АНУ-ын Конгрессын номын сангийн номын санч, Монгол номын мэргэжилтэн, Хэл шинжлэлийн ухааны доктор Мягмарын Саруул-Эрдэнийн орчуулж, эмхэтгэн гаргаж буй “Монгол судлалын гурван ном"-ын нээлт Улаанбаатар хотын Төв номын санд болж өндөрлөлөө.
Энэхүү бүтээлүүд нь Монголын түүх, соёл, хэл шинжлэлд чухаг анхдагч эх сурвалжууд болох бүтээлүүд юм.
Мөн зөвхөн захидал бус, цөөвтөр боловч хэвлэлд анх удаа гарч буй фото зургууд орсон нь үнэ цэнийг улам нэмжээ.
Нээлтийн үеэр зохиолч уншигчидтайгаа чөлөөт ярилцлага өрнүүлсэн нь тун сонирхолтой байлаа.
1. Дилова хутагтын захидлууд
АНУ-ын Конгрессын номын сангийн Гар бичмэлийн тасагт хадгалагдаж буй, монгол бичгээр бичсэн, Дилова хутагтын 109 захидлыг сурвалжлан олж, кирилл үсэгт хөрвүүлэн, зүүлт тайлбар (нийт 475 зүүлт) үйлджээ. Захидлуудад Монгол – АНУ-ын харилцаа, БНМАУ, Өвөр Монголын улс төрийн эгзэгтэй байдал болон Дэмчигдонров ван, Далай лам, Төвөдийн үйл хэрэг зэрэг нэн далайцтай асуудлаас эхлээд Хутагтын өдөр тутмын энгийн аж амьдралыг хүртэлх өргөн хүрээний агуулга багтсан болно.
2. Америкт байгаа нэгэн монгол
Америкт очсон нэгэн монгол хүн АНУ-ыг таньж мэдсэн, эх орноо санагалзсан сэдэвтэй шүлгийн дэвтрийг 1960-аад оны үед бичж үлдээжээ. Монгол бичгээр бичиж, англи хэлээр орчуулсан уг дэвтрийг саявтархан олж, Монгол судлаач Онон Өргөнгөөгийн шүлгүүд болохыг эх судлалын аргаар батлан, өнгөт зураг, зүүлт тайлбарын хамтаар хэвлүүлсэн байна.
3. Монголч эрдэмтдийн бичиг захидлууд
Монгол судлаач Густав Йон Рамстедт, Оуэн Латтимор, Франсис Вүүдман Кливез, Игор дэ Рахевильз, Уолтер Хайссиг, Бямбын Ринчен, Шигэо Озава зэрэг нэрт эрдэмтдийн захидал харилцааг түүвэрлэн энэхүү номд оруулав. Ихэнх захидлуудын уг эх өдгөө АНУ-ын Конгрессын номын санд хадгалагдаж буй, зарим нь хувь хүний цуглуулгад байгаа болно.
Сэтгэгдэл ( 1 )