Ц.Оюунбаатар: Хэлмэгдүүлэгчид Монголын төрд одоо ч байна 

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 09 сарын 15

“Хүний Эрх, Шударга Ёсны Хөгжлийн Төв” ТББ-ын тэргүүн, Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатартай ярилцлаа.


-Танай байгууллагаас хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, хүний эрхийг хангах, хамгаалах асуудлаар  УИХ-д хандсан гэсэн.  Монголд хүний эрх ямар байна гэж дүгнэсэн бэ? 

-Монгол Улсад төрийн их хэлмэгдүүлэлт эхэлсэн цагаас хойш 85 жил болж байна. 1937 оны есдүгээр сарын 10-ны өдөр анх төр, цэргийн өндөр албан тушаалтан 115 хүний нэрсийн жагсаалтыг Оросоос авчирч, их баривчилгаа явагдсан. Нийтдээ 35-45 мянган хүний амь насыг хохироож, заримынх нь эрх чөлөөг хасч шорон гянданд хорьсон.

Энэ хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг багасгах, судлах талаар засаг, төр ажиллаж байгаа ч, энэ үйл ажиллагаа нь нэгдсэн бодлогогүй, шинжлэх ухааны үндэслэл муутайгаас асуудлыг цогцоор шийдэж чадахгүй явж байна. Тухайлбал, хууль гаргахдаа эрх зүйн мэдлэг боловсрол муу, хууль боловсруулах чадваргүйн улмаас хохирогч, хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхэд, үлдсэн хүмүүс цагаатгал, нөхөн олговрын асуудалд бүрэн хамрагдаж чадахгүй байна.

Тухайн хууль нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээр тасалбар болж дуусна гээд заачихсан. Хэлмэгдүүлэлтийг арилгах үйл ажиллагаа дэлхий дахинд коммунист, капиталист, ардчилсан гэх бүх улс оронд бий болж, үргэлжлээд явж байгаа. Урт удаан хугацаанд шийддэг энэ асуудлыг манайхан захиргаадалтын аргаар 2020 оноор дуусгана гэсэн. Иймд бид хуульд өөрчлөлт оруулах саналыг өргөн барьж байгаа. Өмнөх хуульд хэлмэгдэгсдийн ач зээ нарт нөхөн олговор олгоно гэсэн атал нэмэлт, өөрчлөлтөөр тэр боломжийг хаачихсан. 2000 гаруй хүн мөрдөгдөж, шорон гянданд байх явцад амь насаа алдсан. Тэр бүү хэл алагдсан хүмүүс бий. Тэднийг Улсын дээд шүүхээс цагаатгасан атлаа нөхөн олговор олгохдоо шүүхийн тогтоолоор цаазалсан буюу, хорих ял ногдуулсан гэж зааснаас үүдэн үлдэгсэд нь нөхөн олговор авч чадахгүй байна. Үүнийг цэгцлэх зорилгоор манай ТББ гурван жил тойрон судалгаа хийж, УИХ-ын дарга болоод гишүүдэд өргөн барьсан. Энэ бол Монгол Улсын түүхэнд хэлмэгдлийн үр дагаврыг арилгах, ялангуяа дахин хэлмэгдүүлэлт, хүний эрхийн зөрчлийг  гаргуулахгүй байх бодлогын асуудлыг барьж ажиллаж байгаа юм. Бид төсвөөс нэг ч төгрөг авдаггүй, ХЭҮК шиг олон тэрбум төгрөгийн төсөвтэй, 30-40 ажилчинтай байгууллага биш шүү дээ. Сайн дурын хуульч 4-5 хүн ажиллаж, улсын хэмжээний судалгаа хийж байна.

-Тэгэхээр хэлмэгдүүлэлт  одоо ч байсаар байна. Бүр шинэ хэлмэгдүүлэлт зүсээ хувиргаад байж байна гэж судлаачид хэлж байгаа. Энэ талаар баримт байна уу?

-Ардчиллын толь нь хүний эрх юм. Хүний эрхийг хамгаалагчид, хуульчид энэ асуудлаар баримт судалгаатай дуугарч байна. Өөр бусад хүмүүс цээжээ дэлдээд байгаа нь  худал. Өөрсдийгөө ардчилал гэж цээжээ дэлддэг, “Ардчиллын алтан хараацай” гэгчид хүний эрхийг ноцтой зөрчсөн. Жишээ нь, Н.Энхбаяр гэдэг хүнийг тухайн үед Ц.Элбэгдоржийн улс төрийн өрсөлдөгч байсан учраас МАН, АН нийлээд хэлмэгдүүлсэн нь бодит зүйл. М.Энхсайхан гэдэг хүн ямар хэрэгт шийдэгдсэн бэ гэхээр садангийнхаа хүнээс  автомашин авахдаа 55 сая төгрөгийн илүү үнээр авсан гээд 4.6 жилийн хорих ял өгч илт хэлмэгдүүлсэн байхад одоог хүртэл цагаатгаагүй байна. Нүүрсний асуудал, “Мега төсөл” гээд хэрэг байна. Гаднын компанид өгөх гэсэн юм уу, Гаалын байгууллагыг татан буулгасан асуудал биш. Гэмт хэрэг гэж үздэггүй, ёс зүйн зөрчил, захиргааны асуудал дээр хэрэг үүсгэчихсэн. Энэ цэвэр улс төрийн хэлмэгдүүлэлт. Тэр үед Н.Энхбаяр гэдэг хүнийг дагасан бусад хүмүүс, “Тэмээн поло” тэмцээний тушаалыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа гаргасан байхад өөр хүмүүсийг улс төрийн идэвхитэй зүтгэлтэн гэдэг утгаар нь хэлмэгдүүлэх гэж оролдсон асуудал бий.

Тэр болгоныг яривал маш өргөн хүрээний асуудал байгаа. Яг өнөөдөр хүний эрхийн нөхцөл ямар байна вэ гэвэл, Сүхбаатарын талбай дээр “Тусгаар тогтнол” хөдөлгөөн гээд залуучууд гарсан. Би үйл явдал дотоод юмыг нь мэдэхгүй, олон нийтийн шүүмжлэл бол үг хэлсэн, хэвлэн нийтэлсэн, жагсаал цуглаан хийсэн хүнийг шоронд хорьдог юм байна гэсэн зүйл яригдаад байгаа. Энэ асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ТЕГ-ын дарга П.Одонбаатар нарт хандаж байгаа. Хүний эрх, шударга ёс төвөөс тэр хүмүүсийн  Хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа нөхцөл байдалтай танилцах, Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан эрхээ эдэлж чадаж байна уу, үгүй юу гэдэгт хяналт тавина.

-“Иргэн Э.Цэрэнг барьж хорилоо” гэсэн мэдээлэл гарсан. Хүний эрх зөрчлөө гээд бас л шуугиж байна?

-Э.Цэрэнгийн асуудалд бол би прокурорын юм уу, хэрэг мөрдөгч, мөрдөн байцаагч байсан хүний хувьд анхааралтай хандаж байгаа. Тэр болгон руу бид давхиж очоод байж болохгүй шүү дээ, судлах ёстой. Хэрэв тухайн хүн худал хэлж, бусдыг гүтгэсэн байх аваас тэр үйлдэлд нь хуулийн хариуцлага байх ёстой.

Та бүхэн санаж байгаа бол Б.Ханддолгор гэж эмэгтэй “Үг” сонины эрхлэгчээр ажиллаж байгаад бусдыг гүтгэсэн, амь насаа алдахад хүргэсэн гэж Ганц худагт хоригдож байхад нь би УИХ-ын гишүүн, хүний эрхийн салбарт ажилладаг хуульчийн хувьд очиж уулзаж, эрхийг нь хамгаалж явсан. Түүнийхээ төлөө олон дайралтыг хүлээж авч байсан. Хүн л учраас түүнд ч бас эрх гэж бий шүү дээ.

Тиймээс би өнөөдөр аливаа зүйлээс айлгүй Д.Банзрагч болон бусад залуусын асуудлыг судална. Магадгүй тэр залуус алдаа гаргасан байж болно. Тэр асуудал руу бид орохгүй, гагцхүү хүний эрх зөрчигдөж байна уу, хүний эрхийг хангаж байна уу гэдэг талаар олон улсын байгууллагатай хамтран ажиллах бодолтой байна. Хүний эрхийн салбарыг эргэж харж, шинэ түвшинд авч үзэхгүй бол болохгүй. 

-Нэгэнт хүний эрхийн тухай ярьсных асуучихъя. Өмгөөлөгч Б.Баасанцогтын эхнэр хуульч  Б.Мөнхсайханы бичвэр хэвлэлд гарлаа. Шүүх, мөрдөн байцаах шатанд хүний эрхийн зөрчил их байна гэж ойлгосон?

-Хүн өөрийн эрхийг зөрчигдөж байна гэж үзэх юм бол тэр асуудлаараа үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, улмаар хүний эрхийн байгууллагуудад хандах эрхтэй. Манай ХЭҮК-ийг өөрчлөн зохион байгуулмаар байгаа юм. Тэнд ажиллаж байгаа хүндээ бус төрийн хавсарга болчихсон, төрийн асуудалд, аль ч цагт тухайн эрх баригч намын асуудалд хавсарга болоод байгаа учир би шүүмжилж байгаа юм. Түүнээс тэнд сайн хуульч, мэргэжилтнүүд бий. Заримтай нь бид хамтран ажиллаж байсан. Ганц л юмыг шүүмжилнэ, тухайн төрийн хавсарга болоод байгаа. Тэгээд цагдаа, шүүх, хууль хүчний байгууллагын өөдөөс сөрж дуугарч чаддаггүй. Гадаадын иргэний эрхийг зөрчсөн асуудал ч байна. Гадаадын Элчин сайдын яамнаас Монгол Улсын Гадаад харилцааны яаманд нот бичиг хүртэл ирүүлж байна шүү дээ.

-Тэр нь “Суруга Монгол” компанийн асуудал уу?

-Түүнээс өөр асуудал байгаа юм билээ. Ер нь бол “Суруга Монгол” компанийн асуудал Япон дахь бүх уулзалт, хэлэлцээн дээр яригдаж ирсэн. Монголд хөрөнгө оруулах тухай ярихаар монголчууд найдваргүй шүү, итгэлгүй хулхи шүү, мөнгийг чинь завшдаг шүү гэдэг. Солонгосын хэвлэлүүдээр ч гарч байна. Солонгосын иргэн Пак Ён Сү-гийн 100 орчим сая төгрөгийг луйвардсан хэрэг Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан захидал бичигдсэн байж байна.

Монголчуудын нэр хүнд дэлхийд алдагдаж байна. Залилангийн гэмт хэрэг замаа алдсан. Гадаадын иргэний мөнгийг залилж луйвардаж авсан хэрэгт О.Магнай хүртэл холбогдсон биз дээ. Саяхан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хуулиа чангалах хэрэгтэй гэж дуугарсан байна лээ. 50-100 мянган ам.доллар оруулсан гадаадын иргэнд Монголд  амьдрах эрх олгоно гэсэн заалт байгаа. Асуудлын гол нь мөнгөндөө бус Монголын нэрийг дэлхийд хөөдөж байгаа залилагч, луйварчдаас салах хэрэгтэй. Тэр луйварчид бол шүүх, хууль хяналтын байгуулага, АТГ, цагдаа, прокурорын байгууллагад гар хөлтэй учраас байгаад байна.

Жишээ нь, Шинэхүү гэж этгээд Хятадын 4-5 компанид байхгүй нүүрсийг худалдсан гэрээ хийж асар их мөнгө завшсан гэмт хэргийн асуудал яригдаж байна. Өвөрмонгол хүмүүс Хятадын компанид зуучилдаг явдал газар авсан. Хятадын компани байнга тендерт ялдаг, авдаг нь ердөө л авлигын 10 хувийг манай төр, засгийн хүмүүст өгдөг гэсэн судалгаа гарчихсан байна. Үүнд АТГ юу ч хийгээгүй. Яагаад нэг хүний компани, эсвэл нэг группын хэдэн компани хэдхэн тендерийг аваад байна вэ. Бусад иргэнд тэр нь яагаад  хаалттай байгаад байна вэ. Ийм ноцтой нөхцөл байдал үүсч, өнөөгийн төрд  хүнд суртал, авлига газар авсан. Нийгмийн дургүйцэл дээд цэгтээ хүрсэн. Үүндээ дүгнэлт хийгээч гэж би Ерөнхий сайд, Засгийн газрынханд шууд болон шууд бус утгаар удаа дараа хэлж байгаа.

-Орчин үеийн хэлмэг­дүүлэлт, хүний эрхийг зөрчиж буй талаар та Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг халз мэтгэлцээнд дуудсан ч мэтгэлцээн болоогүй нь ямар учиртай вэ?

-Ардчилсан гэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, түүний дараагийн Төрийн тэргүүн хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн, хэлмэгдүүлж, олон арван хүний асуудлыг шийдвэрлээгүй олон сар, жилээр дарагдуулж байна. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийг мөрдөн шалгах явцад гарсан хүний эрх зөрчсөн, хэлмэгдүүлсэн асуудалд олон нийтийн шаардлагын дагуу хариуцлага тооцсноос өөр зүйл хийгдсэнгүй.

Нийслэлийн прокурорын ажилтан У.Дэндэвдоржийн даалгавраар О.Энхжаргал гэх эмэгтэйг хоёр ихэр хүүхэд дөнгөж төрүүлээд байхад төрөх эмнэлгээс (эмнэлгийн ажилтнууд эсэргүүцсэн) цус сүүг нь холилдуулан хүчээр баривчилсан зэрлэг балмад хэрэг гарсан. Энэ нэн ноцтой, хүний эрхийн эсрэг, эмэгтэй хүнийг доог тохуу болгосон гэмт хэргийн талаар Ерөнхийлөгч Ж.Баттулга, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Ерөнхий Прокурорт гомдолоо хүргүүлж Хүний эрхийн ТББ-уудаас албан ёсоор эсэргүүцэл илэрхийлсэн, хэвлэл мэдээлэлд гарсан байхад төр, засаг өнөөг болтол ямар ч хариуцлага тооцоогүй нь Монголын төр хүний хүний эрх, эмэгтэйчүүд эх нялхсын талаарх үл тоомсорлосон хандлага гаргаж байгааг харуулж байна.

У.Дэндэвдорж нь прокурорын хэд хэдэн ажил, албан тушаал сольж ямар ч ял зэмгүй явж байна. Түүнчлэн улстөрчдийн холбогдсон олон зуун сая, хэдэн тэрбум төгрөгийн хохирол учруулсан нүүрсний, ЖДҮ-гийн, тендерийн онц ноцтой гэмт хэргүүд, тэр ч байтугай өөрийн болон гэр бүлийн дансандаа авлигын мөнгөө авсан нь тогтоогдсон хэргүүд АТГ, Прокурор дээр улс төрчдийн хамгаалтанд дарагдаж хэргийг тусгаарласан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг шалтгаанаар хэрэгсэхгүй болгож байгаа талаар хүний эрхийн ТББ-д иргэд гомдол шүүмжлэл ирүүлж байна. Шударга ёсыг тогтоох, хүний эрхийг хангах зорилгоор МАНАН бүлэглэлийн эсрэг 2018, 2019 оны өвлийн сүрт жагсаал хийж, 2022 оны МАН-ын Их хурлаас хүний эрхийг хангах улс төрийн хэлмэгдүүлэлт гаргахгүй байх, хүний эрх зөрчсөн 847 хуулийн заалтыг өөрчлөх тухай тогтоол гаргасан ч өнөөг хүртэл хэрэгжээгүй, үр дүн гараагүй байна. АТГ, Прокурор, Шүүхийн байгуулагад бодит шинэчлэл хийгдээгүй, хүний эрхийг зөрчдөг, нөлөө бүхий улс төрчдөд үйлчилдэг, хөрөнгөлөг этгээдэд тал засдаг хүний эрхийн боловсролгүй олон хүн өндөр цалин авч төрийн алба эрх мэдэлдээ эрдэж жирийн иргэдэд дээрэнгүй хандаж байгааг олон нийт шүүмжилж байна.

-Хэлмэгдүүлэлт яагаад амь бөхтэй оршдог юм бол...?

-Монгол Улсын гадаад өр талийсан, хүний эрхийн зөрчил ч газар авсан. Барьж хориод нэмэргүй гэдэг нь харагдаж байна. Ирэх жилүүд тун хүнд байхаар байна. Нүүрсний, ЖДҮ-гийн гэхчлэн том хэргүүдээс авлигачид хараат бусаар үлдчихэж байна. Нийгэмд жаахан дуулиан болгоод, хэргийг тусгаарласан гэж авч үлдэж дарагдуулаад тэндээ нам дарчихдаг. Олон тэрбумын хэрэг замхарсан. Нэг прокурор нийтдээ 120-оод сая төгрөгийн хахууль авсан гэж хэвлэлд гарсан байна лээ. Т.Ганболдын яриад байгаа чинь бүгд л бодитой үнэн юм байна лээ шүү дээ. Бид судалсан, хуулийн өмнө адил тэгш байх, шударга байх зарчим алдагдаж байна. Шалгаад ирэхээр бүгд л “Би буруугүй” гэж гонгинодог. “Намайг шалгаад өгөөч, буруутай бол хариуцлагаа хүлээе” гэдэг улстөрч Монголд алга. Хөрөнгө мөнгө, нөлөө бүхий учраас өрсөлдөгчөө элдэв бохир зүйлд хутгаж гүтгэдэг явдал зөндөө.

Дээр нь нэг зүйл хэлэхэд, 1937 оны их хэлмэгдүүлэлтийн асуудлаар би Прокурорын ерөнхий хяналтын газрын дарга байхдаа нэлээд ажилласан. Цагаатгалын олон хэрэг дээр ажилласан. Ерөөсөө гүтгэлэг, айдас хоёроос хэлмэгдүүлэлтийн гол учиг гарч байгаа. Тиймээс хэвлэл, мэдээллийнхэн аливаа сурвалжилга, мэдээллээ баримттай тавьж байгаач. Мөнгөөр, захиалгаар үйл ажиллагаа явуулснаас болж өөрсдөө гэмт хэрэгт орж хэлмэгдэх вий гэдгийг хүний эрхийн салбарт ажиллаж байгаа хуульчийн хувьд хэлэх байна. Гүтгэлэг, айдас хоёр ямар ч хүнийг хэрэгт хийнэ. Үүнтэй холбогдуулж хэлэхэд өнөөгийн биш, харин тухайн үеийн АТГ-ын дарга нар захиалгаар асуудалд хандсан учраас С.Зоригийн амь насаа алдсан хэргийн эргэн тойронд хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаа явагдсан. Ийм ажлыг бусад улстөрч дээр ч хийсэн. Н.Алтанхуягийн эргэн тойрны хүмүүсийг ингэ тэг гэж хэлүүлээд маргаашийн онгоцоор нисгэсэн. Одоо хэлмэгдүүлэлт зүсээ хувиргахаас гадна хэлмэгдүүлэгчид яг хэвээрээ ажиллаж байна. Энэ бүхэн нь төрийн албан хаагч, Хууль хяналтын байгуулагын ажилтнуудын мэдлэг боловсрол, ажил хэргийн чадварыг гурван  жил дутам үнэлэлт дүгнэлт өгч аттестачилж байх албан тушаал, цалинг уян хатан тогтоох шаардлагатайг хару

Эх сурвалж: Өглөөний сонин

улж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чимэддорж(124.158.68.201) 2022 оны 09 сарын 15

Оюунбаатартай хэзээ ярилцсан бэ Тэдэн минутын өмнө гэж хугацаа заадаг толгой нь хамуурсан тэмдэглэлээс салаачээХэвлэл мэдээлэлд дэндүү чадваргүй мулгуу мунхаг маш олон сэтгүүлч нэртэй манкуртууд байна шүүОн сар өдрөө биччих ухаан хүрдэггүй ямар гээчийн сурвалжлагч вэ 2017 оны яриа нь 30 минутын өмнө гээд Интернетэд үлдсэн байх жишээтэй

0  |  0
чимэддорж(124.158.68.201) 2022 оны 09 сарын 15

Оюунбаатартай хэзээ ярилцсан бэ Тэдэн минутын өмнө гэж хугацаа заадаг толгой нь хамуурсан тэмдэглэлээс салаачээХэвлэл мэдээлэлд дэндүү чадваргүй мулгуу мунхаг маш олон сэтгүүлч нэртэй манкуртууд байна шүүОн сар өдрөө биччих ухаан хүрдэггүй ямар гээчийн сурвалжлагч вэ 2017 оны яриа нь 30 минутын өмнө гээд Интернетэд үлдсэн байх жишээтэй

0  |  0
Top