Хулгайлагдаж, шатаж, устаж буй “ГАЛЕРЕЙ” аврал эрж байна

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 11 сарын 21

Улсын алтан сан хөмрөгт авсан уран зургийн гайхамшигт бүтээлүүдийг хадгалж байдаг “Уран зургийн галерей” Соёлын төв өргөөний нэг буланд байрлаад 32 жил болж байна. Энэ хооронд захирал нь байсхийгээд солигддог.

Хуучирч муудсан байрны дээврээс удаа дараа ус алдаж, дүрслэх урлагийн үнэлж баршгүй бүтээлүүд устаж үрэгдсэн. Цахилгааны монтажаас болж гал гарч шатсан. 2008 оны үймээний үеэр олон бүтээл түймэрт өртсөн. 2009 оны тавдугаар сард уран зургийн сан хөмрөгт гал гарч 900-гаад сор бүтээл шатсан гэх мэдээлэл дуулдаж байв. Үүний зэрэгцээ нэртэй зураачдын бүтээл гадагшаа гарсан, хулгайлагдсан, хуулбарлагдсан байна гэх яриа олны дунд яригдсаар ирсэн байдаг. Мөн Галерейгаас алга болсон зураг томоохон цуглуулагчийн хувийн галерейд байна гэнэ” гэх сураг чих дэлсэж байлаа.

Сүүлд буюу 2009 онд Эрүүгийн цагдаагийн газрынхан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү Х.Болдбаатарын “Монгол Арт” хувийн  галерейд нэгжлэг хийж, хэд хэдэн уран зураг хураан авсан байдаг. Энэ мэт олон асуудлаар “Уран зургийн галерей”-н захирал Б.Сарантуяа, МУЭ-ийн ерөнхийлөгч П.Ганбат, Ардын зураач Г.Дунбүрээ, Ш.Чимэддорж, Монгол Улсын Соёлын  гавьяат зүтгэлтэн, хөрөг зургийн нэрт мастер Н.Орхон тэргүүтэй уран бүтээлчдийн хамт өчигдөр хэвлэлийн хурал зарлан олон нийтэд мэдээлэл өглөө.


 

“Дүрслэх урлагийн бүтээл тусгаар тогтнолын нэг баталгаа юм”

 

Хэвлэлийн хуралд оролцогчид Монголын уран зургийн галерей өөрийн байргүй байж болохгүй. Нийслэлийн өмчийн СТӨ-ний байранд 32 жил түрээс төлөөд байж байна. Гадаадын улс орнууд Дүрслэх урлагийн бие даасан музейтэй байдаг. Манай улс ийм байх боломжтой.

Дүрслэх урлагийн бүтээлүүд бол өв соёлын хосгүй дурсгал, тухайн улсын тусгаар тогтнолын нэг баталгаа юм.

Гэтэл сор болсон бүтээлүүд гал усны аюулд өртөж, хулгайд алдагдаж ирсэн гашуун түүх байгаа нь харамсалтай. Хадгалалт, хамгаалалтын асуудлыг ярих ёстой. Устаж үгүй болсон бүтээлүүдийг сэргээн засварлах төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч улс нь анхаарахгүй бол гадаадын байгууллагууд тэр бүр гар сунгаад байх боломж хомс байна.

Мөн ажилчдын цалин бага, нийгмийн баталгаа байхгүйгээс боловсон хүчний хомсдолд орсон. Энэ бүхнийг үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, Засгийн газар, Ерөнхий сайд, салбарын сайд нарт дуулгаж ирсэн ч анхааралдаа авч шийдсэн зүйл байхгүй. Соёлын үнэлж баршгүй өвийг хадгалж байгаагийн хувьд “Уран зургийн галерей” маш том эрсдэл үүрч ирлээ. Үндэсний аюулгүй байдал, соёлын аюулгүй байдал алдагдахад хүрлээ. Энэ бүхнийг гаргаж хэлэхгүй бол эс үйлдлээрээ гэм хэрэг болж, бид  хариуцлага хүлээх юм байна. Иймд олон нийтэд хандан мэдээлэл хийж байна хэмээн хэллээ.

 

 

Б.Сарантуяа: Сэргээн засах лабораторийн зардлыг 2023 оны төсөвт суулгасангүй

 

2008 оны долдугаар сарын 1-ний үймээн, 2009 онд гарсан галд 900-гаад бүтээл өртсөн. Хоёр удаа сэргээн засах хөтөлбөр явуулаад зогссон. Урлагийн бүтээл үрчлэх хөтөлбөр явуулж, долоон аж ахуй нэгж хамрагдаж хөрөнгө мөнгөө гарган бүтээлийг олон нийтэд хүргэж байгаа. Шатсан зургуудаар хаалттай үзэсгэлэн гаргаж Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад хандсан ч анхаарч үзээгүй.

Өөрсдийн хүчээр, төсөл, хөтөлбөрөөр зарим зургийг сэргээн зассан. Энэ жил олон улсын байгуулагын тусламжаар Сэргээн засах лабораторитой болсон ч 2023 орны төсөвт энэ лабораторийг ажиллуулах төсөв батлаагүй. Сан хөмрөгчдийн цалин, химийн урвалжид төсөв гаргаж өгөөгүйг “Уран зургийн галерей”-н захирал Б.Сарантуяа энэ үеэр онцлов.

 

 

Нэрт зураач О.Цэвэгжавын “Азарганы ноцолдоон” зургийн эх хувь алга болжээ

 

Хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Соёлын  гавьяат зүтгэлтэн Н.Орхон “Уран зураг бол алтнаас илүү баталгаатай эд. Гэтэл “Уран зургийн галерей”-н алтан сан хөмрөгт хадгалагдаж буй миний багш, Зууны манлай, Ардын зураач, Төрийн хошой шагналт О.Цэвэгжав агсны “Азарганы ноцолдоон” зургийн эх хувь биш, хуулбар нь байж байна. Энэ 30 жилд ганц дүрслэх урлаг гэлтгүй бүх юм холион бантан болсон.

Соёлын үнэт хосгүй өвүүдийг ийш тийш болгох, хуулбарлах, шатсан нэрээр алга болгох явдал их болсон.

Энэ байдалд би сэтгэл дундуур байдаг” гэсэн.

“Азарганы ноцолдоон” зургийг юунд үндэслэн хуулбар гэж үзэж байгаа талаар асуухад “Би багшийнхаа бүтээлийг танина. Зургийн холст, өнгө зэргээс уран зураг мэддэг хэн ч харсан үүнийг ойлгоно. О.Цэвэгжав багшийг энэ бүтээлээ зурж байх үед хоёр метрийн өндөртэй холст байдаггүй байсан. Тиймээс социализмын үед пиджакны дотор наадаг бордок гэх холстон дээр залгаас хийж зурсан. Би таамаглаж ярьж байгаа юм биш баримттай хэлж байгаа юм шүү ” хэмээн мэдэгдэв. Мөн тэрбээр “Үүнийг батлах шавь нар нь олон байгаа. Ер нь бол 1987-1989 онд Цэрэннадмид, Төмөр-очир гэж хоёр хүн хуулбарлан зурж байсныг харж байсан. Хулгайн асуудлыг шалгадаг газар нь шалгаж тогтоох ёстой байх. О.Цэвэгжав багшийн “Ажлын дараа” гэдэг зураг ч гэсэн эх хувь нь биш хуулбар харагдаад байна лээ” гэв.

 

“Их тэнгэрийн ам”-наас уран зураг хулгайлсан

 

2008 оны долоодугаар сарын 1-ний үймээний үеэр шатсан гэх зургууд дотор үрэгдсэн гэх нэгэн зураг сүүлд АН-ын нэр, нөлөө бүхий том хүний хувийн цуглуулгад байна гэх мэдээлэл гараад сураг алдарсан. Сүүлд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү Х.Болдбаатарын “Монгол Арт” хувийн галерейд нэгжлэг хийж, хэд хэдэн уран зураг хураан авсан гэсэн.

Тэдгээрийг ”Уран зургийн галерей”-д буцааж авсан эсэхийг тодруулахад “Уран зургийн галерей”-н захирал Б.Сарантуяа “Үүнийг ярихын өмнө нэг зүйлийг тодруулж хэлье. 1989 онд “Их тэнгэрийн ам”-нд гадаадын зочид, төлөөлөгчдөд зориулан 40 бүтээлийг аваачсан байдаг. Түүний дараачаар 1991 онд Дүрслэх урлагийн муейгээс “Уран зургийн галерей” салаад тусдаа зохион байгуулалтад ороход тэр бүтээлүүд ирээгүй, “Их тэнгэрийн ам”-нд үлдсэн. 2008 онд улсын тооллогоор 40 бүтээл ид шидийн юм шиг солигдсон. 35-36 огт өөр бүтээл болсон байсан. Үүнтэй холбоотой 21 зургийн асуудал яригдсан. Энэ асуудлаар хууль, хяналтын байгууллагад хандсан. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газар мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Нэг удаагийн ажиллагаагаар Х.Болдбаатарын “Монгол Арт” галерейгаас манайхаас алдагдсан “Бугуйлч” гэдэг бүтээл гарч ирсэн нь үнэн. Ойролцоо буюу төстэй 10 бүтээлийг авчирсан. Экспертүүдийн дүгнэлтээр “Бугуйлч” гэдэг бүтээл мөн болохыг баталсан” гэлээ. Харин цагдаагийн байгууллагаас дээрх хэргийг хаасан гэсэн хариуг саяхан “Уран зургийн галерей”-д ирүүлсэн байна.

 

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(59.153.112.134) 2022 оны 11 сарын 29

Эби гадаадаар зугаалж, алдартнуудыг онилж очиж зургаа татуулж, төрөөс хулгайлсан мөнгөөрөө тансаглаж явна. Түүнийгээ бас олон улсын байгууллагад ажиллаж байна гэж тайлбарлана.

2  |  0
Хов хов(172.56.153.88) 2022 оны 11 сарын 21

Энэ хулгайч Элбэгдоржийг барьж хорьж хөрөнгийг нь хураах болоогүй юу

1  |  0
Top