Финландын хилийн алба хууль бусаар хил нэвтрэх явдлыг зогсоох зорилгоор Оростой залгаа хил дээр хаалт босгох санал гаргажээ.
Ингэхдээ нийт 1.3 мянган км үргэлжлэх хилийн 10-20 хувьд хаалт босгохыг санал болгосон байна. Өөрөөр хэлбэл 130-260 км үргэлжлэх хаалт барих ба ашиглалтын хугацаа нь 50 жил байхаар тооцоолжээ. Хилийн хаалт барихад хэдэн зуун сая евро болох гэнэ.
ОХУ-ын Холбооны гаалийн албаны мэдээллээр, энэ он гарснаас хойш Оросын баруун хойд хэсгийн хилийн хянан шалгах зургаан боомтоор гарах автомашины тоо огцом нэмэгдсэн байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр, ОХУ-д хэсэгчилсэн дайчилгаа зарласнаас хойш хилээр нэвтрэх оросуудын тоо эрс өсжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Финландтай залгаа хилээр Оросын 17 мянган иргэн гарчээ. Ингэхдээ ихэнх нь эрчүүд байна гэж Финландын хилийн алба мэдээлжээ.