Орлогоо хэт өөдрөг тооцсон, сүүлийн 10 жилийн 8-д нь төсвийг ТОДОТГОЖЭЭ

2022 оны 10 сарын 25

Засгийн газар 2023  оны нэгдсэн төсвийн орлогыг 18 их наяд 921 тэрбум 900 сая төгрөг, зарлагыг 20 их наяд 475 тэрбум 300 сая төгрөг байхаар тооцоод буй. Энэ нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд зааснаас илүү өндөр дүнгээр тооцсон хэмжээ юм. Тухайлбал, төсвийн зарлагын хэмжээг 2 их наяд 561 тэрбум 800 сая төгрөгөөр нэмэгдүүлэн тусгаад байна.

Тэгвэл Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн зөвлөлөөс төсвийн хүрээний мэдэгдлийн чанар, ач холбогдлыг нэмэгдүүлж, улмаар дунд хугацааны зарлагын хүрээний мэдэгдэлд шилжих эхний алхмуудыг хийх нь зүйтэй талаар онцолжээ.

Тус зөвлөлөөс зохион байгуулсан  “Монгол Улсын төсвийн төлөвлөлт”  хэлэлцүүлгээр улсын төсвийн төлөвлөлтөд тулгарч буй асуудлуудыг хөндөхийн зэрэгцээ төлөвлөлтийг сайжруулахын тулд УИХ, Засгийн газар, Сангийн яам болон холбогдох бусад төрийн байгууллагын зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээг санал болгоод буй юм.

Сануулахад, энэ 2022 оны нэгдсэн төсөвт он гарснаас хойш хоёр удаа тодотгол хийсэн. Зарим эдийн засагчдын зүгээс  төсвийг ойр ойрхон олон удаа тодотгох нь төсөвт итгэх итгэлийг бууруулдаг гэж тайлбарладаг. Тэгвэл Төсвийн зөвлөлийн хэлэлцүүлгийн үеэр төсвийн тодотголын асуудлыг авч хэлэлцжээ.

2012-2022  он хүртэлх  10 жилийн найман жилд нь Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийг тодотгож өөрчилжээ. Зарим жилд хоёр удаа өөрчлөлт оруулж байв.

Ихэвчлэн хэт өөдрөг төсвийн орлогын зорилттой төсвийн төсөл өргөн барьснаас төсвийг тодотгох шаардлага үүсдэг. Тодотголоор төсөвлөсөн зардлаа танах, эсвэл төлөвлөөгүй зардлуудыг нэмэлтээр тусгадаг. Өөрөөр хэлбэл, төсвийн орлогын төсөөлөл, төлөвлөлт хангалтгүйгээс Засгийн газар зорилгодоо хүрэх нөөц боломжоо бүрэн ашиглаж чадахгүйд хүрдэг. Улсын төсвийн орлогын төсөөллийг бодитой хийдэггүй,төсвийн зардлын дунд хугацааны уялдаа байхгүй байна гэж тус зөвлөлөөс үзжээ.

2012 оноос хойш улсын төсвийн  тодотгол хийсэн найман жилийн зургаан жилд нь төсвийн орлогыг бууруулж тодотгожээ. Төсвийн зарлагын хувьд зургаан удаа нэмэгдүүлэн тодотгожээ.

Дараах зургуудаас харахад  2018, 2019 оноос бусад жилүүдэд төсвийг тодотгож байжээ.



2014, 2015, 2017 онд  хоёр, хоёр  удаа тодотгож байв.  Батлагдсан төсөвт өөрчлөлт хийхдээ орлогыг ихэвчлэн бууруулж, зардлыг ихэвчлэн нэмэгдүүлж тодотгосон байгаа юм.

Ингэхдээ төсвийн орлогыг дунджаар 7 хувиар бууруулж, зарлагыг дунджаар 5 хувиар нэмэгдүүлэн тодотгож байжээ. Түүнчлэн төсвийн орлогын гүйцэтгэл сүүлийн 10 жилийн зургаан жилд нь төлөвлөснөөсөө бага байсан аж. Дунджаар 1 хувиар бага, зардал дунджаар 9 хувиар бага байлаа. Анхны батлагдсан төсвөөс  орлого дунджаар 9 хувиар бага гүйцэтгэлтэй байдаг бол зардал дунджаар 4 хувийн бага гүйцэтгэлтэй байна.

Дээр дурдсан тоон мэдээллээс дүгнэхэд Засгийн газар хэт өөдрөг төсвийн орлогын зорилттой төсвийн төсөл өргөн барьснаас ихэвчлэн төсвийг тодотгох шаардлага үүсдэг байна.

Тухайлбал, нүүрснээс олох орлогыг хэтрүүлэн үнэлэх хандлага байна. 2021 оны төсвийн төсөлд 42 сая тонн нүүрс экспортолж 1.3 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлнэ гэж үзсэн. Гэтэл 2021 онд 16.1 сая тонн нүүрс экспортолж төсвийн орлого дутсан. Сүүлийн 10 жилийн найман жилийнх нь нүүрсний экспортын төсвийн төсөөллийг авч үзэхэд  дунджаар 32 сая тонн нүүрс экспортолно гэж төсвийн төсөлд тооцоолж байсан бол дунджаар 26 сая тонн нүүрс экспортолж байжээ. Өөрөөр хэлбэл, 6 сая тонн нүүрс илүү экспортолно гэж төсөөлжээ.

УИХ-д жил бүр өргөн мэдүүлдэг төсвийн баримт бичигт төсвийн болон төсвийн дараагийн хоёр жилийн ДНБ-ий өсөлт, инфляцын шинэчилсэн төсөөллийг тусгадаг. Түүнийг УИХ-аар төсөв хэлэлцэх ажлын хүрээнд Үндэсний аудитын газар бие даан хянадаг. Гэхдээ энэ нь хэр зөв, үнэнтэй хэр ойрхон талаар ямар ч хэлэлцүүлэг байхгүй.

Зардлын төлөвлөлтийн хувьд өнгөрсөн 10 жилийн хугацаанд Засгийн газар хоёр жил хэмнэлтийн горимд орсон. Өөрөөр хэлбэл, төлөвлөж байсан зардлаасаа тодорхой бүлэг зардлуудыг хассан. Эндээс харахад төлөвлөсөн бодлогоо хэрэгжүүлэх нөөц хөрөнгө байхгүйгээс орлого тасалдахад зардлаа танахаас өөр аргагүй болсон байна. Өөрөөр хэлбэл, мөчлөг дагасан төсвийн бодлого нь төсвийн орлого тасалдсан үед бодлогоо гүйцэтгэх боломжийг Засгийн газарт олгодоггүй. Бодлого төлөвлөлт нь төсөвлөлттэй уялдаагүй, урт хугацааны бодлогыг санхүүжүүлэх механизм бүрдээгүй өдийг хүрсэн гэж судлаачид үзэж байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.188.136) 2022 оны 10 сарын 25

0  |  0
zochin(64.119.17.132) 2022 оны 10 сарын 25

shorongin atman migmara odoo shono bolgon utasdal daramtalha bolidoh doo.

0  |  0
zochin(64.119.17.132) 2022 оны 10 сарын 25

shine reeket buleg shorongin obgor migmar ih hagrisar eekt tatabr huraal. uuchure taraj ogool.

0  |  0
zochin(64.119.17.132) 2022 оны 10 сарын 25

shorongin ataman hulgar migmar geed neg rekt buleg bas muhai uuchure taragal reket tatabr huradagin bilee gej. bi huralgasan reket tatabaar ogson mongo buzaj abh geel ybajin.

0  |  0
zochin(64.119.17.132) 2022 оны 10 сарын 25

halh shorongin atman mingar minan 2 saihan garj irle shorongos.

0  |  0
Top