Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, МҮХАҮТ хамтран Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл доор 10 дугаар сарын 28-ны өдөр “Экспортлогч үндэстэн-Шинэ сэргэлтийн бодлого” чуулганыг зохион байгууллаа. Уг чуулганы “Экспортын санхүүжилтийн шийдвэрлэх асуудлууд, экспортын даатгал, баталгаа” сэдэвт хэлэлцүүлэгт Үндэсний давхар даатгал ХК-ийн Экспортын даатгалын газрын дарга Б.Батбаяр панелистаар оролцож, уул уурхайн бус экспорт эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, шийдлийг хамтран эрэлхийлэх, экспортыг дэмжиж, хөгжүүлэх нэгдсэн бодлого, санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх боломж, нөхцлийг хэлэлцлээ.
МУ-ын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран уул уурхайн бус салбарын ЖДҮ эрхлэгчдийн экспортын чадавхыг бэхжүүлэх, экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй Экспортыг дэмжих төслийн хүрээнд Үндэсний давхар даатгал ХК нь Бодь даатгал болон Миг даатгал компанитай хамтран экспортын зээлийн даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлээд байгаа билээ. Экспортын зээлийн даатгал нь гадаадын худалдан авагч зээлээр авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг арилжааны болон улс төрийн эрсдэлээс шалтгаалан төлөөгүй тохиолдолд учирсан хохирлыг экспортлогчдод нөхөн төлдөг.
Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй экспортлогчид ихэвчлэн бэлэн мөнгөөр, урьдчилж төлбөрөө төлөх нөхцлөөр бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг. Бусад өрсөлдөгчид худалдан авагчдад бараа хүлээн авснаас хойш 30, 60 эсвэл 90 өдрийн дараа төлбөр төлөх уян хатан нөхцлийг санал болгодог олон улсын жишиг тогтсон зах зээлд энэ нь сул тал болж байна. Үүний улмаас экспортлогчид бизнес хийх маш олон боломжийг алдаж байна. Экспортын зээлийн даатгалд хамрагдсанаар экспортлогчид өрсөлдөхүйц нөхцлөөр худалдаа хийх боломж бүрдэж, экспортын хэмжээгээ өсгөхөөс гадна шинэ зах зээлүүдэд нэвтрэх боломжтой. Дэлхийн худалдааны байгууллагын мэдээлснээр төлбөр төлөх хугацааг сунгаж, зээлийн нөхцлөөр экспортын бүтээгдэхүүнийг санал болгосноор экспортлогчдын борлуулалт 40%-иар өсдөг байна.
Үүнээс гадна барьцаа хөрөнгийн асуудал манай ЖДҮ эрхлэгчдийн хувьд нэлээдгүй хүндрэл болдог. Олон улсад экспорт эрхлэгч аж ахуйн нэгжүүд экспортын зээлийн даатгалыг барьцаа хөрөнгөөр үнэлүүлж, банкнаас нэмэлт санхүүжилт авах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, экспорт эрхлэгч зөвшөөрсөн тохиолдолд худалдан авагч зээлээр авсан бараа, бүтээгдэхүүний төлбөрөө төлөөгүй тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг экспортлогчийн банкнаас авсан нэмэлт санхүүжилтийг төлөх зорилгоор шууд банканд олгох боломжтой. Ингэснээр экспортлогчдын хувьд гадаад худалдан авагч төлбөрөө төлөөгүй байсан ч банкнаас уян хатан нөхцлөөр үргэлжлүүлэн зээл авах, зээлийн нөхцлөө сайжруулах боломжтой юм.
Дашрамд дурдахад Үндэсний давхар даатгал ХК нь экспортын зээлийн даатгалын гэрээг барьцаа хөрөнгөөр үнэлүүлж, банкнаас нэмэлт санхүүжилт авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Монголбанк болон арилжааны банкуудтай холбогдох уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж ажиллаж байгаа ба Монголбанкны зүгээс зээлжих зэрэглэл өндөр батлан даагч, даатгагчтай эрсдэл хуваах хэлцэл байгуулсан тохиолдолд зохицуулалтын хөнгөлөлт үзүүлэх боломжийг нээх зорилгоор дэмжин ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )