"Хөгжлийн төлөөх монгол эрчүүд" ТББ-ын тэргүүн С.Амарсанаатай ярилцлаа.
-Таныг нэлээд хүнд даваа туулж “Хөгжлийн төлөөх монгол эрчүүд” ТББ-ыг байгуулсан гэж сонссон. Энэ санаа хэзээ хэрхэн бий болов. Одоо ямар ажлууд зохион байгуулж байна?
-Энэ санаа 2008 онд анх төрсөн. Тухайн үед би архины хамааралтай болчихсон, хаашаа хандахаа мэдэхгүй их хэцүү байсан. Эмнэлэгт хэвтэхээр тариа хийлгээд унтаад байдаг. Гэртээ гарахаар нойр хүрэхгүй. Өдөрт ганц цаг л дугхийнэ. Тэгээд архи ууна, ерөнхийдөө шөнийн амьдралтай болчихсон. Сүүлдээ зүрх өвдөж, нойргүй байсаар ухаан санаа орж гараад, амиа хорлох гэж хүртэл үзсэн удаатай. Гэхдээ энэ бүхийг давах гэж маш их хичээсэн.
2008 онд уул руу агаарт гарахаар явсан. Тэнд очоод хоёр цаг гаруй алхаад сүүлдээ ядраад нойр хүрээд хадны нөмөрт унтаад өгсөн. Тэнд бараг 3-4 цаг унтсан байсан. Түүнээс хойш байнга ууланд алхдаг болж, хэвийн амьдралдаа орж эхэлсэн. Сүүлдээ бясалгал хийдэг боллоо. Ном уншдаг боллоо. Аль болох эрүүл мэндээ тэтгэх, оюун санаагаа хөгжүүлэхийг зорьсон.
104.5 радиог сонсч байтал эмэгтэйчүүдийн ярилцлага их явдаг, уулзалт, цуглаан ч ихээхэн зохион байгуулж мэдээлдэг нь анхаарал татсан. Үүнээс санаа авч эрчүүдэд зориулсан сургалт, уулзалт хийж болдоггүй юм уу гэсэн саналыг радиогийн редакцид тавьсан. Танай радио эмэгтэйчүүдэд хандсан олон нэвтрүүлэг, мэдээлэл явуулах юм. Эрчүүдийн үнэлэмж унаж, архинд живж, амьдрал нь хэцүүдэж байна. Тэднийгээ босгох, урам дэм, хүч өгөх хэрэгтэй байна гэсэн. Тэд миний саналыг хүлээн авч нэвтрүүлэг хийх болсноор эрчүүд тал талаас цугларч оролцдог болсон. Уулзаад ярьдаг сэдэв нь бид яагаад архинд живчихээд байна вэ. Яагаад өрхийн тэргүүний үүргээ нэр төртэй авч явж чадахгүй болов. Яагаад архи, спиртэд донтомтгой болов. Үүнийг өөрчилье, өөрсдийнхөө төлөө хичээе гэж санал нэгдсэн. Энэ санал, санаачилга маань явсаар 2010 онд ТББ байх нь зүйтэй юм байна гэсэн шийдвэрт хүрч албан ёсоор байгуулсан. Бид долоо хоногт нэг удаа ууланд аялал хийж, алдаа оноогоо дүгнэж ярьж, санал солилцоход бүгдийнх нь сэтгэл зүйд архийг жигших, яагаад өмнө нь тэрийг ууж амьдралаа үрж явснаа ойлгож ухаарал авсан. Үндсэндээ эрчүүдийн нөхөрлөл бий болсноор бие биеэсээ сайныг суралцаж, сайн сайханд тэмүүлж, ингэснээр хувь хүн өөрөө ч, гэр бүлийн амьдрал нь ч өөр болсон.
-Сүүийн үед “Кофе шоп”-ууд номын булантай, ном уншаад суух боломжтой болсон. Үүнийг эхлүүлсэн хүн нь таныг гэж нэг шавь чинь ярьсан. “Номын клуб”-ыг ямар зорилгоор бий болгов?
-Эрчүүдэд хандсан ТББ-ынхаа ажлыг цааш нь нийгэмдээ үр өгөөжтэй болгох үүднээс номын клуб байгуулсан юм. Залуусыг цуглуулаад номыг хэрхэн унших вэ. Уншсан номоо яаж өөртөө хэрэгжүүлэх вэ. Номоо яаж судлах вэ гэхчлэн залуусыг дэмжихэд зориулан өөрөөсөө тодорхой хэмжээний санхүү гаргаж, эхнэртэйгээ хамтран чөлөөт уулзалтыг аль нэг кафед зохион байгуулж ирсэн. Тооны хойноос хөөцөлдөж унших биш ном дотроо орж ойлгож, мэдэрч, бодож уншвал үр дүнтэй. Ном уншаад баян болчих, эсвэл бусдаас илүү болчих ойлголт байхгүй.
Тухайн зохиолч номоороо юу хэлэх гээд байгаа юм бэ гэдгийг бодож, боловсруулж, авах юм нь юу байна, гээх зүйл нь юу вэ, гадаадын зохиолчийн бүтээл бол манай нөхцөлд ямар байна гэдгийг бодож унших нь өгөөжтэй. Бас тэр хэмжээний хүмүүстэй номын тухай ярилцах нь мэдлэг олж авахад үр дүнтэй. Түүнээс телевизор үзэж, мэдээ сонсч, сошиал орчинд цагаа барж, янз бүрийн бичлэг хараад байвал хүний тархи ажилладаггүй. Тархи тэрийг боловсруулдаггүй. Ном, сонин уншиж байж л хүн мэдээллийг боловсруулж сурдаг. Телевизүүд бэлэн мэдээ шахаж, тэрийгээ бидний тархинд суулгаж өгдөг. Гэтэл бидэнд ялгах чадвар байх ёстой. Энэ мэдээнд юу буруу байна, юу зөв байна. Аль нь судалгаатай болон судалгаагүй худал байна вэ гээд тархин дотроо дүгнэж байх ёстой. Тийм болохын тулд ном уншиж, тоо бодож тархиа ажиллуулж байх учиртай. Хүн нүдээрээ хараад уншиж байхад тархинд мэдээлэл очиж, боловсруулалт хийж байдаг. Уран зохиолын ном уншихад хүнд төсөөлөл бий болж байдаг шүү дээ. Тэр бол тархи ажиллаж байгаагийн илрэл. Одоо хүмүүс сошиалд талцаж, телевизийн мэдээ хараад хэрэлдээд сууж байгаа нь тархи угаагдах нь амархан болсны нэг жишээ. Өөрөө тархиа ажилуулж чадахгүй байгаа нь тэр шүү дээ. Зөвхөн Монголд ч биш дэлхий нийтээрээ ийм болж байна.
Ер нь бол манай нийгэмд аль ч бүлгийнхэнд оюунлаг уулзалт хийх, чөлөөт ярилцлагын орон зай үгүйлэгдэж байдаг юм байна лээ.
Гадаадын улс орнуудад бол ийм уулзалтуудыг бүлэг бүлгээрээ хийдэг юм билээ. Дэлгүүр хэсдэг, хар тамхи хэрэглэдэг гэхчлэн муу зуршил донгоо дарахын тулд, эсвэл кино үздэг, нохой муур тэжээдэг, ном уншдаг гэхчлэн хоббигоороо хөгжүүлэх гэх мэт олон янзын нөхөрлөл бий болсон байдаг. Заримыг нь улсаас дэмжиж, сургалтад суулгах мэтээр ТББ-д хуваарилж, сүүлд нь төдөн цаг сургалтад суусан гэсэн тодорхойлолтыг гаргаж нийгмийн ажилтан руу нь явуулдаг байх жишээтэй. Ер нь нийгэмд хандсан ихэнх ажилд төр оролцохгүй, ТББ-уудаар хийлгэдэг жишиг тогтсон байдаг. Тэр ч байтугай хорих ангиудыг ч гэсэн ТББ хариуцаж, ял эдэлж буй хүмүүсийг нийгэмшүүлэх, сэтгэл заслын сургалтыг явуулдаг. Энэ нь их үр дүнтэй байдаг юм билээ. Мэдээж том бодлогыг нь улс авч явж, татвар болон бусад зүйлээр зохицуулж байдаг. Манай улс хэзээ тийм болох юм бол гэж бодогддог.
-Нийгэмд үүсч мэдэх сөрөг зүйлүүд, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг ТББ-ууд өөрсдийн санаачилгаар хийж өгөөд байна гэсэн үг үү?
-Ер нь бол аль ч улс оронд урьдчилан сэргийлэх ажлыг маш сайн хийж байх ёстой. Жишээ нь, хорих ангид ямар сургалт хийх вэ. Тэнд ямар сэтгэл зүйтэй хүмүүс байгаа нь ойлгомжтой шүү дээ. Яривал олон кейс энд байна. Хүнд гэмт хэрэг үйлдсэн, сэтгэл зүйн асуудалтай тэдгээр хүмүүст сэтгэл заслын сургалтыг хэрхэн хийх вэ, оюун санааг нь яаж эмчлэх вэ, тэднийг ямар арга замаар өөрчлөх вэ гэдэг асуудал бий.
Дэлхийн хөгжилтэй орнуудад бол “Библи” байна, номлогч байна. Сэтгэл зүйчийн үүргийг пастор гүйцэтгэж байна. Тэд бурхнаа ч ярина, библиэ ч ярина. Тэр улс орнуудад христчин хүн сэтгэлзүйч байх нь чухал нөлөөтэй гэж үзэж байна. Дан сэтгэлзүйч болохоор бурхны сургааль, номлолыг тэр бүр сайн мэдэхгүй. Хүн л болсон хойно айх, ичих мэдрэмж гэж бий. Бурхан гэж байгаа, намайг харж байгаа гэж ойлгож ав, тэрийг мэдэрч байгаа хүн арай ч тийм хүнд гэмт хэрэг хийчихгүй шүү дээ.
-Монголчууд бол өвдөж зовох, гэр бүл салж сарних, бизнес дампуурах гэхчлэн өөрт нь ямар нэг зүйл тулгарвал мэргэч төлөгч, зурхайч, лам нар руу мөнгө төлөөд очдог шүү дээ. Тиймээс сэтгэл зүйч хэрэгтэй байна, сэтгэл зүйн төвүүд дутагдаж байна гэлцдэг?
-Мэргэч төлөгч дээр зовж шаналсан иргэд зориод ирлээ гэхэд тэр хүн сэтгэл зүйн мэдлэгтэй бол зөвлөгөө өгч тайвшруулаад явуулах ёстой. Стресс бухимдалтай хүн ирвэл тайвшруулж чиглүүлээд явуулах хэрэгтэй.Тэгвэл тэр хүн би ингэж яваад байгаа юм байна. Миний буруу юм байна. Ингэж болохгүй юм байна шүү гэж гэмээ ухаарч, зөв тийшээ явна шүү дээ. Ядаж л би бага насандаа ийм цочрол авсан юм байна. Ийм гэр бүлд өссөн юм байна. Дутуугийн ийм комплекстой юм байна гээд өөрийгөө мэдэрсэн хүн цаашаа зөв явна шүү дээ.
Ер нь хүн болгон ментортой байдаг. Ойр тойрны хүмүүс, ах эгч, найз нөхөд гээд сайныг хэлж, зөвлөж байгаа хүмүүс бол ментор. Ийм хүмүүс надад ч байна. Асуудалтай хүмүүс бол 5-6 зөвлөхтэй ч байж болно. Зөвлөх гэдэг бол ажил хэргийн ч, амьдралын ч, сургалтын ч бүх талын юмыг зөвлөж байдаг. Би бас олон хүнд зөвлөдөг. Хувийн зөвлөх хийхэд тэр хүнийхээ нууцыг хэзээ ч гадагш ярихгүй. Тийм байж зөвлөх болдог. Хүнд гэр бүлийн зөв хүрээлэл, найз нөхөд байх хэрэгтэй.
Сэтгэл санааны спонсор болсон сайхан хүмүүстэй ойр байж зөвлөгөө авч байснаар хүн оюун санаа, сэтгэл зүйн хувьд эрүүлжиж байдаг.
-Нийгэмд хандсан танай ТББ-ын ажлууд, сургалтын үр дүн гэвэл та юуг нь онцлох бол?
-Манай сургалтад хамрагдсан хүмүүс эргээд залгадаг юм, “Амараа багш аа, Амараа ах аа, би архинаас гарч амьдралаа ингэж өөрчиллөө. Эхнэртэйгээ эргээд суулаа. Өмнө нь гэр бүлтэйгээ ингэж харилцдаг байж, одоо өөрөөр харилцаж байна. Ажил, бизнесээ буруу явуулж байснаа ухаарч заслаа. Одоо л зөв ажиллаж сурч байна. Ажлаа чин сэтгэлээсээ хийдэг болсон” гээд хүн болгонд баярлаж талархах шалтгаан бий болж, эргээд тэрийгээ илэрхийлж байдаг. Би тэдэнд урам өгч, одоо тэгээрэй, ингээрэй гээд зөвлөгөө өгдөг. Одоо ч заримтай нь уулзаж, зөвлөж, чиглүүлээд явж байна. Ингэснээрээ хэчнээн гэр бүлд туслаж, хэдэн хүн тусласнаа тоолж байсангүй. Бид бас асрамжийн газрын хүүхдүүдэд туслахыг хичээдэг. Голландын христэд итгэгч хүмүүсийн байгуулсан асрамжийн газар байдаг юм байна лээ. Тэр хүүхдүүдэд бид чадах ядахаараа ном хандивладаг. Өсвөр насны эрэгтэй хүүхдүүдэд номын тухай уулзалт хийж, тэдэнд аав нь, ах нь болж туслаж ирсэн.
-Асрамжийн газрыг христчийн сүмийнхэн ажиллуулж байна гэхээр манайхан шүүмжилдэг. Таатай ханддаггүй. Гэтэл бодит байдалд тийм л байна. Яавал дээр юм бол?
-Асрамжийн газрыг христэд итгэгч хүн ажиллуулж, хүүхдүүдийг библиэр сургаж байгаа нь миний хувьд харин ч зөв санагдсан. Өнөөдөр олон улсын хууль журам библиэр явж байна. Тэнд муу үйл хийж болохгүй, зөв бай гэж сургадаг. Би өсөхөөсөө эхлээд буддын шашинд итгэж, лам, мэргэч төлөгчдөд мөнгө өгч, ингэвэл сайхан болчих юм шиг мухар сүсгээр явж ирсэн. Сүүлд амиа хорлоход хүрсэн шалтгаан ч тэр л байсан. Бага насандаа авсан цочролоос шатгаалж нийгмээ мэдрэхгүй, амьдралаа авч явж чадахгүй арга барагдаж архинд орж байсан. Хэчнээн удаа ном уншуулж, лам, бөөд очоод, эцэстээ амиа хорлохдоо тулсан. Эцэст нь христ рүү очсон. 40 настайдаа тэнд очоод арав гаруй жил өнгөрч байна.
-Нийгмийн хөгжил, хүмүүсийн ухамсар, амьдралын тухайд та юу хэлэх бол?
-Энд Монгол Улс социалист нийгмээс ардчилалд шилжсэн он жилүүдийн алдаа оноо их байдаг юм байна лээ. Өмнө нь нэг хүнийг танин шүтдэг захиргаадалт, хүчирхийлэлтэй нийгэм байсан. 10 хүний гурав нь дарга, дээр нь ангийн атаман, гудамжны атаман, сургуулийн атаман, дүүргийн атаман, тэр шоронгийн тийм атаман, тэр шорон дотроо төдөн атаман гээд. Цэрэгт мөн оны ялгаа, дэглэлт гээд байсан. Одоо тийм юм байхгүй. Социалист нийгмээс шилжилт хийж, капитализмыг алгассан гайг бид эдэлсэн. Одоо капитализм дээрээ явж байна. Капиталист нийгэм тийм ч муу биш, хэн зөв, хэн ажилсаг, хэн чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж байна, тэр үр шимээрээ амьдарч байна.
АНУ-д алдартай сагсчид, дуучид нь гавьяат энэ тэр гэсэн цол авдаггүй биз дээ. Тэр хүн сагсаа сайн толгож, мөнгө сайн олоод, түүгээрээ юм хийгээд явж байна. Хөдөлмөрлөж амьдралаа сайжруулах болохоос медаль авч амьдрал нь дээшилдэг тухай ойлголт тэнд байхгүй. Монгол Улс шилжилт хийх гээд явж байх шиг байна. Ажлаа сайн хийж байгаа хүний амьдрал нь сайжрахгүй байна.
Одон тэмдэг олныг авах чухал биш амьдралын чанар дээшлэх нь хамгаас чухал. Идэж ууж байгаа хүнс нь чанартай байх ёстой. Амьдарч байгаа орон байр нь чанартай байх ёстой. Тэгж байж амьдралын чанар сайн гэж ярихаас биш одон тэмдэг олон болсноор сайжрахгүй.
Энэ байдал удахгүй өөрчлөгдөх байх. Хөгжил нь урагшлах байх. Гэхдээ манайд энэ бүхэн удаан байна.
-Монгол хүний сэтгэл зүйг судлахад ямар зүйлүүд түлхүү ажиглагдаж байх юм бэ?
-Энэ чиглэлээр 8-9 жил судалгаа хийлээ. Монгол хүний сэтгэл зүй маш их цочролд орсон байна. Бүр хүүхэд байхаас авсан цочрол нь олон жил ужгирч явсаар ирсэн байх юм. Жишээ нь, эхийн хэвлийд олдсон цагаас гологдож байгаа хүүхдүүд их байна. Хүүхэд их мэдрэмтгий. Эх нь ургаа авахуулах гэж оролдсон ч юм уу, дургүйцэж байгаад гаргасан ч юм уу. Тэр болгоныг хүүхдийн сүнс мэдэрдэг. Эхийн хэвлийд байхдаа гологдол гэдгээ мэдсэн хүүхэд төрөөд өөртөө итгэлгүй, гомдомхой, хэн нэг нь намайг хаяад явчих вий, ингэх вий, тэгэх вий гэж айдастай байдаг.
Нийгэмд архидалт их байна. Архидалт дунд байгаа, тэр дунд өсөж байгаа хүүхэд бие махбод, оюун санааны цочролд орж байдаг. Энэ цочролыг биеэс нь, ухаан санаанаас нь гаргахгүй бол болохгүй. Аргадаж, тайвшруулж, сэтгэл заслын эмчилгээ хийж тэр муу муухай зүйлүүдийг дотроос нь авч хаяхгүй бол олон цочрол авсан хүүхэд хичээлдээ муу сурна, юм ойлгохдоо муу байна, ууртай болно, тайвшрах гэж багаасаа тамхинд орно. Нас биед хүрэхээрээ архинд хурдан орно.
Цавуу, газ үнэртэж, амиа хорлож байна. Энэ бол хүүхэд хүчирхийлэлд автаж байгаагийн жишээ. Өөрийгөө тайвшруулах гэж өчнөөн янзаар үзээд аргаа барж байна шүү дээ. Ийм байтал яагаад манай улс архийг өргөн дэлгэр зараад байна вэ.
Яагаад орон сууц болгоны орцонд дэлгүүр нээгээд архи зараад байдаг юм бэ.
Өнөөдөр архины үйлдвэрүүд улсад сайн татвар төлдөг байж болно. Гэтэл түүнээс илүү хэчнээн мянган гэр бүл салж сарниж, орон шоронд орж, амь насаа алдаж, амьдрал нь хэцүү болж байхад архины бизнесийг танаж яагаад болдоггүй юм бэ. Төрийн ордонд болсон нэг хэлэлцүүлэг дээр энэ тухай хэлэхэд хэн ч тоож авч хэлэлцээгүй. Энэ маш харамсалтай. Үүн дээр нэмээд хар тамхины өчнөөн янзын төрөл здүйлүүд ороод ирлээ. Цочролд орсон бүхэл бүтэн үе гарч ирж байна, нийгэмд ийм масс бий болж байна. Архичин, ядуу, сэтгэлгээний ядууралд өртсөн үеүд бий болсоор байна. Үүнийг төр яагаад олж харддагүй юм бэ. Хэн үүнийг өөрчлөх ёстой юм бол.
ТББ-ууд бол үүнийг өөрчлөхийн төлөө маш их явж байна. Эрчүүдийн төлөө ТББ, холбоо байгуулж байна. Архинаас гаргах сургалт, нөлөөллийн ажлууд хийж байна. Архинаас гаргаж, мэргэжил эзэмшүүлээд явуулж байна шүү дээ.
-Нийгмийн сайн сайхны төлөө төр анхаарал тавьдаггүй, бодлого хэрэгжүүлэхгүй байна гэлээ. Тэгэхээр ТББ-ууд нөлөөллийн ажил явуулахад төсөв, санхүүгээ хаанаас гаргадаг вэ?
-Хүмүүсийн хандив, итгэгч хүмүүсийн өргөлийн мөнгөөр л энэ бүхнийг хийж байна.Хорих ангид уулзалт хийхээр очихдоо гэрийнхээ номын сангаас ном хандивлаач гэхээр хүмүүс ганц хоёроор нь бариад ирдэг юм. Тэрийг нь аваачиж өгдөг. Хогийн цэг дээр л гэхэд хэн нь хэзээ үхэж байгааг бүү мэд. Төрөөс анхаарал тавьдаг юм уу, үгүй юм уу. Нэг мэдэхэд үхсэн байдаг, тэрийг хэн ч мэдэхгүй. Архи ууж байгаад үхсэн үү, хөлдөөд үхсэн үү, өвчин туссан уу, амиа хорлосон уу, бүү мэд. Энэ мэт зуурдаар үрэгдэж байгаа хүн олон байна. Улсын хэмжээнд аваар осол их гарах болж, жилдээ өчнөөн хүн хорвоог орхиж байна. Архи ууж байгаад бүрмөсөн унтсан хүн ч олон байна. Нийгэмд маань чанартай амьдрал гэж алга. Амьдралын баталгаа гэж алга. Энэ бүхэнд төрийн гар царайг харахаас илүүтэй хувь хүн өөрсдөө ухамсартай байх ёстой болж байна.
-Эцэст нь та манай уншигчид болон монголчууддаа хандаж юу хэлэх бол?
-Би нийгмийнхээ ухамсарт хандах гэж л ТББ байгуулсан. Хүнд хайр дүүрч асгараад ирэхээр бусдад туслахаар явдаг юм байна. Миний цочрол гараагүй, сэтгэл зүйгээ эмчилж чадаагүй бол бусдад туслах бүү хэл өөртөө ч туслаж чадахгүй байх байлаа. Өөртөө туслаж өөрчилж чадсан хүмүүс бусдад туслаж явдаг юм шүү. Төр, засагт хандаж хэлэхэд, урьдчилан сэргийлэх, иргэдээ нийгэмшүүлэх чиглэлд ТББ-уудыг шалгаруулж, ашгийн бус бор зүрхээрээ хийж байгаа ажлыг нь дэмжээсэй. Нийгмийн хариуцлагын хүрээнд бусдад туслаж байгаа манайх шиг ТББ олон бий. Эднийг төрөөс дэмжээсэй. Аймаг болгонд энэ ажлыг хийгээсэй.
Жишээ нь, шоронгоос гарч ирж байгаа хүмүүсийг нийгэмшүүлэхэд хугацаа хэрэгтэй. Зарим нь гарч ирээд гэртээ очиход эхнэр нь хүнтэй суусан, салаад явсан байх жишээтэй. Зарим нь эхнэр, хүүхэд нь нас барсан очих газаргүй байна. Энэ хүмүүсийг нийгэмшүүлэхэд 2-5 жилийн хугацаа хэрэгтэй гэсэн судалгаа байдаг. Тэр хүн өөрийгөө нийгэмшүүлж чадахгүй, хүмүүс хажиглана. Тэгээд хаана очих уу. Тэднийг архичид, хогийн цэгийнхэн, траншейныхан л хүлээж авдаг. Энэ байдлыг төр, ТББ хамтраад өөрчилмөөр байгаа юм.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 5 )
hristiin zali mehtei novshnuud mongoliig suitgene dee neeg saihan setgeltei tsarailaj bgaad hudlaa garuud
Христчин болгоно. Тэгэхгүй шүү.
jinxene burxany xuu baunaa Mongolyn 5 eronxiilogchiin xiij chadaaagyi zuil xiij baina burxany ariun suns chamtai tsug baunaa sumiinxee xayg bicheerei
Маш зөв ийм үйлсийг дэмжмээр байна
Амарсанааг дэмжиж байна. Сайхан ярилцлага өгчээ