РИА Новости
Монгол Улсын ард иргэдийн тэсрэлт гэнэтийн байлаа. Иргэдийн эл дургүйцэл олон шалтгаантай.
Олон мянган хүн оролцсон жагсаал даваа гарагт Монголын нийслэл Улаанбаатар хотод Засгийн газрын ордны өмнө болов. Монголын News.mn сайтад мэдээлснээр, 1.8 тэрбум ам.долларын нүүрсний хулгайн мэдээлэл гарснаас үүдэлтэйгээр иргэд ийн жагсжээ. Эсэргүүцлийн жагсаал гурав дахь өдрөө үргэлжилж байгаа ба жагсагчдын сэтгэл санаа улам бүр түрэмгий болж байна. “Энэ бол ард иргэдийн тэсрэлт. Энэ тэсрэлт харьцангуй гэнэтийнх байлаа. Шалтгааны хувьд олон хүчин зүйлтэй холбоотой. Үнийн өсөлт, тэр дундаа түүхий эдийн үнэ, Хятадын нөлөө. Олон нийт Бээжин нөлөөгөө тэлэх бодлого явуулж байна гэж хардаж байна. Гэтэл зарим албан тушаалтнууд, тэр бүү хэл парламентын гишүүд нь гэмт хэргийн схемд орооцолдож, Хятадын нөлөөнд орсон нь илэрсэн” гэж ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Солонгос, Монгол судлалын хэлтсийн эрхлэгч Александр Воронцов "РИА Новости" агентлагт ярьжээ.
Түүний хэлснээр, энэхүү гэмт хэргийн схемийн эсрэг эрх баригчид хангалттай хатуу хариу үйлдэл үзүүлээгүй гэж зарим нь үзэж байна. Энэ нь жагсагчдын дургүйцэлд “цог” нэмжээ.
Шинжээчийн үзэж буйгаар, Монголын эрх баригчдын зүгээс хатуу шийдвэрүүд гарах учиртай. Их хэмжээний мөнгө, олон жил үргэлжилсэн нүүрсний хулгай. Энэ бүх хугацаанд төрийн эрхэнд янз бүрийн нам байсан. Төр, засаг солигдоход энэ схем ажилласан хэвээр байв. Энэ бүгд ноцтой өөрчлөлтүүдэд хүргэж магадгүй. Учир нь ийм гэмт хэргийг анхаарлын төвөөс гаргах боломжгүй гэж Воронцов онцолжээ.
Al Jazeera
Олон мянган хүн өвлийн хүйтнийг ажралгүй Монголын нүүрсний салбартай холбоотой авлига, инфляцын өсөлтийн эсрэг жагсав. Зарим жагсагчид Засгийн газрын ордныг эзлэхийг завдав.
Залуус голдуу жагсагчид -21 хэмийн хүйтэн Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсан, авлигажсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, парламентыг тарахыг шаардлаа. Хөдөө орон нутгаас малчид ирж, цуглаанд оролцжээ. Жагсагчид эдийн засгийн хямрал, инфляц 15.2 хувьд хүрсэнд бухимдаж байна.
Хэсэг бүлэг хууль тогтоогчид олон тэрбум ам.долларын нүүрс хулгайлсан хэрэг илэрсэн нь гал дээр тос нэмсэнтэй адил явдал болжээ.
Цагдаа, хүчнийхэн орон нутгийн цагаар 21:00 цаг орчим жагсаалыг тараахыг оролдсон ч зарим жагсагч Засгийн газрын ордон руу дайрч, хашаа нураан, цонхыг нь хагалсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Хэдэн цагийн дараа талбай эзгүйрэв.
Өнгөрсөн сард Монголын Авлигатай тэмцэх газар 30 гаруй албан тушаалтан, тэр дундаа төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал хөрөнгө шамшигдуулсан хэргээр шалгагдаж байгаа талаар мэдээлсэн. Тус компани 7.5 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Таван толгойн уурхайг эзэмшдэг. Гангийн үйлдвэрийн гол түүхий эд болох коксжих нүүрс нь Монгол Улсын төсвийн орлогын гол эх үүсвэр юм.
Монгол Улсын экспортын 86 хувийг Хятадад гаргадаг ба нүүрсний экспорт тал гаруй хувийг нь эзэлдэг. Тус улсын ДНБ-ий дөрөвний нэг хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )