Нүүдэлчин монголчууд суурин иргэншилд шилжиж, улсынхаа нийслэлийг Улаанбаатар хэмээн нэрлэж, улмаар “Азийн цагаан дагина” хэмээн өргөмжилж явсан түүх хуучраагүй ч өдгөө хогтой дэнж, дэлхийн хамгийн аюултай хот болж хувирсан. Гэсэн атал аялал жуулчлал хөгжүүлнэ, аялагч, жуулчин хүлээж авч, хөрөнгө оруулалт татна гэлцдэг. Олон ч төсөл, хөтөлбөр баталж, үе үеийн хотын удирдлага, Засгийн газрууд онцгой амлалтууд өгцгөөж байв даа. Цагаан толгойн үсгийн дарааллаар хөөвөл А, Б, В, Г, Д гээд болсон болоогүй олон ч төсөл хөтөлбөр, төлөвлөгөө хэрэгжүүлсэн. Өдгөө “түгжрэл+бухимдал” гэгч зүйл хотын амьдралын нэг хэмнэл болоод тогтчихсон билээ.
Энэ удаагийн хотыг аврах төлөвлөгөө хэд дэх ч юм бүү мэд, ямартай ч “С” төлөвлөгөө гээд товчоор нэрлэчихэд болох байх. Шадар сайд С.Амарсайханы хэлж буйгаар бол “Соронзон” төлөвлөгөө юм гэсэн. Энэ төлөвлөгөө хэрхэн хэрэгжих хар зургийг өчигдөр Улаанбаатар хотноо болсон "Азийн архитекторуудын форум 21” олон улсын чуулга уулзалт тодотгож өглөө. "Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” сэдвийн хүрээнд болж буй тус форумд 22 орны 120 гаруй төлөөлөгч оролцов. Түүний толгой байгууллага болох Азийн Архитекторуудын зөвлөлд манай улс 1991 онд элсэн оржээ. Ингэснээр хот, суурин газруудыг нийт ард иргэдэд аюулгүй, ээлтэй байхаар төлөвлөх, зохион байгуулах тал дээр бусад улс орнуудын нэгэн адил үүрэг хүлээж иржээ.
Чуулганаар Азийн төдийгүй дэлхийн нэртэй архитектор, эрдэмтэн судлаачид хуран чуулж байгаа юм. Цаашид хот байгуулалтын ирээдүйн чиг хандлагыг хэлэлцэж, Бүс нутгийн хот байгуулалт, төлөвлөлтийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд санал, зөвлөмжөө нэгтгэдэг уламжлалтай гэв. Уг чуулганыг Шадар сайд С.Амарсайхан нээж үг хэлсэн.
Тэрбээр “Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас урт, дунд хугацааны хөгжлийн баримт бичгүүд болох “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлан хэрэгжүүлж байгаа энэ цаг үед “Азийн Архитекторуудын чуулга уулзалт”-ыг бид эх орондоо зохион байгуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой” гэж тэмдэглэсэн юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар “Шинэ хот”-ын төлөвлөлт, бүтээн байгуулалтаараа дэлхийн хот байгуулалтын ирээдүйн тогтвортой хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй байгааг Шадар сайд ийнхүү илэрхийлж, хамтарч ажиллахыг уриаллаа.
Дэлхийн чиг хандлагыг харвал хот суурин газруудын хэт төвлөрөл нь тогтвортой хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байна хэмээн үзэж буй. Учир нь сүүлийн 30 жилд болон ирээдүйд дэлхийн хэмжээнд газрын бүрхэвч хэрхэн өөрчлөгдсөн хийгээд өөрчлөгдөж болох тухай эрдэмтэн судлаачдын гаргасан “загварчлал”-аас харахад дэлхийн хэмжээнд хотжилт нэмэгдэж, газар тариалангийн талбай тэлэн, ойн бүрхэвч багасжээ. Хүн ам өсөж хотжилт нэмэгдсэнээр хүн амын эрүүл мэнд, аюулгүй амьдрах орчин дээр хоол хүнсний хомсдол,хүнсний аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж, газар тариалангийн талбай нэмэгдэхийн хэрээр үржил шимт хөрс алдагдалд орж газрын доройтол үүсэх үндсийг бий болгож байна гэж үзжээ. Манай улс энэ нөхцөл байдалтай уялдуулж, хот байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх вэ. Улс орнуудтай ямар байдлаар хамтран ажиллах вэ гэдэгт дэлхийн шилдэг архитекторуудын туршлагаас хуваалцах, тэднээс зөвлөгөө, дэмжлэг авч суралцах нь нэг гарц нь дээрх чуулган болж байна. Мөн хөгжлийн гарц гаргалгаа болох биз. Гэхдээ, бүтээлчээр ашиглаж чадвал шүү дээ. Хэлбэрдээд өнгөрвөл, хурал чуулган зохион байгуулж хий зардал чирэгдэл гаргаснаас цаашгүй юм болно. Шадар сайд С.Амарсайханы хэлж байгаагаар бол манай улс бүс нутгийн хэмжээнд хот байгуулалт, төлөвлөлтийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх үүд хаалгаа нээсэн. Мөн орчин цагийн “Шинэ хот”-ыг Хөшигийн хөндийд бүтээн байгуулж, эдийн засгийн төрөлжсөн бүс бий болгох шийдвэрийг Засгийн газраас гаргаж, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу газар доорх инженерийн дэд бүтцийг иж бүрэн барих ажлыг бид эхлүүлээд байна. “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Богдхаан төмөр зам, Эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын мега төслүүд нь Хөшигийн хөндийд сүндэрлэх Шинэ хот руу гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг соронз мэт татах гол давуу тал хэмээн тэрбээр онцоллоо.
Засгийн газар шинэ бүрэлдэхүүнээр ажиллах, ингэхдээ Хотын асуудал хариуцсан сайдтай болсон үед хэрэгжих “С” төлөвлөгөө буюу “Соронзон” төсөл хөтөлбөр гараанаас нэгэнт гарчээ. Хотын иргэд хэр “ташуурдах”-аас үр дүн нь шууд хамаарах тул Хотын асуудал хариуцсан Ж.Сүхбаатар сайдыг зүгээр суулгаж үл болно гэдэг мессэжийг иргэдэд тараах учиртай болов уу.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
5-р ТЭЦ-ыг Хөшигийн хөндийд дөхүүлээд барьчих ухаан энэ засагт байна уу
СОРОНЗОН ТӨЛӨВЛӨГӨӨ БИШЭЭ СУМЪЯАБАЗАР ” ШОРОН-ЖОН” ТӨЛӨВЛӨГӨӨ Л ХИЙНЭ. ХУРДАН ЗАЙЛААЧЭЭ