Төрийн өндөр албан тушаалтнуудын холбогдсон хэргүүдийг хаана, хэрхэн "булшилдаг" бол

2022 оны 11 сарын 04

Анзаарч байгаа бол АТГ гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй төрийн өндөр албан тушаалтнууд, томоохон дарга нартай “үзэлцсээр” л байна.

Авлига, албан тушаалын хэргүүдийг толгой дарааллан шалгаж, заримыг нь олон нийтийн анхаарлын төвд ч оруулдаг. Дуулиан шуугианы бай ч болгох нь бий. Гэвч хэрэгт холбогдсон “том толгойтнууд” хууль хяналтын байгууллагад захирагдаж, ял зэмээ бүрэн эдэлдэг нь эргэлзээтэй. Та бод л доо. Бүтэн жилийн турш “бүүм тарьсан” Хөгжлийн банкны гэх хэрэг өнөөдөр юу болов. Нийгмийг бухимдуулж, нийтээр нь стрессдүүлж дөнгөсөн ЖДҮ-ийн хэрэг яав. Хэнийг яаж шийтгэв. Байгаа олсон уу. Хэргийн эзэн хэнгэргийн дохионуудыг нь яллаж чадсан уу. Барын толгойг нь бус сүүлийг тасдаад тэр чигт нь орхисон уу. Бас л эргэлзээтэй. Баримт түшье.

 

ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ ГЭМТ ХЭРЭГТНИЙГ ХААЦАЙЛАХ ЗЭВСЭГ БИШ

 

Хөгжлийн Банкны хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарыг яллагдагчаар татаж, нэг хэсэгтээ нийгмийн анхааралд байв. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан /тухайн үед/ УИХ-д хүргүүлсэн. Гэвч УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, холбогдох байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5.1 дэх хэсгийн “Яллагдагчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах прокурорын саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр хүртэл ярилцсан. Хэргийг сийрүүлбэл,

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Хөгжлийн банкнаас “Хөтөл”, “Кью Си Эс” компанид зээл олгосон асуудалд яллагдагчаар татсан. Ё.Баатарбилэгийг Хөгжлийн банкны зээлдэгч аж ахуйн нэгжээс хахууль авч, түүнийгээ орон сууц болгон мөнгө угаасан хэмээн яллагдагчаар тооцож байв. Харин Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг эрх мэдлээ урвуулж, бусдад буюу Х.Ганхуягийн хамаарал бүхий хүний эзэмшлийн “Вертекс майнинг партнерс” ХХК-д Хөгжлийн банкнаас 2020 онд 33 тэрбум төгрөгийн зээл олгосон хэрэгт яллагдагчаар дуудсан. Энэ үйл явдал өрнөөд бүтэн оныг дүүргэж байна. Гэвч гишүүд дархан эрхээ эдлээд даналзаад явж байна. Уг нь гэмт хэргийн шинжтэй асуудалд холбогдсон хэн бүхэнд хууль тэгш үйлчлэх ёстой. Харин манай улсад хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх ёс алдагдсан. Албан тушаал, мөнгөний өмнө хууль хүчгүйдэж байна. Бас нэгэн жишээ.

 

ЖДҮ-ИЙН ХЭРЭГ ЮУ БОЛОВ

 

Нийгмийн даатгалын сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан тэргүүтэй Засгийн газрын 28 тусгай санг дагасан авлига, албан тушаалын хэрэг АТГ дээр чамгүй шалгагдсан. Харин шийтгэгдсэн эрх мэдэлтнүүд гэж байна уу. Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлээс Засгийн газар, УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компанид зээл гаргуулсан нь олны шүүмжлэлд өртсөн билээ.

Прокурорын байгууллагаас зөвхөн уг асуудалтай холбогдуулан УИХ-ын таван гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах асуудал оруулж байсан бөгөөд Засгийн газрын тусгай сангуудад шалгалтын ажил хийж эхэлсэн. УИХ-ын 49 гишүүн холбогдсон тус хэргээс 15-ынх нь хэрэг цагаадсан гэх мэдээлэл бий. Харин үлдсэн 34 нь цайсан. Хэрэгт холбогдсон ч хээв нэг эрх чөлөөтэй амьдарч байна. Бүр УИХ-ын гишүүнээр дахин сонгогдоод явах жишээтэй.

 

ДАРХАНЫ ЗАМ ДАГАСАН ДАРГА НАРЫН ХЭРЭГ

 

Авлигатай тэмцэх газраас Зам тээвэр хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг баривчилсан талаар өнгөрсөн аравдугаар сарын 6-нд мэдээлсэн. Тодруулбал, АТГ-аас 2021 оны Азийн хөгжлийн банкнаас зээл олголттой холбоотойгоор зам барих багцын ажил. Мөн 2022 онд нээгдсэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор шалгалт хийж буй. Тендерийн бичиг баримт боловсруулсан, сонгон шалгаруулсан, олгосон санхүүжилттэй холбоотойгоор шалгалт явуулж байгаа бөгөөд одоогоор гурван хүнийг саатуулаад байгаа талаарх мэдээлэл ч бий.

Дарханы замтай холбогдуулан тендер шалгаруулсан бүх албан тушаалтнуудыг шалгана гэдгийг АТГ мэдэгдсэн. Энэ дагуу мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цугларсан нотлох баримтуудыг үндэслэн прокурорын хяналтан дор баривчлах үндэслэл тогтоогдсон тохиолдолд саатуулж байгаа аж. Одоогоор 10 гаруй албан тушаалтныг шалгаж, найман хүнийг нь яллагдагчаар татсан гэнэ. Ж.Бат-Эрдэнийг ямартай ч ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээд баривчлах үндэслэл тогтоогдсон учир прокурорын зөвшөөрлөөр 48 цагийн хугацаатай баривчилж, суллажээ. Энэ мэтчилэн АТГ-ын баривчилгаа, шалгалт сүр дуулиантай эхэлдэг ч сүүлдээ сулардаг жишиг тогтоод удаж байна. Дарханы замыг дагасан дарга нарын хэрэг хэрхэн шийдэгдэхийг харж л байя.

 

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ХЭРГИЙН ЭЦСИЙГ ҮЗЭЖ ЧАДАХ УУ

 

Энэ өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоогоод буй. Тус компанийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлж, бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилох шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Учир энэ онд багтаан 500 сая ам.долларыг улсад төвлөрүүлэх, нүүрсний хулгайг цэгцэлж, хулгайчдад хариуцлага тооцох гэж буй. Онцгой дэглэм тогтоосноос хойш компанийн таван даргыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг аравдугаар сарын 31-нд гаргасан.

Энэ талаар лавлахад, өнгөрсөн баасан гаригт Хүний нөөцийн хэлтсийн дарга н.Ариунзаяаг чөлөөлсөн. Харин түүний дараа Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат, Уул уурхай, технологийн газрын дарга Д.Уужимсанаа, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга З.Амгаланбаатар, Худалдан авалтын газрын дарга М.Бат-Эрдэнэ, Ерөнхий нягтлан бодогч н.Алтанцэцэг нарыг чөлөөлжээ. Албан бус эх сурвалжаас өгч буй мэдээллээр дээрх албан тушаалтнууд их хэмжээний мөнгийг үндэслэлгүйгээр бусад компани руу шилжүүлсэн байж болзошгүй гэнэ. Ийнхүү маш том хэргийн үзүүрээс АТГ атгаж чадсан ч эцсийг нь үзэж чадах эсэх нь юу бол.

Урьд өмнөх хэргүүд шиг сүржин эхлээд даржин дуусгахыг ч үгүйсгэхгүй. Хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой ч албан тушаал, мөнгөний өмнө хүчгүйдэж байгааг улс төрчдийн, өндөр албан тушаалтнуудын холбогдсон хэргийн жишгээс тодхон харж болох юм. Энд зөвхөн сүүлийн үеийн тодорхой хэргүүдээс дурдаж байгаа болохоос бус ихэс дээдэст холбогдох асар олон хэрэг сураг тасарсан. Тэдний өдүүлсэн хэргийг чухам хаана, хэрхэн булшилдаг нь нууц хэвээрээ байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ner(66.181.177.96) 2022 оны 11 сарын 04

71 ged shoorongin atamn geekl nadig zoodj hudn gemteele bolhor bi gomdolo heljina.

0  |  0
ner(66.181.177.96) 2022 оны 11 сарын 04

halh shorongin atman 71 hochtoi resedib oyutan zaluug zoodj tanahirlaa.

0  |  0
ner(66.181.177.96) 2022 оны 11 сарын 04

halh shorongin atman 71 olon jilin daraa shoorngso agr ired bas dahin hun alsan bainaa.

0  |  0
ner(66.181.177.96) 2022 оны 11 сарын 04

shorongin reeket 71 hochtoi saihan olon humuus deremdej bailaa

0  |  0
өм(192.82.90.29) 2022 оны 11 сарын 04

Ажнай хэмээгч Д.Батэрдэнийн нүүрсний болон ОХУ-н иргэнийг дээрэмдсэн хэрэг таг чиг шүү. монголын шүүх прокурор хэрэг алга даа. монгол намайг яаж ч чадахгүй гэдэг нь үнэн юм байна.хувийн арга хэмжээ авахад хуульгүй байлгүй.

0  |  0
НЭР(202.21.124.2) 2022 оны 11 сарын 04

АТГ арай л муу ажиллаж байгаа. ЗҮГЭЭР Л УЛС ТӨРЧДИЙН ЗЭВСЭГ\n

0  |  0
Top