НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш даваа гарагт Египетэд эхэлсэн COP27 дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхий нийт утааг бууруулах уу, эсвэл ирээдүй хойч үеэ уур амьсгалын гамшигт нэрвэгдүүлэх үү гэдгээ сонгох ёстой.
Тэрбээр Орос, Украины хооронд үргэлжилж буй мөргөлдөөн, дэлхийн инфляц болон эрчим хүчний хомсдол нэмэгдэж байгаа энэ үед уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэх талаар ярилцахаар цугласан төлөөлөгчдөд хандан “Хүн төрөлхтөнд хамтран ажиллах эсвэл мөхөх сонголт байна. Дэлхийн хамгийн баян орнууд буурай хөгжилтэй улсуудтай чулуужсан түлшнээс шилжих шилжилтийг түргэтгэх гэрээ байгуулах ёстой” гэжээ. Дэлхийн температур өссөөр байна. Бид уур амьсгалын тамд хүрэх хурдны зам дээр байна" гэжээ.
НҮБ-ын тэргүүний сэрэмжлүүлгийг АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Ал Гор дэмжиж, чулуужсан түлшний хараат байдлыг зогсоох шаардлагатайг онцолжээ. 2015 оны Парисын уур амьсгалын тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан орнууд дэлхийн температурыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.5 хэмээс дээш өсгөхгүй байх урт хугацааны зорилгодоо хүрэхийг хүсвэл 2050 он гэхэд дэлхий нийт утаагүй болох ёстой гэж Гутерриш мөн онцлов.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын 27 дахь удаагийн чуулган Египетийн Шарм-эль-Шейх хотноо болж байгаа бөгөөд энэ сарын 18-ныг хүртэл энэ чуулганы хүрээнд 100 гаруй үйл ажиллагаа зохион байгуулагдах хуваарьтай. Үүний нэг нь төр засгийн тэргүүн нарын уулзалт юм. Өнгөрсөн жилийн бага хурлаас дэлхийн агаарын температурын дундаж өсөлтийг аж үйлдвэржилтээс өмнөх түвшинтэй харьцуулахад цельсийн 1.5 градуст барихын төлөө хүчин чармайлт гаргахаар тохирсон. Гэвч НҮБ-ын сүүлийн тайлангаар, хүлэмжийн хийн ялгаруулалт энэ эрчээрээ байвал температурын өсөлт зууны төгсгөл рүү 2.5 хувьд хүрэхээр байна.
19-р зууны сүүл үеэс өнөөдрийг хүртэл Дэлхий дунджаар 1.1 градусаар дулаарсан. Энэ дулаарлын тал шахам хувь нь сүүлийн 30 жилийн дотор явагдсаныг НҮБ-ын судалгаа харуулаад байна. Гэтэл зарим улс бусад түлшнээс хүлэмжийн хий ялгаруулалт их нүүрсний хэрэглээг нэмэгдүүлж байна. Грек гэхэд гурван жилийн өмнө нүүрсний бүх дулааны станцаа хаахаар шийдвэрлэж байсан бол, сая ийм станцуудынхаа ашиглалтыг 50 хувиар түр нэмнэ гэж зарласан. Европын холбооны орнууд мөн Оросын хийж байгаа дайнтай холбоотой асуудлуудаас үүдэж уламжлалт ашигт малтмалд түшиглэх хандлагатай байна. ОУАЭА-гийн тооцоогоор, энэ онд ЕХ-ны орнуудад нүүрсний хэрэглээ долоон хувиар нэмэгдэх төлөв гарчээ. Ийм нөхцөлд Египетэд чуулж байгаа 200-аад улсын төлөөлөгчид дундын үр дүнгээ тооцож, мөн цаашид авах арга хэмжээгээ яаравчлах тал дээр шийдэлд хүрэх гарц хайхыг зорьж байна.
Энэ хүрээнд дэлхийн дулаарлаас шалтгаалсан гамшиг хохирлыг даван туулахад нь хөгжиж буй орнуудад санхүүгийн тусламж үзүүлэх асуудлыг тусгайлан хэлэлцэх нэгдсэн шийдэлд улс орнууд уулзалтын эхний өдөр хүрсэн байна. НҮБ-ын хүрээнд 30 орчим жил яригдаж байгаа энэ талын яриа хэлэлцээ өнөө хэр шийдлээ олоогүй. АНУ зэрэг хөгжингүй орнууд тухайлбал, хэт өндөр төлбөр төлөх үүрэг хүлээхээс болгоомжлон уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан хохиролд холбогдох санхүүгийн тусламжийн тухай хэлэлцээнд орохгүй байгаа юм байна.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
Chaampar ats
Guts ovgon chinii gaviya NUB delhii dahind yu ch hiij chadahgui ni haragdlaa . NUB Amerik Ahiinhaa hereglesen alan deer ottei boovoo shurguuldaar baigaad buzar bolson Hogiin Baiguullaga