Дэлхийн эдийн засагт 2008 оны хямралаас ч хүнд байдал үүснэ

2022 оны 10 сарын 06

Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд ямар ч үнээр хамаагүй инфляцыг бууруулахаар мөнгөний түрэмгий бодлого баримталж буй нь дэлхийн эдийн засгийг ноцтой бөгөөд урт хугацааны сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй.

АНУ, Европ, Их Британийн Төв банкууд энэ онд дотоодын инфляцыг бууруулахын тулд мөнгөний хатуу бодлого баримталж байгаа боловч Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын валютын сан зэрэг үндэстэн дамнасан байгууллагууд энэ хандлага нь дэлхийг урт хугацааны хямрал руу түлхэж болзошгүйг анхааруулав.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (Unctad)-аас жил бүр гаргадаг дэлхийн худалдааны таамаглалын тайланд "Өндөр хөгжилтэй орнуудын мөнгө, төсөв хумих бодлогын өнөөгийн чиг хандлагыг хурдан өөрчлөхгүй бол дэлхийн эдийн засгийн уналт, удаан үргэлжлэх болон  зогсонги байдал руу чиглэж байна" гэж анхааруулжээ.

Баян чинээлэг орнуудын өнөөгийн мөнгөний бодлого нь дэлхий даяар эдийн засгийн уналтыг өдөөж, эдийн засгийн өсөлт ирэх онд 2.2 хувь болж буурна гэж уг тайланд дурджээ. Ийм удаашрал нь дэлхийн ДНБ-ийг тахлын өмнөх нормоос хамаагүй доогуур болгож, дэлхийн эдийн засагт 17 их наяд ам.доллар буюу дэлхийн орлогын 20 хувьтай тэнцэх хэмжээний хохирол учруулна гэж НҮБ мэдэгдэв. Мөн тайланд дурдсанаар хөгжиж буй орнууд хамгийн их сөрөг нөлөө үзүүлэх бөгөөд олонх нь сүүлийн 20 жилийн санхүүгийн хямралаас ч дор эдийн засгийн уналттай тулгарч магадгүй аж.

 

"Бодлогоос үүдэлтэй" уналт

 

Хөгжингүй эдийн засагтай орнуудад мөнгөний бодлогын хэт чангаралт, санхүүгийн хангалтгүй дэмжлэг нь сөрөг үр дагаварт хүргэж, улмаар хөгжиж буй орнуудад төрийн болон хувийн хэвшлийн өрийн хэмжээ өндөр болно гэж тайланд дурджээ. Зээлийн хүүгийн өсөлт болон эдийн засгийн уналтаас болгоомжилж байгаа нь энэ онд ам.долларын ханш бусад бүх валюттай харьцах ханшийг өсгөсөн. Хэдийгээр энэ нь гадаадад аялж буй Америкийн жуулчдын хувьд гайхалтай мэдээ байсан ч импортын үнэ хурдацтай өсөж, ам.доллароор илэрхийлэгдсэн өрийн төлбөр барагдашгүй үнэтэй болж байгаа хөгжиж буй орнуудын хувьд санхүүгийн хар дарсан зүүд юм. Даваа гарагт нийтлэгдсэн НҮБ-аас гаргасан эдийн засгийн тайланд дурдсанаар, хөгжиж буй орнуудын өрийн хэмжээ дээд амжилт тогтоогоод байгаа ч ам.долларын ханш жигд бус тэнцвэрийг нэмэгдүүлж, хөгжиж буй орнуудын инфляцыг өсгөсөн байна. Валютын ханшийн зөрүүгээс болж

өр төлбөр нь илүү өндөр болж, хөгжиж буй эдийн засагтай орнуудын эрүүл мэнд, уур амьсгалд тэсвэртэй байдал болон бусад чухал дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө буурч байгаа нь эдийн засгийн зогсонги байдалд хүргэж болзошгүйг “Unctad” тайланд анхааруулжээ. Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Малпасс баян чинээлэг орнуудыг хөгжиж буй орнуудын үйлдвэрлэлд илүү их хөрөнгө оруулалт хийж, нийлүүлэлтийн сүлжээг оновчтой болгох замаар инфляцын асуудлын нийлүүлэлтэд анхаарлаа хандуулахыг уриалсан.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top