Германы сонгодог зохиолч Бертольт Брехтийн “Сычуаны сайн хүн” жүжгийг УДЭТ-ын уран бүтээлчид удахгүй тайзнаа тавих нь ээ. Уг жүжгийн мөн чанар, нийгэм, олон нийтэд өгөх өгөөжийн талаар ухаж ойлгохын тулд зохиолч Бертольт Брехтийн талаар тодорхой мэдээлэлтэй байх нь чухал. Тийм учраас суут зохиолч Бертольт Брехтийн амьдрал, уран бүтээлийн талаар олон талын судалгаа, шинжилгээ хийсэн жүжгийн зохиолч, орчуулагч, профессор Н.Пүрэвдагватай уулзаж ярилцлаа.
Түүний хувьд Б.Брехтийн “Театр: шүлэг найраг, нийтлэл, ярилцлага, хэлсэн үг” номын орчуулагч юм.
-Б.Брехт Монголд “морилох нь ээ”. Тэр хэн болох талаар ярилцлагаа эхлүүлье?
-Нэгдүгээрт, Дэлхийн уран зохиолын цуврал номын 158 дугаар хуудаст энэ хүний шүлэг нь гардаг. Тэгэхээр түүнийг монголчууд мэдэх ёстой юу гэдэг хариулт нь энэ. Тэр бол дэлхийн хүн. Монголчууд зохиолчийнх нь хувьд аугаа Мишигийн Цэдэндоржийн орчуулсан хэдэн шүлгээр мэднэ.
Хоёрдугаарт, “Дэлхийн жүжгийн дээжис” боть ном гарсан. Түүний долоодугаар түүвэрт Брэхтийн олон жүжиг орсон. Түүнээс гадна 1972 онд С.Галсанжав найруулагч Ц.Зориг зураачтай хамтраад УДЭТ-т анх удаа Брехтийн “Эхийн сэтгэл” жүжгийг Монголд тавьсан байдаг. Дараа нь энэ жүжгээ 1980 онд буюу найман жилийн дараа дахин тавьсан. Ингээд 1988 онд Б.Мөнхдорж найруулагч нэгэн жүжгийг нь тавьсан байдаг. Зураач нь Б.Төмөрхуяг. Эндээс харахад Б.Брехтийн хоёр жүжгийг гурван удаа тавихдаа найман жилийн зайтай тайзнаа амилуулсан байгаа нь сонирхолтой. Харин одоо бол нэг хачин сонирхолтой үйл явдал болж байна.
-Ямар?
-“Сычуаны сайн хүн” жүжгийг найруулж, тайзнаа тавих гэж буй Э.Ёндоншарав найруулагчийн талаар өгүүлье. Энэ хүн бол Л.Лхасүрэн найруулагчийн шавь. Монголчууд Л.Лхасүрэн найруулагчийг Гарын таван хурууны Шагдар гэдгээр мэднэ. Энэ хүн шавийгаа хойшоо /Москвагийн театрын их сургууль/ найруулагчаар суралцахаас нь өмнө нь УДЭТ руу дагуулж ирсэн. Ирэх, ирэхдээ Л.Лхасүрэн найруулагч шавь Э.Ёндоншаравыгаа хөтлөөд “Энэ миний шавь. Түүнийг аваадах” гээд найруулагч Б.Баатар дээр ирсэн байдаг. Хариуд нь Б.Баатар “Энэ хүүхдийг авахгүй байж яаж болох билээ. Найруулагч бид ингэж л нэг нэгэндээ туслахаас өөр яах билээ. Энэ хүүхэд нь ч гайгүй юм” гэж хэлээд авч байсан. Өөрөөр хэлбэл, Э.Ёндоншарав бол УДЭТ-ын удирдлагын бодлогоор гарч ирсэн найруулагч. Нэг сонирхолтой зүйл ярьж өгөх үү, чамд.
-За?
-Нэлээд хэдэн жилийн өмнө УДЭТ-ын уран бүтээлчид В.Карасногоровын долоон жүжгийг тавьсан. Тэгэхэд нөгөө том найруулагч Б.Баатар “Би тавина. Гэхдээ би энэ хүүхэдтэй хамтарч тавина” гэж хэлээд дээрх жүжгүүд дээр туслах найруулагчаар Э.Ёндоншаравыг ажиллуулсан байдаг. Анзаарсан бол драмын гадаа нь Б.Баатар, Э.Ёндоншарав хоёрын зураг хамт байгаад байсан даа. Ингээд яг жүжиг тавих болоход Б.Баатарын зураг байхгүй болоод Э.Ёндоншаравын зураг найруулагчаар үлдсэн байдаг. Яагаад вэ, Б.Баатар шинэ найруулагч гаргаж ирж байсан юм. Дөнгөж сургууль төгсөж ирсэн хүүхэд их театрт жүжиг тавина гэдэг амаргүй. Гэхдээ Э.Ёндоншарав тавьсан. Түүний дараа Э.Ёндоншарав удалгүй хойшоо сурахаар явсан. Суралцаж ирээд УДЭТ-д Б.Брехтийн жүжгийг тавих гэж байна.
Би яагаад найруулагч Л.Лхасүрэнг онцгой гээд байна вэ гэвэл, УДЭТ-т Брехтийн бас нэг жүжиг тавигдсан. Тэр жүжгийг найруулагч Ч.Түвшин тавьсан. Ч.Түвшин бол Л.Лхасүрэнгийн шавь. Өөрөөр хэлбэл, Л.Лхасүрэнгийн хоёр шавь Б.Брехтийг Монголд тавьж байгаа нь сонин.
-Таны хувьд Б.Баатар найруулагчтай маш олон жүжиг дээр ажилласан хүн. Тэр ч утгаараа Б.Баатар найруулагчийг хамгийн сайн мэдэх нэгэн. Тэгвэл Б.Баатар найруулагч Л.Лхасүрэн гуайн саналыг яагаад тийм уриалгахан угтаж авсан юм бол оо?
-Б.Баатар бид хоёрын маш олон жүжиг тавигдсан. Тэгэхээр одоо би Э.Ёндоншаравт “За миний дүү гэнэ үү, миний хүү гэнэ үү”. Ямартай ч “Энэ хоёр том найруулагчийнхаа нэрийг гээж болохгүй. Айхтар ачаа тээж яваа найруулагч шүү” гэж хэлэх эрхтэй хүн болчихоод байгаа юм. Дараа нь дахиад нэг сонин юм ярьж өгөх үү.
-За?
-Энэ “Сычуаны сайн хүн” жүжгийн ерөнхий зураачаар нь орос хүн ажиллаж байгаа. Зураач Анна Гребенникова бол Э.Ёндоншарав найруулагчтай нэг анги. Эндээс үзвэл, зураач найруулагч хоёрын чадварыг хамтад нь Москвагийн театрын их сургуульд суралцсан байгаа юм. Жүжгийн гол асуудлыг шийддэг хоёр хүн нь тайзны зураач, найруулагч байдаг. Тэгэхээр тийм туршлага Москвагаар дамжиж Э.Ёндоншараваар орж ирж байна гэсэн үг.
-Ярилцлагаа Брехт гэж хэн болох талаар үргэлжлүүлье?
-Брехт бол их сонин хүн. Түүний хувьд 1898 онд Германы угсаа гарал өндөртэй баян хүний хүүхэд болон мэндэлсэн. Цаасны үйлдвэрийн эзний хүү. Тэгсэн тэр хүү 10 хэдэн насандаа шүлэг зохиолоо бичиж, Анагаахын дээд сургуульд орсон байснаа хаяад урлан бүтээх ажилд шуударсан байдаг. Түүний шүлгүүд дэлхийг шуугиулсан, олныг донсолгож байсан. Шүлэг нь театрт жүжиг болж тавигдаж байв.
-Түүнийг дэлхийн театрын урлагт хувьсгал хийсэн хүн гэдэг юм билээ. Туульсын театр гэдэг ойлголт ч Б.Брехттэй салшгүй холбоотой юу?
-Туульсын театр гэдгийг манайхан буруу ойлгоод байдаг юм. Туульс гэдэг чинь ардын аман зохиолын нэг хэлбэр. Туульсын театрыг Европын Аристотелийн үеэс Эпос театр гэж нэрлэсэн. Энэ нь үндсэндээ уран зохиолын нэг хэлбэр.
Хамгийн бүдүүлгээр хэлэхэд бичиг үсэг зохиогдохоос хойших зохиол бол эзэнтэй зохиол. Тэгвэл бичиг үсэг зохиогдохоос өмнөх зохиолчгүй зохиолыг Эпос гэнэ.
-Манай ардын аман зохиол л юм биш үү?
-Яг тийм. Тэрийг л хэлэх гээд байгаа санаа нь. Өөрөөр хэлбэл, жүжиг гэдэг бол язгуураараа юу байдаг вэ гэвэл, шилжсэн бүтээлийг хэлнэ. Зохиол байна. Тухайн зохиолыг найруулагч жүжиг болгон тавьдаг. Зохиолч нь жүжгэн дээр хоёр болоод гараад ирж байна. Эх сурвалж болсон зохиолыг нь бичдэг нэг хүн байна. Түүнийг нь жүжгийн зохиол болгодог нэг хүн байна. Яагаад Монголын уран зохиолд жүжгийн зохиолч гэдэг хүн ховор байдаг вэ гэвэл, ерөөсөө л энэ. Өөрөөр хэлбэл, жүжгийн зохиолч хүн өргөн мэдлэгтэй буюу хөгжим, зураг, нийгмээ мэдэрдэг ийм хүнийг жүжгийн зохиолч гэнэ.
-Брехт юугаараа аугаа вэ?
-Аугааг нь тодорхойлох маш олон юм байгаа. Гэхдээ ганцхан зүйл хэлье. Шекспир Эпос зохиолч. Грек, Ромын үеийн үлгэр домгоос сэдэвлээд тавын таван аугаа эмгэнэлийн зохиол биччихсэн. Тавууланг нь Монгол тавьсан. Туульсын гэх мөртлөө юугаараа ялгаатай байна вэ гэвэл, Шекспирийнхийг эпос зохиол гэж хэлнэ. Тэгэхээр Шекспир тэр үлгэр домгоос сэдэвлэн орон зайжуулаад, цаг үежүүлээд, эзэн биетэй болгоод эцэстээ түүхэн үнэн үйл явдал мэт болгоод бичсэнийг Шекспирийн эпос гэнэ. Харин Брехтийнх юу вэ. Жишээ нь, “Сычуаны сайн хүн”. Сычуан гэдгийг бид сонсож байсан. Энэ жүжгэн дээр тэр хот гарах уу
-Тус хотын талаар гарах юм биш үү?
-Үгүй. Сычуан хотын амьдрал бараг байхгүй. Тэгэхээр мань хүн Сыучань гэдэг нэрийг л “ашигласан”. Европчуудын хувьд сонин байхгүй юу. Уран зохиолын арга бий л дээ. Юун, яасан хятад ороод ирэв ээ гэж гайхах нь аргагүй. Европчуудын хувьд хятад хүн байх нь сонин байхгүй юу. Дараагийн сонирхолтой юм нь энэ жүжгийг хэзээ бичив. Дэлхийн нэгдүгээр дайнаас хоёрдугаар дайн дуусах хүртэл хүн төрөлхтөн их өөрчлөгдсөн. Хүн алж байна уу. “Үгүй яахав алж л байдаг юм чинь. Хажууд үхэж байна, “Үгүй яахав дээ, үхээ л биз” гээд барагтай юм тоохоо байсан тийм үед бичигдсэн зохиол. Хүн төрөлхтөн үнэхээр гөлийчихсөн. Тийм үед дайн тулаанаар хүнийг цочоохгүй. Үхэл хагацлаар цочоохгүй. Тэр үед юугаар цочоох вэ гэдгийг л шийдсэн зохиол бол энэ. Тэгвэл ийм зохиолыг одоо Э.Ёндоншарав гэдэг найруулагч яаж шийдэж вэ гэдгийг л бид харах ёстой.
Өөрөөр хэлбэл, Монголд өнөөдөр бүх зүйлийг тоохоо байсан. Тэр ч байтугай дэлхий нийт ч тийм байна. Одоо олон улсын том кино наадам нь хүртэл гахайгаар хийсэн гол баатартай киног шилдгээр шалгаруулж байна. Яагаад вэ, сайхан хүүхнүүд гараад дууссан. Сайхан залуус гараад дууссан. Хавь орчмыг нь алаад хядаад дуусдаг ганц баатраас уйдсан. Одоо юу үлдсэн. Гахай л үлдсэн.
-Энэ утгаар нь аваад үзвэл дээрх жүжиг цагаа олж тавигдаж байгаа юм байна?
-Яг үнэн. Энэ жүжгээс хүн нэгийг ухаж л ойлгох учиртай. Түүнээс биш нижигнэтэл алга ташаад, орилж шүгэлдэх биш. Жүжиг үзээд гарах үзэгч бодож л гарах ёстой.
Нэмж хэлэхэд, Герман гэдэг үндэстэн дэлхийн хоёр их дайны дараа асар богино хугацаанд боссон улс. Өөрөөр хэлбэл, дэлхийн хоёрдугаар дайны дараа балгас болсон Герман улсын аугаа сэтгэгчид “Бөндгөрт чинь байгаа юмаар л улс орон өөдөө босдог юм” гэдгийг хэлж байсан. Тэр сэтгэгч хэсэг улсуудын сүүлч нь Бертольт Брехт байгаа юм. Ер нь XX зууны театр урлагийн сэтгэгчид дунд Германы хоёр том төлөөлөл байгаа. Нэг нь В.Э.Мейерхольд, нөгөө нь Бертольт Брехт. Энэ хоёрын театр урлагт оруулсан онол их сонин. Тэдний талаар манайхан зөрүүтэй янз бүрийн мэдээлэл гаргаж байсан.
Гэтэл энэ хүмүүсийн сүүлд хэвлэгдсэн ном товхимлоос харахад “Багш хүн өөрийнхөө ард туйпуу зохиж байгаатай адил тийм найруулагч нарыг төрүүлдэггүй юм. Харин уран бүтээлчид дор бүрдээ өөр өөрийн шийдэлтэй байхыг хэлнэ. Шавь байхыг бид багшийнхаа хийж байгаа үйл хэргийг үргэлжлүүлэн авч явах гэж ойлгодог. Тийм учраас бид Станиловскийгийн шавь юм. Станиловский юу хийсэн хүн бэ гэвэл, тайз дэлгэцийн урлагт сэтгэл судлал, нийгмийн сэтгэл зүй гэдэг шинжлэх ухааны ойлголт дээр урлан бүтээх ухааныг оруулж ирсэн хүн. Шинжлэх ухаанч хандлага оруулсан гэсэн үг.
Б.Брехт театр тайзны урлаг, жүжиг гэдгийг цаг хугацаа орон зайн шилжилт. Чухам энэ шилжилтэд тулгуурлан өнгөрсөн явдлын алдаа оноог өнөө цагтай холбон өнөөгийн хүн ардад бодол эргэцүүллийн сэдэл төрүүлэх шийдэл гэж үзсэн хүн. Мейерхольдын гаргаж ирсэн үзэгчдийн сэтгэлзүйн тухай ухагдахууныг Б.Брехт өргөжүүлэн тэлсэн, тэлэх учир шалтгааныг тогтоохыг оролдсон уран бүтээлч.
Эцэст нь жүжиг бол үнэнээс чухам үнэнийг шигшин үзүүлдэг урлаг.
Найруулагч, хөгжмийн зохиолч, зураач, жүжигчдийг хамтран үнэний эрэлд мордох сэдэл нь жүжгийн зохиол. Чухам тийм учраас тайзны уран бүтээл гэдэг гүн ухааны нэгдэл, цаг хугацаа орон зайн орчилд үзэгчдийг хөтлөн хийдэг танин мэдэхүйн аялал байх ёстойг Б.Брехтийн бүтээлийн мөн чанараас олж таньж болно.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Сычуань чинь хужаагийн нэг муж хот байдаг санагдаж байна. Гэтэл Брехт Германы зохиолч байдаг. Монголооо гэж ....