Д.ДОРЖГОТОВ: Төр засаг шинжлэх ухааныг асар томоор үнэлсэнд баярлаж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 24

Энэ жил төрийн дээд шагнал "Чингис хаан" одонгоор хоёр эрхмийг шагналаа. Тэдний нэг нь Академич, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов болсон юм. 

Түүний шагнал хүртсэн сэтгэгдлийг хүргэж байна. 

Тэрбээр "Энэ эрхэм хүндтэй шагналыг шинжлэх ухааны төлөөлөл болсон олон зуун судлаач, эрдэмтэн, хамтран зүтгэгч нар, шинжлэх ухааны салбарт ажилладаг бүх хүмүүсийн төлөөлөл болгож надад олгосонд баяртай байна. Энэ бол төр, засгаас шинжлэх ухаанд үзүүлж байгаа асар том үнэлгээ, итгэл гэж би харж байна. 

1962 онд Москвагийн их сургуулийг төгсөж ирснээс хойш 60 жилийн турш хөрс судалсан. ОХУ-ын олон сайхан багш нар, Монголын олон судлаачид болон гадаадын эрдэмтэдтэй хамтарч Монгол орныхоо бүх нутгаар явж, судалгаа хийсэн. Очоогүй газар тун цөөн. 330 сумаас 250 гаруйд нь очсон. 

Шагнал авах тухайгаа сонсоод би юу хийлээ гэж эргэж харлаа. 300 гаруй бүтээл хийсэн байна.

Хөрсгүй бол хүнсгүй болно. Хүнсгүй бол хүн үгүй болно хэмээн Ерөнхийлөгчийн хэлсэн үг байна. Хөрс бол ганц хүн төрөлхтний бус энэ ертөнцийн бүх амьд биетийн оршин тогтнох үндэс.

Монголын төр, түмэн олон минь хувь заяагаар учирсан хөрст энэ Монгол нутаг орноо үеийн үед, ургийн урагт хайрлан хүндэлж, бишрэн дээдэлж, унаган дагшнаар нь авч яваарай" гэлээ.


 

АКАДЕМИЧ Д.ДОРЖГОТОВЫН ТУХАЙ

Академич, доктор, профессор Д.Доржготов бол монголын бүхий л хөрсийг “эргүүлж” тойруулж үзэж, олон улстай жишиж, нэр томъёог нь гаргасан гэхэд хилсдэхгүй. Тэрбээр монголд анх хөрсний судалгааг эхлүүлж, өдгөө 50 гаруй жил дагнан судалж 300 гаруй ном, бүтээл туурвисан юм. Энэ их хөдөлмөрийг үнэлж, Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн Алтан медалийг хүртээж байв. 

Д.Доржготов нь Төв аймгийн Баян сумын уугуул. Малчин гэр бүлээс гаралтай. Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийг 1957 онд төгсөж, дараа нь Москвагийн их сургуульд Хөрс судлалын мэргэжлээр суралцсан. 1962 онд их сургуулиа төгсөж ирээд, Газарзүй, цэвдэг судлалын хүрээлэнгийн анхны судлаачаар ажлын гараагаа эхэлжээ. 

Тэрбээр монгол орны хөрсний зургийг хамгийн анх 2500000 масштабтай зохиож 1973 онд хэвлүүлсэн. Хөрс газарзүйн мужлал, ангилал, эвдрэл, үндэсний атлас, Орос, Англи дээр хэвлэгдсэн Байгаль нуурын сав газрын атлас, Монгол орны экосистемийн атлас, Монголын үндэсний нэвтэрхий толь, Хятад хэл дээр хэвлэгдсэн олон үндэстнийг хамруулсан Монгол судлалын нэвтэрхий толь гэх мэт 300 гаруй бүтээл туурвижээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
7(66.181.160.43) 2022 оны 11 сарын 25

мундаг хүн байна шүү баяр хүргеэ

0  |  0
Top