Хэвлэл мэдээллийн салбарын хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөрийн орчин дахь жендерийн тэгш байдлыг тодруулах, энэ талаар баримталж буй бодлогыг тандах нөхцөл байдлын судалгааг Хэвлэлийн хүрээлэнгээс гаргажээ. Судалгааны үр дүнгийн талаар хэвлэлийн хүрээлэнгийн судлаач доктор З.Энхбаяртай ярилцлаа.
-Хэвлэл мэдээллийн салбарын жендэрийн тэгш бус байдал, хөдөлмөрийн нөхцөл байдлын талаарх судалгааг хэд дэх жилдээ хийж байна вэ?
-Хэвлэлийн хүрээлэн байгуулагдаад 25 жил болж байгаа. Энэ хугацаанд 240 орчим судалгаа хийсэн байна. Энэхүү судалгааг хэвлэлийн хүрээлэнгээс хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. 2019 онд 1100 хүнийг хамарсан хөдөлмөрийн нөхцөл байдлын судалгааг явуулж байсан.
Үүнээс хойш нөхцөл байдал яаж өөрчлөгдөв гэдгийг тандах судалгаа юм. Мөн сэтгүүлчид жендэрийн тэгш байдлын талаарх ойлголт ямар түвшинд байгааг уг судалгаагаар дамжуулан тогтоосон. Ажлын байрны бэлгийн дарамтад өртвөл хэрхэх талаар ойлголттой байна уу, жендэрийн тэгш байдлын тухай хууль цаашлаад сэтгүүлчид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж чаддаг эсэхийг судалсан.
-Судалгааны үр дүнгийн тухайд?
-Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын дундаж ажиллах цаг нь 8,9 хувь буюу ойролцоогоор есөн цаг. Тэгэхээр хөдөлмөрийн хуульд заасан цагаар ажиллаж чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, нэг цагаар илүү ажилладаг. Тэр дундаа сонин, телевизийн салбарт ажилладаг ажилчид 10 цагаар ажилладаг. Ийн ажиллаж байж хийх ёстой ажлаа бүрэн дүүрэн гүйцэтгэж чаддаг.
-Сүүлийн жилүүдэд сэтгүүлчийн эрх зөрчигдөх асуудал нэлээд гарах боллоо. Тэгвэл бид эрхээ хамгаалж чадаж байгаа болов уу?
-Сэтгүүлчийн эрхийн асуудалд манай байгууллага судалгаа хийж байгаагүй. Энэ талаар “Глоб интернэшнл” компани жил бүр судалгаа хийдэг. Сэтгүүлчид гомдол гаргах бол Хэвлэлийн хүрээлэнгийн харьяа хэвлэл мэдээллийн зөвлөлд хандаж болно. Хэвлэл мэдээллийн зөвлөл тухайн сэтгүүлч буруутай эсэх байдлыг тогтоон шийдвэрлэдэг. Сэтгүүлчийн ёс зүйг орхигдуулж болохгүй. Тухайлбал, хувь хүний нууцад халдах, мэдээ нийтлэл бэлтгэх зарчим хэм хэмжээг баримталдаггүй, албан хүчээр тулгах, уй гашуу дээрээс сурвалжилж байж ёс зүйг тэр болгон эрхэмлэж харагддаггүй. Үзэг, микрофон барьсан болгон сэтгүүлч биш. Гэхдээ сүүлийн үед сэтгүүлчид хүний эрхийн мэдрэмжтэй байж ёс зүйгээ баримталдаг болж. Ер нь редакциуд нь сэтгүүлчийн ёс зүйг сахин ажиллахыг үүрэг болгох хэрэгтэй.
-Хэвлэлийн хүрээлэнгээс энэ тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ?
-Хэрхэн жендэрийн мэдрэмжтэй ёс зүйтэй мэдээ, сурвалжилга бэлтгэх талаар сургалт зохион байгуулдаг. Мөн бид хуульчдын баг ажиллуулж байна. Тиймээс хууль зүйн зөвлөгөө сургалтад хамрагдах бүрэн боломжтой.
-Тэгвэл хэвлэл мэдээллийн салбарт жендэрийн тэгш байдал хангагдаж чадаж байна уу. Үгүй бол ямар арга замаар хангах нь зохистой вэ?
-Хэвлэлийн хүрээлэн 2017 оноос эхлэн жендэрийн асуудалд илүү ач холбогдол өгч байна. Иргэдийн болон хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын жендэрийн ойлголт ямар байгааг судалсан. Мөн сэтгүүлчид хэрхэн жендэрийн мэдрэмжтэй мэдээ нийтлэл, контент бэлтгэх вэ зэрэгт анхаарч зөвлөмж бүхий гарын авлага зэргийг гаргасан. Мөн жендэрт суурилсан хүчирхийллийн талаар мэдээ мэдээлэл өгч ажилладаг. Хэвлэл мэдээллийн байгууллага иргэдийн дуу хоолой болдог.
Тийм учраас сэтгүүлчид, редакциуд эх сурвалжаа сонгохдоо жендэрийн тэгш байдлыг хангах хэрэгтэй нь уг судалгаагаар тогтоогдсон. Ингэснээр нийгэмд хэвшсэн жендэрийн тухай ойлголтыг засаж залруулна. Өөрөөр хэлбэл, ярилцлага авах, мэдээллийн эх сурвалж нь ихэвчлэн эрэгтэй байдаг. Энэ нь төрийн албан хаагч юм уу аль эсвэл өөр нэгэн үйлдвэрлэл эрхэлдэг хүн, бизнесмэн байвал нийгэмд энэ төрлийн хүмүүс эрэгтэй байх ёстой мэт ташаа ойлголтыг өгч байгаа хэрэг. Харин хүчирхийллийн сэдэвт эмэгтэй эх сурвалжийг давамгай ашигладаг нь ажиглагдсан. Тийм учраас эх сурвалжаа сонгохдоо жендэрийн тэгш байдлыг хангахад нэн түрүүнд анхаарах нь зүйтэй. Редакцын болон дотоод журамд жендэрийн тэгш байдлыг хангах талаар тусгаж өгөх хэрэгтэй. Радиогоос бусад салбарт эрэгтэй эх сурвалжийг түлхүү ашигладаг гэх дүгнэлт гарсан.
-Энэхүү судалгаа ямар аргаар хийгдсэн бэ. Хэчнээн байгууллагын хэдэн хүн хамрагдав?
-Судалгааг түүврийн аргаар хийсэн. Ингэхдээ хамгийн олон уншигч үзэгчтэй Өдрийн сонин, Өглөөний сонин, Үндэсний шуудан сонин, МҮОНТ, EAGLE, ТВ-9 телевиз, Гэр бүлийн радио, gogo.mn, news.mn гэх мэт 60 байгууллагын 300 хүн хамруулсан.
-Энэ салбарт ажиллагсад жендэрийн тухай хуулиа бүрэн дүүрэн мэдэж байна уу. Судалгаагаар ямар дүн гарсан бэ. Ажлын байрны бэлгийн дарамтад өртвөл хууль эрх зүйн талаар сэтгүүлчид хэр мэдлэгтэй байдаг юм бэ?
-Сэтгүүлчдийн дунд ажлын байрны бэлгийн дарамтын талаар судалгаа явуулахад 63 хувь нь сонссон гэж хариулсан. Гэхдээ олонх нь эмэгтэйчүүд энэ хариултыг хэлж байгаа юм. Харин жендэрийн тэгш байдлын тухай хуулийг 70 орчим хувь мэддэг гэж хариулсан. Энэ хууль нь ажлын байрны бэлгийн дарамтыг зохицуулдаг. Харин байгууллагынхаа дотоод журамд ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, өртсөн тохиолдолд хэрхэн арга хэмжээ авах, энэ талаар гомдол хүлээн авах барагдуулах дүрэм журам тусгагдсан байдаг эсэхийг асуухад ойролцоогоор хоёр хүн тутмын нэг нь буюу 50 хувь нь мэдэхгүй, 15 хувь нь байхгүй гэж хариулсан.
Цаашлаад жендэрийн мэдрэмжтэй байдлыг хангах тусгай заалт байдаг эсэхэд 15 хувь нь байгаа, 18 хувь нь байхгүй, 47 хувь нь мэдэхгүй хэмээн хариулсан байна лээ. Ерөнхийдөө сэтгүүл зүйн үйл ажиллагаанд мөрдөх редакцын дүрэм бодлого 92 хувьд нь бий. Харин тухайн ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллага нь дотоод журамтай эсэхийг судлахад, Улаанбаатар хотод үүнийг мэдэхгүй хүмүүс олон байна. Ер нь редакцын үйл ажиллагаанд баримтлах жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн хэм хэмжээ гарын авлага зэрэг нь зайлшгүй байх ёстой. Сэтгүүл зүйн салбарт жендэрийн хэлбэлзэл харьцангуй гайгүй.
-Сэтгүүл зүйн салбарт ажиллагсдын ажлын байрны тогтвортой байдал нь ямар түвшинд байдаг вэ. Цалин, болон ажлын хангамж нөхцөлөөс шалтгаалан тогтворгүй байх магадлал ажиглагдах боллоо. Түүнчлэн энэхүү судалгаагаар гурван жилийн хугацаанд цалингийн шатлал төдийлөн нэмэгдээгүй үзүүлэлт гарчээ. Чухам юу нөлөөлж байна вэ?
-Нийт ажилчдын 61 хувь нь ажлын байраа ямар нэгэн байдлаар сольсон гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Шилжилт хөдөлгөөн хийнэ гэдэг нь удирдлагын зөрчил болон ажлын хөлс бага байгаатай хамааралтай. Дөрвөн хүн тутмын нэг нь цалин хөлс бага учраас ажлын байраа сольдог гэх хариулт өгсөн. Тэгэхээр үүний цаана хүний эрх ашиг зөрчигдсөн эсэхийг бид тодруулах шаардлагатай тулгарч байна. Шинэ сэтгүүлчид нэг редакцид харьяалагдаад туршлага суучихаад ажлын байраа орхиод явчихдаг. Тийм учраас боловсон хүчнээ тогтоохын тулд цалин хөлс, хангамж ажлын цаг зэргийг уян хатан байхад анхаарах нь зүйтэй.
Энэхүү судалгаагаар цалингийн нөхцөл байдлыг судлахад 2019 оноос хойш сайн нэмэгдээгүй байсан. Тухайлбал, хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын долоон хувь нь 500 мянган төгрөгийн цалинтай бол 39 хувь нь 500-800 мянган төгрөг, 36 хувь нь 800-1.200 мянган төгрөг, 10 хувь нь 1,200,000-1,500,000 мянган төгрөгийн цалин тус тус авч байна. 2019 онд дунджаар 664 мянган төгрөгийн цалин авч байсан бол 2022 онд энэ дүн 15-20 хувиар нэмэгдсэн.
-Тэгвэл цаашид энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд яах ёстой юм бол?
-Мэдээж 2019 оноос хойш цалин сайн нэмэгдээгүй байна гэдэг нь тэдний эрх зөрчигдөж буйн нэг хэлбэр.
-Энэ мэтчилэн бид бусдын дуу хоолой болж явдаг. Гэтэл өөрсдийнхөө эрхийг хамгаалж чадахгүй байгаагийн нэг жишээ нь цалин хангамжийн асуудлаас ил тод харагдаж байна. Бүх салбарт үйлдвэрчний эвлэлийн хороо гэх байгууллага байдаг. Гэтэл сэтгүүл зүйн салбарт Монголын сэтгүүлчийн нэгдсэн эвлэлээс өөр сэтгүүлчдийн өмнөөс дуугарах, эрх ашгийг нь хамгаалах байгууллага алга. Бидэнд үйлдвэрчний эвлэл байгуулах боломж нь ямар түвшинд байдаг юм бэ. Энэ талаар санал асуулга судалгаа явуулсан уу?
-Нийт хэвлэл мэдээллийн салбарт ажилагсдын дунд үйлдвэрчний эвлэл байгуулах талаар санал хураахад олонх нь шаардлагатай хэмээн хариулсан. Хэрэв үйлдвэрчний эвлэлтэй болбол ямар асуудлыг нэн түрүүнд шийдвэрлүүлэх вэ гэхэд хөдөлмөрийн нөхцөл байдал, хүч хэрэглэх байдал, гадны дарамт шахалт хэмээн хэлсэн байдаг. 2019 онд судалгаа явуулахад 1100 хүний 89 хувь нь бидэнд үйлдвэрчний эвлэлийн хороо хэрэгтэй гэж хариулсан. Хуваагддаг юм уу яадаг юм мэдэхгүй. Нэг талаараа хэвлэл мэдээллийн байгууллага нэгдэж чадахгүйдээ биш тус тусынхаа амбицийг хөөгөөд явчихдаг учир тэр биз.
Б.ОЮУНЖАРГАЛ
ЭХ СУРВАЛЖ
Сэтгэгдэл ( 0 )