Дэлхий нийт цар тахлын дараах эдийн засгийн хямрал, хоол хүнсний хомсдол, зарим орны хооронд үүссэн зөрчилдөөн, дээр нь цунами, үер усны гамшиг гэхчлэн байгаль цаг уурын өөрчлөлт гээд олон бэрхшээл дунд оршиж байна. Энэ цаг мөчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган болж,түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо. Хэдийгээр манай улс жижиг орон ч гэлээ Төрийн тэргүүний НҮБ-ын индрээс илэрхийлсэн байр суурь том байлаа.
Тэрбээр тус чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ “...Хүн төрөлхтний өмнө тулгамдсан ядуурал, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, түүнээс улбаалсан хил гааль, тээвэр, ложистикийн хүндрэл, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт-инфляц болон геостратеги, геополитикийн хурцадмал байдал зэрэг олон хүнд сорилт, бэрхшээлтэй амаргүй хүнд цаг үеийг дэлхий нийтээрээ хамтдаа туулж байна” гээд “...Хүн төрөлхтөн өнгөрсөн XX зуунд дэлхийн хоёр том дайн үзэж, хохирол хөнөөл амсаж, хүйтэн дайны зэврүүн уур амьсгалд амьдарч, хагарал талцал, шашин хоорондын мөргөлдөөн, терроризм зэрэг гай гамшиг, гашуун зовлонг хангалттай туулсан атал өнөөдөр ч бидний дэлхий ертөнцийн нөхцөл байдал улам бүр хүндэрч, үл итгэлцэл, үл ойлголцол хэт даамжирч байгаа нь туйлын харамсалтай байна.Иймээс өнгөрсөн түүхийн алдаа онооноос сургамж авч, өнөө цагийн хүндрэлтэй үед харилцан итгэлцэл, харилцан ойлголцол, харилцан хүндэтгэлийг эрхэмлэн, аливаа үл ойлголцол, зөрчил мөргөлдөөн, дайн тулааныг энх тайванч хандлага, энхийн яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг ямагт зорьж ажиллах ёстой юм” гэжээ.
Тэрбээр хэлсэн үгээ эх түүхээрээ баталгаажуулж, нотолсон нь улс орнууд, ажиглаач, судлаачдын анхаарлыг татжээ. Тодруулбал, Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “...Тэртээх найман зууны өмнө монголчууд бидний өвөг дээдэс Их эзэн Чингис хаан монгол туургатныг нэгтгэн, мөнх хөх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулж, олон зуун жил үргэлжилсэн дайн тулаан, зөрчил мөргөлдөөнийг эцэслэн, өрнө, дорныг төрт ёс, хууль цаазын дор төвшитгөн, Евразийн өргөн уудам нутагт “Монголын их амар амгалан”-г цогцлоосон түүхтэй билээ. “Монголын их амар амгалан” тогтсон нь хүн төрөлхтний хөгжил дэвшилд чухал үүрэг гүйцэтгэж, улс хоорондын худалдаа арилжаа чөлөөтэй болж, элч солилцох ёсон тогтож, бусад ард түмэнд өөрийн соёл, шашныг тулгалгүй шашны эрх чөлөө, хууль дээдлэх ёсны үзэл санааг тунхагласан зэрэг нь монголчуудын дэлхийн түүхэнд оруулсан чухал хувь нэмэр байсныг дэлхийн эрдэмтэн, судлаачид онцлон тэмдэглэдэг юм.
Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2005 онд гаргасан тогтоолд монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн, “Монголчууд бол Ази, Европын олон нийгэмд өөрийн улбааг үлдээхийн зэрэгцээ өрнө, дорнын соёл уламжлалыг өөртөө шингээн, хүмүүний үнэт зүйлсийн солбицол, дэлхийн иргэншлүүдийг холбосон гүүр болж, худалдаа, арилжааны өргөн сүлжээг хөгжүүлэх, засаг захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвүүдийг бий болгож, бүх хэлбэрийн соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээ, харилцааг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн чухал үүргийг хүлээн зөвшөөрч, монголчуудын соёл иргэншилд уламжлагдан ирсэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах ёсны ач холбогдол өнөөгийн дэлхий ертөнцөд улам бүр өсөн нэмэгдэж буйг онцолж байна” хэмээн цохон тэмдэглэсэн юм.
“Монголын их амар амгалан” нь өнөөгийн дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахын төлөөх хамтын хүчин чармайлтын үндэс суурь болохуйц дэвшилтэт үзэл санааг агуулж байсныг ийнхүү тод илтгэж байна. Иймээс дэлхийн түүхэнд “Монголын их амар амгалан” дэг журмыг тогтоож явсан монголчуудын үр сад бид дэлхийн улс орнууд харилцан ойлголцож, хамтран ажиллаж, аливаа зөрчил тэмцлийг энхийн яриа хэлэлцээний замаар, эв зүйгээр зохицуулж чадах аваас цэнхэр дэлхий минь амар амгалан болж, хүн төрөлхтөнд “Дэлхийн амар амгалан” ирэх болно гэдгийг хэлэхийн ялдамд энэхүү энхийн үйлсэд хамтран зүтгэхийг дэлхийн улс түмэнд уриалж байна” гэжээ. Мөн “Цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг бий болгоход цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, бүрэн устгах, цөмийн зэвсэггүй бүс нутгийг бий болгох явдал хамгийн зөв, үр дүнтэй арга зам хэмээн Монгол Улс үздэг” гэснээр монголчууд энхтайванч бодлогыг эрхэмлэдэг болохыг онцлон тэмдэглэжээ.
Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс үзвэл, өнгөрсөн зун Чингис хааны эш хөрөгийг албан байгууллага, айл өрх бүр хүндэтгэн залах зарлиг буулгасан нь, мөн Чингис хаан судлалын олон улсын холбоог санаачлан байгуулсан зэрэг нь огт санамсаргүй зүйл байгаагүй. Нэг үгээр хэлбэл, нарийн эрэмбэ дараатай, Монгол төрийн философи сэтгэлгээ байж уу гэмээр. Эрдэмтэн судлаачид ч ийм байр суурийг илэрхийлж байгаа юм. Тухайлбал, судлаач Р.Болд саяхан манай сонинд өгсөн ярилцлагадаа “Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ” гэдэг. Чингис хааны нэр Монголоо хамгаалах болно. Өвөг дээдэс маань үндэс угсаагаа хамгаалах түүхийг үр удамдаа үлдээж чаджээ” хэмээсэн.
Өдгөө дэлхийн геополитикт өөрчлөлт орж, хүчний төвүүд хурдтай солигдож буй үед бид амьдарч байгаа нь нууц биш. Том гүрнүүд жижиг улсуудыг “онилох” явдал ч гарч буй. Дэлхий нийтийг хамарсан цар тахал гэх өвчин газар авч, өнөө ч түүний хор уршиг, үр дагавар саарахгүй байна. Энэ нөхцөл байдалд Монгол Улс Төв Азийн цээжин дэх энхтайвны “баянбүрд” болж байгааг дэлхий харж байгаа. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттериш Монголд ирэхдээ ийн уулга алдсан нь өөрөө үүний нотолгоо болж буй. Түүнийг нь эх түүхээрээ баталгаажуулж, энэ цаг мөчид улсынхаа тусгаар тогтнолыг улам бататгах “мэргэн арга”-ыг Төрийн тэргүүн, ҮАБЗ-ийн зүгээс сүвэгчилсэн нь магадгүй энэ болов уу. Хэрэв тийм бол зөөлөн атлаа зөв, дэврүүн юм шиг хэрнээ тун гүн утгатай аж. Гэхдээ тийм биш ч байж бас болох.
Ямар боловч НҮБ-ын индрээс дэлхий нийтийг энхтайванд уриалсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн уриалга гадаад харилцаанд тэнцвэрийг барьж, улсынхаа тусгаар тогтнолыг шинэ төлөв байдалд сэргээн бататгасан үйл явдал боллоо. Дэлхий нийтийн анхаарлыг Монгол Улс руу хандуулж чадлаа. Үүний дүнд Цөлжилтийн эсрэг конвенцид нэгдсэн 120 орны уулзалтыг 2026 онд Монголд зохион байгуулахаар боллоо. Мөн манай улс Европын холбооны ойн түншлэл хөтөлбөрт хамрагдах Ази тивийн анхны улсаар сонгогдов.
Түүнчлэн Дэлхийн байгаль хамгаалах сан дөрвөн том төслийнхөө нэгийг Монголд хэрэгжүүлэхээр болсон. Мөн Эрдэнэбүрэн, Тайшир, Дөргөний усан цахилгаан станцуудыг түшиглэн сэргээгдэх эрчим хүчний бүс байгуулах хөрөнгийг олон улстай хамтарч босгохоор болов. Зөвхөн энэ ч биш Төрийн тэргүүний хэлсэн үг, хийж буй алхам, хэрэгжүүлсэн бодлогыг хүрсэн үр дүн болгоноор нь хэмжих цаг хугацаа бидэнд хангалттай бий. Хамгийн гол нь дэлхий тайван амгалан, монгол бүтэн байх нь л чухал билээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
тэнэг толгой бол яаж олгох вэдээ. чимээгүй шээсэндээ шатаад хэвтэж бай.
Юун яасан уриалга тусгаар тогтнол холилдоод явчихав аа.