Дорнын эдийн засгийн форумаас богц дүүрэн ирлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 09

Хойд хөршийн Владивосток хотод Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтыг “Олон туйлт дэлхий ертөнц рүү” сэдэв дор 40 гаруй улс орон, бүс нутгийн 4000 орчим зочид, төлөөлөгчтэйгөөр амжилттай зохион байгууллаа. Уг чуулга уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Монгол Улсад тулгамдаж буй төсөл хөтөлбөрөө танилцуулж, бүхий л талаар дэмжлэг авахаар болсон нь манай улсын хувьд форумын онцлох үйл явдал болов.

Дэлхийд тэргүүлэх их гүрний удирдагч В.Путин болон бусад албаны хүмүүс бүхий л тал дээр дэмжиж, хамтран ажиллахаар болсон чихэнд чимэгтэй мэдээг Уралын нуруу давуулан бидэнд ирүүлсэн. Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн доройтол нь нийгмийн бүхий л салбарт сүүдрээ тусгасан энэ цагт олон чухал асуудлыг хөрштэйгөө хамтран шийдвэрлэж байгаа нь сайн хэрэг.

Манай улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг цагийн хатууд олон нийтэд танилцуулсан. Харин Ерөнхий сайдын хувьд “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан 47 төсөл хөтөлбөрийг чуулганы боломжтой агшин бүрд танилцуулсан. Үүнээс онцлон бүс нутгийн ач холбогдолтой боомт, эрчим хүч, аж үйлдвэрийн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, хөрөнгө оруулагчдыг идэвхтэй оролцохыг урьсан нь ч талаар болсонгүй.

Уг хөтөлбөрийг боловсруулахдаа ОХУ, БНХАУ-ын хөгжлийн бодлого төлөвлөлт болон бүс нутгийн улс орнуудын зорилготой нарийвчлан уялдуулсан гэдгээ дурдаж байсан. Тиймдээ ч “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүнд Монгол Улсын ДНБ багадаа гурав дахин тэлж, эрчим хүчний чадал 2.5 дахин, боомтын хүчин чадал гурав дахин, экспортын хэмжээ хоёр дахин өсч 280 гаруй мянган ажлын байр нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм. Ямартай ч Монгол Улсын Ерөнхий сайд Дорнын эдийн засгийн форумаас богц дүүрэн ирлээ.

 

В.ПУТИН БҮХИЙ Л ТАЛ ДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Дорнын эдийн засгийн VII чуулган”-ы урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, “Манай улс Монгол Улстай хамтран Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт үйлдвэр зэрэг томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн, цаашид ч том төслүүдэд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байна” гэдгээ юуны өмнө дуулгасан.

Тухайлбал, ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийг Ерөнхийлөгч В.Путин онцолж, эрчим хүчний төслүүдэд ч хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв. Үүнээс гадна Ерөнхий сайдад ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер бараалхаж, Монголын нутаг дэвсгэрээр дамжуулж ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх, 962 километр урттай хий дамжуулах хоолойн төслийн талаар харилцан мэдээлэл солилцсон. Байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах асуудал нь зөвхөн энэ удаад ч бус үе үеийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарын санаа чилээж ирсэн зүйл. Харин энэ удаад чамгүй нааштай хариу хүлээж авсан гэдгийг онцлох хэрэгтэй.

 

АЙСУЙ 2027 ОН ХҮРТЭЛ ШАТАХУУНЫ ҮНИЙГ ТОГТВОРТОЙ, ТҮЛШНИЙ ҮНИЙГ 10 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ АВАХААР БОЛЖЭЭ

 

Дэлхий нийтэд газрын тосны үнэ өссөн үед Монгол Улсад ч шатахуун, түлшний үнэ дагаад өндөр авч байсныг түр арга хэмжээ аваад байсан. Тодотговол, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам “Роснефть” компанитай хэлэлцээ хийж 1285 ам.долларт хүрээд байсан АИ-92 автобензиний хилийн үнийг 830 ам.доллар болгон бууруулж, 2022 он дуустал үнийг тогтвортой хадгалахаар болоод байсан. У

ул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндон “Шатахууны үнийг он гартал тогтвортой барих боломжтой хэлэлцээрт хүрсэн. Үүнээс цааш яах ч аргагүй” хэмээн мэдэгдэж байв. Тэгвэл чуулганы үеэр талууд хэлэлцээ хийж АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохирлоо. Энэ бол монголчуудад нэн тулгамдсан асуудал болоод байв.

 

ОЛОН ЖИЛ ГАЦСАН ЭГИЙН ГОЛЫН УЦС-ын ТӨСӨЛ ДЭМЖИГДЛЭЭ

 

Манай талаас чуулга уулзалтын нэгэн онцлох сэдэв бол усан цахилгаан станцын төслүүд юм. Тиймээс энэ үеэр манай талаас Эгийн голын усан цахилгаан станц болон бусад эрчим хүчний цахилгаан станцуудын өргөтгөл шинэчлэлийн талаар яриа хэлэлцээ хийгдэж буйг дэлгэрэнгүй танилцуулсан.

Яриа хэлэлцээний үр дүнд олон жил гацсан Эгийн голын усан цахилгаан станцын төслийн асуудлыг НҮБ-тай хамтран шийдвэрлэж, мэргэжлийн шинжээч, судлаачдын баг гарган ажиллуулж Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөцөд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, эцэслэхээр тогтлоо. Харин ОХУ-ын зүгээс Эгийн голын усан цахилгаан станцын төсөл болон “ДЦС-З”-ын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөхөд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

 

“ОРОСЫН ТӨМӨР ЗАМУУД” БООМТЫН СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫГ ДЭМЖИЖ, ХАМТАРЧ АЖИЛЛАНА

 

Манай улсын Засгийн газраас баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын сүлжээг тэлэх зорилго тавьж, төмөр замын бүтээн байгуулалтын төслийг эрчимжүүлэн ажиллаж байгаа. Зүүн босоо чиглэлийн төмөр зам богино хугацаанд үр өгөөжөө өгнө гэдгээ энэ үеэр илэрхийлсэн.

Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга О.В.Белозёровтой уулзаж уг асуудлыг хөндсөн. Харин талууд “Төмөр замын төслүүд нь зөвхөн Монгол Улс төдийгүй хоёр болон гурван талт, цаашилбал энэ бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шинэ суурь нөхцөл болох юм” гэдгийг тэмдэглэв.

Энэ удаагийн уулзалтын үр дүнд Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын төмөр замын салбарын шинэчлэл, бүтээн байгуулалт, өргөтгөлийн асуудлыг гүнзгийрүүлэхэд талууд санал нэгдлээ. Замын-Үүдийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх буюу хос төмөр замтай болгох асуудлын талаар оросын талтай санал солилцов. Ойрын хугацаанд зүүн босоо төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж, “УБТЗ” ХНН-ийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх талаар оросын тал байр сууриа илэрхийлсэн. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, аюултай ачааг хот дундуур тээвэрлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Богдхан” төмөр замын төсөлд тус компанитай хамтарч ажиллах тохиролцоонд хүрсэн юм.

 

“ГАЗПРОМ” БАНКНЫ ТУЗ-ийн ОРЛОГЧ А.П.БЕЛОУСТАЙ УУЛЗЛАА

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тус улсын “Газпром” банкны ТУЗ-ийн орлогч дарга А.П.Белоус бараалхсан. Тус банк нь Монголын арилжааны зарим банктай 2000 оноос хойш хамтарч ажиллаж байгаа төдийгүй олон улс, бүс нутгийн хэмжээнд байгалийн хий, нүүрс, зэсийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулан ажиллаж байгаа туршлагатай аж.

Энэ хугацаанд Монгол Улсад хэрэгжүүлсэн, цаашид хэрэгжүүлэхээр сонирхож буй томоохон төслүүдэд хөрөнгө оруулахад бэлэн буйгаа “Газпром” банкны удирдлагууд илэрхийллээ. Манай улсын Засгийн газар эдийн засгаа сэргээх зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого” дэвшүүлж, томоохон 47 төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг танилцуулаад эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх “Эрдэнэбүрэн”, “Эгийн гол”-ын УЦС зэрэг төслүүдэд хоёр хөрштэй хамтарч ажиллах бүрэн боломжтой гэдгийг ч давхар дуулгасан.

 

“РОСКОСМОС” КОРПОРАЦИТАЙ САНСАР СУДЛАЛД ХАМТАРНА

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тус улсын “Роскосмос” корпорацийн Ерөнхий захирал Ю.И.Борисов бараалхаж хоёр орны сансар судлалын салбарын цаашдын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар санал солилцов. Сансар судлал бол өргөн ойлголт бөгөөд харилцаа холбоо, цахим хөгжил, их өгөгдөл зэрэг өргөн цар хүрээг хамрах учир үүнд Монгол Улсын Засгийн газар онцгой ач холбогдол өгч шинээр Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулсан учир цаашид нягт хамтарч ажиллах шинэ боломжуудын талаар ярилцлаа.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
магсар(124.158.69.3) 2022 оны 09 сарын 10

АН-н хэд яана даа ажил нь улам л бүтэхгүй тийээ яваад байна дпаа Энэ Оюун эрдэнэ Хүрэлсүх хоёроор туг тахичих гэж мөн ч их оролдох юм Энэ хоёрын санаачлага хүмүүстэй харилцах чадвар эрс өндөр тиймдээч ярьсан хэлсэн болгон бүтээд АН-н бөөдийнүүд атаархаад хорсоод шээсээ гоожуулаад аргаа барж байна ”ямар харамсалтай гээч”

0  |  0
эмээ(202.21.108.25) 2022 оны 09 сарын 09

Ямар сайхан мэдээ вэ, оросууд оролцсон төслөөс л Монголд бүтэн хот байгуулагдаж ирсэн, АНУ ЕХ ноос тэрбумтнууд баяжиж ард түмэн ядуурч ирсэн гэж ярьцгаадаг,

0  |  0
Top