ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Узбекистаны эртний Торгоны замын хот Самаркандад уулзаж байгаа нь Төв Ази төдийгүй Европын тив даяараа анхаарал хандуулж байна.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын хүрээнд хийхээр төлөвлөж буй уулзалтын ач холбогдлыг Кремль аль хэдийн өндрөөр үнэлж, барууны орнуудтай хурцадмал байдалтай байгаа энэ үед онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглээд буй. Путиний гадаад харилцааны зөвлөх сэтгүүлчдэд хэлэхдээ, хоёр улсын удирдагчид олон улсын байдал, бүс нутгийн асуудал, хоёр талын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ хэмээгээд олон улсын өнөөгийн нөхцөл байдлын үүднээс уулзалт онцгой ач холбогдолтой хэмээсэн. Хятад улс Украин дахь Оросын үйл ажиллагааг шүүмжлэхээс эрс татгалзаж, Москвагийн эсрэг барууны хориг арга хэмжээг буруутгасан. Саяхан АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилсны дараа АНУ-тай хурцадмал байдал үүссэн үед нь Кремль Бээжинг дэмжсэн.
Энэ уулзалтаас Орос ямар ашиг хүртэх вэ
ОХУ-д ашигтай нь ойлгомжтой. Оросууд эдийн засагт нь хүндээр туссан олон улсын хориг арга хэмжээг даван туулах арга замыг хайж, Оросын бүтээгдэхүүний шинэ зах зээлийг бий болгох, эсвэл Европын холбооноос импортлох боломжгүй бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх шинэ нийлүүлэгчдийг олж авна гэж найдаж байна.
Финландын Олон улсын харилцааны хүрээлэнгийн судалгааны захирал, Орос, Хятадын стратегийн шинжээч Микаэл Вигел “Төв Азийн орнууд Оросыг аюулгүй байдлыг хангадаг орон гэж үздэг байсан бол одоо оросуудыг тийм ч таатай хүлээж авахгүй байна. Харин Бүс ба Зам санаачилга нь Хятадын Төв Ази дахь стратегийн нэг хэсэг бөгөөд эдийн засаг, дэд бүтцээ ашиглан бусад улс орнуудыг холбож, Бээжинд улс төрийн хөшүүрэг их авч байна" гэжээ.
Уулзалтаас Хятад юу хожих вэ
Хятадын хувьд өнгөн дээрээ Путиний өндөр түвшний уулзалтын үр өгөөжөөс илүү эрсдэлтэй мэт санагдаж байна. Гэсэн хэдий ч Оросыг бүрэн сүйрүүлэх нь Бээжингийн ашиг сонирхолд нийцэхгүй.
Микаэл Вигел “Хятад улс яг одоо ганцаардаж байгаад Ши Жиньпин санаа зовж байна. Хэрэв Бээжин олон улсын систем дарангуйллын эсрэг ардчилал руу явж байгаа бол Орос хэрэгтэй болно" гэжээ.
Орос шиг нөхөрсөг өрсөлдөгчийг ойр байлгах, гэхдээ барууны хориг арга хэмжээний уур хилэнг хүргэхгүй байх хооронд хятадуудын хувьд алхаж болох олс бий.
Микаэл Вигел Евроньюст өгсөн ярилцлагадаа "Хятадад эдийн засгийн хувьд барууны ертөнц үнэхээр чухал бөгөөд ялангуяа барууны технологиос ихээхэн хамааралтай. Тиймээс Бээжин Москватай түншлэх нь эрсдэлтэй стратеги" гэжээ.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )