Т.Батжаргал: Надад итгэл хүлээлгэсэн тэднийхээ төлөө хичээх болно

2022 оны 11 сарын 11

“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөрлөн ирнэ” хэмээн их найрагч Д.Нацагдорж нэгэнтээ шүлэглэсэн байдаг.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС болон ШУТИС-д бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо саяхан мордсон.

Энэ жил эхний ээлжинд 256 оюутан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Канад Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Австралийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс зэрэг 13 орны их, дээд сургуульд суралцах юм.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлтийн эзэн 2100” тэтгэлэгт хөтөлбөрт багтаж Бүгд найрамдах Польш улс руу суралцахаар болсон оюутнуудын нэг Т.Батжаргалтай цахимаар холбогдон ярилцлаа. 


-"Илгээлтийн эзэн 2100" тэтгэлэгт хетелберт тэнцэж эх орныхоо нэрийг гаргахаар явах гэж байгаад юуны түрүүнд баяр хүргэе. Ерөнхийлөгчийн илгээлтийг аваад хамгийн түрүүнд хэнтэй баяраа хуваалцав?

-Би Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Ерөнхий боловсролын сургуулиас тэтгэлэгт сонгогдсон. Анх ноднин жилийн арванхоёрдугаар сард улирал дундын шалгалт эхэлчихсэн ачаалал ихтэй үе байсан. Гэтэл манай сургуулийн орос хэлний багш чатаар холбогдон “Илгээлтийн эзэн 2100“ тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн байна. Баяр хүргэе” гэж хэлсэн. Үүнийг сонсоод баярлах уйлах зэрэгцээд хэлэх үг олдоогүй. Үнэхээр сайхан мэдээг багш маань надад дуулгасан. Тухайн үед “Дэлхийн шилдэг их сургуульд суралцуулна” гэх гарчгийг харчихаад үнэхээр их догдлож баярын нулимс нүд дүүрч байсан. Ингээд хамгийн түрүүнд ээж рүүгээ залгаад “Ээжээ, охин нь тэтгэлэгт тэнцсэн байна” гэхэд ээжийн минь хоолой зангираад л явчихсан.

-Аль улс руу ямар мэргэжлээр суралцахаар болсон билээ?

-Бүгд Найрамдах Польш улсын “University of Technology and Humanities in Radom” сургуульд Эдийн засгийн шинжээч мэргэжлээр суралцахаар болоод ирчихсэн байна. Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байна.

-Яагаад энэ мэргэжлээр суралцах болов. Мэргэжил сонголтод чинь юу нөлөөлсөн бэ?

-Ер нь гэр бүлийн маань зүгээс өөрийн хүсэж байгаа мэргэжлээр суралцаарай гээд мэргэжил сонголтыг өөрт минь даатгасан. Ахлах дунд сургуульд байхаасаа л математикийн хичээлд сонирхолтой байсан нь эдийн засагч мэргэжлийг сонгоход нөлөөлсөн.

-Чамтай хамт хэчнээн оюутан суралцахаар болсон бэ?

-Надтай нийлээд нийт 46 оюутан Польш улсад ирсэн.

-Тэтгэлэгт тэнцсэн залуучууд гадаадад сурч ирээд эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд гар бие оролцоно гэх алсын зорилго тээж яваа. Ард түмэн ч тийм зүйлийг хүлээж бйагаа. Тэгвэл чиний тухайд их сургуулиа  төгсөж ирээд юу хийх вэ. Цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Мэргэжлийнхээ дагуу хичээнгүйлэн ажиллаж, эх орондоо хэрэгцээтэй боловсон хүчин болохыг хүсэж байна. Мөн үргэлжлүүлэн гадаадад магистр, докторын зэрэгт суралцахаар төлөвлөж байгаа.

-Гадаадад суралцахад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх чухал. Чиний тухайд ямар хэл сурсан бэ?

-Ахлах сургуулиасаа орос хэлний олимпиад, уралдаан тэмцээнд оролцож байсан учир анхан шатны мэдлэгтэй. Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хамрагдсан хүүхдүүд англи, орос, хятад хэлний аль нэгийг нь сонгон суралцах боломжтой юм байна лээ. Энэ жилдээ Польш улсын “University of techmology and Humanities” сургуульд польш хэлний бэлтгэлд суралцана.

-Тус тэтгэлэгт хөтөлбөрийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Залуучууд гадаадад сурах мөрөөдөлтэй ч санхүүгийн боломж хомс байдаг. Харин Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, 330 сум, есөн дүүрэг, хороо бүрээс шалгарсан хүүхэд бүрд маш том боломж олгосон тэтгэлэг гэж харж байгаа. Алслагдсан аймаг сум, дүүрэгт амьдарч, суралцдаг хүүхдүүд олон улсын тэтгэлэгт хамрагдах нь асуудал ихтэй. Бараг л өдрийн од шиг ховор зүйл. Би энэ тэтгэлэгт тэнцэх гэж эртнээс мөрөөдөж хичээсний эцэст сонгогдож чадсан. Тийм учраас өөрөөрөө яг одоо бахархаж байна. Мөн залуучууд бидний хүсэл мөрөөдлийг дэмжиж тэтгэлэгт хөтөлбөрийг зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд үнэхээр их баярлаж байна.

-Цагийн зөрүү уур, амьсгалд хэр хурдан дасах юм шиг байна вэ?

-Бүгд найрамдах Польш улс Монгол Улсаас долоон цагийн зөрүүтэй юм байна. Одоогоор цагийн зөрүүгээ гаргаж чадахгүй эрт нойрмоглоод байгаа. Уур амьсгалын хувьд чийглэг, ирсэн өдрийн өглөөнөөс орой хүртэл бороо орсон. Гэхдээ хурдан дасах байх. Тэгж байж л сайн суралцаж, хүсэл мөрөөдлөө биелүүлж, хүмүүсийн итгэлийг алдахгүй байна шүү дээ.

-Гэр бүлийнхэн чинь юуг аминчилж захив. Монголд суугаа аав ээж, төрөл төрөгсөд ахан дүүсдээ хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Ярилцлагыг маань уншиж байгаа намайг таньдаг бүх хүмүүстээ энэ өдрийн мэнд хүргэе. Охин нь зорьсон газраа сайн явж ирээд, сайн сууж байна. Та бүхэн маань надад санаа зоволтгүй шүү. Мөн энэ хүртэл намайг дэмжиж амжилтын замд минь дөрөөлсөн ээж, ах, дүү, Цагаан-Үүр сумын Засаг даргын Тамгын газрын хамт олон, болон багш нартаа баярлаж байгаагаа хэлмээр байна. Ээж, аав минь намайг үдэж өгөхдөө хилийн дээс алхаж хүний нутагт сурах гэж байгаа хүн шүү чи. Тиймээс нэн түрүүнд эрүүл мэнддээ анхаараарай. Мөн найз нөхөдтэйгээ эвтэй, нэгэндээ дэмтэй байгаарай, эрдэм номоо сайн сураарай гэж захисан. Охин нь итгэлийг нь алдахгүй ээ.

-Эх орноосоо яваад хүний нутагт очсон сэтэгдэл нэг тийм хөндүүрхэн л байгаа байх даа. Гэхдээ маш том зорилго тээж олон хүний итгэл даасан үйл хэргийг гүйцэлдүүлэх гэж яваа хүн шүү гээд өөрийгөө хурцалж сууна уу?

-Мэдээж маш том хариуцлага, үүрэг даалгавар авсан хүн. Өөрийнхөө төлөө надад итгэл хүлээлгэсэн тэднийхээ төлөө хичээх болно.

 

Б.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чимэддорж(124.158.67.197) 2022 оны 11 сарын 11

Польш улс математикийн ШУ илүү хөгжсөн АНУ-н дараа ордог орон,Хүний эрхийг дээдэлдэг ардчилал их хөгжсөн нийгэмтэй,Хүнд үйлдвэр ихтэй худалдааны ухаанаар дэлхийд тэргүүлдэг хүмүүстэй,Тэнд байх хугацаандаа Англи,Герман хоёр хэлийг сайн сураарай боломжтой,юуны өмнө хүний хэлснийг ойлгодог болчихвол цааш нь төвөггүй ахиулах боломж бий

0  |  0
Top