх дотоодоос үрээ хангах боломж нь бүрдсэн. Гэхдээ 100 хувь хангахад цаг хугацаа шаардлагатай. Гол нь үрийн аж ахуйн нэгжийг хөгжүүлэхэд санхүүгийн чадамж, техник төхөөрөмж дутагдаж байна. Иймд бүс нутаг бүрд байгаа үрийн аж ахуйн нэгжүүдийн үржүүлсэн үрийг улс худалдан авч, борлуулдаг тогтолцоонд орох нь зүйтэй. Үрийн бодлогыг улс зангидаж, хөгжүүлэх хэрэгтэй байна.

-Хэчнээн тонн улаанбуудай хурааж авах төлөвтэй байна вэ?

-Ургацын баланс 329 мянган тонн гэж гарсан. Гэхдээ 60-70 мянган га-аар тариалалт буурсан учраас гурилынхаа хэрэгцээг бүрэн хангаад бусад спирт, малын тэжээл, хэрэглээний салбарт хомсдол үүсэж болзошгүй. Гэхдээ урьд жилийн нөөц байгаа учраас гаднаас авах шаардлагагүй. Тариалангийн 60-70 хувийг бүрдүүлдэг төвийн бүс нутгаар болц 7-10 хоногийн өмнө гүйцэж байна. Мөн ургацын чанар сайн байгаа. Зарим бүс нутгуудад уур амьсгалын өөрчлөлт хүчтэй нөлөөлсөн. Тухайлбал, баруун таван аймаг гантай байсан тул усалгаатай талбайгаас л бага зэрэг ногоо хурааж авсан. Харин үр тарианы ургацаа 100 хувь алдсан. Дорнодын зүүн бүс нутгуудад харьцангуй сайхан байна. Гэхдээ Улаанбаатараас хол тул улаанбуудайг авчирч гурил хийнэ гэдэг хэцүү. Тиймээс хол аймгуудын улаанбуудайг экспортлох боломжтой.

-Ургацаа нөөцлөх агуулах, сав хэр хүрэлцээтэй байдаг вэ?

-Аж ахуйн нэгжүүдэд дутагдалтай, асуудал болдог зүйл нь энэ. Улаанбуудайнаас гадна хүнсний ногоог хадгалах агуулах, зоорь маш бага. Тиймээс тариаланчид намрын намарт ногоогоо хямдхан өгөхөөс өөр аргагүйд хүрдэг. Агуулах, зоорины асуудлаа шийдээд өгчихвөл бид гурав, дөрөвдүгээр сар хүртэл дотоодынхоо эрүүл ногоог идэх боломжтой. Хүнсний ногооны тариаланчдад хоёр асуудал л байдаг. Нэгдүгээрт, агуулах, зоорь. Хоёрдугаарт, эргэлтийн хөрөнгийн асуудал. Агуулах, зоорьтой орнуудын үйлдвэрлэл тогтвортой явагддаг. “Саалиа бэлтгэхээр саваа бэлтгэ” гэдэг дээ.

-Хүн хүч намрын намарт л дутагддаг. Үүнийг ямар зохицуулалтаар нэг мөр шийдэх нь зөв бэ?

-Хүн хүчний дутагдал жил бүр асуудал болдог нь үнэн. Тэр дундаа энэ салбарт хүний нөөцийн бодлого алга. Мэргэжлийн инженер, агрономч, багш, ажилчид гээд  бүгд дутагдалтай байна. Их, дээд сургуулиудын мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг өөрчлөх шаардлагатай. Мөн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв дээр маш нарийн мэргэжлийн ажилчдыг бэлтгэдэг болгох хэрэгтэй. Залуучууд цалингаа голж төв суурин газарт ажиллах сонирхолтой байдаг. Энэ нь бүтээгдэхүүний үнэ буураад, компаниуд ажилчдадаа хангалттай цалин өгч чадахгүй байгаатай холбоотой. Мөн орон нутагт ажиллахад амьдрах орчны нөхцөл муу байдаг. Дэлхий нийт ухаалаг газар тариалангийн системд нэвтрэн орсон. Жишээлбэл, компьютер, гар утаснаасаа будаагаа цэвэрлэх машин ажиллуулдаг болсон байна. Тэгэхэд бид малтуур бариад цементэн талбай дээр будаагаа буулгаж байх жишээтэй.

-Улсаас хөнгөлөлттэй зээл, урамшуулал авдаг байж үнээ нэмлээ гэж иргэд бухимддаг. Үүнд тайлбар өгнө үү?

-Тариаланчид улсаас үнэгүй юм огт авдаггүй шүү дээ. Аж ахуйн нэгжүүдэд хоёр жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй 100 тэрбум төгрөг улсаас төсөвлөдөг ч 60-70 тэрбумыг өгөөд л  зээлээ хаачихсан. Тэгтэл 300-400 тэрбум төгрөг төсөвлөснөөр аж ахуйн нэгжүүдэд хүртээмжтэй болно. Гэтэл дусаасан маягтай зээлээ гаргаж байна. Цаашид хөнгөлөлттэй зээл тариаланчдад ус, агаар мэт хэрэгтэй. Зээлийн хугацааг таван жил болгох нь зүйтэй. Тариаланчид бүх мөнгөө шавхчихаад жил гаруй хугацааны дараа орлого олдог хүмүүс. Гэтэл сар бүр зээлээ хүүтэй нь төлөх шаардлага тулгардаг. Тариаланч эдийн засгийн хувьд хөл дээрээ тогтоход урт хугацаа зарцуулдаг. Тэд төрийн өмнө эр зориг гарган үүрэг хүлээдэг. Осолдолгүй бригадын төв дээр байгаа тулдаа амьд байна хэмээн ярьцгаадаг. Учир нь өөр зүйлд зарлага гаргахгүйг хичээж жилийн турш гурилтай шөл иддэг. Өрнөөс өрийн хооронд, зээлээс зээлийн хооронд амьдардаг улс шүү дээ.

-Газар тариалан эрхэлдэг хүмүүст эрсдэлийн даатгал гэж бий юу?

-Манайд тийм зүйл байхгүй шүү дээ. Харин уур амьсгал, хууль эрхзүйн орчин нь таатай гадаадын улс орнуудад бий. Зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа манай улсын тариаланчдыг нэгдүгээрт, эрсдэл өндөртэй учир даатгалын компани даатгахгүй. Хоёрдугаарт, тариаланчдад даатгалд өгөх мөнгө байхгүй. Ургацын талбайд мал орлоо гэхэд хохирлын хэмжээг тогтоодог тоолуур ч алга. Мөн сав, агуулах, зооринд байгаа ургацаа хүртэл барьцаалаад зээл авах боломжгүй л байна шүү дээ.

-Улсаас техникийн шинэчлэл, хөрөнгө оруулалт хийдэг үү?

-Үнэгүй техникийн хөрөнгө оруулалт гэж огт байхгүй. Тариаланчид өөрсдөө авдаг. Харин тариалалтад хэрэгтэй техник төхөөрөмжийг урт хугацааны лизингээр хөгжүүлэх бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Ингэснээр тариалангийн аж ахуйн нэгжүүд хэрэгцээтэй байгаа техникээ л авна гэсэн үг. Харин одоогийн систем нь надад 130 морины хүчтэй трактор хэрэгтэй байхад, улс 100 морины хүчтэй трактор авчирсныг авахаас өөр сонголтгүй байдалтай байна. Аж ахуйн нэгжүүд хэрэгтэй байгаа техникээ тооцоод хүсэлтээ салбар яамандаа өгч, түүнийх нь дагуу гаднын улс орноос захиал­гаар авчирч, лизингээр өгөх юм бол энэ нь жинхэнэ хөрөнгө оруулалтын зээл болно.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top