Монгол Улсын ХАА-г тогтвортой хөгжүүлэх, ойн менежментийг сайжруулах чиглэлээр Бүгд Найрамдах Чех Улс /БНЧУ/, Менделийн Их сургуулиас хэрэгжүүлж буй STREAM төслийг танилцуулах уулзалт, орчин цагийн генетикийн шинжлэх ухааныг үндэслэгч Грегор Иоханн Менделийн мэндэлсний 200 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг тус улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас зохион байгууллаа.
БНЧУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Брно хот, Менделийн их сургуулийн эрдэмтэн, судлаачид STREAM /Sustainable Resilient Ecosystem and Agriculture Management in Mongolia/ буюу Монгол Улс дахь Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах төслийг хэрэгжүүлэх олон улсын 12 их, дээд сургуулийн консорциумыг удирдаж байгаа ажээ. Тэдгээрийн тоонд Монгол Улсаас МУИС, ХААИС, Налайх дахь Монгол-Германы хамтарсан Технологийн их сургууль, Чехийн талаас Мендел, Карлын зэрэг гурван их сургууль, Румын улсын Трансильванийн сургуулийн төлөөлөл багтсан байна. Төслийг Европын Комисс болон НҮБ-ын Хүнс, хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран хэрэгжүүлж байгаа юм. Ойн менежментийн төслийг Чехийн Менделийн Их сургууль, мэдээлэл, сургалтын ажлыг Германы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага GIZ хэрэгжүүлж байгаа аж.
Төсөл хэрэгжүүлэгчдээс Трансильванийн Их сургуулийн ректор, Словакийн Техникийн Их сургуулийн ойн мэргэжилтнүүд, АНУ-ын Ютагийн Их сургуулийн багш нар, Дэлхийн Улиангарын нийгэмлэгийн тэргүүн зэрэг хүмүүс Монголд ирээд байна. Төслийн хүрээнд Монголын ойн менежментийн төлөвлөлтийн байгууллагуудтай хамтран ажиллаж, ой, ландшафтын экологийн чиглэлээр Монголын мэргэжилтнүүдэд боловсрол эзэмшүүлсээр иржээ.
Уг төсөл ХАА, ойн менежментийг сайжруулах гэсэн хоёр хэсэгтэй. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон, Мандал сумын Түнхэл тосгон, Жавхлант сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Баян-Адрага, Биндэр суманд хэрэгжиж буйг илтгэгчид онцоллоо. Эдгээр сумд нь ойн бүтэц, экологийн нөхцөлөөрөө харилцан адилгүй юм. Тухайлбал, Бугантад шинэс, жодоо зэрэг шилмүүст мод, Хэнтийн сумдад нарс элбэгтэй. Жавхлант суманд цөлжилтөөс хамгаалах ажил илүү хийхээрээ онцлогтой. Тал хээрийн бүсэд агро ойг хөгжүүлэх, ойн хамгаалалт, цэвэрлэгээ, арчилгааг зохих журмын дагуу хийх гээд төслийн багийнханд хийх ажил их байгаа ажээ.
БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил “Орчин цагийн генетикийн шинжлэх ухааныг үндэслэгч Грегор Менделийн мэндэлсний 200 ойг тохиолдуулан энэхүү үйл ажиллагаа, үзэсгэлэнг зохион байгуулж байна. Чехийн Брно хот дахь Менделийн нэрэмжит Их сургуулийн эрдэмтэн багш, судлаачид Монголд ХАА-г тогтвортой хөгжүүлэх, ойн менежтентийг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлж буйд баяртай байна” гэлээ. Орчин цагийн генетикийн шинжлэх ухааныг үндэслэгч Менделийн мэндэлсний 200 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг тун өвөрмөц, сонирхолтой байдлаар дэглэжээ. Урт илтгэл, нуршуу тайлбар хэрэглэсэнгүй. Нийт 20 самбараас бүтсэн цуврал комиксоор ноён Менделийн туулсан амьдрал, төгссөн сургууль, нээсэн бүтээлүүдийг хөгжилтэй, зугаатай аргаар илэрхийлсэн нь аль ч насныхны сонирхлыг татахаар байлаа.
Герман, Чех гаралтай Августины санваартан, эрдэмтэн Грегор Иоханн Менделийн хийсэн ажиглалтуудаас орчин цагийн генетикийн шинжлэх ухааны үндэс эхэлдэг хэмээн үздэг. Аливаа амьд организмын удамшил нь ген хэмээгдэх дискрет шинж чанаруудаар илэрдэг болохыг анх Грегор Мендел вандуйн ургамлын удамших шинж чанаруудыг судлаж байхдаа ажиглажээ. Менделийн хийсэн ажиглалтуудыг 1900-аад оны эхэн үед эрдэмтэд дахин туршиж, 1910-аад оны үеэр хийсэн судалгааны үр дүнд анх удаа удамшлын тухай физик ойлголтыг гаргаж ирсэн байна. Бүр хожим 1950-иад онд хромосомын цөм нь ДНХ бөгөөд уг молекулын дотор генүүд шугаман хэсэг байдлаар оршдог болохыг тогтоож байв.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )