“Neuralink” компанийг амьтан дээр туршилт хийсэнтэй холбогдуулан шалгаж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны ерөнхий хяналтын агентлагийн Илон Маскийн үүсгэн байгуулсан “Neuralink” компанийг амьтан дээр туршилт хийсэнтэй нь холбогдуулан шалгаж эхэлжээ.

Ройтерс агентлагийн дамжуулснаар, “Neuralink” компанийн ажилтнууд компанийгаа амьтан дээр туршилт хийх асуудлыг зохицуулдаг хуулийг зөрчиж байна хэмээн  гомдол гаргасныг үндэслэн эхлүүлсэн байна. Энэ хүрээнд тус агентлаг “Neuralink” компанийн баримт бичгүүдтэй танилцаж, одоо ажиллаж байгаа, ажиллаж байсан нийт 20 ажилтантай ярилцжээ. Тэдний ярьснаар, яаруу хийсэн туршилтуудын үеэр амьтныг зовоож, үхэлд хүргэдэг байжээ.

2018 оноос хойш явуулж буй туршилтуудын явцад 280 гаруй хонь, гахай, сармагчин зэрэг нийт 1500 орчим амьтан үхжээ. Туршилтад мөн хулгана, хархыг оруулдаг байна. Ингэхдээ үхсэн амьтдын талаарх бүртгэл хийдэггүй байна.

“Neuralink” стартап компанийг Илон Маск 2016 оны долоодугаар сард үүсгэн байгуулжээ. Зорилго нь мэдрэлийн интерфейсийн салбарын шилдэг мэргэжилтнүүдийг нэгтгэн, хүний тархинд хязгааргүй тооны электрод суулгах робот бүтээх явдал юм. Алс ирээдүйд ийм төрлийн мэдрэлийн интерфейсийн тусламжтай хүнийг хиймэл оюун ухаантай тэмцэх чадвартай киборг болгох боломжтой гэж Илон Маск үзэж байна. 2021 оны хоёрдугаар сард “Neuralink” сармагчинд чип суулгаж, алсын удирдлага ашиглалгүйгээр дэлгэц дээрх курсорыг хөдөлгөж сургажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top