Томуугаас айх цаг | Хүүхдийнхээ ВАКЦИНЫГ ХИЙЛГЭСЭН ҮҮ!

2022 оны 11 сарын 12

ХҮҮХДҮҮД МЕТАПНЕВМОВИРУСИЙН ЦОЧМОГ ХАЛДВАРААР ХҮНДЭРЧ БАЙНА

Сүүлийн хоёр сарын хугацаанд эцэг, эхчүүдийн тамирыг барж байгаа зүйл нь хүүхдүүдийн ханиад. Бидний эргэн тойронд "Хүүхэд маань ханиад хүрээд эдгэрэхгүй удлаа. Эмчийн бичиж өгсөн эмийг уугаад ч нэмэр алрга. Эмнэлэгүүд пиг байна. Энэ ханиаданд юу сайн бэ?" гэсэн олон хүн байна. Энэ ханиад нь эдгэрэлт удаан, дахих хандлагатай байгааг бид харж байгаа.

ХӨСҮТ-өөс өгч буй мэдээллээр вирус судлалын лаборторид ирж байгаа тандалтын шинжилгээгээр томуугийн вирус хараахан орчилд ороогүй байна. Харин SARS-CoVid-2 болон Хүний метапневмовирус (HMPV) вирус зонхилох хувийг эзэлж байна.

Бусад томуу, адиено вирус, коронавирус, бокавирус зэрэг амьсгалын замын цочмог халдварыг үүсгэдэг ижил төстэй шинж тэмдгээр илэрдэг вирусууд нэлээд байна. Өнөөдрийн хувьд эдгээр вирусууд давамгайлж байна гэж ойлгож болно.

Хүний метапневмовирус (HMPV) нь лабораторийн шинжилгээгээр эерэг гарсан нийт сорьцын 30 гаруй хувийг эзэлж байна.

Энэ вирус нь нэлээд хүндрэлтэй явагддаг. Амьсгалын дээд зам болон доод эрхтнүүдийг гэмтээгээд явдаг учраас хатгалгаа, бронхит, астма зэргийг үүсгэж, эмнэлэгт хэвтэх шалтгаан болдог гэдгийг эмч, мэргэжилтнүүд онцоллоо.

Энэ нь зөвхөн амьсгалын замаас гадна хоол боловсруулах эрхтний замыг гэмтээдэг. Ингэснээр ханиалгах, нусгайрах, хамар хоолойн салстууд хөөх, улайх, хавагнахаас гадна гүйлгэх, суулгах, бөөлжих, дотор муухайрах гэсэн шинж тэмдгүүд илэрч байгаа. Энэ хордлогын шинж тэмдэг нь өвчлөгсдийн 50-60 хувиас илэрч байна. Бага насны хүүхдүүд энэ халдвар нэлээд өртөх шинжтэй байна.

Энэ вирусээр бүх насны хүн өвддөг ч манай улсад одоогоор хүүхдүүдэд түлхүү, ялангуяа 5 хүртэлх насны хүүхдүүдэд зонхилон өртөж байна.

 

ТЭГВЭЛ ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга, доктор А.Бурмаа “Ерөнхийдөө амьсгалын замын цочмог халдварыг үүсгэж байгаа вирусийн өвчлөлөөс сэргийлж, өөртөө болон бусдад халдаахгүйн тулд өвөрмөц сэргийлэлт, өвөрмөц бус сэргийлэлт гэж байдаг.

Өвөрмөц сэргийлэлт гэхээр вакцинжуулалт юм. Одоо бол зөвхөн томуу дээр л вакцин байгаа. Бусад вирусийн хувьд өвөрмөц сэргийлэлт байхгүй байна.

Өвөрмөц бус сэргийлэлт гэдэг нь халдварын дэгдэлт гарч байгаа үе хүн цугласан, бөөгнөрсөн газраас аль болох хол байх, мөн өвчитнийг тусгаарлах, аль болох түүнтэй хавьтах хавьтлын тоог цөөлөх, ялангуяа хүндрэл өгч байгаа вирусийн үед хэвтрийн дэглэм бариулах хэрэгтэй. Эмчид хандах хэрэгтэй. Дуран мэдэн эмчилж болохгүй. Эрүүл ахуйн дэглэмийг маш сайн сахиж, чийгтэй цэвэрлэгээ хийх, агааржуулалт, өрөөний температурыг хэвийн буюу 20-22 хэмтэй байлгах, унтаж амруулах, улиралд нь тааруулж хувцаслах, идэвхтэй хөдөлгөөн, цэвэр агаарт алхах, аль болох тайван байлгах гэсэн зүйлийг хийх хэрэгтэй. Мөн полийн хүчил, витаминуудыг хэрэглэж, дархлаагаа дэмжих хэрэгтэй" гэдгийг зөвлөсөн.

Томуугаас айх цаг!

Түүнчлэн арваннэгдүгээр сарын дунд үеэс эхлээд томуугийн А, В вирус хүн амын дунд нэлээд дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж, оргил үе нэгдүгээр сарын сүүл хоёрдугаар сард болдог. Тэгэхээр дээр өгүүлсэн өвөрмөц бус сэргийлэлтээс гадна томуугийн эсрэг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг эмч, мэргэжилтнүүд уриалж байна.

Хэдийгээр томуугийн А, В вирус орчилд ороогүй байгаа ч дэлхий дахинаа томуугийн А вирусийн Н3N2 дэд хэв шинж 90 орчим хувийг эзэлж байна. А вирусын H1N1 дэд хэв шинж 10 орчим хувьтай байна. Зэрэгцээд В вирусууд орчилд орж байгаа.

Тэгэхээр хэзээ мөдгүй манай улсад томуугийн вирус орж ирэх нөхцөл байдал бүрдэж байгаа учраас бусад вирусуудтай хамтраад зэрэгцээд явбал нэлээд хүнд магадлалтайг мэргэжилтнүүд анхаарууж буй.

2022-2023 оны улирлын томуугийн вакцинжуулалт улсын хэмжээнд тавдугаар сараас эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр 15-ныг хүртэл явагдаж байна.

2022 онд Монгол Улсын Засгийн газраас 500,000 хүн тун томуугийн вакциныг худалдан авахаар болсон. Түүнчлэн олон улсын байгууллагаас 45,000 хүн тун вакцины дэмжлэг үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, нийт хоёр эх үүсвэрээс 545,000 хүн тун томуугийн вакциныг хүлээн авсан.

Өнөөдрийн байдлаар БНСУ-д үйлдвэрлэгдсэн Грийн кросс үйлдвэрийн томуугийн эсрэг А хүрээний хоёр вирус, В хүрээний хоёр вирусийн эсрэг хамгаалах чадвартай дөрвөн цэнт вакцин хэрэглэж байгаа юм. Өөрөөр хэлбэл А хүрээний H1N1, В хүрээний H2N3 вирусийн эсрэг хамгаалалт, дархлаажуулалт үүсгэх  вакциныг хийж байна.

Дархлаажуулалтыг 21 аймаг, есөн дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төв, байнгын болон түр цэгүүдээр зохион байгуулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хоролгарав(66.181.161.7) 2022 оны 11 сарын 15

үнэ төлбөргүи юм уу

0  |  0
Top