Н.Энхбаяр: Засгийн газар өөрөө уурхайчин болчихлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 17

УИХ-ын чуулганаар ирэх оны улсын нэгдсэн төсвөө хэдхэн хоногийн өмнө баталсан. Тэгвэл ирэх оны төсөв хэр бодитой, алдагдал багатай төсөв болсон эсэх талаар эдийн засагч, судлаач Н.Энхбаярын байр суурийг сонсож, “Өглөөний зочин”-оор урилаа.


-Ирэх онд төсвийн нийт орлогоо 19.5 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн. Орлогыг бодитой,  боломжтой гэж байгаагаа ч албаны хүмүүс хэлж байна. Эдийн засагч хүний хувьд үүн дээр ямар тайлбар хийх вэ?

-Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас өндөр хамааралтай. Олон улсын байгууллагаас ч үүнийг анхааруулж байгаа. Бусад аж үйлдвэржсэн болон үйлчилгээний салбар зонхилсон орныг бодвол манай эдийн засаг савлагаатай байна. Өнгөрсөн 20 жилийн гол экспортын бүтээгдэхүүн болсон төмрийн хүдэр, зэс, нүүрсний үнийг авч судаллаа.

Үүнээс харахад үнийн маш их савлагаа ажиглагдсан. Энэ нь хамгийн багадаа 500 сая, дээд тал нь 2.5 тэрбум ам.доллар хүрсэн байгаа юм. Энэ их савлагаа нь төсвийг савлуулах гол шалтгаан болж байна. 2015-2016 онд эдийн засгийн хямрал ч түүхий эдийн үнийн савлагаанаас шалтгаалсан. Одоогоор түүхий эдийн үнэ сайн байгаа боловч удаан үргэлжлэх магадлал бага. Түүхий эдийн үнийн өсөлт гурван жилийн хугацаанд үргэлжилж байгаа. Одоо тэгэхээр өссөн үнэ нь буцаад унаж болзошгүй гэсэн үг. Хэрвээ аж үйлдвэрийн юм уу, үйлчилгээний салбар байсан бол энэ тогтвортой байгаа. Гэтэл манайх маш их хэлбэлзэлтэй орлого дээр суурилж байна. Төсвийн өндөр зарлагаас хамаарч, орлогоо хэт өөдрөг төсөөлж байна.

-Манай гол худалдан авагч бол БНХАУ. Өмнөд хөршид тодорхой эрсдэлүүд байгаа. Эдийн засгийнх нь өсөлтийн саармагжилт, гангын үйлдвэрийн хэрэглээ буурсан, ковид гээд асуудал бий. Ийм байхад манай улс нүүрсээ хүссэн зорилгодоо хүртэл борлуулж чадах уу гэх болгоомжлол байгаа. Таны ярианы эхлэл ч үүнийг бататгаж өгч байна?

-Угаасаа манай улсын эдийн засаг түүхий эдээс өндөр хамааралтай. Жишээ нь, 2019 онд 36 сая тонн нүүрс экспортолж байсан. Өөрөөр хэлбэл, хамгийн амжилттай нүүрсээ гаргаж чадсан жил. Тэгэхэд төсвийн орлого 12 их наяд төгрөг байсан. Түүнээс хойш энэ хэмжээний нүүрсийг гадагш гаргаж чадаагүй. Энэ жил л гэхэд 24 сая тонныг л гаргах төлөвтэй байна. Гэтэл ирэх онд төсвийн орлогоо дахиад л өөдрөгөөр тавиад байгаа юм. Тэр 19.5 их наяд гэдэг дотор чинь 36 сая тонн нүүрс гэдэг тоо чинь бодогдчихсон гэсэн үг. Төсвийн орлогын бараг гуравны нэгийг уул уурхайн салбараас оруулна гэж төлөвлөсөн. Гэтэл энэ нь маш их эрсдэлтэй. Биет хэмжээгээрээ нүүрсийг 36 сая тонн гаргах бараг л боломжгүй. Яагаад гэвэл, дэд бүтцээрээ буюу төмөр замаар холбогдоогүй. Тэр яриад байгаа бүх зам талбайгаа янзалж дуусахад хоёр жилийн хугацаа орно. 2025 он гэсэн үг. Дээр нь түүхий эдийн экспортын эрсдэлт хүчин зүйлд манай урд хөршийн нөхцөл байдал, мөн Украины дайны асуудал  нөлөөлнө.

Мөн саяхныг хүртэл манай улс коксжих нүүрсний экспортоороо Хятадын зах зээл дээр номер нэг байлаа. Гэтэл сүүлийн хоёр жил ОХУ, АНУ Хятадын зах зээлд маш хурдтай орж ирж байгаа. Үүнээс гадна Украины дайнаас болоод ОХУ-ын түүхий эдийг Европын холбооны улс авахгүй гээд зарлачихсан. Тиймээс ОХУ гаргаж чадахгүй болсон түүхий эдээ Хятад, Энэтхэг рүү гаргаж байгаа. Оны эхний арван сарын байдлаар Хятад, ОХУ-ын хоорондын худалдаа 153 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн оноос 30 хувиар өссөн. Он дуустал бүр илүү өсөх нь байна.

Хэдхэн хоногийн өмнө нэг хурал дээр ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч хэлэхдээ “Нэгэнт ийм нөхцөл байдалтай байгаа болохоор Европ руу гаргаж чадахгүй байгаа түүхий эдээ Хятадын зах зээл рүү 50 хүртэл хувиар үнийг нь бууруулж худалдана” гэж мэдэгдсэн. Энэ бодит болох боломжтой. Ялангуяа Тяньжин орчмын боомтууд дээр ОХУ-ын хямд үнэтэй, их хэмжээний нүүрс буугаад ирэх юм бол манай улсын өрсөлдөх чадварт маш их нөлөөнө. Ерөнхийдөө манай улсын коксжих нүүрс Өвөрмонголын Бугатын Төмөрлөгийн үйлдвэрийг л хангаж байгаа юм. Түүнээс цааш тээвэрлэгдэж чадахгүй байна. Тэгэхээр төмөр замаа дэд бүтцийн хувьд Хятадын төмөр замтай холбоод ложистик болгож чадаагүй нөхцөлд бид өрсөлдөх чадвараа алдсаар байх болно. Тэгэхээр ирэх оны төсвийн орлогын энэ өндөр тоо судалгаагаар гарсан гэдэгт миний хувьд итгэхгүй байгаа. Ялангуяа нүүрсний экспортын хувьд.

-Улсын нэгдсэн төсвийн зарлага 20 их наяд давсан. Зарлагын задаргааг та харж амжсан уу. Уг нь хэмнэлтийн тухай эрх баригчид их л ярьдаг ч бодит амьдрал дээр хэрэгжүүлж чадаж байгаа нь эргэлзээтэй?

-2017 оны төсвийн гүйцэтгэлээр төсвийн нийт зарлага есөн их наяд төгрөг байв. Гэтэл 2022 онд 18 их наяд төгрөгийн зарлагатай буюу хоёр дахин их байна. Тавхан жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. Манайх шиг хөгжиж байгаа их улсууд дунд төсвийн зарлага нь ингэж өсөж байгаа улс байхгүй.

Бид төсвийн зарлагаа хэт өсгөөд байна. Гол шалтгаанууд нь дараах асуудалтай холбоотой. Нэгдүгээрт, суурь үрэлгэн бүтэц байна. Хоёрдугаарт, халамжийн бодлого байна.

Халамжийн асуудлыг Дэлхийн банк байнга анхааруулж байгаа. Миний тухайд эдийн засгийн суурь бүтэц дээр алдаа байна гэж үзэж байна. Бид 2000 оны эхээр буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж байна гээд нэлээд удаан явсан. 2006, 2007 онд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөөд Монгол Улс анх удаа коксжих нүүрс дэлхийн зах зээлд гаргаж эхэлсэн. Түүнээс өмнө манай экспортод зэсийн баяжмал, төмрийн хүдэр, жонш, газрын тос, алт гардаг байв. Ингээд коксжих нүүрс экспортод гарч хоёр тэрбум ам.долларын орлого шинээр ороод ирэхээр эдийн засгийн бүтцийн өөрчлөлт шинээр хийхээ больчихсон. Тайвширчихсан гэсэн үг.

Хэрвээ уул уурхайн бүтээгдэхүүнээс орж ирэх орлого байгаагүй бол бид эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийх байсан. Яаж зардлаа хэмнэх вэ гэдэг дээрээ ч анхаарна. Уул уурхайн салбараас хамаарсан Голланд өвчин гэдэг нь энэ л дээ. Мөнгө байгаа юм чинь хөрөнгө оруулалтуудаа санхүүжүүлээд яваад байж болно гэсэн ойлголттой болчихсон. Суурь эдийн засгаа үрэлгэн болгож буй хэд хэдэн ажил бий. Үүний нэг нь Соёлын төв барих ажил байна. Соёлын төвд хөдөө тархан суурьшсан иргэдэд соёлын үйлчилгээ үзүүлэх зориулалттай. Гэтэл одоо техник технологи хөгжөөд Соёлын төвийн ач холбогдол 50-60 хувь буурчихлаа. Энэ бүх соёлын үйлчилгээг гар утсаараа, телевизээс авчихдаг болчихлоо.

Хэрвээ бид уул уурхайгаас хамааралтай бус байсан бол энэ Соёлын төвийг сургуулийн спорт заалтайгаа хамт хийж болох байв. Соёлын төв, спорт заалаа хамт хийчихвэл урсгал зардлаа ч хэмнэж болно. Бүх салбарт яг ийм хэмнэж болох зардлууд ч байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг сонгуулийн тойрог услах замаар л цацсаар ирсэн гэхэд хилсдэхгүй.

-Засгийн газрын нийт өр 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 32.4 их наяд төгрөгт хүрсэн. Үүнээс 29.7 их наяд төгрөг нь Зас­гийн газрын гадаад өр. Үлдсэн 3.7 их наяд төгрөг нь Засгийн газрын баталгаа, концесс, орон нутгийн зээл эзэлж байгаа талаар эрх баригч нар мэдээлсэн. Үүнээс үзвэл өрийн хэмжээ үнэхээр өндөр байна. Өрөө яаж дарах вэ?

-Хамгийн гол нь гадаад өрийг нэмж байна. Бидний хуримтлагдсан өр чинь тэр чигтээ төсвийн орлогоо хэт өндөр төсөөлснөөс болж байгаа юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төсвөө алдагдалтай баталсан нь ковидын нөлөө гэж байгаа. Ковидын нөлөө байх нь байгаа. 2020 онд төсвийн алдагдлаа таван их наяд болтол нь тэлчихсэн. Энэ нь гадаад өрийн дарамт нэмж байна. Үүнээс шалтгаалж бараа үйлчилгээний үнэ нэмэгдэж байгаа.

2012 хүртэл манайх ОУВС болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас зээл авч байв. Энэ зээл нь 20-30 жилийн зээл. Эхний 10 жил нь үндсэн өрөө төлөхгүй зөвхөн хүүгээ төлөөд 10 жилийн дараа үндсэн өрөө төлдөг. Олон улсын байгууллагын зээлийнхээ хугацааг сунгаж ч болдог байв. 2012 оноос хойш бид бонд гаргаж эхэлсэн. 3-5 жилийн буюу маш богино хугацаатай, өндөр хүүтэй. Хугацаа сунгах ч боломжгүй.

Бондоос хамаарч манайх Өрийн удирдлагын тухай хууль баталсан. Энэ хуулийн дагуу дунд хугацааны Өрийн стратегийн баримт бичиг гэж баталсан. Үүгээр зохицуулах ёстой. Гэтэл үүнд шинээр өр үүсгэхгүй байх тухай хязгаарлалт нь маш бага байна. Тэр өрийн хязгаарыг сайн үйлчилдэг болгомоор байна. Одоогийн байгаа валютын нөөц дээр өр төлнө гэдэг маш хэцүү.

-Монгол Улс төсвийн тогтвор­той байдлын тухай хуулиа батлаад 10 гаруй жил болж байна. Гэтэл энэ хугацаанд 12 удаа тус хуульд өөрчлөлт оруулсан байдаг. Эндээс хара­хад манай улсын төсвийн сахилга бат хэр байгааг илтгэх юм. Сахилга батын тухайд та юу хэлэх вэ?

-1924 онд анхны Үндсэн хуулиа баталсан. Тэр Үндсэн хууль дотроо төсвийг яаж батлах тухай заалтаа хүртэл оруулсан. Одоогийн Төсвийн тухай хуульд байгаа “Алдагдлыг нэмэгдүүлж болохгүй, үрэлгэн зарлага байж болохгүй” гэсэн үндсэн зарчмууд тэр үед хүртэл байсан. Гэтэл өнөөдөр намар нь баталчихаад хавар нь болохоо байлаа гээд л өөрчилдөг. Хэмжээ нь томроод ирэхээр хэмжээндээ тааруулаад л цамцаа томруулаад явдаг. Тэгвэл ингэж өөрчилж болохгүй хууль нь Үндсэн хууль. Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гээд бүх хуульд төсвийн сахилга батын зарчмууд байгаа. Үндсэн 20 зарчим ч байна. Аль хэдийнэ хуулиндаа оруулчихсан. Харамсалтай нь дагаж мөрддөггүй.

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиараа өнөө жил Эдийн засгийн хөгжлийн яам байгууллаа. Энэ яам бодлого төлөвлөлтийг зангиддаг гол яам болох учиртай. Яамны дэргэд Үндэсний хөгжлийн хүрээлэн байгуулна гэж хуулиндаа заасан. Тэгэхээр судалгаагүй хийгээд байгаа ажлаа судалгаатай хийе гэдэг санааг хуулиндаа тусгасан хэрэг. Манай улсад хийж чадахгүй байгаа зүйл бол бодит нөхцөлд үр шимээ өгөх тийм төслийг боловсруулж чадахгүй байна.

Наад захын жишээ, Яармагийн зам, Дарханы зам. 2015 онд сайхан зам тавьсан ч түүнийг ганцхан автозамын инженерийн зурсан зургаар л хийчихсэн. Нийгмийн болон бусад хүчин зүйлсийг огт тооцоогүй. Үүний үр дагавраар долоон жилийн дотор гурван ч удаа энэ замыг сэтэллээ. Хамгийн харамсалтай нь энэ зам дээр 60 гаруй хүн амь насаа алдлаа. Уг нь анхны төслөө олон талаас нь харж боловсруулсан бол ийм үр дагавар гарахгүй байсан. Дарханы зам ялгаагүй. Төслийн менежментээ хийж чадаагүйгээс болж тэр зам дээр цаг хугацаа, эдийн засаг, хүний амь настай холбоотой олон асуудал гарлаа.

-Ярилцлагын төгсгөлд, төрийн өмчит Эрдэнэс Таван­толгой ХХК-д үүсээд буй нөхцөл байдлын талаар таны байр суурийг сонсох гэсэн юм. Тус компанийн хувьд нөгөө итгэл найдвар болоод байгаа нүүрс­ний экспортын чинь хамгийн гол ачааг үүрэх газар шүү дээ?

-Энэ компани чинь оператор боллоо, сүүлдээ тээвэрлэгч боллоо. Үндсэндээ, Засгийн газар өөрөө уурхайчин болчихлоо. Уг нь Засгийн газар уурхайчин биш шүү дээ. Тогтолцооны хувьд энэ компанийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах хэрэгтэй. Нөгөө яриад байсан IPO энэ тэрийг нь гаргуул. Засаглалынх нь хувьд зөв болго. Аажим, аажмаар л төрийн оролцоог багасгаж өгөх хэрэгтэй. Тэртэй, тэргүй салбарын яамд тус компанийн дээр нь байгаа шүү дээ. Төсвийн зарлагаа багасгаад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх ёстой гэдэг шиг Эрдэнэс Тавантолгой цаашдаа олон нийтийн өмчит хувьцаат компани болох ёстой. Төрийн өмчийн захирал тэнд бус олон нийтээс сонгогддог нээлттэй удирдлагын тогтолцоо нэвтэрч байж хөгжинө. Тэгэхгүй бол одоогийн байдаг тогтолцоо хэвээрээ л явна.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dongis(66.181.161.48) 2022 оны 11 сарын 17

Za bitgii hutc ediin zasagj nar gej ym ymand iluu hoshiulaj baidag darwagaruud za ulsad hiij buteesen oligtoi yuj bgui hudlaa tom tom baasan baasanuud ardaa dandaa zahialgaar uls ter dagsan salbadai nartaa adil

0  |  2
Тони(103.212.118.183) 2022 оны 11 сарын 17

ТЭЦ-3 ын өргөтгөлийн ажил ямар аймаар үнэтэй вэ. 1 мвт-ын = 3.06 сая $. Өргөтгөх шинжчлэх ажил ОУ ын тариф гээч юм байна. 1мвт нь 1.2 сая $ хавьцаа. Энэ арай дэндлээ. Энэ талаар дуугарах хэлж ярих ганц ч амьд амьтан алга гэж үү

0  |  0
Top