Илон Маскийн үүсгэн байгуулсан “Neuralink” компани АНУ-ын Хүнс, эмийн чанарыг хянах агентлагаас хүний тархинд чип суулгах туршилт явуулах зөвшөөрөл аваад байна.
Тус компани тусгай чипийн тусламжтай хараагаа алдсан болон хөдөлгөөний саажилттай хүмүүс хэвийн амьдралдаа буцан орох боломжтой хэмээн үзэж байна. “Neuralink” компани өмнө нь хүн дээр туршилт хийх зөвшөөрөл хүсэж байсан ч тус агентлаг аюулгүй байдлын үүднээс татгалзсан хариу өгч байсан.
Өдгөө тус компани зөвшөөрлөө аваад байгаа хэдий ч туршилтад оролцох хүмүүсийн сонгон шалгаруулалтыг эхлүүлээгүй байна.
Энэ технологи ямар зарчмаар ажиллах вэ?
“Neuralink” компанийн энэхүү технологи нь сармагчин дээр амжилттай туршигдсан билээ.
Бичил чипийн тусламжтай хараагүй болох, хөдөлгөөний саажилт зэрэг өвчнийг анагаагаад зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст компьютер болон бусад шинэ технологийг илүү өргөнөөр ашиглах боломж нээгдэнэ хэмээн үзэж байна. Чипийн бас нэг үүрэг нь тархинаас өгч буй дохиог тайлан уншиж, “Bluetooth”-ээр дамжуулан тоног төхөөрөмжид мэдээлэл дамжуулах явдал юм. Маскийн үзэж буйгаар, шинэ хөгжүүлэлт нь ирээдүйд хиймэл оюун ухаан янз бүрийн салбарт хүмүүсийг орлоно гэсэн айдас, болгоомжлол гарч байгаа энэ үед туйлын чухал аж. “Neuralink” компани албан ёсны мэдэгдэлдээ, хүн дээр туршилт хийх зөвшөөрөл авснаа анхны чухал алхам гээд шинэ технологи нь олон хүнд тусална гэдэгт итгэлтэй буйгаа онцолжээ.
Гэхдээ Илон Маскийн компанийн энэхүү технологийг томоохон дэвшил гэвэл учир дутагдалтай. Учир нь өнгөрсөн долоо хоногт Швейцар улсад хүнд тархины имплант суулгах мэс ажилбарыг амжилттай хийгээд байна. Нидерландын иргэн Герт-Ян Оскам гэгч өвчтөн унадаг дугуйны осолд орсны улмаас хоёр жилийн турш хөдөлгөөний саажилттай байжээ. Түүний тархинд суулгасан электрон имплант нь нугасанд суулгасан имплантаар дамжуулан түүний бодлыг хөлд нь хүргэн, явах боломж олгосон байна. Швейцарын энэ технологи мөн л туршилтын шатанд байгаа хэдий ч “Neuralink” компанийн хөгжүүлэлтээс хамаагүй урд алхаж байна.
Харин Илон Маскийн компани энэхүү технологийн илүү аюулгүй, боломжийг үнэтэй бөгөөд найдвартай байдлыг зах зээл дээрх өрсөлдөөнөөс илүү чухалчилж байна хэмээн мэдэгдэж байгаа юм.
Ёс зүйн асуудал
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ихээхэн найдвар төрүүлж байгаа эл шинэ технологийг шүүмжлэх хүмүүс бас бий. “Бидний өмнө өөрийгөө тодорхойлох шинэ боломж нээгдэж байгаа хэдий ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө илүү хязгаарлагдсан, ухамсрын нууцлал үгүй болох тэр бодит байдал руу улам бүр ойртож байна” хэмээн шинэ технологийн хөгжлийн салбарын ёс зүй, хууль эрх зүйн болон нийгмийн үр дагаврыг судлаач Нита Фарахани үзэж байна. Түүний хэлснээр, хүний тархи шинэ төхөөрөмжтэй улам бүр холбогдож байна. Энгийн цаг хүртэл хүний аливаа хүсэл, санааг тусган авч байна. “Neuralink” компанийн технологи зэрэг илүү нарийн боловсронгуй технологийн талаар бүр ярилтгүй хэмээн онцолжээ. Хэрэв хүний тархийг бидний хувийн нууцын хамгийн сүүлчийн хязгаар, бусдаас өөрсдийгөө халхлах цорын ганц орон зай хэмээн үзэх юм бол тархины имплантын салбарт хэдий чинээ том дэвшил гарна төдий чинээ бид хувийн нууцынхаа сүүлчийн хязгаараа алдаж байна гэсэн үг.
Үүний сацуу тархиндаа янз бүрийн чип суулгасан хүмүүс завсар үйлчилгээнд нь хэдий хэр мөнгө зарцуулах, эл технологид гэнэт саатал гарвал хүний биед юу тохиох вэ гэдэг нь олон хүний анхаарлыг татаж байна.
Сэтгэгдэл ( 0 )