Соёлын яамнаас зохион байгуулж буй Соёлын бүтээлч сарын хүрээнд “Утга зохиол судлал, шүүмж, хамтын ажиллагаа, бодлого” форум өнөөдөр болж байна.
Соёлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 соёлын боловсрол олгох үйл ажиллагааг: “Соёлын боловсрол хүнийг соён гэгээрүүлэх, авьяас, ур чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, үндэсний соёлын үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэх, хүндэтгэх, хамгаалах дадал, чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ”. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн Зорилт 1.1.-д “Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр үндэсний бахархал төлөвшүүлж, эх оронч үзэл, эв нэгдлийг нягтруулна.” гэж заасан байдагчлан, бүх нийтийн соёлын боловсролын гол тулгуур үндэсний уран зохиол нь олон түмнийг гэгээрүүлэн боловсруулах, мэдлэг ухааныг тэлэх, Монголын өв соёлыг хадгалан хамгаалахад чухал үүрэгтэй юм.
Иймд форумын үдээс өмнөх хэсэгт “Утга зохиол судлал, шүүмж” ерөнхий сэдвийн хүрээнд “Монголын утга зохиол судлалын тулгамдсан асуудал”, “Монголын утга зохиолын шүүмжийн өнөөгийн байдал” сэдвээр судлаачдын илтгэлийг хэлэлцүүлж, өргөн хүрээний санал шүүмжлэл өрнүүлэн зохиолчид, судлаачид, ном бүтээгчдийн саналыг тусгахаар ажиллах бөгөөд энэ хэсгийг МЗЭ-ийн ажлын хэсэг удирдан явуулах юм.
Харин үдээс хойших хуралдааныг “Адмон” хэвлэлийн газар, “Номын соёлт ертөнц” ТББ удирдан явуулж, “Хамтын ажиллагааны боломжууд” ерөнхий сэдвийн хүрээнд “Утга зохиолын сан”, “Номын салбарын татварыг тэглэх тухай”, “Номын эрх, ОУ-ын гэрээ хэлэлцээр” болон бусад амин чухал сэдвүүдээр хэвлэлийн газрууд, судлаач, уран бүтээлчдийн төлөөлөл болох залуу үеийнхний илтгэлийг сонсож, форумд оролцогчдын санал шүүмжлэлийг өрнүүлэн, номын салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь уран бүтээлчид, судлаач шүүмжлэгчид болон ном бүтээгчид, хэвлэлийн газруудын саналыг тусгахаар ажиллах юм.
Энэхүү хэлэлцүүлэг, зөвлөгөөний үр дүнд утга зохиол, ном хэвлэл, хэвлэн нийтлэлийн салбарынхны хамтын ажиллагааны боломжуудыг нээх, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, цаашдын хөгжлийн чиг хандлагаа тодорхойлох чухал ач холбогдолтой юм.
Монгол Улсын Засгийн газраас баталсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх 6 чиглэлд Утга зохиол, ном хэвлэлийн салбар багтсан бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсад утга зохиол, ном хэвлэлийн салбарт 951 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 6457 хүн ажиллаж, 124.5 тэрбум төгрөгийн зах зээлийг бий болгож байна. Хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэрт хамгийн олон хүн ажиллаж байгаа бол цахим номын худалдааны чиглэлд 20 хүн ажиллаж байгаа судалгаа гарсан байдаг.
“Утга зохиол судлал, шүүмж, хамтын ажиллагаа, бодлого” форумыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 10 дугаар сарын 17-ноос эхлэн утга зохиол, ном бүтээлийн салбарыг төрөөс дэмжих бодлого боловсруулахад баримтлах үзэл санааг нэгтгэх зорилгоор Соёлын яам, МЗЭ, “Номын соёлт ертөнц” ТББ, “Адмон” хэвлэлийн газраас хамтран нийт 12 удаагийн урьдчилсан хэлэлцүүлэг, уулзалт ярилцлагуудыг зохион байгуулсан бөгөөд эдгээр уулзалт, хэлэлцүүлгүүд нь утга зохиол, ном хэвлэлийн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох, талуудын оролцоог хангаж, тэдний саналыг тусгахад чиглэж байв.
Уулзалт, хэлэлцүүлгүүдийн үеэр бодлогын баримт бичигт тусгах санал, санаачилга олон гарснаас тодорхой сэдвүүдийг онцгойлон форумын үеэр хэлэлцүүлж, оролцогчдын саналыг сонссоны үндсэн дээр шүүн тунгаах бөгөөд эдгээр саналуудыг хамтарсан ажлын хэсгийн гишүүд нэгтгэн боловсруулж нэгдмэл нэг бичиг баримтын төсөл болгох юм.
Форумын хэлэлцүүлэгт утга зохиол, ном, хэвлэн нийтлэгчдийн 100 гаруй төлөөлөл оролцон, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар болон Монголын утга зохиолын бодлогын баримт бичигт тусгах бодлогын зөвлөмж гаргана.
Форумаар хэлэлцсэн сэдвүүдийн хүрээнд “Номын ертөнц” нэвтрүүлгийн тусгай дугаарыг бэлтгэж ТВ9 телевизээр олны хүртээл болгох бөгөөд сошиал сувгуудаар ч нэгэн адил түгээх юм. Форумын хамтран зохион байгуулагчаар МУҮНС, МЗЭ, “Номын соёлт ертөнц” ТББ, “Адмон” хэвлэлийн газар ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Zuv asuudal devshuuljee.