Анкара террорист үйл ажиллагаатай холбоотой этгээдүүдийг шилжүүлэн өгөхийг шаардав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 06

Турк, Шведийн хууль зүйн яамдын төлөөлөгчид Анкара хотноо Туркийн талын үзэж байгаагаар террорист үйл ажиллагаатай холбоотой гэх этгээдүүдийг шилжүүлэн өгөх асуудлаар яриа хэлэлцээ хийжээ.

“ТRТ” сувгийн мэдээллээр, долоон цаг үргэлжилсэн хэлэлцээний үеэр Туркийн тал Курдистаны Хөдөлмөрийн намын гишүүдийг шилжүүлэн өгөхийг шаардсан байна. Өмнө нь Туркийн тал тэдний нэрсийн жагсаалтыг гаргаж, Шведийн талд өгч байжээ. Үүнээс гадна Анкара АНУ-д оршин сууж байгаа Фетхуллах Гюленийн тэргүүлсэн “ФЕТО” байгууллагын долоон төлөөлөгчийг мөн хүлээлгэж өгөхийг шаардсан байна. Турк Фетхуллах Гюленийг 2016 оны долоодугаар сард төрийн эргэлт хийхийг завдсанд буруутгадаг билээ.

Шведийн тал террорист үйл ажиллагаатай холбоотой этгээдүүдийг хүлээлгэн өгснөөр тус улсыг НАТО-д элсүүлэхэд ногоон гэрэл асаах Туркийн болзлын нэгийг биелүүлэх юм. Үүнээс өмнө Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Стокхольм террорист байгууллагуудтай холбоотой 70 хүнийг Анкарад шилжүүлэн өгнө гэж амласан тухай мэдэгдэж байв.

Финланд, Швед хоёр өнгөрсөн тавдугаар сард НАТО-д элсэх өргөдлөө өгсөн билээ. Гэвч Турк энэ үйл явцад саад тавьж, төрийн эргэлт хийхийг завдсан этгээдүүдийг шилжүүлэх, Анкарагийн эсрэг тавьсан хориг арга хэмжээг цуцлах шаардлага тавьж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top