Б.Бөрт-Үжин: Амьжиргааны өртөг, үнийн өсөлт ийм өндөр үзүүлэлтээр гарч байгаагүй

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 14

Монгол Улсын сонгуулийн тогтолцоо ба менежмент сэдэвт хурал өчигдөр боллоо. Тус хуралд сүүлийн үед хийгдсэн судалгааны ажлуудын талаар хэлэлцсэн юм. Тэгвэл ардчилал, авлига, сонгогчийн боловсролын судалгааны талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ)-гийн хөтөлбөрийн дэд захирал Б.Бөрт-Үжинтэй ярилцлаа.


-Юун түрүүнд манай сонины уншигчдад байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулна уу?

-Манай хүрээлэн нь ардчиллыг дэлхий дахинаа хөгжүүлэх зорилготой, нам бус байдлаар ажилладаг, АНУ-ын ашгийн төлөө бус байгууллага юм. Дэлхийн 100 орчим улсад хөтөлбөр төсөл хэрэгжүүлж байгаа хүрээлэн маань Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулаад 30 жил болж байна. Энэ хугацаанд олон намын тогтолцоог хөгжүүлэх, шударга нээлттэй сонгууль явуулахад туслалцаа үзүүлэх, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх,  иргэний нийгмийн байгууллагуудын санал санаачилгыг дэмжих, сайн засаглалыг хөгжүүлэх гэх мэт ардчилалтай холбоотой асуудалд анхаарал хандуулж, туслалцаа үзүүлж иржээ. Бид улс төрийн намууд, Сонгуулийн ерөнхий хороо, УИХ, ТББ-ууд, хэвлэл мэдээлэл зэрэг олон төрлийн байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн байна.

-Ардчиллыг дэмжиж ажилладаг гэлээ. Сонгуулийн тухай хуульд ардчилалд харшлах заалт бий юу?

-Сонгуулийн тухай хууль, тогтолцоо эрх зүйн байдалд өөрчлөлт оруулах нь монголчуудын маань өөрсдийнх нь шийдэх асуудал юм. Тиймээс манайх шиг байгууллага тус хууль тогтоомжид тэгэх, ингэх хэрэгтэй гэж оролцох ёсгүй гэж би үздэг. Харин бид юун дээр анхаардаг вэ гэхээр сонгуулийн хууль, дүрэм, тогтолцоогоо өөрчлөх, шинэчлэх, засах, хөгжүүлэх шийдвэр гаргалт нь ардчилсан байдлаар явагдаж байна уу, иргэдийн дуу хоолойг тусгаж байна уу,  холбогдох судалгааны ажлуудыг харгалзаж байгаа эсэхэд түлхүү анхаардаг.

-Өнөөдрийн үйл ажиллагаанд танай хүрээлэн хэрхэн оролцож байна вэ?

-Өнөөдрийн үйл ажиллагаа маань АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Монгол Улсын сонгуулийн тогтолцоо ба менежмент” сэдэвт хурал болж байна. Хурлыг Азийн сан, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн болон Сонгуулийн ерөнхий хороо хамтран зохион байгуулж байгаа юм. Дээрх сэдвийн хүрээнд манай хүрээлэнгээс онцлох хэд хэдэн судалгааны дүнг танилцууллаа.

-Танилцуулсан судалгааны дүнгээсээ бидэнтэй хуваалцаач?

-“Олон нийтийн санал бодлын судалгаа”-г БНОУХ-ийн Асуулга судалгааны төвийг төлөөлөн Хараат бус судалгааны хүрээлэн(IRIM)-гээс хийж гүйцэтгэсэн. Энэхүү судалгаа нь энэ оны гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 26-ны өдрүүдэд компьютерын тусламжтайгаар утсаар хийх ярилцлагын аргаар судалгааны мэдээллийг цуглуулж, чанартай хийгдсэн. Санал асуулгад Монгол Улсын 18 болон түүнээс дээш насны гар утас хэрэглэдэг нийт 2500 иргэнийг түүврийн аргаан сонгон, хамруулсан байдаг. Улс орныхоо нөхцөл байдал, чиг хандлагыг харахын тулд хамгийн түрүүнд асуудаг стандарт асуулт гэж бий.

Энэ нь манай улс ерөнхийдөө зөв чиглэл рүү явж байна уу эсвэл буруу чиглэл рүү явж байна уу гэж асуудаг. Тэгвэл судалгаанд оролцсон иргэдийн 58 хувь нь буруу чиглэл рүү явж байна гэсэн байдаг. Энэ нь өнгөрсөн оны ижил түвшний судалгаатай харьцуулахад 10 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн тулгамдаж буй хамгийн чухал гурван асуудлыг тодорхойлоход эдийн засгийн асуудлууд байсан. Үүнд, амьжиргааны өртөг үнийн өсөлт, ажилгүйдэл, бусад эдийн засгийн асуудлууд багтсан байгаа юм. Бид бүхэн олон жил санал бодлын судалгаа хийж ирсэн бөгөөд 2010 оноос өмнөх судалгаануудыг харахад амьжиргааны өртөг үнийн өсөлт ийм өндөр үзүүлэлтээр гарч байгаагүй.

-Тэгвэл ардчиллыг иргэд, олон нийт зөв гэж үздэг юм уу, буруу гэж үздэг үү?

-Ардчилал засаглалын хамгийн сайн хувилбар мөн үү, биш үү гэж асуусан. Ингэхэд санал асуулгад оролцсон иргэдийн 67 хувь нь манай улсын хувьд ардчилал бол засаглалын хамгийн сайн хувилбар мөн гэж үзсэн. Гэхдээ эдгээр хүмүүсийн ихэнх нь ардчиллыг сайжруулах, дахин шат ахиулах шаардлагатай гэж үзсэн. Ардчиллын хөгжиж буй байдлыг дүгнэх асуудал дээр иргэдийн 64 хувь нь тодорхой хэмжээгээр сэтгэл ханамжгүй байгаагаа хэлсэн. Тэгвэл ардчиллыг хөгжүүлэх хамгийн зөв арга зам нь юу вэ гэж асуухад иргэдийн 50 хувь нь авлигатай тэмцэх гэсэн нь онцлог байсан.

Өнөөдөр гэтэл талбай дээр иргэдийн авлигын эсрэг жагсаал өрнөж байна. Манай энэ судалгаанд Монгол Улсад авлига ноцтой асуудал болж байна гэж иргэд нийтээрээ буюу 94 хувь нь үзсэн. Харин авлигатай тэмцэх асуудлыг бууруулах, тэмцэх асуудалд Засгийн газар муу ажиллаж байна гэж 69 хувь нь дүгнэсэн. Тэгвэл таны бодлоор авлигатай тэмцэх хамгийн үр дүнтэй, сайн арга юу вэ гэж асуухад, Мэдээллийн хүртээмжийг сайжруулах, олон нийтэд ил тод болгох гэсэн хариулт хамгийн түгээмэл байсан.

-Авлига ноцтой асуудал гэж 94 хувь нь үзжээ. Тэгвэл Авлигатай тэмцэх газрын талаар иргэд хэрхэн дүгнэсэн бэ?

-АТГ-ын талаар иргэд 64 хувь нь сөрөг бодолтой байгаагаа илэрхийлсэн. Мөн шүүх дээр сөрөг бодолтой иргэд нь бүр 66 хувь хүрсэн юм. Харин хамгийн сөрөг үзүүлэлттэй институт болохоор улс төрийн намууд байсан бөгөөд 67 хувийг эзэлж байв. Судалгаанд оролцогчдын 74 хувь нь намуудыг дүгнэхдээ “намууд сонгогчдын хэрэгцээ шаардлагыг шийдвэрлэхэд хангалттай ажиллахгүй байна” гэсэн. Улс төрийн үйл явцад насанд хүрсэн хүн ам тэр дотроо эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучууд оролцох нь чухал гэж монголчууд нийтээрээ үзсэн.

За тэгвэл, шийдвэр гаргалтад энгийн иргэд нөлөөлөх боломж хэр байна вэ гэхэд 80 хувь нь магадлал бага гэж хариулсан буюу сөрөг үзүүлэлт гарсан. Шийдвэр гаргалтад нөлөөлөх боломжтой гэж хариулсан 450 хүрэхгүй хүнээс энгийн иргэд ямар үйл ажиллагаагаар дамжуулан шийдвэрт нөлөөлж чадах вэ гэхэд нэгдүгээрт, олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлэх, хоёрдугаарт, эсэргүүцлийн жагсаалд оролцох, гуравдугаарт, сонгуульд санал өгөх гэж 19 хувь буюу маш цөөхөн хувь нь хариулсан юм. Мөн бид Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөөгүй хүмүүсээс гол шалтгаан нь юу байв гэж асуухад, бүртгэлтэй хаяг, оршин суугаа газартаа очиж чадаагүй гэдэг хариулт хамгийн олон хувийг эзэлж байв.

-Улс төр дэх эмэгтэйчүүд, залуучуудын оролцоо бага байна хэмээн яригддаг. Үүнийг та бүхэн хэрхэн харж байна вэ?

-БНОУХ-гийн Эдүкэйтэд Энтерпрайз судалгааны байгууллагатай хамтран Эмэгтэйчүүд, залуучуудын улс төрийн оролцоонд тулгарч буй саад бэрхшээлүүдийн тухай судлахад долоон дүгнэлтэд хүрснээс эхний гурвыг дурдъя. Нэгдүгээрт, жендэрийн квотын хэрэгжилт хангалтгүй байна. Хоёрдугаарт, сонгуулийн кампанит ажлын зардал өндөр байдаг нь улс төрд оролцоход нэлээн том санхүүгийн саад бэрхшээл болж байна. Гуравдугаарт, байнгын оршин суух хаяг дээрээ сонгуульд оролцох шаардлага, иргэний бүртгэлтэй холбогдох үйл явц нь залуучууд сонгуульд оролцож чадахгүй байх нэг том шалтгаан юм.

-Сонгогчийн боловсролын талаар мөн илтгэлүүд тавигдаж байна. Сонгогчийн ямар мэдлэг, ойлголт бага байна вэ?

-Манайхтай хамтрагч байгууллага Азийн сан, Цогц хөгжлийн үндэсний төв монгол судалгааны байгууллагатай хамтран “Сонгогчийн зан, төлөвийн судалгаа”-г хийсэн. Тус судалгаанд 2020 оны УИХ-ын сонгуульд санал өгсөн иргэдийг оролцуулжээ. Судалгаанд оролцогчдын төрийн байгууллагуудын чиг үүрэг, засаглалын институтүүдийн ялгааны талаарх ойлголт мэдлэг хангалтгүй байна. Сонгогчид саналаараа дамжуулан ямар эрх мэдлийг олгож байгаа талаараа ойлголтгүй байна. Судалгаанд оролцсон иргэдийн 46.8 хувь нь сонгуулийн холимог тогтолцоог дэмжсэн. Мөн сонгуулийн үеэр улс төрийн намууд, нэр дэвшигчид зориудаар худал ташаа мэдээлэл тарааж байгаа нь сонгогчдын боловсролд сөргөөр нөлөөлж байна гэж дүгнэсэн.

Манай хүрээлэн, Хэвлэлийн хүрээлэнтэй хамтарч өнгөрсөн сонгуулиудаар хэвлэл мэдээллийн мониторинг хийлгүүлсэн. Үүний дүгнэлт нь сонгуулийн үеэр ил тод байдал, мэдээлэл авах эрх, ардчилсан хэлэлцүүлэг өрнүүлэх орон зайд эрсдэл бий болоод байна гэж дүгнэсэн. Гэхдээ худал мэдээллийн эсрэг хуулийн хатуу зохицуулалт хийхээс зайлсхийх ёстой гэж үзсэн. Учир нь элдэв хориг саад нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг үндэслэлгүйгээр хязгаарлах буюу тодорхой зорилгоор хэтрүүлэн ашиглах өндөр эрсдэлийг давхар бий болгодог.

-Өнгөрсөн хугацаанд сонгуулийн ажиглалт, судалгаа хийх үйл ажиллагаанд ямар онцлог гарч ирсэн бэ?

-Монгол Улс түүхэндээ анх удаа, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бүрдсэн баг өөрсдөө Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар сонгуулийн ажиглалт хийж чадсан. Монголын багш-эцэг эхийн холбоо энэхүү санал санаачилгыг гаргаж, манай хүрээлэнгийн зүгээс тусламж, дэмжлэг үзүүлсэн. Тус судалгааны баг иргэдийн сонгох эрх хэрхэн хэрэгжиж байгаа, бие даан саналаа өгөх боломж  байгаа эсэх, мэдээллийн хүртээмж ямар байгаа гэх мэт олон зүйлд ажиглалт, судалгаа явуулж маш сонирхолтой дүгнэлтүүдийг гаргасан байдаг.

-Эцэст нь Монгол Улсын сонгуулийн тогтолцоо, менежментийг дүгнээд хэлбэл?

-Шийдвэр гаргалтдаа иргэдийг оролцуулах, тэднийг сонсох, нөлөөлөх боломжийг зайлшгүй иргэдэд өгөх шаардлагатай байна. Сонгогчийн саналын жинг аль болох тэнцүү тавих дээр анхаарч, шийдвэр гаргалтад нөлөөлөх боломжийг өгөх хэрэгтэй. Түүнчлэн, хууль тогтоогч, шийдвэр гаргагчид аль ч тогтолцоог сонгохоор шийдсэн бай, жендэрийн квот, компанит ажлын зардал, сонгуульд санал өгөх боломжит хувилбаруудыг нэмэх асуудал, мэдээлэл авах эрх, мэдээллийн хүртээмжтэй байдалд анхаарах хэрэгтэй. Эцэст нь, Монголын ард иргэд залуу байна уу, эмэгтэй байна уу, хөгжлийн бэрхшээлтэй байна уу, бүгд л шийдвэр гаргах үйл явцад оролцох нь чухал гэж үзэж байгаа тул тэр улс төрийн оролцооны боломжийг хангаж ажиллах нь нэн чухал.

ЭХ СУРВАЛЖ

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(204.239.251.5) 2022 оны 12 сарын 15

Та нарын ач гавьяагаар\nМонгол улс маш сайхан хөгжиж байна

0  |  0
Top