“Онцгой мэдээ” сонины Хобби булангийн энэ удаагийн дугаарт Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн жолооч, ахлах ахлагч Ц.Батсанаа оролцож байна. Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 2015 оноос хойш 7 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа. Төрж, өссөн нутгийнхаа хүн ардын төлөө тангараг өргөсөн тэрбээр эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг юм.
-Аав нь гарын ур дүйтэй. Юмхнаар юм хийдэг байсан занг дуурайж, гарын доорх материал ашиглан эд зүйлс хийх хүсэл төрдөг байсан нь түүнийг бүтээл урлах авьяаст хөтөлсөн байна. Хөөрөг урлах арга, ухааныг Б.Баатарцэрэн, Х.Ганхуяг гэж хоёр хүнээр заалгасан. Түүнээс хойш хоёр найзтайгаа хамтран хөөрөг хийж эхэлжээ.
-Орчин цагийн хөөрөг нь ихэвчлэн өндөр суурьтай хийгддэг. Хөөргийг суурьтай, суургүй, мөлгөр, өөрөөсөө суурьтай гэж ангилж болно. Мөн хэмжээгээр нь их, бага, дунд гарын гэдэг. Хэлбэрээр нь банзан, банзандуу, цүндгэр, шувтан, бандгар гэж ангилдаг. Хөөрөгний хэлбэрийн хэмжээг хажуу тал буюу мөрний хэсгээс харвал илүү сайн мэдэгддэг байна.
– Хөөргийг урлахдаа хаш, чүнчигноров, гартаам, болор гэх мэт 10 гаруй төрлийн чулууг ашигладаг байна. Сүүлийн үед цагаан шүр чулуугаар түлхүү “урлах” болсон. Цагаан шүр нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутагт байдаг. Тус багийн нутаг Буурын баруун үзүүр гурван булагийн хярын ард Цагаан хайрхан, Бараан хайрхан, Хуцын булаг гэдэг газрын ойролцоо 20 км зайд багтдаг гурван өнгөт хайрхан уулс бий. Эдгээрийн хамгийн зүүн талын Хуцын булаг хайрханы өмнө Эрүүгийн бууцын орчимд Ухаа гүдгэрүүдэд Цагаан шүр хэмээх чулуулаг байдаг. Энэ нь Өмнөговь аймаг байгуулах үед Аргалант сумын 3-багийн нутагт харьяалагдаж байж. Чулууны нарийн судал, ширхэглэг болон хатуулаг чанар нь шүртэй адилхан учир цагаан шүр гэдэг. Дашрамд өгүүлэхэд, Эрдэмтэн судлаач О.Намнандорж 1959 онд энэ чулууны маш нунтаг нарийн ширхэгийг нь судлаад Жуганцар шаварлаг эдийн нягтрал гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Цагаан шүр чулуугаар Өмнөговь аймгийн урчууд хөөрөг, аяга зэргийг олон янзаар урлаж байна.
-. Анхных хүзүү нь далий, их зузаан хөөрөг болж байсан. Хийсэн, урласан бүтээл бүрээсээ суралцаад, сайжраад, чанаржуулаад явдаг. Түүнээс хойш 60 гаруй хөөрөг хийж, эздэд нь хүлээлгэн өгсөн байна. Их гарын тариат чүнчигноровоор хийсэн хөөрөг хамгийн том нь. Энэхүү хөөргийг хүний захиалгаар хийж байсан бөгөөд нийт 20 хоногийг зарцуулсан.
-Хөөрөг бүрийн бүтэх хугацаа өөр, өөр байдаг. Ажлын зав чөлөө, хийх хөөрөгний хэмжээ, чулуунаас шалтгаалаад 15-25 хоног зарцуулна. Заримдаа сард нэг хөөрөг хийх үе ч байдаг. Үнийн хувьд бас хийц, орцноос шалтгаалаад 1-2 сая төгрөг бий.
-Хийж байхдаа нэг л алдаа гаргавал засах боломжгүй. Тийм учраас маш болгоомжтой, нарийн ажиллагаа шаарддаг. Ирмэг гаргахад л эмтрээд уначихдаг тал бий. Долоо хэмжиж байж нэг огтлох ёстой урлал бол хөөрөг. Хөөрөг хийж байгаа хүнээс гарын ураас гадна нүдний ур шаарддаг. Хөөрөг эхлүүлсэн л бол дуусах хүртэл нь нухацтай хандах хэрэгтэй. Ур, ухаанаас гадна сэтгэл шингээн урласан хөөрөг харваас андашгүй байдаг.
-Хөөрөгний хоёр талд дүрсэлдэг хээг бад гэдэг. Дээр үеийн хаалган дээр дүрсэлдэг амаа ангайсан арслан юм л даа. Хашиж, хамгаалах бэлгэдэлтэй. Их гарын хөөрөг найман бадтай байдаг. Нэг үгээр арслангийн зогдор буюу хээлсэн үсний тоо юм. Их гарын хөөрөг дээр үеийн 50-тийн зоосон мөнгийг амсар дээр нь тавихад яг таарч байх ёстой. Хамгийн тох их гарынх нь нэгтийн шар зоос амсартай нь ижил хэмжээтэй байдаг. Энэ хоёр их гарын хөөргийг мөр, бадтай хийвэл найман бадтай хийдэг. Харин 20-тын зоос шиг хэмжээтэй нь дунд гарынх болдог.
-Хөөрөг хийхийн хажуугаар шагайн харваа, үндэсний бөхийн спортоор сонирхон хичээллэдэг. Арван жилд байхаасаа л барилдаж эхэлсэн. Сумын начин цолтой. Чөлөөт бөхийн III зэрэг, самбо бөхийн IV зэрэгтэй. Шагайн спортыг сонирхоод 5 жил болж байна. Сум, багийн болон багууллагын бэсрэг наадамд оролцож багаараа алт, мөнгөн медаль хүртсэн. Цаашид чулуугаар мөнгөлж хүзүүний зүүлтний кулон хийхээр зорьж байна.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин
Сэтгэгдэл ( 0 )