Монголчууд бид Их эзэн Чингис хааныхаа төрсөн өдрөөр бүх нийтээрээ амарч, “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Эл өдөр эх орон, ард түмнийхээ өмнө хүндтэй үйлсийг бүтээсэн эрхмийг Ерөнхийлөгчийн зарлигаар “Чингис хаан” одонгоор шагнадаг билээ. Өнөө жилийн хувьд тус одонгоор хоёр ч эрхэм шагнагдсан. Тодруулбал, монголч эрдэмтэн Жак Уэтерфор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Доржготов нарт “Чингис хаан” одонг хүртээсэн юм.
Монголын газар зүйн нэвтэрхий толь Д.Доржготов
Дэчингунгаагийн Доржготов. Түүний хувьд Монгол оронд хөрс судлалын шинжлэх ухааныг үүсгэн хөгжүүлэхэд өөрийн мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зориулсан манай ахмад эрдэмтдийн нэг билээ. Тэрбээр ШУА-ийн бүрэлдэхүүнд Газарзүй, Цэвдэг судлалын хүрээлэн анх байгуулагдахад орж ажилласан анхны судлаачдын нэг юм.
Д.Доржготов 1957-1962 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуульд суралцаж, хөрс судлаач-агрохимич мэргэжлээр төгсөж ирснээс хойш 50 гаруй жил Газарзүйн хүрээлэнд ажиллахдаа эрдэм шинжилгээний ажилтан, тасаг, лабораторийн эрхлэгч, 1994-2013 он хүртэл тус хүрээлэнгийн захирлын албыг хашиж ирсэн байна.
Тэрбээр 1974 онд ГЗЦСХ-д хөрс судлалын тасгийг анх үүсгэн байгуулж, энэ хугацаанд эрдэм шинжилгээний 20 гаруй сэдэв, төслийг удирдан гүйцэтгэж, хөдөө орон нутагт 50 гаруй удаа хээрийн хайгуул судалгаа зохион байгуулжээ. Тэрбээр Монгол орны хөрсний гарал үүсэл, ангилал, оношлогоо, хувьсал өөрчлөлт, нөөц хэмжээ, зураглал, тархалтын зүй тогтол, үржил шим, чанарын үнэлгээ, ус-физикийн болон геохимийн шинж, бохирдол, доройтол, нөхөн сэргээлт зэрэг олон талт асуудлыг шинжлэх ухааны үүднээс тайлж шийдвэрлэхэд чиглэгдсэн олон арван бүтээл туурвисны дотор Монголд анхных гэж тооцогдох олон судалгааны ажлын эх суурийг тавьжээ. Тухайлбал, Монгол орны хөрсний ангилал, оношлогоо; Монгол орны хөрсний (М1:2500000, М1:1500000, М1:1000000) зургууд; Монгол орны хөрс-газарзүйн мужлалт; Монгол орны хөрсний нөөц хэмжээ, чанарын үнэлгээ; Монгол орны хөрсний орон зайн (өргөргийн, өндрийн, хотгорын бүсшлийн) тархалтын зүй тогтол; Усны сав газруудын хөрсний ус-физик шинжийн тодорхойлолт, зураглал; Улаанбаатар хот болон зарим дүүргийн хөрсний экогеохими, бохирдлын судалгаа; Хөрсний үржил шим, эвдрэл, доройтол, нөхөн сэргээх чиглэлийн ажлуудыг дурдаж болно.
Тэрбээр 1973 онд “Умард Монголын хөрсний үндсэн онцлогууд ба хээрийн хөрсний тодорхойлолт” сэдвээр газарзүйн ухааны дэд докторын зэргийг Москва хотод Оросын ШУА-ийн Газарзүйн хүрээлэнд амжилттай хамгаалсан байна.Түүний нэгэн сэдэвт бүтээл нь хөрс судлал, газарзүй, биологи, хөдөө аж ахуй, газрын менежмент, байгаль хамгаалал, экологийн мэргэжлийн эрдэмтэн, судлаач, багш, оюутан болон байгаль сонирхогч хэн бүхэн ашиглах боломжтой, тэдэнд гарын авлага болохуйц шинжлэх ухааны суурь бүтээл гэж болно. Үүний нэг баталгаа нь “Монгол орны хөрс” нэгэн сэдэвт энэхүү ном 2004 онд Монгол Улсын шинжлэх ухааны оны шилдэг бүтээлийн шагнал хүртсэн явдал юм.
Мөн 1981-1989 онд Усны хайгуул төсөл, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс эрхлэн “Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз, Халх голууд, Умард говь, Их Нууруудын сав нутгийн усны нөөцийг ашиглаж хамгаалах цуврал схем”-ийг хэвлэн нийтийн хүртээл болгосон билээ. Д.Доржготов эдгээр цуврал бүтээлийн зохиогчийн нэг бөгөөд тухайн сав нутгийн хөрсний ус-физик шинж чанар, хөрсний ялзмагшилтын зургийг зохиожээ. Энэхүү цуврал схемүүд Монгол Улсын экологийн салбарын ХХ зууны шинжлэх ухааны шилдэг бүтээлээр шалгарсан юм.
Түүнчлэн 1990 онд хэвлэгдсэн “БНМАУ-ын Үндэсний Атлас”болох Монгол орны байгаль, нийгэм, эдийн засгийг судалсан судалгааны тухайн үеийн ололтыг иж бүрэн тусгасан ховор, чухал бүтээлд Д.Доржготов зураг зүйн иж бүрэн бүтээлийн программ, аргазүйг боловсруулах ажилд эхний үеэс нь авахуулаад бүх үе шатны ажилд голлох үүрэгтэй оролцсон хүний нэг. Энэхүү Үндэсний атлас нь юуны өмнө зурагзүйн суурь бүтээл болсон төдийгүй зурагзүйн сүүлийн үеийн арга, аргачлалд тулгуурласан, Монгол орны өвөрмөц онцлогийг зураг дээр иж бүрэн дүрсэлж харуулсан байна.
Тэрбээр өнгөрсөн хугацаанд эрдэм шинжилгээний 30 гаруй сэдэв, төслийн хүрээнд Монгол Улсын хөрс байгаль орчин, экологийн чиглэлээр судалгааны ажил хариуцан гүйцэтгэж дотоодын болон эх орны ихэнх нутгийг хамарсан хээрийн экспедиц зохион байгуулж 310 гаруй бүтээлийг дангаар болон хамтран туурвиж, 80 гаруй бүтээл нь орос хэл дээр, 30 орчим бүтээл нь англи, герман хэл дээр орчуулагдаж хэвлэгдсэн нэрт эрдэмтэн юм. Хөрс судлаач эрдэмтний хувьд академич Д.Доржготов нь уг атласын хөрсний бүлэг зургуудыг зохиох, хянах, тайлбар бичих ажлыг хариуцан гүйцэтгэжээ. Түүний газарзүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, шинжлэх ухааны мэдлэг түгээх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээсэн билээ. Түүний хувьд "Монголын нэвтэрхий толь", "Монголын байгаль орчны нэвтэрхий толь" гэх бүтээлүүдэд оролцож, Монголын шинжлэх ухааны салбарт төдийгүй газар зүйн салбарт олон гавьяа байгуулсныг нь төр соёрхож, “Чингис хаан”одонгоор шагнасан юм.
Монголч эрдэмтэн Жак Уэтерфорд
“Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан”, “Монгол хатадын нууц товчоо” номын зохиогч, Монгол судлаач Жак Уэтерфорд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Чингис хаан” одонгоор шагнуулсан юм.
Тэрбээр “Монгол хатадын нууц товчоо” номынхоо талаар “Монголын эмэгтэйчүүдийн тухай газар газрын хүмүүсийн бичсэн юмыг уншихад их сонирхолтой байсан. Тухайн үеийн эмэгтэй хүнд байхааргүй их мэдэл, байхгүй тэгш эрх Монголд л байсан байж таарсан. Эрчүүдтэй нэг ширээнд сууж хоол идэх, адил байр сууриас ярилцах, дуртай үедээ эрчүүдийн яриаг таслах гэх мэт бусад ертөнцөд эмэгтэй хүнд огт байдаггүй эрх мэдэл монгол эмэгтэйчүүдэд байсан. Үүнийг тухайн үеийн гадна дотны эрдэмтэд, судлаачид, аялагчид нүд нь орой дээрээ гарч бичдэг байсан. Монгол эмэгтэйчүүд гэж өндөр өндөр малгай өмсч, том том дуугарсан, эрэгтэйчүүдтэйгээ адил эрх мэдэлтэй, дуртай үедээ Ромын папаас ирсэн төлөөлөгчийг “Та дуугүй байж бай. Одоо би ярина” гэж яриаг нь тасалдаг, эрчүүдтэй ижил ташаагаа тулж суудаг, эмэгтэй хүнээс гарамгүй зан араншин гаргадаг сонин сонин хүүхнүүдийн тухай гадны ажиглагчид их бичсэн байсан. Энэ мэдээлэл, тэмдэглэлүүд дэлхийн эмэгтэйчүүдийн түүхэнд эмэгтэйчүүдийн эрх мэдэл эдэлдэг байсан тухай бичсэн хамгийн эртний сонирхолтой баримт байсан. Тэр баримтуудыг уншихад монгол эмэгтэйчүүд улс гүрнийг захирсан эдийн засгийн том эрх мэдэлтэй хүмүүс байсан нь харагддаг. Улс төрийн , цэргийн эрх мэдэл тэдэнд байсныг эдгээр баримтуудыг уншаад ойлгосон” хэмээн ярьсан байдаг. Мөн тэрбээр “Чингис хааны их гүрний түүх түүнийг нас барахад л дуусах байсан. Яг л бусад улсын түүхтэй адил. Гэтэл охид нь хариуцлагатай, билигтэй, улсыг авч явах эрхтэй байсан учир Чингисийн байгуулсан их гүрэн 150 жил оршин тогтнож чадсан. Чингис хааны охид Монголын их гүрний холбоо, харилцаа худалдаа, хууль, эрхийн бүх асуудлыг зохион байгуулж, гардан удирдаж байсан. Тийм учраас л Монгол хүчирхэг байсан. Төв шугаманд эрчүүд нь явж ар талынх нь бүхий л ажлыг эмэгтэйчүүд нь зохион байгуулж байсан. Нүүдлийн соёл гэдэг бол өөр ертөнц. Нүүдэлчин байсан хар Кидан, Түрэг угсаатнуудын эмэгтэйчүүд нь яг ийм зоригтой, омог төгөлдөр эмэгтэйчүүд байсан. Хар Хитанд гэхэд хатад нь төр барьж байсан түүх бий. Нүүдэлчин соёлынх нь онцлог гэж ойлгож болно” хэмээн ярьсан байдаг..
Мөн тэрбээр нэгэн ярилцлагадаа Чингис хааны тухай “Хүмүүс Чингисийг эхэн үедээ хүндэлж байсан. Түүний гаргасан хууль, олон улсын харилцаанд гаргаж ирсэн ололт, амжилтыг мэддэг үедээ магтдаг байсан. Харин дараа нь мартаж эхэлсэн. Байгуулсан зүйлийг нь өмнө нь байсан мэтээр бодож эхэлсэн. Тэр үедээ хүмүүс Чингис хааныг муулж байсан. Перс, Хятад, Орос зэрэг оронд Чингис хааны үүсгэсэн хууль, шуудан, зам харилцаа, дипломат ёсыг өнөө хэр мөрдөж байгаа. Би анх Чингис хааныг мянганы агуу хүн гэж бодож л судалгаагаа эхэлсэн. Гэтэл судалгааныхаа явцад хамгийн агуу хууль ёсыг бий болгосон, бүрдүүлсэн хүн юм гэдгийг л ойлгосон” хэмээн ярьсан байдаг.
Эрдэмтэн Жак Уэтерфордын 2004 онд гаргасан “Өнөөгийн эзэнт гүрэн ба Чингис хаан” бүтээл нь “Нью Йорк” таймс сонины шилдэг бүтээлээр шалгарч, 300 гаруй мянган хувь хэвлэгдэж, 20 гаруй улс оронд хэвлэгдсэн байдаг. Энэхүү бүтээлээр Монгол ба Чингис хааны талаарх дэлхийн түүхэнд үлдсэн олон ойлголтыг залруулж, Чингис хаан бол чөлөөт худалдаа, нээлттэй харилцаа, мэдлэг мэдээллийн солилцоо, хууль эрх зүй, дипломат халдашгүй байдал, шашны эрх чөлөө сүм хийдээс ангид байх тогтолцоог тавьснаар өнөөгийн ертөнцийг үндэслэсэн их хаан юм гэдэг үзэл санааг дэвшүүлсэн байдаг. Мөн 2010 онд “Монгол хатадын нууц товчоо” номыг зургаан улсын хэлд хөрвүүлэн хэвлүүлж, олон орны хүртээл болгосон.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )