О.Баатарцогт: Малын үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулснаар МАА-н салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 05

Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал, доктор, дэд профессор О.Баатарцогтыг энэ удаагийн “Өглөөний зочин”-оор урилаа. Түүнийг өнгөрсөн жилийн наймдугаар сард БШУ-ны сайдын тушаалаар ХААИС-ийн захирлаар томилсон юм. О.Баатарцогт нь БНСУ-ын Хангёны үндэсний их сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан, биотехнологич мэргэжилтэй бөгөөд өмнө нь ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирлаар найман жил тасралтгүй ажилласан билээ.


-Та ХААИС-ийн захирлаар томилогдоод чамгүй хугацаа өнгөрлөө. Таныг анх томилогдоход сургуулийн нөхцөл байдал ямар байсан бэ?

-Юуны өмнө шинэ оны эхэнд ярилцлага авч байгаад талархлаа илэрхийлье. Миний хувьд сургуулийнхаа Ерөнхий захирлын ажлыг хүлээж аваад дөрвөн сар болчихлоо. Ер нь ХААИС маань 2014 оноос хойш “Сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болно” гэсэн үндсэн стратеги зорилтоо тавиад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэр хүрээндээ сургалтаасаа илүүтэй судалгаа тал руугаа түлхүү чиглэсэн бодлогыг баримталж байна. Харин ХААИС-ийн цаашдын зорилго, урт хугацааны стратеги гэх юм бол “Судалгааны их сургуулиас үйлдвэрлэл” буюу өөрөөр хэлбэл эрдэм шинжилгээ, сургалт, аж үйлдвэрийн уялдааг бий болгосон цогцолбор хэлбэрээр хөгжихийг зорьж байна. Хоёрдугаарт, “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг баримт бичгүүдийн хүрээнд бид үндэсний хэмжээнд, орон нутагт эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг түгээн дэлгэрүүлнэ. Учир нь ХААИС-ийн үндсэн төгсөгч, боловсон хүчний ажлын байрны 80 гаруй хувь нь орон нутагт байдаг учраас энэ талд үйл ажиллагаагаа чиглүүлэх зорилт баримталж ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Та өмнө нь ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирлын албыг хашиж байсан. Тийм болохоор энэ чиглэлд хийж хэрэгжүүлэхээр зорьж байсан ажлуудаа хийхэд нэлээд дөхөм байгаа болов уу?

-Би 2014 онд ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирлын үүрэгт ажлыг анх авсан. Нийтдээ найман жил орчим энэ албыг хашсан. Энэ хугацаандаа хийсэн томоохон бүтээн байгуулалт гэвэл гадаадын буцалтгүй хөрөнгө оруулалтаар гурван төсөл хэрэгжүүлсэн.

Нэгдүгээрт, 2014-2016 оны хооронд Солонгосын Койка олон улсын байгууллагын буцалтгүй хөрөнгө оруулалтаар “Экологид ээлтэй хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих нь” гэсэн 1.8 сая ам.долларын төсөл амжилттай хэрэгжсэн. Энэ төсөл одоогийн байгаа бүрэлдэхүүний дөрвөн сургууль дээр эрдэмтэн багш нарын судалгаа хийх ахисан түвшний лабораторийн орчныг сайжруулсан юм. ХААИС-ийн тухайн үеийн “Сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болно”, судалгаанд суурилсан стратегитай явна гэсэн бодлогыг нэг шат ахиулсан зүйл болсон гэж боддог.

Хоёр дахь төслийн хувьд БНСУ-ын Хөдөө аж ахуйн ойн яамны буцалтгүй хөрөнгө оруулалт, Хөдөөгийн хөгжлийн корпорацийн үйл ажиллагаа, санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Монгол Улсад мал эмнэлгийн клиник байгуулах, мал эмнэлэг, мал аж ахуйн хүний нөөцийг бэхжүүлэх” гэсэн төсөл бий. Нийт хөрөнгө оруулалт нь 4.4 сая ам.доллар уг төслийг 2019-2023 онд хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар дөрвөн давхар мал эмнэлгийн клиник нь бүрэн баригдаж дуусаад тоног төхөөрөмж нь бүрэн суурилагдсан. Тухайн хугацаанд хэрэгжих ёстой төлөвлөгөөт хүний нөөцийг Монголд ирж сургалт зохион байгуулах, Солонгос улсад очиж яг энэ салбарт ажиллах хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх ажлууд цар тахлын хүнд нөхцөлд байсан ч гэсэн ямар ч байсан бүрэн хэрэгжүүлж чадсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд эмнэлгийнхээ үндсэн барилгыг хүлээж авсан. Мал эмнэлгийн клиникийнхээ нээлтийг харин ирэх тавдугаар сард хийхээр төлөвлөж байна.

Харин гурав дахь төсөл маань ХААИС-ийн харьяа Мал аж ахуй, биотехнологийн сургууль дээр суурилсан БНСУ-ын Койка олон улсын байгууллагын буцалтгүй санхүүжилттэй, “Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг аж үйлдвэртэй холбох, хүний нөөцийг бэхжүүлэх” гэсэн таван сая ам.долларын өртөг бүхий төсөл юм. Мөн уг төсөлд маань өнгөрсөн оны наймдугаар сард хэрэгжээд Хөдөө аж ахуйн судалгаа хөгжүүлэлтийн төвд суурилсан гарааны бизнесийн эко системийг бүрдүүлэх ажил байгаа.

Өөрөөр хэлбэл, эхний төсөл нь эрдэмтэн, багш нар, судлаачдын ур чадварыг дээшлүүлэх байсан бол хоёр дахь үндсэн төсөл нь мал эмнэлгийн салбарыг клиникийн түвшинд хөгжүүлж, Монгол Улсад анх удаа мал эмнэлэг байгуулагдаж байгаа явдал юм. Өнөөдрийн байдлаар хувийн мал эмнэлгүүд байгаа боловч нэгдсэн эмнэлэг байгуулагдаж байгаа нь анх удаа. Харин гурав дахь төсөл нь эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг үйлдвэртэй холбох, дээр нь гарааны бизнесийг дэмжиж, ажлын байрыг бий болгох зорилготой.

-Ноднинг мал тооллогоор манай улс 71 сая толгой малтай болсон гэсэн дүн мэдээ гарсан. Гэсэн хэдий ч мал, махны экспортод малын гоц халдварт өвчнөөс шалтгаалан асуудал үүссэн хэвээр байна. Мал эмнэлэг байгуулагдана гэхээр малын гоц халдварт болон халдварт өвчнийг бууруулахад нэлээд түлхэц болох болов уу. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Бидний хувьд тоног төхөөрөмжийг хөрөнгө оруулалтаар авах гэхээсээ илүү гадаад улс орнуудын туршлагаас судлах, тухайн салбарыг хөгжүүлэхийн тулд хүний нөөцөө сайтар бэлдэх нь чухал байгаа юм. Нэг ёсондоо клиник буюу мал эмнэлгийн цогц эмнэлэг байгуулагдсанаараа Монгол Улсад байгаа малын эмч нар болон өвчлөлтэй холбоотой суурь асуудлуудыг шийдэх, тандалт судалгаа хийх, эмчлэх тал дээр олон улсын түвшинд ойртоно гэж үзэж байгаа. Гэхдээ энэ эмнэлгийн хувьд одоохондоо жижиг амьтдын буюу гэрийн тэжээмэл муур, нохой зэргийг эмчилнэ.

Харин өнгөрсөн арваннэгдүгээр сард энэ төслийн үргэлжлэл болгоод том амьтны эмнэлэг байгуулах хэлэлцээрийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн сургуулийн удирдлагууд, БШУЯ-ны дээд боловсролын газрын дарга зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй хийсэн. Уг хэлэлцээрээр төслийг цааш үргэлжлүүлэх суурь тавигдсан гэж ойлгож болно. Ер нь мал аж ахуйн салбарт байгаа халдварт болон халдварт бус өвчлөлийг бууруулах, арилгахын хамгийн чухал зүйл нь хүний нөөцийг чадавхжуулах юм. Харин мал, махны экспорттой холбоотой асуудлыг салбар яам хариуцаад явна байх. Сургууль бол хүний нөөцийн чадавх дээр нь илүү анхаарч ажиллана.

-Таны хувьд гадаад харилцаа талдаа нэлээн амжилттай ажилладаг. Саяхан Солонгос улсын талтай оюутнуудаа хүлэмжид цалинтай дадлага хийх хэлэлцээр хийсэн гэж сонссон. Энэ талаараа дэлгэрүүлж ярина уу?

-Манай сургууль хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг илүү хурдацтай хөгжүүлэхийн тулд үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй гэж үздэг. БНСУ бол хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа газар тариалангийн салбарт шинэ технологи нэвтрүүлэх тал дээр маш их туршлагатай улсын тоонд зүй ёсоор ордог. Тэгэхээр БНСУ-д хэрэгжээд үйлдвэрлэлд нэвтэрсэн технологи буюу ухаалаг газар тариалан, мал аж ахуйн технологийг Монгол Улсдаа нэвтрүүлэх тал дээр хамтарч ажиллах, бодит үр дүн гаргах ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Сая оны өмнөхөн Нунсан хотын захирагчтай ХААИС-ийн оюутнуудыг цалинтай дадлага буюу суралцах хугацаандаа мэргэжлийнхээ ур чадварыг дээшлүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Хоёрдугаарт, Солонгос улсад байгаа өндөр технологийг Монголд нутагшуулах хамтын судалгааны орчин бүрдүүлэх, үүнээс гарсан үр дүнгээр Монголын хөдөө аж ахуйн салбараас гаргаж байгаа түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулалт хийх технологийг бойжуулах, урт хугацааны экспортод гаргаж болох бүтээгдэхүүний зах зээлийг бий болгох суурь ажлуудыг хийж байна.

-Малын генетик нөөцийн тухай хуулийг боловсруулах Ажлын хэсэгт та оролцож, нэлээд үүрэгтэй ажилласан. Энэ хуулийн давуу тал, ач холбогдол нь юу байх вэ?

-Өнгөрсөн 2017 оны 12 дугаар сард манай улсад анх удаа Малын генетик нөөцийн тухай хууль, Малын эрүүл мэндийн тухай хууль гэсэн хоёр хууль тусдаа батлагдаж гарсан. Энэ хуулийн ач холбогдлын тухайд гэвэл таны дурдсанчлан малын тоо толгой 71 сая хүрлээ. Нэгж малаас авах ашиг шимийн тухай гэхээр яах аргагүй малын генетик нөөцтэй салшгүй холбоотой. Үржил селекцийн ажил ч давхар яригдана. Үүн дээр л тулгуурлаж явах ёстой. Тэр хууль гарснаар Монгол Улсын 330 суманд мал зүйч мэргэжлийн хөдөө аж ахуйн тасаг гэж байгуулагдсан. Ингэснээрээ тухайн бүс нутагт өсгөж, үржүүлэх, хувьд байгаа малын үржлийг шинжлэх ухааны үндэстэй явуулах, урт хугацаандаа нэгж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, малын тоо толгойг тодорхой түвшинд барих боломжийг бий болгосон гэж хардаг. Миний хувьд бол энэ хуулийг боловсруулах Ажлын хэсэгтэй мэргэжлийн түвшинд санал солилцож, БНСУ-д малын генетик нөөцийн асуудлыг яаж зохион байгуулж явдаг тал дээр тусалж, дэмжсэн. Цаашдаа монгол малын генетик нөөцийг үндэсний болоод олон улсын түвшинд бид баталгаажуулах ёстой. Энэ хуулийн хүрээнд биотехнологийн дэвшилтэд аргуудыг нэвтрүүлэх, үүлдэр угсаа дээр генетик нөөцийн дүн шинжилгээг хийж монгол мал гэсэн үндсэн агуулгыг олон улсын түвшинд гаргах урт хугацааны зорилготой юм. Хоёрдугаарт, Мал зүйч гэдэг мэргэжлийн хүний нөөцийг таван жилд нэг удаа, орон нутгаас гурван жилд нэг удаа төрөөс зардлыг нь бүрэн шийдэж, мэргэжлийн сургалтыг явуулж байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл хүний нөөцийг тогтвортой чадавхжуулж байж энэ хуулийн хэрэгжилт амжилттай явна. Дээр нь мал аж ахуйн салбарт гарч байгаа генетик нөөцийн өөрчлөлт, түүгээр дамжин нэгж малаас авах ашиг шимийн хэмжээ нэмэгдэнэ. БНСУ болоод бусад орнуудын хувьд 30, 40 жилээр стратеги төлөвлөлтөө хийгээд түүнийхээ дагуу богино хугацааны төлөвлөгөө гаргаж явдгаараа цэвэр ашиг шимтэй малыг бий болгодог. Үндсэндээ дур зоргын буюу шинжлэх ухааны үндэслэлгүйгээр үржил селекцийн ажлыг явуулснаараа тоо толгойн хувьд өсөөд байгаа боловч эдийн засгийн хувьд сөрөг тал руугаа яваад байгаа юм.

-Шинжлэх ухаанд суурилсан мал аж ахуйг хөгжүүлнэ гэдэг нь нүүдлийн гэхээсээ илүүтэй фермерийн мал аж ахуйд хамаарах байх гэж ойлгож байна. Гэтэл бид чинь нүүдэлчин буюу уламжлалт мал аж ахуйгаасаа салах нь тийм ч амаргүй байх болов уу. Тэгэхээр ингэж хөгжүүлэхэд хэр хугацаа шаардагдах вэ?

-Нэгдлийн буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байх үед бол хувийн өмч гэж байхгүй, дандаа улсын, төрийн өмч гэж байсан. Тиймээс ч нэгдлийн малын үржлийг улсаас бодлогоор генетик нөөцийн үржлийг шинжлэх ухааны үндэслэлтэй, малын бүртгэлийн тогтолцоотой явуулдаг байсан. Харин хувьд шилжсэнээр хувийн өмчид шууд халдах боломж байхгүй учраас тоо толгойн өсөлт эрчимтэй явагдсан. Ер нь цэвэр үүлдэр, ашиг шимийг тогтвортой барихын тулд сүргийн эргэлтийн тогтолцоо, үржил селекцийн ажлын бүртгэл гэдэг юмыг хөтлөхгүйгээр зүгээр дур зоргоороо яваад ашиг шимийг өндөр болгоно гэдэг хэцүү. Сүүлийн жилүүдэд малчид маань тооноос чанарт шилжих нь зүйтэй гэсэн зүй тогтлыг ойлгож байна. Яагаад гэхээр нэгж малаас авах ашиг шимийн үзүүлэлт, хүн хүчний нөөц, бэлчээрийн даац гээд олон хүчин зүйлээс шалтгаалж байгааг ойлгоод бэлчээрийн мал аж ахуйгаа эдийн засгийн эргэлтэд оруулаад эхэлсэн. Үүн дээр нь тодорхой түвшний мэргэжлийн зөвлөгөө, хамтарсан хоршоо байдлаар генетик нөөц, үржил селекцийн ажлыг бүртгэлтэйгээр явуулах нь хувь малчид гэлтгүй улсын эдийн засагт ч хэрэгтэй.

-Олон улсад мал, махаа гаргахын тулд “Бэлчээрийн мал аж ахуй” гэсэн ойлголтыг илүүтэй сурталчилж чадвал ашигтай байх юм уу. Эсвэл махны, сүүний гэдэг шиг фермер байдлаар нь хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь дээр юм болов уу?

-Хосолмол зарчим гэдэг нь бидний хувьд зөв байх болов уу. Бэлчээрийн монгол малын эко буюу органик гэдэг талаас нь буюу массд зориулсан биш зорилтод бүлэгт чиглэсэн мал аж ахуй болоод хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл явуулбал улс, аж ахуйн нэгж, иргэнд ирэх үр өгөөж нь өндөр байна. Ер нь бэлчээрийн монгол малын махыг олон улсад сурталчлахад чиглэсэн хангалттай мэдээллүүд бий. Хамгийн гол асуудал нь малын өвчлөлтэй холбоотой олон улсын гэрээ хэлцэл, конвенцынх нь дагуу Монголд халдварт өвчний хяналт одоогоор олон улсын стандартыг хангаж чадахгүй байгаа юм. Түүнээс биш 70 сая мал Хятадын зах зээлийг хангана гэвэл юу ч болохгүй. Тэгэхээр бид зорилтот бүлэгт эко органик байдлаар л хүргэх нь чухал.

-“Эрүүл бүс” байгуулах тухай ярьж байгаа. Энэ л яг таны ярьсантай уялдаж байна уу?

-“Эрүүл бүс”-ийг төрийн бодлого, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, орон нутгийн захиргаа гээд нэгдсэн нэг ойлголт, бодлоготой байж л явах ажил. Түүнээс биш малчид дангаараа “Эрүүл бүс” байгуулах нь хүндрэлтэй. Бид Дорнод аймагт “Халх голын чөлөөт бүс” байгуулна гэсэн боловч одоогоор гарсан дэвшил алга. Гэхдээ богино хугацаа буюу экспортод гаргах гэж байгаа малыг 45 хоногийн хугацаанд эрүүл гэдгийг нь нотлоод гаргах асуудал байгаа. Харин төрөхөөс нь эхлээд “Эрүүл бүс”-д байлгахыг шууд хийгээд явах бололцоотой гэж хэлэхэд төвөгтэй. Үүнийг дагаж шийдвэрлэх олон асуудал байна.  

 

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.21) 2023 оны 03 сарын 09

Khelj yarij baigaa tusul hutulbur ni amidrald yaj heregjseniig sain medehgui bna.Norovoos buh yum aa asuudag gesen ter ni ih ineedtei sanagddag ?Ug ni zaluu hun hiij buteehiin tuluu zorij baigaa ni saishaaltai?

0  |  3
Ba(202.131.251.130) 2023 оны 03 сарын 09

Mal aj ahui erkhlej uzeegui yuch hiij uzeegui nusan batsaan tom tom shaah yum aa

1  |  3
Ba(202.55.188.99) 2023 оны 03 сарын 09

Ene nohor aj ahui erkhlej uzsen uu yuch hiij uzeegui baij bult bult ysrehee boli

0  |  4
Otgon(150.129.141.77) 2023 оны 03 сарын 09

Arai bas ingej helj bolohgui shuu nohor mini

0  |  5
Member(202.131.251.130) 2023 оны 01 сарын 09

NICE2

2  |  2
Top