Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн, хөдөө аж ахуйн салбарын ахмад инженер Г.Довдондорж саяхан “Дарьганга Омоогийнхны ургийн бичээс” ном хэвлүүлжээ. Энэ ном ураг удмын тухай товч бичээс атал дарьгангачуудын түүх, хэлмэгдүүлэлтийн үеийн баримтууд, ёс заншил, газар нутгийн нэр, өв соёл, аман үлгэрийг багтаасан тун сонирхолтой бүтээл болжээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Монголчууд сүүлийн жилүүдэд ургийн түүхээ судалж, ном хэвлүүлэх нь идэвхжсэн. Харин та өвөөгийнхөө ярьдаг байсан үлгэрүүд, хууч яриаг оруулснаар дарьгангын өв соёл, газар нутгийн нэр гээд олон зүйл дурдсан өвөрмөц бүтээл хийжээ. Номын нэрнээс үзэхэд Омоогийнхон гэдэг нь Дарьганга хошууны хүмүүс байв уу?
-Манай өвөг эцэг Содном зангийн Гомбо гэж өвгөн байсан. Бичиг үсэг сайн мэдэхгүй. Гэхдээ цээж сайтай, аливааг амархан ойлгож тогтоодог. Ой тогтоолт сайн хүн байж л дээ. Дарьгангын Үүд, Хоймор, Ар Хөөвөр гэдэг газраар голдуу нутагладаг. Тэр үеийн айлуудын дарга маягтай байсан гэдэг юм. Хүмүүс нутаг ус заалгахаар ирж очно. “Энэ жил хаашаа өвөлжих вэ, яавал дээр вэ”, “Хаашаа отор хийвэл дээр вэ. Цагийн байдал ямархуу байх нь вэ гээд асууж ирцгээнэ. Нутаг ус, байгаль, цаг уурын байдлыг сайтар ажигладаг байсан шиг байгаа юм. Тэр болгоныг өвөө минь хэлж өгнө. Биднийг багад тооны хичээл дээр өгүүлбэртэй бодлого их бодуулна. Бодож чадахгүй гацаад байхаар өвөө минь “Унш” л гээд байна. Тэгээд наадах чинь ингэж байна, тийм өгөгдөл өгсөн байна. Бодохоор төд гарах юм байна шүү дээ гээд хэлээд өгчихнө. Нутгийнхан нь Гомбо гэдгээр нь нэрлэж, дуудахгүй. Омоо гэж авгайлна. Омоогийнх руу очно. Омоогоос л асууна гэлцдэг байсан.
Тийм болохоор ургийн намтар түүхээ эмхэтгэж бичээд “Дарьганга Омоогийнхны ургийн намтар” гэж нэрлэсэн юм. Дээдэс минь эх орныхоо ирээдүй залуу үеийнхний сайн сайхны төлөө Алтан-Овоондоо идээ цай, сүүний дээжийг өргөн, хувь заяаг нь даатган залбирч явсан. Буурлуудын минь аж төрөн амьдарч явсан зам нь шулуун дардан байгаагүй ч нутаг усандаа нэр хүндтэй, ойр хавийнхнаараа хүрээлэгдсэн, дэндүү сайхан мөртэй явж иржээ. Өвөг удмынхаа дотроос өдгөө амьдралын хамгийн урт замыг туулсны хувьд нүдээр үзэж, чихээр сонсож, сэтгэлд хоногшин үлдсэн алтан ургийн холбоо, хэлхээсний тухай тэмдэглэн хойчийн залгамж үр хүүхэд, дүү нартаа бодит баримт болгон үлдээхийг үүргээ гэж үзэж энэ номыг хэвлүүлсэн юм. Эцэг эхийн элбэрэл хайр, ураг садан төрлийн нандин холбоо хэзээ ч саарах учиргүй гэж бодож яваа минь энэ юм даа. Орчин үед залуус эцэг өвгөдийнхөө дурсгалыг хүндэтгэж, суварга босгодог болсон байна лээ. Би ч гэсэн нэг юм хийе гэж эртнээс болсон. Чулуугаар суварга босгож болох ч дараа элэгдэж, нооройчихвол засах тордох ажил үүднэ гэж бодсон. Ингээд суваргыг төлөөлүүлж ном бүтээсэн.
-Ургийн түүхээ ном болгож хэвлүүлэх, ургийн баяр тэмдэглэх бол утга учиртай, ихээхэн ач холбогдолтой. Энэ талаар залууст хэлбэл?
-Энэ бол цөөхөн монголчуудын хувьд маш чухал зүйл. Нэг үеэ бодвол ураг удам, үүх түүхээ их судалдаг болжээ. Орчин үед монголчууд тив алгасан аялж, нутаг хол одож, дэлхийн 200 гаруй улс оронд суурьшин ажиллаж амьдарч байна. Ингэж холдоод ирэхээр бие биеэ танихгүй, ах дүү садан ч холдож мэдэхээр байна. Иймээс ураг удмаа мэдэж, цус ойртох аюулаас сэрэмжилж, үндэсний аюулгүй байдлаа хамгаалж дархалж буй нэг том баталгаа юм.vБидний дээдэс энэ бүхэнд шинжлэх ухаанчаар хандаж байсан учраас дээдсүүдээ мэдэх, есөн үеэ нэрлэх гээд нарийн нандин уламжлалыг авч ирсэн. Хүн болгоны түүх адилгүй, өрх гэр бүл бүр өөр өөрсдийн замаар замнасан, өвөрмөц түүхийг бүтээсэн байгаа. Тийм болохоор тэр бүхэн сонин содон бүтээл болох нь дамжиггүй.
Өвөө аав минь биднийг багад үлгэр их хэлнэ. Тэр нь ёс юм шиг байгаа юм. Баруун хойд авдар дээр цайны дээжээ хийж тавина. Тэгээд “За миний хүү цайны дээжээ Алтан-Овоондоо өргөчих. Алтангэрэл судраа тэврээд гэрээ гурав тойроод ир” гэнэ. Доторх бүх хүнд номоор адис тавина. Орой унтахаар орондоо ороход “За хэн үлгэр хэлэх вэ” гэнэ. Бид мэдэхгүй учир өвөө хэлнэ. Тэгээд “Хэн уурхайлах вэ” гэнэ. Биднээр уухайлуулна. Өвөө үлгэрээ хэлж, бид уухайлсаар байгаад унтаад өгдөг байлаа. Өвөөгийнхөө ярьдаг байсан үлгэрээс “Гоомгийн Гоо Фунжаа”, “Инжүү цагаан хотын Имбүү цагаан хаан” гэсэн хоёр үлгэрийг номдоо оруулсан. Бага байхдаа цээжилж байлаа.
-Энэ үлгэрүүд өөр газар хэвлэгдсэн үү?
-Манай нагац ах А.Лувсандэндэв гэж хүн байсан. Тахилын нэр Цэрэндондов гэдэг, бага насандаа эгч Рэнцэнцоотойгоо аав Амгаагийн хамт Луусангийн шоронгийн нааран дор амьдарч байсан. Тэр үед эцэг Амгаа нь улс төрийн хэргээр 10 жилийн ялаа Луусангийн хориход эдэлж байсан гэдэг юм. А.Лувсандэндэв ах бол хүрээнд сургуульд орж, улмаар ЗХУ-д суралцан турк хэл судлаач мэргэжлээр төгсөж, амьдралынхаа бүхий л хугацаанд Шинжлэх ухааны академи, хэл зохиолын хүрээлэнд ажилласан.
Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн, академич, доктор профессор цолтой, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан эрдэмтэн, багш байв. Тэр хүн 1950-аад онд Их сургуульд багшилж байхдаа оюутнуудтай Дарьганга аялгууны судалгаа хийж, дарьгангын бүх сумдаар явж л дээ. Тэгээд оюутнуудаа явуулж, тэр үеийн өндөр настнуудаар үлгэр хэлжүүлж, тэр үеийн Дарьганга аялгаар нь бичиж тэмдэглэж авсан байгаа юм. Түүнийгээ ном болгож гаргасан. Тэр ном сүүлд олдохгүй болсон учраас аавынхаа 90 жилийн ойгоор манай үеэл Л.Сумати дахин хэвлүүлсэн.Тэр дотор энэ хоёр үлгэр орсон.
-Таны нагац ах А.Лувсандэндэв агсан бол түүхт хүн. Түүний тухай хэр сайн мэдэх вэ?
-Энэ түүхийг ярихын өмнө оршил болгож нагац аавын тухай хэдэн зүйл хэлье. Бидний нагац аав Амгаасэдийн /Амгаа, Ам, Ар, Амаршид/ эцэг Арцад галай гэдэг хүн байсан гэдэг. Ах дүүс хэдүүл болохыг бид эмээгээсээ амьд сэрүүнд нь асууж лавлаагүй бөгөөд аав ээжийн хууч яриаг хагас дутуу сонсож байснаас үзвэл Чангарав, Лувсанжамбаа, Нансалмаа гэсэн ах дүүстэй байсан бололтой юм билээ. Чангарав гэдэг ах нь дархан хүн байсан тул нэр нь олны дунд тод үлджээ. Арцад галай бичиг үсгийн боловсролтой төрийн хар хүн байсан бөгөөд одоогийн Наран сумын төвд байрлаж байсан Богд хааны цэргийн унаа, хоол хүнсийг нутгийн иргэдээс дайчлан гаргуулдаг төрийн алба хашиж байсан тухай нутгийн иргэдийн дунд ам яриа байдаг. Ийм учраас ард түмний дунд
“Арцад галай нь ирлээ
Араг савраа нуугаарай” гэсэн домог яриа гарсан бололтой.
Олныхоо дунд Данс Да нэртэй явсан алаг адууныхан овгийн Амгаасэд, бага ноён Дамдины охин Дэчилмаатай гэр бүл болон найман хүүхэд төрүүлэн өсгөсөн. Нагац аав Амгаасэд залуу насандаа өөрийн эцэг болон нутаг усны эрдэм номтой хүмүүсийг дагаж бичижг соёлын боловсрол эзэмшиж, хуучин засгийн /Эзэрхэгийн/ үед бичээч занги явсан бөгөөд 1924 онд Дарьгангын хошууг зохион байгуулахад хошууны дээд тэргүүн бөгөөд хууль цааз, бичиг хэрэг эрхэлсэн түшмэлийн ажилтай байж байгаад их хэлмэгдүүлэлтийн жилүүдийн эхэн 1934 оны дөрөвдүгээр сард “Оргодол Авирмэдээр толгойлуулсан Японы жанжин штабын тагнуулын хэсэгт Амгаасэд нарын нутгийн иргэд оролцсон” гэх хэргээр баривчлагдсан.
-“Японы тагнуул-Дарьгангын 42 хүний хэрэг” гэж түүхэнд тэмдэглэгдсэн алдарт хэрэг мөн үү?
-Мөн. Тэр үед Гунгаагийн Авирмэд гэх хүн Дарьганга уулын хошуу анх байгуулагдахад хошууны дарга болсон юм билээ. Манай өвөөг бодвол залуухан хүн байсан гэдэг. Дарьганга тэр үед бие даасан засаг захиргааны нэгжтэй байсан. Улсын бага хуралд сонгогдож, алсаас удирддаг байж.
Гунгаагийн Авирмэд мөнгө төгрөгний хэрэгт холбогдон, Улсын бага хурлын гишүүнээс хасагдаж, Хэнтий аймагт татварын байцаагч болж л дээ. Тэндээ хавчигдаад байхаар урагшаа хил даваад оргоод гараад явчихсан юм гэнэ лээ. Тэр хүний ах нь Буяндэлгэр гэж Дарьгангыг төлөөлсөн тэргүүнээр Жанчхүүд байсан. Ахыгаа бараадаж очиж л дээ. Дарьганга тэр үед Манжаас урагшаа нь тасалж авчих гээд, Гарын да нарыг нь татаж чангааж, хойшоо Сүрэгчингүүд татаастай цаг үе нь ч ороо бусгаа байсан юм билээ.
Ингээд Г.Авирмэдийн хоморгонд олон хүн, тэр дотор нагац өвөө минь олон сар шоронд сууж, 1934 оны аравдугаар сарын 10-ны өдрийн Дотоодыг хамгаалах газрын дэргэдэх тусгай комиссын 11 тоот тогтоолоор буудан алах ял авсан. Дээд шатанд давж заалдсанаар Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн 1934 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 32 дугаар тогтоолоор амийг өршөөж, 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж биеэр эдэлсэн. Хоригдож байх хугацаанд гэр бүл Дэчилмаа нь нас барж, нас биед хүрсэн хүүхдүүдийн зарим нь айлд очиж, зарим нь хамаатан садандаа үлджээ. Ах Чангарав нь шоронд ял эдэлж байгаа дүү Амгаасэдээ эргэхээр өөрийн хүү Чойн хамт тэмээн хөсгөөр Хүрээ орохоор явахдаа хоёр бага хүүхэд нь болон Лувсандэндэв, Рэнчинцоо нарыг нь авч явж л дээ. Гандангийн дэнжид байсан өөрийн холын хамаатан болох Мэнгэт Жамъян гавж гэдэг ламын хашаанд ирж, тэднийд сууж Гандангийн шашны сургуульд сурч байсан ах Лувсанбүдээгээр нь заалган хоёр дүү нь Луусангийн хориход ял эдэлж байсан аавд нь хүргэж өгчээ. Эцэг Амгаасэд нь хоёр хүүхдээ шоронгийн нааран дор нууж, хүү Лувсанбүдээ нь Гандан хийдэд шашны сургуульд суралцахын хажуугаар янз бүрийн ажил хийж, хоёр дүүдээ хоол хүнс залгуулж байсэн гэдэг.
-Луусангийн хорихын нааран дор өсч торниж байсан хүүхдүүдийг хэн тэндээс гаргасан юм бол?
-Улсын Бага хурлын дарга Д.Догсомын шийдвэрээр тухайн үеийн шоронгийн байдлыг шалгахад нааран дороос насанд хүрээгүй хоёр хүүхэд гарч хүүхдийн асуудал хурцаар яригдсан гэнэ. Хэрэг хийгээгүй нялх балчир шоронд суух учиргүй. Харж хандах хүнгүй гэсэн үндэслэлээр үлдсэн ялыг тэнсэн харгалзаж гадуур эдлүүлэх шийдвэр гарчээ. Ингээд 10 жилийн ялаа эдэлж 1944 оны орчим суллагдан хотод ажиллаж амьдарч байгаад 1948 онд 61 насандаа Дарьганга сумын Дунд Нартын Доод оргилд охин Лхамцоогийнхоо гар дээр ирж нас барсан гэдэг.
Монгол Улсын дээд шүүхийн хуралдаан 1997 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 130 дугаар тогтоолоор цагаатгагдсан юм. Амгаа зангийн найман хүүхдээс Дэмчиг нь залуу насандаа эндсэн. Хамгийн бага охин Рэнчинцоо нь шоронгийн нааран дор эцэгтэйгээ бага насаа өнгөрөөгөөд Анагаахын сургуульд суралцаж хүний их эмч болсон. Хотод цэргийн дарга Нанчинзав гэдэг офицертэй сууж хоёр хүүхэд төрүүлсэн. Охин Янжмаагаа хоёр настай, хүү Туулаа зургаан сартай байхад учир битүүлэг шалтгаанаар нас барсан. Аав нь охиноо авч, зургаан сартай хүүгээ хүнд өргүүлсэн гэдэг.
-Ном бүтээлийн тухай хэр мэдэх вэ?
-А.Лувсандэндэв ах Монгол-Орос 22000, их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн гуайтай хамтран 50000-тын орос-монгол толь бичиг зохиосон. 80.000-тын орос-монгол толийн ерөнхий редактороор ажиллаж байгаад хараахан дуусгаж амжилгүй бие барсан юм билээ. Монгол хэл судлалын талаар хэд хэдэн эрдэмтний бүтээл ном туурвисан хэл бичгийн ухааны эрдэмтэн хүн байлаа. Ленинградын улсын их сургуульд суралцаж байхдаа хүний их эмч орос эмэгтэй Марксина Мехайловна Мекшинатай гэр бүл болж, хоёр хүүхэд төрүүлсэн. Өвчний улмаа гэр бүл нь 1962 онд Москва хотод нас барсан. Хадам ээж нь Ленинградаас ирж охин Алимааг нь авч өсгөн орос улсын харьяат иргэн болгосон. Хүү Л.Сумати нь аавтайгаа үлдсэн юм билээ. Түүнийг Сант-Марал судалгааны төвийн тэргүүнээр ажиллаж байснаар хүмүүс сайн мэдэх байх.
-Арцад галай, Данс Да буюу алаг адууныхан овгийн Амгаасэд, бага ноён Дамдины охин Дэчилмаа гэх нэрс танил сонсогдож байна. Д.Маам агсны “Газар шороо” романд л их дурдагддаг түүхэн хүмүүс байжээ?
-Тийм. Дарьгангын түүх, эх сурвалжуудад ч олонтаа дурдагддаг. Судлаачдын номд ч Амгаа зангийн зураг хөрөг орсон байдаг. Бусад хүмүүс танихгүй ч би нагац эцгийнхээ зургийг бол хараад л шууд таньсан.
-Та өвөөгөөрөө овоглосон юм уу. Өөрийнхөө тухай товч ярьж өгөхгүй юу?
-Миний аав Омоо Гомбын Дарьсүрэн гэж хүн байв. Би айлын том хүү учраас өвөг эцэг Гомбоор овоглосон юм. Дарьганга сумандаа Алтан-Овооны энгэрт байх /одоо ч сумын сургууль тэнд бий/ бага сургуульд дөрөвдүгээр анги дүүргэж, тавдугаар ангиас Эрдэнэцагаан сум дахь хамран сургах тойргийн долоон жилийн сургуульд шилжин суралцсан. Тэр үед хоёр сумын хооронд зуу гаруй км тул, хичээлдээ мориор явна. Хүүхдүүдээ хичээлд нь хүргэж өгч, авахдаа аавууд нь хоёр хоёроор жижүүрлэнэ. Ийм байдалтай долоодугаар анги дүүргээд аймгийнхаа 10 жилийн сургуульд орж, 1962 онд ХААДС-ийн инженер-механикийн ангид элсэн суралцсан. Төгсөөд Сүхбаатар аймгийнхаа Уулбаян сумын нэгдэлд томилсноор тэнд долоон жил инженер-механикаар ажилласан. 1974 оноос Эрдэнэцагаан суманд ерөнхий инженерээр томилогдон ажилласан. Сүүлд аймгийн төвд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.
-Та бол Дарьгангын газар нутгийн нэршил, түүх домгийг сайн мэдэх хүн байна?
-Гайгүй мэднэ ээ. Ер нь бол нутгийн иргэд газар нугийнхаа нэрийг сайн мэдэж байгаа. Харин сүүлийн үед нэг шон босгосныг Төмөр толгой, машины бүхээг тавьсныг Кабин толгой гэхчлэн өөрчилсөн зүйлүүд бий. Залуус үүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Манай нутагт Чингис хааны үүх түүхтэй холбоотой олон газар байдаг. Зарим хүн тэр болгоныг мэдэхгүй байж магадгүй. Ганга нуурын ус яагаад цагаан болсон, Дөш ууланд их хаан сэлмээ давтсан, Сэнжит хар уул, түүний урдхан байх хилийн 999 дүгээр баганы тэнд орших Гадас толгой, Чингисийн гүүн зэлний уяа гэхчлэн түүх домог бий. Судалмаар зүйлүүд ч олон. Гурван хөдөөгийн нуур, Дашдангаа овооны үүх түүх их сонин. Дашдангаа нь “Монголын нууц товчоо” дахь Тата тунга гэж хүний нэртэй холбоотой, эртнээс адууны нутаг гээд яривал өвөрмөц түүхтэй. Ер нь Дарьгангын бараг бүх уул Чингис хааны түүхтэй холбогддог.
-Та ургийн номондоо маш сонин тэмлэглэгээнүүд оруулжээ. Та өөрөө зохиосон уу?
-Дотроо бодож байгаад схем зургаар хийсэн юм. Заавал бусдыг дууриах албагүй шүү дээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Mnai Dovdondorj ah gaihaltai h n shvv. Ervvl enkhiig hvsen erue