Сөргөлдөөнийг сөрөх нүүдэл буюу Ерөнхий сайдын алхмууд

2022 оны 09 сарын 19

Нэг үе намжаад байсан хүйтэн дайны дараах зөөлөн үе шувтарч сүүлийн үед улс орнуудын хооронд геополитикийн сөргөлдөөнт нөхцөл байдал үүсэх болов. Ялангуяа Монгол Улсын эргэн тойронд ийм сөргөлдөөний шинэ голомт үүссэн гэж хэлж болно. ОХУ, Украины хоорондох байдал, БНХАУ болон түүний харьяа бүс болох Тайваний дунд үүссэн зөрчилт нөхцөл үүнийг харуулж байгаа юм.

Ийм нөхцөл байдлын дунд Монгол Улс төвийг сахисан, олон тулгуурт гадаад бодлого барьж, түүнийг нь гадаад ертөнц өндрөөр үнэлж өнгөрсөн зун НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, Ван И нар ээлж дараалан Монгол Улсад айлчилж, түүнээс хойш ч гадаадын зочид гийчдийн хөл тасрахгүй байгаа билээ.

Монгол Улсын Засгийн газраас гадаад ээдрээтэй нөхцөл байдлын дунд барьж буй энэхүү зөөлөн байр суурийг “Сөргөлдөөнийг сөрөх нүүдэл буюу Ерөнхий сай­дын алхмууд” хэмээн нэрлэж болно. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тун удахгүй ИБУИНХУ-д айлчилж, Хатан хаан II Елизабеттай салах ёс хийх үйл ажиллагаанд оролцохоор боллоо. Цог Жавхлант Хатан Хаантай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд гадаад улс орны Төрийн тэргүүн, Ерөнхий сайд зэрэг өндөр, дээд түвшний 500 гаруй төлөөлөгчид оролцох юм. Энэ ташрамд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тэдгээр төлөөлөгчидтэй ажил төрлийн яриа хийхээс гадна дэлхий сөргөлдөөнтэй байгаа энэ цаг үед өөрийн орны баримталж буй төвийг сахих бодлогоо таниулахад ч томоохон алхам болох нь гарцаагүй.

Тэрбээр мөн энэ есдүгээр сарын 27-нд болох Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэг үдэх төрийн оршуулгын ёслолд Монгол Улсын төр, засгийг төлөөлж оролцохоор болоод байна. Энэ үеэр ч бас л гадаад орнуудын төр, засгийн тэргүүн нартай уулзаж байр сууриа илэрхийлэх юм. Түүнээс гадна нүүрснээс ус төрөгч гарган авч ус төрөгчийн цахилгаан станц байгуулах төслийг хэрэгжүүлэх чиглэл бүхий Японы талын компанийн төлөөлөлтэй уулзалт хийж, санал солилцох төлөвлөгөөтэй байгаа билээ.

Дэлхийн улс орнууд гадаад бодлого, стратеги, аюулгүй байд­лынхаа бодлогыг цоо шинээр томъёолж буй энэ цаг дор болзошгүй нөхцөл байдал үүсэхэд Монгол Улсын гадна талдаа гарцаагүй барих байр суурь нь олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, төвийг сахих үзэл баримтлал болох нь Ерөнхий сайдын үйл ажиллагаанаас харагдаж байна.

Монголчууд бүр эрт дээрээс бусдын эрх ашгийг ямагт хүндэтгэн төр хийгээд шашны үйл хэрэгт төвийг сахиж ирсэн уламжлалтайг түүхээс бид мэдэх билээ. Эртний нийслэл Хархорумд олон хэлийн, олон газрын хүмүүс цуглаж, олон шашныг эн зэрэгцүүлэн шүтэж, худалдаа наймаа эрхэлж, төрийн хэргийг ч явуулж байсныг бид мэднэ. Ингэж төрийн бодлогодоо өнө эртнээс бусад улс оронтой дайсагналцахгүй, эвийг эрхэмлэж, найрамдалт харилцаагаа хөгжүүлж, төв тогтвортой гадаад харилцааг явуулахыг эрхэмлэж ирсэн орон.

Ардын засгийн анхны жилүүдэд эрдэмтэн Жамсрангийн Цэвээн “Манай улс гадаад харил­цаандаа төвийг сахих бодлого баримтлах нь зүйтэй. Үлгэрлэвээс Швейцарь лугаа байвал зүгээр” хэмээн хэлсэн байдаг.

Чухам энэ үзэл баримтлал өнөөдөр дэлхийд, бүр сүүлийн үед Монгол Улсын ойр тойронд өрнөж буй геополитикийн зөрчилдөөнт, сөргөлдөөнт нөхцөлд гадаад харилцаанд нэн чухал болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн барьж буй төвийг сахисан, энхийг эрхэмлэсэн олон талт байр суурь харуулж байна. Түүх сөхвөл Монгол Улс 1960-аад оны эхээр байгуулагдсан Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнд идэвхтэй явж төвийг сахих байр суурьтай ирсэн улсын нэг. Уг хөдөлгөөнд 120 шахам улс, дэл­хийн хүн амын 60 орчим хувь багтдаг бөгөөд Монгол Улс 1991 онд гишүүнээр элсэж, Дээд хэмжээний уулзалтад нь 2003 оноос Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын түвшинд оролцож иржээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар гадаад бодлогын энэхүү уламжлалын залгамж чанарыг хадгалахын зэрэгцээ өнөөдөр үүсэн бий болсон нөхцөл байд­лын үүднээс харвал ямар нэг байдлаар геодолитикийн зөрчил, сөргөлдөөнд хамрагдад буй хоёр их хөршийнхөө дунд “энхийн баян бүрд” болж, гадаадын өндөр дээд тушаалын эрхмүүдийн айлчлан ирж, эх дэлхийн энх амгалангийн талаар санал бодлоо солилцдог талбар болоод байна. Өөрөө ч гадаад орнуудад айлчлан энэ байр сууриа илэрхийлж буй. Түүний сацуу НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд цэргээ илгээж, хүмүүнлэгийн бусад үйл ажиллагаанд ч оролцож, улсынхаа нэрийг гаргасаар байгаа билээ. Дээр өгүүлснээр  “Сөргөлдөөнийг сөрөх нүүдэл буюу Ерөнхий сайдын алхмууд” хэмээхийн учир энэ юм.м

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top