П.Батчулуун: Дэлхийн чиг хандлагыг багш нар л өөрчлөх чадалтай

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 28

Монгол Улсад багшлах боловсон хүчин бэлтгэн эхэлж, бүх ард түмнээ соён гэгээрүүлэх, нийтээр нь бичиг үсэгт сурган өнөөгийн боловсрол, соёл, нийгмийн хөгжлийн суурийг тавьсан Багшийн сургууль байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан амьдралынхаа 44 жилийг сурган хүмүүжүүлэх их үйлсэд зориулсан Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Ардын багш, хэл бичгийн ухааны доктор, профессор П.Батчулууныг “Өглөөний зочин” хоймортой урилаа.


-Та манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Миний бие Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн. 1951 онд сургуулийн босгыг анх удаа давж, багш хэмээх эрхэм хүнтэй анх уулзаж байлаа. Ингээд VII ангиа 1958 онд төгссөн. Би эцэг, эхээс наймуулаа, айлын ууган хүү нь. Миний бага нас ихэвчлэн хөгшин аав, ээж дээр мал хариулж өнгөрсөн. Миний хань түүх, газарзүйн багш мэргэжилтэй. Манайх дөрвөн хүүхэдтэй айл.

-Хүн гэдэг амьтан эхээс төрөөд дараа нь багш гэдэг буянтны ачаар эрдэм номын хишиг хүртэж тэнгэрт оюун ухаанаараа нисдэг гэсэн сайхан үг бий. Багш хэмээх сайхан мэргэжлийг хэрхэн сонгож байв та?

-Дунд сургууль төгсөхөд л манай ангийн багш Архангайн багшийн сургууль руу намайг хуваариллаа л гэсэн.

-Тухайн үед онцчууд л Их сургуульд элсдэг байсан болов уу. Та тэгэхээр маш онц сурдаг хүүхэд байж ээ?

-Багшийн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг, даруухан сурагч байлаа. Тухайн үед багшийн үнэлэмж өндөр байсан. Их чадалтай хүмүүс л багш болдог үе. Хүн бүр багш болохыг мөрөөддөг байсан тул надад маш том аз завшаан тохиолдсон.

-Тэр үед уран зохиолын хичээлийн юу нь их таалагдав?

-Шүлэг, уран зохиол, үргэлжилсэн үгийн зохиолууд маш их таалагдсан. Тэр үед гар утас, интернэт гэдэг зүйл байсан биш. Мэдээлэл олж авахын тулд ном уншина. Уран зохиол л хүнийг хүмүүжүүлдэг гэхэд болно.

-Оюутны намар, оюутан цагийн дурсамж сэтгэлд хамгийн тодоор үлддэг. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцана уу?

-Тэр үеийн оюутан цагийн гол онцлог нь сурахын зэрэгцээ хөдөлмөр эрхэлдэг байсанд оршино. Зуны амралт гэж нэг л сар амардаг байлаа шүү дээ. Хашаа хороо барих, хадлан бэлчээрийн ажлыг зуны улиралд хийгээд наймдугаар сарын сүүлчээр ирдэг байсан. Ирээд Сангийн аж ахуй руу явж тариалангийн талбай дээр ажиллаж, аравдугаар сарын сүүлчээр л ирдэг байлаа. Үүгээр ч зогсохгүй хавар нь субботник хийдэг байсан. Жишээлбэл, Хавдар судлалын эмнэлэг, ШУТИС-ийн газар доогуур явдаг монтажны шуудууг хоёр метр гүн ухаж хүлээлгэж өгдөг байв. Хичээлээ тараад л очдог байлаа. Маш их хөдөлмөрлөдөг байсан. Гэхдээ ядарлаа, зовлоо гэж хэлж үзээгүй. Хийх ёстой зүйлээ л хийж байна гэж боддог байсан.

-Шинэхэн багшийн анхны хичээл ямархуу уур амьсгалтай өнгөрч байсан бол?

-Миний ажлын гараа 1962 онд Говь-Алтай аймгийн Бага сургуулийн хүүхдүүдэд хичээл заахаас эхлэлтэй. Эндээ 11 жил тасралтгүй багшилсан. Нэгдүгээр ангийн хүүхдүүдэд цагаан толгой заахад хүүхдүүд маш сайн, мэрийлттэй сурч байсан нь сайхан санагдаж байлаа. Тэр үеийн багш нар ч хүүхдүүдтэй уйгагүй ажилладаг байсан. Нэгдүгээр ангид элсэн орж буй хүүхдүүд найман настай ч байж. Үүний дараагаар Улсын багшийн дээд сургуульд 1973 онд Монгол хэл, уран зохиолын ангид элсэн орсон. Төгсөөд 1977 онд энэхүү сургуульдаа багшилсаар гавьяаны амралтдаа гарсан байдаг.

-Монгол хэл, уран зохиолын багш болоход тэр үеийн нийгэм, цаг үеийн байдал хэрхэн нөлөөлж байв?

-Тухайн үед багшийн мэргэжил рүү хүмүүс хошуурч, тэмүүлдэг байсан. Тэр үед кирилл бичиг дээр тулгуурлаж үндэсний бичиг үсгийг эзэмшүү­лэхэд голцуу анхаарч байлаа.

-Багш болоод шантрах үе гарч байв уу?

-Байгаагүй. Оюутнуудтай ажиллах амар байдаг. Оюутны зун, намрын ажлыг олон жил удирдсан. Дөрвөн удаа сангийн аж ахуйд тариа, ногоо хураах ажлыг удирдаж байсан. 1986 онд Дорнод аймгийн Чулуунхороот сумын Эрээнцавын сангийн аж ахуй руу хоёр хоног машинаар хүрч очдог байлаа.

-Багш бэлддэг сургууль бусад их дээд сургуулиудаас юугаараа ялгаатай байдаг вэ?

-Багш бэлтгэдэг сургуулийн онцлог нь хүнтэй ажиллах аргыг сургадаг. Хүүхэдтэй харьцах арга барилыг эзэмшүүлдэг. Энэ сургуульдаа олон мянган хүүхдэд эрдмийн хишиг түгээгээд 33 жил болж байна. Өдрийн анги, дөрвөн жил сурдаг анги, эчнээ сургалтын анги, хөрвөх сургалттай анги гэх мэт 11 ангийг дааж төгсгөжээ.

-Багш хүн бүр өөрийн заах арга барилтай байдаг. Таны заах арга барил ямар вэ?

-Миний заах аргын онцлог бол хүүхдүүдийг хөгжүүлэх чиглэлд илүү сургадаг. Монгол хэл нь бид бүхний төрөлх хэл учраас монгол хэлний хичээл зааж, сургах нь харьцангуй хялбар. Тиймээс асуудал дэвшүүлэх, бодуулах, бичүүлэх, дүгнэлт гаргуулах гэх мэтээр хүүхэд өөрсдөө ажилласнаар үр дүн гардаг.

-Уран зохиолын хичээлийн цаг бага байгаа талаар яригддаг. Харин та үүн дээр ямар бодолтой явдаг вэ?

-Одоогийн уран зохиолын хичээл долоо хоногт хоёр цагаар ордог юм билээ. Тэр хичээлийн цагтаа чанартай сургалт үзүүлж чадвал их, бага нэг их хамаагүй. Сургалтын нэг бэрхшээлтэй зүйл нь таван өдрийн 35 цаг буюу өдөрт долоон цагийн хичээл ордогт байна. Долоон цаг хичээлд суусан хүүхэд маш их ядарч ирдэг. Тиймээс хүүхдийг эрүүл байлгахын тулд хичээлийн норм, нормативыг зохицуулж өгөх ёстой байна. Үүнийг Боловсрол, шинжлэх ухааны яам анхаарч үзээсэй гэж боддог. Миний үед зургаан өдөр хичээллэж, өдөрт 4-6 цагийн хичээл ордог байсан.

-Сүүлийн үед багшийн сургууль оюутан элсүүлэхдээ чанарт биш тоонд анхаардаг болсон гэж санагддаг. Таны бодлоор?

-Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоороо тэнцэж байвал ордог. Тухайн оюутан өөрөө төлбөрөө төлөөд сурдаг учраас хаана чанартай боловсрол эзэмшихээр байна тэндээ сурсан нь зөв. Миний хувьд тэтгэвэртээ гараад удаж байгаа болохоор нарийн сайн мэдэхгүй л байна.

-Б.Ренчин гуай, “Зуун түмэн үгтэй хэлд зуд нүүрлэлээ” гэж бичсэн байдаг. Бид сүүлийн үед цахим сүлжээнд автаж байна. Энэ өөрчлөлт хэл бичгийн соёлд хэрхэн нөлөөлж байна гэж хардаг вэ?

-Хар ярианы үгээр цахим орчинд хэлж бичдэг болсон юм шиг байна. “Зуун түмэн үгтэй хэлд зуд нүүрлэлээ” гэж эх хэлээ эмх цэгцтэй, зөв хэрэглээ талаас нь хэрэглэх санааг агуулж хэлсэн байх.

-Энэ жил МУБИС-ийн 100 жилийн түүхт ой тохиож байна. Таны хувьд сургуулийнхаа 33 жилийн түүхийг хамтдаа бичилцжээ?

-Тийм ээ. Үе үеийн бүх багш нартаа 100 жилийн түүхт ойн баярын мэндийг дэвшүүлье. 100 жил гэдэг нь нэг эрин гэсэн үг. Дэлхийн чиг хандлагыг багш нар л өөрчлөх чадалтай.

-Танд ном, эрдэм шинжилгээний өгүүлэл олон бий юу?

-Бага бүлгийн I-IV ангийн сурах бичгийг бичиж байсан. Судалгааны 60 гаруй өгүүлэл бичсэн. Тэр үед бичиж байсан ном, сурах бичиг, өгүүллүүд одоо хэрэглээнээс хасагдсан. Гэхдээ тэдгээр ном, эрдэм шинжилгээний өгүүллээс авах санаанууд олон бий.

-Таны шавь нарын тоо хэд хүрч яваа бол?

-Дааж авсан 11 ангийн 300 гаруй шавь бий. Мөн надаар хичээл заалгаж байсан шавь нар гээд тоолбол тоймгүй олон. Миний шавь ихэнх нь багшаараа ажиллаж байна. 1979, 1983 онд төгссөн шавь нар маань тэтгэвэртээ гарцгаасан байна.

-Залуу багш болон энэ мэргэжлийг сонгон суралцаж буй оюутнууддаа хандаж юу гэж зөвлөх вэ. Таны сургаал үнэтэй дээ...

-Хүүхэдтэйгээ уйгагүй ажиллаарай л гэж зөвлөмөөр байна. Багш бүр өөр өөрийн сургадаг арга барилаа улам боловсронгуй болгох нь зүйтэй. Багш нар маш их уншиж, судлах ёстой. Оюутнуудаасаа хэдэн толгой өндөр байж тэднийхээ хайр талархлыг хүлээж тэдэндээ юм хэлж өгөх ёстой. Тиймээс өөрөө их боловсордог. Үг хэл цэгцтэй болдог. За бүр цаашилбал явдал суудал эмх цэгцтэй болдог. Энэ талаараа хүнийг их өөрчилдөг гэж боддог. Мөн багш хүн сурган хүмүүжүүлэх мэдлэг, сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн байх хэрэгтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ц. Отгонбаяр(150.129.141.250) 2022 оны 10 сарын 29

Хайртай багшдаа аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе. Таныхаа гавьяагаар сайн багш болсон.

0  |  0
Namstaijav Altantuya(59.153.86.100) 2022 оны 10 сарын 29

Эрхэм хүндэт багшдаа баярлаж явдаг шүү. Таны шавь болсноороо бахархдаг. Таньдаа болон гэр бүлд нь эрүүл энх аз жаргал сайн сайхныг хүсэн, урт удаан жаргаарай гэж ерөөе.

0  |  0
Bi(192.82.66.181) 2022 оны 10 сарын 29

жинхэнэ ардын багш хүн дээ манай Батчулуун багш. Танай сайхан гэр бүлд аз жаргал хүсэн ерөөев

1  |  0
Top