Хүүхэд түүнийг жаргалтай болгодог. Гар угаах, хувцас эвхэх, хогоо ангилах гээд заасан бүхнийг нь сурсан байхыг хараад тэр урам авдаг. Хамгийн товчоор дүгнэхэд тэр бол 30 хүүхдийн "ээж" гэлтэй.
Чимээгүйхэн ажлаа хийж, хүүхдүүдийн төлөө бүхнээ зориулан ажиллаж байгаа цэцэрлэгийн багш мэргэжлийн талаар хүргэхээр нийслэлийн 275-р цэцэрлэгээс өнөөдрийн онцлох мэдээллээ бэлтгэлээ. Бидний очсон ангийн багшийг Л.Ганчимэг гэдэг.
ВИДЕО ҮЗЭХ
Өөр өөр орчинд өссөн хүүхдүүдийг эвтэй тоглуулж, хооллож, унтуулж, хажуугаар нь хичээл заана гэдэг үнэхээр амаргүй ажил, алба ажээ.
Л.Ганчимэг багш мэргэжлээрээ зургаан жил ажиллаж байгаа гэнэ. Тэрбээр "Цэцэрлэгийн багш нар 10 цагаа дуусгаад гэртээ харьдаггүй. Хүүхдүүдээ тараасны дараа ангиа цэгцлэхээс эхлээд олон ажил байдаг. Би өглөөний 7:30 гээд ажилдаа ирдэг. Хүүхдүүдээ хичээлд ирэхээс өмнө анги танхимаа бэлдэнэ, агааржуулна. Ингээд 8-9 цагийн хооронд хүүхдүүдээ хүлээж авдаг.
Бидний нэг өдөр дуу шуугиан, адал явдал дүүрэн өнгөрдөг. Өглөөний цайгаа ууж, дасгалаа хийнэ. Гар зүгшрүүлэх дасгал хийнэ, унтана, тоглоно, дуу, шүлэг сурна гээд олон зүйл хийдэг юм.
Хүүхдүүд хоорондоо өөр. Айлын ганц, ах эгчтэй өссөн хүүхдүүдийн хооронд маш их ялгаа байдаг. Тэр бүхнийг ажиглаж, хянахад багшаас өндөр ур чадвар шаардана.
Цаас шиг цагаахан хүүхдүүдтэй ажилладаг болохоор мэргэжил минь дэндүү сайхан санагддаг. Заасан жижигхэн зүйлийг хүртэл сурсан байгааг хараад урамшдаг.
Жишээ нь, "Зайгаа бариарай" гэдгийг зааж өгөөд дараа нь түүнийг сурсан байгааг харах маш сайхан. Хүүхдүүдийн төлөө ямар нэг зүйл хийж байгаа мэдрэмж хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Энэ хэд маань заримдаа уйлж, шуугилддаг ч үүнд би огт түүртэж, ядардаггүй.
Хүүхдээ даатгаж үлдээж байгаа болохоор эцэг, эхчүүд маань дотроо санаа нь их зовдог байх. Та бүхэнд хандаж хэлэхэд, бид таны хүүхдийн амь насыг хариуцан ажиллаж байгаа. Тиймээс аюулгүй орчинд өөрийн хүүхэд мэт хайрлаж, хамгаалж, сайн хүн болгохын төлөө хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэдэг юм шүү" гэж ажлынхаа онцлог, сэтгэгдлийг хуваалцсан юм.
Цэцэрлэгийн гадна болон доторх орчныг харахад багш, ажилчид нь хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй нь харагдана. Энэ цэцэрлэгийн багачууд хог ангилах, ногоо, жимс тарих гээд олон зүйлийг нэмэлтээр сурдаг нь олзуурхууштай санагдсан.
Сэтгэгдэл ( 0 )