УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн нэгдсэн хуралдаанд Сангийн сайд Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн өр барагдуулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн нь олны анхаарлыг татаж, чуулганы хуралдаанд зарим гишүүний хооронд хэл ам дагууллаа.
Хөгжлийн банк байгуулах Засгийн газрын тогтоол 2010 онд гарч, тусгай хуультай болсноор үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Улсын хэмжээний мега төслүүд, стратегийн чухал ач холбогдолтой гэж үзсэн хөтөлбөрүүдийг санхүүжүүлснээр эдийн засгийн чухал ач холбогдолтой гэж үзэж байв. Харин Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа энэ жил хүртэлх хугацаанд бүрдүүлсэн 3.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний эх үүсвэрийнхээ 1.5 тэрбумыг Засгийн газрын “Чингис” бондын эх үүсвэрээс, үлдсэнийг нь тус банк өөрөө татан төвлөрүүлсэн байна. Дээрх эх үүсвэрийнхээ гурван тэрбумыг нь төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхэд, 0.5 тэрбумыг нь өрийн удирдлага буюу эх үүсвэрийн дахин санхүүжилтэд зориулжээ. Ингэхдээ 2011-2016 онд 2.5 тэрбум ам.доллар буюу 70 хувьтай тэнцэх хэмжээний зээл олгосон бол 2017-2022 онд үлдсэнийг санхүүжилт олгосон байна.
Харин Сангийн сайд Б.Жавхлан “Төв банкны хяналт шалгалт зохицуулалтын оролцоог хангах талаар тусгаагүй, санхүүгийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, сайн засаглалын зарчим мөрдөөгүй нь банкны санхүүгийн чадавхыг сулруулж, эрсдэл бий болгосон. Засгийн газар 2012-2016 онд нийт 120 тогтоолоор, тухайн үеийн ханшаар 8.1 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний санхүүжилтийг Хөгжлийн банкаас гаргахыг даалгаж, 2.5 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилт олгожээ. Төсөл нэртэй хувь компанийг нэр цохон даалгасан тогтоол бий. Тодруулбал, шинэ бүтээн байгуулалтыг дэмжих нэрээр Эрэл ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинат төслийг тусгайлан нэр зааж, олгох санхүүжилтийн дүнг тогтоолдоо бичиж үүрэг болгосон. Мөн Шинэ яармаг орон сууцны хороололд 50 сая ам.доллар, төмрийн үйлдвэрийг дэмжих нэрээр Монлаа ХХК, Бэрэн групт зээл олгохыг даалгасан. Энэ нь шударга ёсонд нийцэхгүй, төр хэн нэгэнд давуу байдал бий болгосон алдаа. Эдгээр төслөөс заримынх нь үйл ажиллагаа эхлээгүйгээс гадна чанаргүй зээл нийт зээлийн 70 гаруй хувийг эзэлж байна. Монголбанкнаас 2021 онд тус банканд хийсэн шалгалтаар Хөгжлийн банкны идэвхтэй 3.2 их наяд төгрөгийн зээлээс чанаргүй нь 1.8 их наяд төгрөгт хүрч, чанаргүй зээлийн хэмжээ нийт багцын 55 хувьд хүрснийг албажуулсан. Засгийн газрын тогтоолоор олгосон зээл нийт зээлийн 73 хувийг эзэлж, банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 1.3 хувьд хүрсэн нь дампуурлын ирмэгт хүрсгэсэн” хэмээн чуулганы индэр дээрээс мэдээллэв. Мөн ирэх онд төлөгдөх бондын эргэн төлөлтийг хугацаанд нь хийхийн тулд Хөгжлийн банкны эргэн төлөлтөд Засгийн газраас онцгой анхаарч байгааг ч дуулгав. Угаас ирэх онд төлөгдөх хоёр бондын төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүйн улмаас бусад гадаад эх үүсвэрээс босгосон зээлүүд хугацаанаасаа өмнө төлөгдөхөөр болж, гадаад өрийн дарамт учрах эсрдэлтэйг эдийн засагчид, судлаачид хэлж байгаа.
Одоогийн байдлаар 41 зээлийг эргэн төлүүлэх, эрүүгийн журмаар 32 компанийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт гомдол гарган шалгуулж байгаа бөгөөд эргэн төлөлтийг энэ оны эцэст нэг их наяд төгрөгт хүргэж чадвал Хөгжлийн Банк дампуурах эрсдэлээс гарч, 2023 оны өрийн удирдлага хэрэгжүүлэх чадамжтай, томоохон төсөл хөтөлбөр санхүүжүүлэх боломжтой болно хэмээн Сангийн сайд мэдээлэлдээ онцолсон. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тус асуудалтай холбогдуулан мэдээлэл хийж, Сангийн сайд Б.Жавхланг огцруулах таван үндэслэл бүхий шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгчихөв. Тэгвэл түүнийг өмөөрч УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Сангийн сайдад хандан “Шударга баймаар байна. Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Ерөнхий сайдын мэдээлэл болох есөн хуудас материал цөөнхийн бүлгийн гишүүдэд тараасан. Гэтэл Б.Жавхлан сая тэс өөр юм уншлаа. Б.Жавхлан өөрөө гэмт хэрэгтэн мөн юм байна. Ц.Даваасүрэн гэдэг хүн энэ хүнийг Хөгжлийн банкийг хэрхэн дампууруулсан тухай хэд хэдэн удаа ярьсан. Тэр хүнийг алчих вий дээ” гэв. Харин Б.Жавхлан сайд түүний эл үгийн хариуд “Та битгий сандар. Миний танилцуулсан дотор нэг ч үсэг, зөрүүтэй тоо байхгүй. Өнөөдөр Хөгжлийн банкан дээр буй 3.2 их наядын 1.8 их наяд нь чанаргүй зээл. Чанаргүй зээлийн 1.5 тэрбумын шийдвэрийг гаргасан хүн тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг. Бүх бичиг баримтыг дахиж гаргаж хүргүүлж болно. Тухайн үед та “Өр тавиад байя, өр тавиад байя” гэж хэлсэн. “Чингис" бондын нэг тэрбум нь чанаргүй зээл болоод, Хөгжлийн банк дээр байж байна. Өнөөдөр татвар төлөгчдийн мөнгөөр таны авчирсан өрийг төлж байгаа шүү” хэмээх үгийг хэлэв.
Ийнхүү Сангийн сайдаа огцруулах шаардлагыг өөрийнх нь намын гишүүн өгч, түүнийг нь тухайн үеийн Ерөнхий сайд байсан сөрөг хүчний гишүүн өмөөрч суух юм. Энэхүү үйл явцыг “Хулгайч, хулгайчаа бариарай” хэмээн хашгирсантай ижил зүйл гэж зарим нь ярьж байгаа бол зүгээр ирэх онуудаа бодож, олон нийтэд таалагдахын тулд ингэж байна гэх нь ч байна. Дээрхийн аль нь ч байлаа гэсэн ирэх онуудад бид илүү ихийг сонсож, Хөгжлийн банкны хулгайн эздийг нэртэй зүстэй нь нэг талдаа гарахыг харах нь ээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )