Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийн ахлагч Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн А.Бейсен нар өнөөдөр (2022.09.28) Глобал сангийн Монгол Улсыг хариуцсан менежер Аллан Нфамбатай уулзлаа.
Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг УИХ дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийн ахлагчаар 2018 оноос ажиллаж байгаагаа танилцуулж, сүрьеэ өвчинтэй тэмцэхэд манай улс олон улсын байгууллагуудтай хамтран шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Ялангуяа хууль эрх зүйн орчинг шинэчилэхэд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар онцгой ач холбогдол өгч байгааг уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар Номхон далайн бүсийн 37 орноос Монгол Улс сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй долоон орны нэгд, 100 мянган хүнд ногдох өвчлөлийн тоогоор Монгол Улс дэлхийд эхний аравт бичигдэж байна.
Монгол Улс сүрьеэ өвчинтэй тэмцэхэд Глобал сангаас үзүүлж буй дэмжлэгт талархаж байна гээд цаашдын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улс төдийгүй дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн салбар КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд ажлын хүч, төсөвт анхаарлаа хандуулсан. Энэ нь нөгөө талаараа сүрьеэтэй тэмцэхэд төсвийг танах, тархалтыг нэмэгдүүлэх шалтгаан болсон. Манайд Халдварт өвчин судлалын үндэсний төвд Сүрьеэгийн клиник байдаг ба нийслэлийн хүн ам олноор төвлөрсөн, хотын төвд үйл ажиллагаагаа явуулж байгаа нь сүрьеэгийн тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгоод байгаа. Иймд сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах үүднээс сүрьеэ өвчний эмнэлзүйн хэлбэр, халдвар хяналтын олон улсын стандартад нийцсэн “Сүрьеэгийн эмнэлэг”-тэй болохоор барилгын зураг, газар, төсвийг бүрэн шийдэж, барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Бидний зүгээс Глобал сантай хамтран тус эмнэлэгт хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, сүрьеэгийн оношилгооны чадавхийг нэмэгдүүлэх, мөн соён гэгээрүүлэх ажилд хамтрах хүсэлтэй байна гэлээ.
Глобал сангийн Монгол Улсыг хариуцсан менежер Аллан Нфамбата Монгол Улсын Их Хурлын гишүүдтэй уулзаж байгаадаа баяртай байна гээд “Сүрьеэгүй Монгол” лобби бүлэг нь сүрьеэ өвчинтэй тэмцэхэд манлайлан ажиллаж байгаад талархаж байна гэв. Тэрбээр хэлэхдээ, Монгол Улсад сүрьеэгийн илрүүлэг КОВИД-19 цар тахал дэгдэхээс өмнөх онтой харьцуулбал 30 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Энэ нь бидний төлөвлөсөн ажил 2-3 жилээр ухарсан гэсэн үг. Гэсэн хэдий ч бид цаашдын хамтын ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхийн төлөө ажиллаж байна. Харин та бүхэнтэй хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг хүсье. Үүнд, “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийн ахлагчийн дэвшүүлсэн соён гэгээрүүлэх ажил буюу нийгэмд чиглэсэн ухуулгын ажилд хамтран ажиллах хүсэлтэй байна. Ингэснээр гутаан доромжлох, ялгаварлан гадуурхалтын тоо буурах юм. Мөн сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, сүрьеэгийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулах. Түүнчлэн боловсон хүчнийг бэлтгэхэд эрх зүйн шинэчлэлийг хийх. Учир нь сүрьеэг эмчлэх мэргэжлийн эмчийг бэлтгэхэд 9 жил шаардлагатай юм байна гэв.
Талууд ирэх баасан гарагт зохион байгуулагдах "Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед Сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь" чуулган дээр хэлэлцэх асуудал болон бусад асуудлаар санал солилцов.
Глобаль сан нь дэлхийн олон оронд эрүүл мэндийн хөтөлбөр (аян) зохион байгуулдаг ба зонхилон сүрьеэ болон ДОХ-ын эсрэг тэмцэх чиглэлээр тусламж үзүүлдэг байгууллага аж. Монгол Улсад 2003 оноос санхүүгийн болон эрүүл мэндийн чиглэлээр дэмжлэг үзүүлж ирсэн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 2 )
mgl uls bugd uvchtei tegeel bloo yum bich yuch uurchlugduhgui ayultai oron ugaasa ardtumen yaduu yum chin tur n ard tumen ee hayj ter emleg baiguulga n gej yum buun hahuul mungutei hund uilcheldeg yaduu uls bie uvdsunch yaduu ulsd uilchelgui oron unen mgl hun bur uvchtei baih argagui ee unen tur ardtumen dee ur huuhded ee hargis herthgii handdag sunuj bga oron
Бүх л төрлийн өвчнөөр толгой цохиж байгаа. Бид өвчний үүр болсоноо хүлээн зөвшөөрчөх хэрэгтэй , нуугаад байх хэрэггүй