Монгол Улсын анхны “Киночдын гудамж”-ийг Баянзүрх дүүрэгт байгуулна

2022 оны 09 сарын 15

Монгол Улсын кино урлагийн хөгжлийн эхлэлийг тавьсан “Монгол кино” үйлдвэрийг түшиглэн “Киночдын гудамж” төслийг Баянзүрх дүүрэг анхлан хэрэгжүүлнэ.

Төслийг үр дүнтэй, зөв хэрэгжүүлэх үүднээс УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх холбогдох албаныхан, кино урлагийн салбарын төлөөлөл, мэргэжлийн байгууллагын дунд хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэг нь Баянзүрх дүүргээс анхлан санаачлан хэрэгжүүлж буй “Киночдын гудамж” төсөлд мэргэжлийн байгууллага, кино урлагийн салбарын төлөөллийн санал бодлыг тусгах зорилготой. Ингэснээр тохижилт, бүтээн байгуулалтын ажил илүү үр дүнтэй болох юм.

“Киночдын гудамж” төслийг хэрэгжүүлснээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, кино урлагаар дамжуулж дэлхийд өв соёл, зан заншил, ёс уламжлалаа түгээж, сурталчлахад энэхүү төсөл нь бодитой дэмжлэг болно гэдэгт бүх талууд санал нэгдсэн.

Хэлэлцүүлгийн үр дүнд ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулж, зураг төслөөс нь эхлээд бүх шатанд хамтын хүчээр бий болгохоор боллоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top