Тариалангийн талбайд ойн зурвас байгуулж, хашаажуулах нь олон талын ач холбогдолтой

2022 оны 09 сарын 30

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нар Сэлэнгэ аймгийн Хушаат суманд ажиллав. Тус сумын “Өгөөж мандал уул” компани нийт 4000 га эргэлтийн талбайтай бөгөөд хөрс хамгаалах зорилгоор 2500 га буюу 116 километр талбайг хашаажуулжээ. Мөн тус компани 200 га тариалангийн талбайд 20 мянган ширхэг нарс, шинэс, хус, улиангар, улиас, хайлаас, бургасны суулгацыг гурван эгнээгээр тарьж ойн зурвас байгуулсан туршлагатай. 

Тариаланчдын зүгээс тариалангийн талбайд ойн зурвас бий болгох, хашаажуулах ажилд дэмжлэг үзүүлвэл цаашид арчилгаа, хамгаалалтыг өөрсдөө бүрэн хариуцаад явахаа илэрхийллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уул уурхайн компаниуд тариалангийн бүс нутагт ойн зурвас байгуулахад идэвхтэй, санаачилгатай оролцож, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй хамтран ажиллахыг уриалсан юм. Харин зохион байгуулалтын арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран хэрэгжүүлэхийг үүрэг болголоо. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун тариалангийн талбайг хашаажуулах нь талбайд сүрлэн хучлага үүсгэх, уриншийн талбайг 50 хувь бууруулах, мал, амьтнаас талбайг хамгаалах, хөрсний бүтцийг сайжруулах, жилд тариалах талбайн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтойг онцлоод тариаланчид өөрсдийн эзэмшлийн талбайд тарьсан модыг арчлах, тордох ажлыг хариуцах саналыг дэмжсэн юм.  

“Хөрс, хүнс, хүн гурав хүн холбоотой” учир тариан талбайд ойн зурвас байгуулж, хашаажуулснаар зөвхөн хөрсөө хамгаалаад зогсохгүй “эрүүл, аюулгүй хүнс” үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлж, улмаар хүний эрүүл мэндэд чухал хувь нэмэр оруулах юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг нэгэн зэрэг хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрэх боломжтой билээ. 

Тариалангийн талбайд ойн зурвас байгуулах нь 

  • Хөрсийг салхины элэгдлээс хамгаалах,
  • Агаарын харьцангуй чийг, хөрсний чийгийн хэмжээ нэмэгдэн ургамал ургах тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэх, 
  • Ашигт бичил биет амьдрах чадвартай болсноор хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, 
  • Нөмөр нөөлөгтэй болсноор дулааны хангамж нэмэгдэн тариалалтыг эрт хийх бололцоо бүрдүүлэх,
  • Тариалангийн талбайн талбай ашиглалтыг сайжруулах,
  • Улс орныг ойжуулахад хувь нэмэр болох,
  • Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, экологид ээлтэй газар тариалангийн үйлдвэрлэл явуулахад чухал ач холбогдолтой.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(106.154.128.226) 2022 оны 09 сарын 30

neg l garmaanda garaa dursen guzeen.d ardtumen hurdan ajil tai bolgooch getel uvur Mongol elsen thuld mod tarj nogoo urguulj chadaad hiij mgl chuud yarhaas thaachgui ⁉️

0  |  0
Top