Төрөөс улс, үндэстнийхээ төлөө авч хэрэгжүүлж байгаа бодлого “том”-оос гадна маш хялбархан. Үүнийг өдөөгч нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд асан Д.Сарангэрэлийн байр суурь. Товчхондоо, нийгмийн хамгийн том, өргөн хүрээтэй салбарын сайд нь ядуурлыг бууруулахаар “1500 үсчин сургаж, үнэгүй сам, сэнс тараана” гэх “том” бодлого юм. Нэгэнт сайд нь огцорсон учраас үүнийг хойш тавьж дараагийн асуудалдаа оръё.
Тэгэхээр Монгол Улсын төрөөс сүүлийн 30 жилд явуулж ирсэн “том” бодлогууд бий. “Том” бодлогоо тойрсон “том” шийдвэрүүдийн тухай дурдахын ч аргагүй улс орноор нэг хөглөрч гай удаж байна.
Амьдралд хамгийн ойр жишээ аваад үзье.
Манайд жижиг дунд, бичил бизнесийг өргөх, үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих гэх нэр томъёо сүүлийн 30 жил хүчтэй оволзож байна. Үнэндээ энэ талд дээр нэг ч алхам урагшаа алхаж чадаагүй. Харин ч ухарсан болно. Тиймдээ ч “том” бодлогоос нь үүдээд бичил бизнес эрхлэгчдийн ихэнх нь нүүр буруулж, эцэст нь ажил хийх ч хүн үгүй болох даваан дээр нэгэнт гарчихсан. Даваан дээрээс уруудвал юу болох бол гэдгийг төсөөлөхийн аргагүй.
Уг нь Засгийн газраас батлагдсан 29 төрлийн сан байдгаас долоог нь 2019 онд татан буулгаж, 22 сан үлдээд буй. Нэр бүхий долоон санг татан буулгахдаа Үйлдвэрлэлийг дэмжих, Ирээдүйн тэтгэврийн нөөцийн, Эрсдлийн гэх мэт хэрэгтэй сангуудаа татан буулгаад авсан.
Тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар “Сангуудад шалгалт хийсэн, үр өгөөжгүй, ашиггүй зарим санг татан буулгаж байна” гээд сүрхий мэдээлэл хийж байв. Харин Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаа авч үлдсэн. Гэтэл энэ нь бичил бизнес эрхлэгчдийн төлөө бус эрх мэдэлтнүүд өөрсдийнхөө төлөө авч үлдсэн сан байж гэдгийг олон жишээ батлан харуулах биз ээ. Дурдаад яахав.
Тус сангаас гаргадаг хөнгөлөлтэй зээлийн хамгийн ихийг буюу “өрөм”-ийг нь УИХ-ын гишүүд, сайд, дарга нар, тэдний хамаарал бүхий этгээдүүд авч, өөрийн харьяа бүхий бизнес рүү хийнэ. Эсвэл Банк бус санхүүгийн байгууллагад өндөр хүүтэй хадгалуулж, мөнгө хүүлнэ. Үлдсэн бага хэсэг нь буюу “хусам” нь өнөөх үндэсний үйлдвэрлэгчид, бичил бизнес эрхлэгчдийн гар дээр очно. Маш бага хэмжээний мөнгө авдаг учраас төрөөс дэмжлэг авагчид нь бултаараа ноолууран эдлэл, дээл хувцас, эсгий улавч, ширэн цүнх түрийвч зэргийг хийж, дотоодын зах зээл дээр борлуулалт хийнэ.
Ингэхдээ зөвхөн нэг цэг дээр “хусам” авсан бичил бизнесмэнүүд чуулснаар борлуулалт байхгүйгээс ашиг харалтгүй, дараа нь зээлийн дарамт л үлддэг. Өөрөөр эргэлдүүлэх аргагүй бага мөнгө байдгаас гадна төрөөс чиглүүлэх ямар ч бодлого байдаггүй. Тиймээс хэмжээндээ л “үзэж” байгаа хэрэг. Ерөөсөө манай төрөөс явуулж байгаа бичил бизнесийн бодлого ингээд хязгаарлагдаж байна. Уг нь бол энэ зээлийг өөрсдөө бус “өрөм”-тэй, “хусам”-тай нь бичил бизнес эрхлэгчиддээ өгчихөөд, тэдний үйлдвэрлэл эрхлэхийг дэмжих учиртай. Үүнээс гадна зөвхөн дотоодын бус гадаад зах зээлд гарахыг дэмжих явдал юм. Мөн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээс гадна бараа бүтээгдэхүүний чанарт бодлогын шинжтэй анхаарах хэрэг бий.
Төрийн “том” бодлого л гацаагаад байгаа болохоос биш бидэнд боломж бий гэдгийг бизнес эрхлэгчид дуу нэгтэй хэлдэг.
Дэлхийн зах зээл гэж хөөрөөд яахав. Бидний хойно 140 гаруй сая хүн амтай ОХУ байна. Их гүрний зах зээлийг бүхэлд нь эзэлнэ гэж бас хөөрөөд яахав. Бидэнд Уралын нуруунаас нааш сэрүүн бүс нутагт ноолууран эдлэл борлогдохгүй гээд яах юм. Чанарыг нь сайжруулсан арьс ширэн бүтээгдэхүүн ч борлогдож таарна. Ихэс дээдсийн маань байн байн “Дорнын эдийн засгийн чуулган” гээд хөөрч очдог Владивосток, Новосибирск яасан. Бүгд л очиж хундага өргөснөөс өөрөөр гийгүүлсэн зүйл алга.
Сибирын төв цэг гэх энэ муж бол бидэнд асар том зах зээл байгааг учир мэдэх хүмүүс ухуулж хэлээд ч хэрэг алга. Тэгвэл тэрбум гаруй хүн амтай БНХАУ гэх том зах зээл өмнө талд байна. Цагаан хэрэм давна гэж хөөрөлгүй Хятадын хамгийн хүйтэн цэг, Хятад, Оросын худалдааны томоохон бүс нутаг Харбин гэхэд арваад сая хүн амтай. Өвлийн цагаар жуулчид холхиж байдаг газар бий. Үүнээс ч том зах зээл биднийг тосон авна. Мэдээж хэрэг, төрийн бодлого дэмжлэг байхгүй учраас үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнд чанар хийцээс эхлээд технологийн алдаа байгааг үгүйсгэхгүй. Төр нь гадны өндөр хөгжилтэй орнуудад Хөнгөн үйлдвэрийн чиглэлд инженер, технологичоос эхлээд ажилтан хүртэл бэлдэх хэрэгтэй. Тэтгэмж болон бусад боломжоор гадны улс оронд оюутнууд сургадгийг бол үгүйсгэхгүй.
Гагцхүү төрийн “том” бодлогын дагуу тэтгэмж, боломжийг өнөөх л дарга, сайд нарын болон хамаарал бүхий нөхдийн хүүхдүүд сурахаар явдаг. Ихэнх нь эргэж ирдэггүй. Эргэж ирсэн нь цүнх баригч болж аль нэг нам бараадна. Улмаар төрийн өмчит компаниас эхлээд төрийн бага дунд шатанд байрлалаа эзэлдэг нь нууц биш. Тэгээд ч эрхэм дээдсийн хүүхдүүд өндөр хөгжилтэй улсад хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлд сурч ирээд Монгол Улсад үйлдвэрлэл хөгжүүлэхгүй.
Тэд АНУ-ын Харвард, Германы Мюнхены их сургууль, Лондонгийн их сургууль, Францын NEOMA гэх мэт сургуульд улсын зардлаар очиж, улс төр судлал, эдийн засагч, бизнесмэн гэх мэт диплом авчирч дарга болохыг л мөрөөддөг. Өдгөө Төрийн ордон дүүрэн ийм дипломны голууд улс орноо залгичихаад сууж байна.
Төрөөс “том” бодлогын дагуу дотоодын хэмжээнд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг /МСҮТ/ олноор байгуулж дэмжсэн нь үнэн. Сайн тал нь гэвэл гол төлөв уул уурхай түшиглэн байгуулсан МСҮТ-д олон мэргэжилтэн бэлтгэж гаргасан. Муу тал нь гэвэл манайд орчин цагийн технологи бүхий ганц ч үйлдвэр байхгүй. Тэнд суралцагчид хаана ямар үйлдвэрт дадлага хийж, хэзээ хаана ажиллах юм.
Тухайлбал, дотоодын МСҮТ-д 2.5 жил Оёдлын технологичоор сурлаа гэхэд хаана дадлага хийж, төгсөөд хаана ажиллах вэ. Үндэсний дээл хувцас урладаг баяр ёслол, улирлын чанартай ажилладаг цехүүд бол бий. Тэнд дадлагажигч бүү хэл ажилтан хэрэггүйг бид мэднэ. Технологич бүр ч хэрэггүй. Цехийн дарга нь технологич, чанар шалгагч, оёдолчин, эсгүүрчин, нягтлан бодогч, манаач гээд бүгдийг өөрөө хийнэ. Үнэн хэрэгтээ таван ам бүлээ арай чүү гэж болгож байгаа эзний Оёдлын цех гээд ойлгочих. Эсвэл арай том Оёдлын үйлдвэрийн тухайд аваад үзэхээр гол төлөв сурагч, цэрэг, цагдаа, онцгой гэх мэт дүрэмт хувцасны тендерт хүч үздэг хүчин чадал, технологи байхгүй, хуучирч муудсан цөөн тооны үйлдвэрүүд бий.
Тендерээр авдаг дүрэмт хувцаснаас өөрөөр ямар нэг хувцас үйлдвэрлэх боломжгүй гээд хэлчихэд хэтийдсэн хэрэг болохгүй. Тэндээс дэлхийн зах зээлд гарах тухай бодох ч хэрэггүй. Нэр бүхий үйлдвэр сурагчийн дүрэмт хувцасны тендер аваад өөрийнх нь хүчин чадал хүрэхгүй учраас арга буюу Хятадад захиалан оруулж ирээд баригдаж байсан түүх ч халуунаараа байна.
Монголчууд бидэнд малаас гаралтай түүхий эд шиг элбэг зүйл алга. Арьс шир боловсруулах Хөнгөн үйлдвэргүйн улмаас хонины нэхийнээс эхлээд олон зүйл хог дээр хаягдаж байна. Ийм байхад бид МСҮТ-үүдээр арьс, ширний технологич сургаад яах юм. Энэ бүх мэргэжлийн төвүүдээ, суралцагчийнхаа тоог цөөлөх замаар төсөв хэмнээд зардлаар нь гадагшаа мэргэжилтэн бэлтгэх шаардлага бий. Ингээд яриад байвал Монгол Улсын төрөөс явуулж байгаа “том” бодлого дуусахгүй.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
Ерөнхий сайд гэж хогийн новшоо үтэр түргэн зайлуулж байж бид цэнгэлийн манлай руу харж чадах болно
Тоног төхөөрөмж,аргачлал сайжруулна гэдэг зүгээр яриад болчихдоггүй,наад хуучин гээд голоод байгаа жижиг үйлдвэрүүд чинь чанараа ахиулсаар хүрдэг ажил.орос 60%-ийн татвар тавьдаг тул харин Хятадын орос их очдог Харбин зүгийн зах зээл рүү туршиж гарах нь хэрэгтэй байж магадгүй.