Анкара: Финланд, Шведээс үүргээ биелүүлэхийг хүлээж байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 30

Анкара нь Швед, Финландаас НАТО-д элсэхийн тулд хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүлээж байна гэж Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акар мэдэгдсэнийг “Hürriyet” хэвлэл дамжуулжээ. Түүний хэлснээр, эдгээр хоёр нэр дэвшигч улс Туркийн зүгээс тавьж буй шаардлагад гарын үсэг зурсан ба шаардлагыг биелүүлэх ёстой.

Шведийн Гадаад хэргийн сайд Тобиас Билльстремийн өмнө нь мэдэгдсэнээр, Швед дахь Туркийн Элчин сайдын яамны өмнө Коран судрыг шатаасан хэргийн улмаас Стокхольм НАТО-д элсэх үйл явцыг түр зогсоосон.

Шведийн эрх баригчид Турк улстай хийж буй яриа хэлэлцээ хэр удаан завсарлах тухай тодорхой хариулт өгч мэдэхгүй байна гэж яриа хэлэлцээний Шведийн талын төлөөлөгч Оскар Стенстрем мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, нөхцөл байдлыг хурцатгахгүйн үүднээс хоёр талын уулзалтуудыг түр зогсоох шийдвэр гаргаад байна. Одоогоор талууд хэлэлцээний асуудлуудыг тус тусдаа хэлэлцэж байгаа аж.

Үүнтэй зэрэгцэн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Турк улс Финландын НАТО-д элсэх өргөдлийг Шведийнхээс тусад нь авч үзэх боломжтой гэж мэдэгдэв. Ингэхдээ тэрбээр Финланд нь Шведийн алдааг давтах ёсгүй хэмээн анхааруулсан байна. “Харин Шведийн хувьд, тус улс Туркийн талд алан хядагчдыг шилжүүлэн өгөх ёстой. Туркийн тал 120 хүний жагсаалт хүргүүлсэн. Эдгээр этгээдийг шилжүүлэн өгөхгүй бол гомдох хэрэггүй” гэж Эрдоган мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top