Б.Энхцэцэг: ХХААХҮЯ-ныхан надад тэгш бус хандсан

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 10 сарын 27

Мах бэлтгэл, экспортын асуудлаар “Монголын төр махны экспортын бодлогоо эргэж харахгүй бол жижиг, дунд үйлдвэрлэгчид хүнд байдалд орлоо. Махны экспортын бүх ашиг Хятад руу орж байна” хэмээн  нийгэмдээ шүгэл үлээсэн анхдагч “Финанс Холдинг" компанийн захирал Б.Энхцэцэгийг “Өглөөний зочин”-оор урилаа.


-Мах бэлтгэлийн эргэн тойронд ямар асуудал байдгийг олон нийт өөрийн чинь мэдэгдлээс сайн  ойлгож авсан. Энэ салбарт хэрхэн  хөл тавьснаас эхлээд сүүлийн үед үүссэн нөхцөл байдлын талаар ярина уу?

-Монголоос мах экспортод гарч эхэлсэн цагаас энэ бизнес рүү орсон. Эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн нэр дээр зуучлалын хөлс төлөөд, БНХАУ руу  гаргуулж, худалдаа эрхэлж ирсэн. Энэ хооронд квот эрхийг өөрийн нэр дээр авахын тулд үйлдвэр байгуулах төсөл бичин ЖДҮХС-гаас зээл хүссэн ч гараагүй. “Том дарга нар авдаг зээл юм байна” гэж ойлгосон. Дахиж цагаа гарздаж ийшээ зүглэсний хэрэггүйг мэдээд, бусдын адил үйлдвэр түрээслэн махаа бэлтгэж эрх бүхий аж ахуйн нэгжээр дамжуулан экспортолж ирсэн. Ингэлээ гээд миний бэлдсэн мах асуудал дагуулж байсан удаагүй.

Манай бизнес хэвийн явж байгаад 2018 оны сүүлч 2019 оноос махны квот олдохоо больсон. Учир нь, урд хөршид махны эрэлт ихсэж, арьс шир түүхий эдийн үнэ унасан тул хятад иргэд махны бизнес рүү олноороо орж ирснээр квот олдохоо больсон. Квот олохын тулд уулзаагүй хүн, яваагүй газар үгүй. Аргаа бараад тухайн үеийн  Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн эгч Х.Цэндбаяраас “Хятад иргэдийн авч буй ханшаар квотыг чинь худалдаж авья. Иргэнээ нэгдүгээрт тавиад хоёрт гадныхандаа үйлчилчих л дээ” гэж гуйсан. “Махаа хил дамжуулж  зараад ашгийнхаа 10 хувийг  өгье. Цаашид ч үргэлжлүүлэн хамтарч ажиллая. Махны экспортын ашгийг тэр чигт нь гадныхан хүртдэгийг  та нар харж байгаа шүү дээ”  гэсэн ч нааш хараагүй.

Сүүлд МХЕГ-аас “Эмээлт”-д хийсэн шалгалтаар хятад иргэдийн эрхгүй үйлдвэрт бэлтгэсэн махан дээр “Мах Импекс” ХК-ны шошго наалттай байгаа нь ил болно лээ.

-Эрхгүй үйлдвэрт бэлдсэн махаа гаргаж чадахгүй байгаа иргэдэд Засгийн газар үнэгүйдэхээс хамгаалсан нэг удаагийн тогтоол гаргах хүртэл та тэмцсэн биз дээ?

-Өөрт тулгарсан асуудлаа 2019 онд ХХААХҮЯ-д хандаад шийдүүлж чадаагүй учир би  Засгийн газарт хандаж,  удаа дараа захидал илгээсэн. Засгийн газар  захидлыг хүлээн авч холбогдох яам, тамгын газар, агентлагаар судалгаа хийлгүүлж, албан тушаалтан, мэргэжилтнүүдтэй уулзан дүн шинжилгээ хийж,  2020 оны нэгдүгээр сарын 15-ны  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, махыг эрүүл ахуйн стандарт хангасан эсэхийг хянан баталгаажуулаад үнэгүйдэхээс хамгаалж, эрх бүхий ААН /аж ахуйн нэгж/-ээр дамжуулан экспорт хийлгэх, хилээр гарах гарцыг заасан тогтоол гаргасан юм.

Уг тогтоол гарсныг тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Засгийн газрын хуралдаанаас гарч ирж олон нийтэд мэдээлсэн. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон ЗГХЭГ-ын шийдвэр  ХХААХҮЯ, МХЕГ-т өгөгдсөний дагуу миний бие бэлтгэсэн махаа МЭЕГ, МХЕГ-ын үзлэг, хяналт шинжилгээнд оруулсан.Тус газруудаас “Дотооддоо үйл ажиллагаа явуулах эрх авсан үйлдвэр түрээслэн боловсруулалт хийсэн. Эрүүл ахуй стандартын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүн байна” гэсэн дүгнэлт гарсан. Үүнийгээ тогтоолын хамт бариад, экспорт хийх аж ахуйн нэрийг ХХААХҮЯ-нд оруулахад  квот олголгүй  өнөөдрийг хүрлээ.

Миний оруулсан аж ахуйн нэгжийн  нэр дээр надад экспорт хийх квот олгоогүй хэрнээ өөр хүн уг аж ахуйн нэгжийг авч ороход ХХААХҮЯ квот олгоод, тэд нүдэн дээр махаа ачиж, экспорт хийж байгааг мэдээд миний бие төр, засгийн сонорт хүргэх акц зохион байгуулж,  хэвлэлийн бага хурал зарласан. Мөн бэлтгэсэн махаа  Төв талбайд авчирч  асгах гэж байхад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нэр бүхий дөрвөн хүнээр яриулж, уулзуулж, амлалт өгсөн. Үүгээр зогсохгүй өөрөө уулзаж тэмцлийг зогсоосон /амлалтууд бичлэгээрээ байгаа/. Сайд өөрөө “болохгүй, гаргахгүй гэж хэлээгүй. Хүлээж бай. Хүсэлтээ дахин бичиж өг” гээд өөрөө албан бичиг үйлдэж өгсөн. Тэгээд ч асуудал шийдэгдсэнгүй.

-“Эмээлт”-ийг шалгаснаар төр, засаг асуудлыг шийдэж байна гэж ойлгосон. Өөрчлөлт гарсан уу? 

-“Эмээлт”-ийн махны үйлдвэрүүдэд илэрсэн зөрчил, түүний дагуу хийсэн хяналт шалгалтын ажил хуулийн дагуу шийдэгдээгүй. Яг над шиг эрхгүй үйлдвэрт бэлтгэсэн хятад иргэдийн махыг экспортод гаргахаар шийдвэрлэсэн байсан. Монгол Улсын хууль дүрэм, журам мөнгөтэй бэлтэй хятад иргэд, тэдний компанид үйлчилдэггүйг энэ үйл явдал нотлон харуулсан. Экспортод гарах болсон махнууд бүгд эрхгүй үйлдвэрт бэлтгэгдсэнийг “Тухайн эрх бүхий ААН-ийн үйлдвэрт бэлтгэгдээд, агуулах зоор түрээслэн хадгалуулж байгаа юм” гэсэн хуурамч гэрээ хийхийг зөвлөж, гарц зааж өгч үйлчилж ирсэн хүмүүс нь МХЕГ-ынхан.

Дээрх махнууд манайхтай адил эрхгүй үйлдвэрт бэлтгэгдсэнийг тэд сайн мэдэж байгаа. Хууль сахиулагчид ч мэднэ. Эрх бүхий ААНБ-ууд эрхгүй үйлдвэрт бэлтгэсэн махыг нэр дээрээ хилээр гаргаж байгаагаас, мөн  эрхгүй үйлдвэрт бэлдсэн махаа эрх бүхий ААНБ-ын нэрээр хилээр гаргаж буйд дөрөөлж, хоёулангаас нь авлига нэхэж авдаг. Эрх бүхий ААН-ээс нь квот авч, авсан квотоороо хятад иргэдийн махыг ачдаг. Хятад иргэд эрхгүй үйлдвэрт экспортод гаргах мах бэлтгээд байгааг зарим байцаагч хараад лац тавихаар дарга нь утасдаж, дарамтлаад лацыг нь авахуулчихдаг. Үйл ажиллагааг нь хэвийн явуулж мах бэлтгүүлнэ. Тэгээд эрх бүхий ААН-ийг дөрөөлж авсан квотоороо махыг нь ачих зэрэг нөхцөл боломжийг олгон, түүнийгээ мөнгө олох хэрэгсэл болгосон байдаг. ХХААХҮЯ-наас нэг ААНБ-д хагас жилээр 1500-2500 тн махны квот өгдөг. Түүнийг ганцхан сарын дотор эрх бүхий ААН гаргаад дуусдаг. Бодит байдалд тийм хэмжээний махны нэг сар битгий хэл, нэг жилд ч гаргах хүчин чадалгүй үйлдвэрүүд байдаг.

-Мэргэжлийн хүмүүс ажил үүргийнхээ дагуу явж хүчин чадлыг нь тодорхойлох учиртай ч хөшигний ард ийм зүйл болдог байх нь ээ?

-Эрх бүхий ААНБ нь яаман дээр “Бид хүний мах гаргадаг нь үнэн”  гэж ярьсан тухай салбарын сайдын зөвлөх Н.Цэрэнбат ярьж байсан. “Журмаараа эрх бүхий ААН-ийн үйлдвэрт бэлтгэсэн мах л экспортод гарна” гэж заасан гэдэг хэрнээ үйлдвэр байхгүй ААН-д цаасан дээр эрх өгчихдөг. Тагнуулын байгууллагын шалгалтаар шөнийн цагаар “түрээслэсэн” гэх агуулах руугаа зөөж байгаад баригдаж, Тагнуулын газар “Хаана бэлтгэсэн” гэх мэт өөрийн шугамаар холбогдох шалгалтыг хийтэл үйлдвэр байхгүй ААН-д цаасан дээр эрх өгсөн байсан тухай баримтууд нь хуульчийн гарт орсон байна лээ. Тэгэхээр үнэн юм юу ч байхгүй байгаа биз дээ. Энэ бүгдийг өгүүлэхийн учир нь би хүний муу үзэх гээд байгаад биш юм. 

Харин ч бүгдийг нь хайрлан энэрч, олон хүн чирэх вий гэж өрөвдөж, хүн чанар зулгааж энэ хүртэл дуугүй явсан. Хаана хаанаа бүгдээрээ мэддэг, үнэн юм юу ч байхгүй байж хүнийг ингэж хохироож болдог уу гэж асуумаар байгаа юм. Өнөөдөр Хятад улс “2022 оны дөрөвдүгээр  сараас хойш бэлтгэсэн мах авна” гээд түрүү онд бэлтгэсэн махыг авахгүй буцааж байна шүү дээ.

-Махны экспортын ашгийг Монголдоо үлдээвэл улсын эдийн засагт ч өгөөжтэй нь мэдээж. Эрх мэдэл бүхий хүмүүс дэмждэггүй гэхээр ямар харамсалтай юм бэ?

-Баримтаар харууллаа шүү дээ. ХХААХҮЯ өөрсдөө эрхгүй ААН-ийн нэр дээр экспорт хийх квот өгч, мөн эрхгүй үйлдвэрт бэлдсэн махыг экспортлуулсан баримт байгаа болохоор эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, эрхээ хэтрүүллээ гэж  байгаа юм. Миний оруулсан ААН-д экспорт хийх квот олгоогүй хэрнээ өөр хүн уг ААН-ийг авч ороход квот олгон миний нүдэн дээр мах экспортлуулсан болохоор би “Намайг ялгаварлалаа, тэгш бус хандлаа” гэж үзсэн. Монгол Улсын Үндсэн хуульд хүнийг боловсрол, хөрөнгө, эрх мэдэл, шашин шүтлэг, үзэл бодол, яс үндэс гэх мэт ялгаварлаж үл болно гэж заасан. Үндсэн хуулийн суурь зарчим яасан болоод эрх мэдэл, албан тушаал, мөнгөтэй хүний эрхгүй үйлдвэрт бэлтгэсэн маханд экспорт хийх квот олгогдож, жирийн иргэнд тэр квот олдохгүй гурван жил хүлээлгэж орлогыг нь хааж, үнийн эрсдэлд оруулж нэмж хохироосон бэ. Үүнийг асуумаар байгаа юм. Төрийн захиргаа, төрийн байгууллагын хууль дээдлэх, тэгш шударга байх гэсэн зарчим нь өөрчлөгдөж, эрх мэдэл бүхий албан тушаалтан, мөнгөтэй хүнд үйлчилнэ гэсэн зарчимтай болсон юм уу.

Төрийн захиргааны төв байгууллага болох  яамны  хууль зөрчсөн үйлдэл, үйл ажиллагааг хяналт шалгалтаараа илрүүлсэн МХЕГ уг нь тэднийг хуулийн байгууллагад өгөх ёстой бус уу. Хууль нь өөрчлөгдөж, хууль бус үйлдэлтэй эвлэрдэг, хуйвалддаг бие биеийнхээ алдааг дөрөөлөн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бай гэсэн заалт бүхий хууль батлагдсан юм уу?! Үүнийг би хууль сахиулагч нарт ч хэлсэн. Малын гаралтай түүхий эдийн экспортын худалдаа, энэ бизнесийн тогоонд 20-иод жил чанагдахад махны экспортын ашиг Монгол Улсад үлдэхгүй байгаа нь надад хайран санагдсан. Миний эх орон ямар билээ, хүн амын 70-80 хувь нь  ядуу зүдүү, улсын маань гадаад өр таазаа тулчихсан.

Захын гэр хорооллын амьдралыг харахад өр өмөрч, элэг эмтрэм. Малчдын малаа борлуулсныг эс тооцвол махны экспортын ашгийг тэр чигт нь гадныхан хүртдэг. Ямар их ашгаа гадагш алддагийг манай дарга нар бүгд мэдэж байгаа шүү дээ. Гэсэн атал тэд юу ч хийдэггүй. Энэ их ашиг ингээд хэдэн арван жилээр гадагшаа урсаж, нөхцөл  байдал  үргэлжлээд явбал дэндүү хайран. Иймд энэ бизнест хөл тавьж, таван жилийн дотор ухаанаа олсны дараа УИХ гишүүнд ч хандаж байсан удаатай. Энд ийм асуудлууд байдаг юм байна, анхаарал тавиач, төрд дамжуулж хэлээч гэхэд тоож авч хэлэлцээгүй. Иймд  мөрөө хөөгөөд явсан. Үүнийг энд өгүүлэхийн учир нь зарим хүмүүс намайг бизнес нь зогсоод ирэхээр худал эх оронч дүр үзүүлж байна гэж магадгүй. Зөвхөн халаасаа зузаа­лахаа л боддог төрийнхөнд улс орны хөгжил хамаагүй юм байна. Сэтгэлгүй хүмүүс бодлогын түвшинд сууж буй юм чинь миний эх орон хөгжихгүй байх нь аргагүй юм билээ.

-ХХААХҮЯ-ны сайд, дарга нартай уулзаж байсан гэлээ. Тэд ямар хариу өгч байв? 

-“Бид хэзээ ч эрхгүй ААН-д квот олгодоггүй, хууль бус юм хийдэггүй. Харин МХЕГ, Гаалийнхан чинь наад компа­ниудаас авлига аваад тэндээ зохицуулаад яваад байгаа” гэж ТНБД Т.Жамбалцэрэн хэлж байв. Гэтэл ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Ариунтуяа, Уянга нараас асуухад “Манайх энэ эрхгүй компаниудад квот эрх өгсөн. Махны экспорт хийсэн” гэж ярьдаг. 2020 оны намар би хэвлэлийн бага хурал дээр  “Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхдээ тэгш бус хандаж байна.

Өнөөдрийг хүртэл миний эргэн тойрон дахь компаниудын  мах нүдэн дээр экспортод гарч иргэн намайг хохироож туйлдуулж байна” гэж хэлж байсан. Үүний дараа МХЕГ-ын ахлах байцаагч Бүрэнтөгс ерөнхий газрынхаа  гадаа тааралдаж “Таныг хэвийн л явж байгаа гэж бодож явсан. Сошиалаас харлаа, яг тань шиг эрхгүй “УГУР” компанид  ХХААХҮЯ квот олгоод ирсэн.  Энэ мэтчилэн урд жилүүдэд ч яам эрхгүй ААН-д квот олгодог байсан. Нэгэнт яам нь мэдээд өгч байгаа болохоор бид бичээд явуулдаг байсан. “УГУР” компани над дээр цохогдоод ирсэн, түдгэлзүүлээд зогсоочихсон. Журмаараа энэ эрхгүй компанид ч квот олгох боломжгүй. Хятад улсын сонгон шалгаруулалтаар тэнцсэн үйлдвэрийн нэрс дотор байхгүй байгаа учраас квот олгох боломжгүй байтал энэ мэтчилэн эрхгүй компанид яам квот олгоод байдаг” гэх мэт зүйлүүдийг  ярьж баримт гаргаж өгдөг.

Би квот хайж,  гуйж “Дархан меат, “ Эрүүл монгол мах эко“ компанийн захирал Болдбаатартай уулзахад “Квот дууссан. Харин ХХААХҮЯ-наас эрхгүй ААН-д квот олгоод байна лээ. Чи очоод аваач. Чамд өгөхгүй хэнд өгөх юм” гэснийг хамт сонссон гэрч бий. Хамгийн сүүлд шинэ сайд Х.Болорчулуунаас зөвшөөрөл хүсэж цаг авч орж уулзсан. Сайдтай хамт мэргэжилтэн Уянга, зөвлөх нь хамт байсан.

Мэргэжилтэн Уянга сайддаа “Монгол Улс, Хятад улс хоорондын гэрээ хэлэл­цээрт Монголоос авч буй мах нь эрх бүхий ААН-ийн үйлдвэрт бэлтгэсэн мах авна”  гээд заасан байдаг.  Энхцэцэгийн мах эрхгүй үйлдвэрт бэлтгэсэн учраас экспорт­лох боломжгүй. Квот олгох экспортлох боломжгүй байгаа” гэж танилцуулсан.

Би түүнд “Та нар өөрсдийн эрх ашгаа хэрэгжүүлж хууль зөрчсөн. Та нар эрхгүй үйлдвэрт квот олгоод, эрхгүй үйлдвэрт бэлтгэсэн махыг экспортод гаргасан баримт нь энэ байна. Өөрсдөө квот авч,  эрхгүй үйлдвэрт бэлтгэсэн мах экспортлохоор хууль ёсны болдог, минийх болохоор хууль  зөрчсөн болоод байгаа дээр тайлбар хийнэ үү” гэж хэлээд сайдад нь баримтуудаа өгсөн. Сайд баримтуудыг үзээд “Өргөө мийт” экспортлох эрхтэй юу гэхэд мэргэжилтэн Уянга “эрхгүй” гэсэн. “Өргөө мийт”-д квот олгочихсон юм уу гэхэд “Олгочихсон” байна лээ, мэдэхгүй” гээд мөрөө хавчсан.

Гэтэл З.Мэндсайхан сайд ч, Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ч, газрын дарга Т.Гантогтох ч “Бид хэзээ ч эрхгүй ААН-д квот олгож байгаагүй хууль бус юм хийдэггүй. МХЕГ, Гаалийнхан чинь л тэндээ авлига авч зохицуулаад гаргаад байгаа. Түүнээс манайхаас өгсөн юм байхгүй, баримттай ярь” гэдэг байсан нь худал болохыг хоёр мэргэжилтэн нь ингээд баримтжуулаад ярьчихаж байгаа юм. Мөн “УГУР” гэдэг компани эрхтэй юу гэсэн сайдынхаа асуултад “Хятад руу эрхгүй. Гурав­дагч орон руу эрхтэй” гэж хариулж байгаа юм. Энэ компани эрхгүй байтал квот олгож байсныг МХЕГ түдгэлзүүлээд байгааг, мөн хэд хэдэн эрхгүй компанид квот олгосоор ирснийг ч би олж мэдсэн. Иймд миний бие ХХААХҮЯ нь Засгийн газрын  тогтоолыг хэрэгжүүлэхдээ тэгш бус хандаад байна. Зөвхөн иргэн намайг ялгаварлан гадуурхаж байна. Хуульд заасан тэгш байх зарчим хаана байна вэ гэдэг асуудлыг тавьсаар ирсэн. 

-Ярилцлага өндөрлөж байна. Манай сониноор дамжуулж төр, олон нийтэд юу хэлэхийг хүсэж байна?

-Манай компани хөрөнгө мөнгөө гаргаж, мөн зээл авч хүртэл  мах бэлтгэсэн юм. Дээр нь гурван жил хадгалж хамгаалахад түрээс, тог цахилгаанд нэмж мөнгө зарцуулж өчнөөн хохирлоо. Энэ мөнгийг төлөх гэж хүүтэй зээл  авч нэмээд хохирол хүлээсээр  байна. Бэлтгэсэн махаа тухайн үед Засгийн газрын нэг удаагийн  тогтоолын дагуу экспортод  гаргасан бол дөрвөн жилийн орлогоороо Монголдоо махны  стандарт хангасан төгс үйлдвэр барьж, эрх авах зорилго тээж явсан.

Махны экспортын ашиг үр шимийг Монголд үлдээе гэж хүсэж, гуйж байхад энэ яамны эрх бүхий албан тушаалтнууд үгүй хийсэн. Тэд  өөрсдийн түрийвчийг зузаалах бодолд хөтлөгдөн мөнгө өгөөгүй намайг ялгаварлаж, надад тэгш бус хандсан. Төрийн алба хаагчдын энэ мэт буруугаас үүдэн эрсдэл үүрч, улмаар бэлтгэсэн махаа экспортолж чадахгүй гурван жил хадгалах хамгаалах зардлаар “шатаж”, нэмж хохирсоор байна. Бэлдсэн махаа хадгалж хамгаалахад гаргаж  байгаа төлбөрт өгөх зээл авсан. Түүндээ барьцаалагдан орон гэрээ битүүмжлүүлж, одоо  гудамжинд гараад байна. Энэ бүхнээс үүдэн эрүүл мэндээрээ хохирлоо. Эрүүл мэнд бол мөнгөөр хэмжигдэшгүй.

Энэ улсын иргэний хувьд төрдөө л хандсан. Төр, засаг маань асуудлыг ойлгоод махыг минь үнэгүйдэхээс хамгаалж, нэг удаагийн тогтоол гаргаж өгсөн.  Иргэнээ сонсдог дэмждэг, хамгаалдаг, ямар саад бэрхшээл байгааг засаж, залруулах арга хэмжээ авдаг төр, засаг юм байна гэж ойлгосон. Гэтэл үүнийг нь гацаадаг ашиг сонирхолд автдаг нөхдөд төрийн албанд байгааг өөрийн биеэр үзлээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
магсар(124.158.69.201) 2022 оны 10 сарын 27

мэндсайхан олон луйварт оролцсон. ер нь бүх сайдууд Ганхуягаас бусад ньбүгд луйварчид байсан, ялангуяа Улаан сайд бол улаан луйварчин байсан.Одоо ч луйвраа үргэлжлүүлсээр явааг сая хэвлэлд мэдээллээр гаргалаа.Цайрт минералыг Хятадуудад 100 сая доллараар зарсан гээд шуугисан удалгүй дарагдсан Тэр үед сангийн сайд байсан.Хүрэлсүх нутгийн ахдаа халдаж чадахгүй нь мэдээж. Хууль хяналтынхан бүгд сүхбаатарынх биш байлтай.Яалтай билээ.хэцүүюм

1  |  0
Top