2022 оны нэгдүгээр сарын 20-ны байдлаар Хөгжлийн банк 67 зээлдэгчийн 3.2 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн багцын үлдэгдэлтэй байснаас 55.3 хувь нь чанаргүй ангилалд багтаж байв.
Тэгвэл 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нэг их наяд 80 тэрбум төгрөг эргэн төлөгдсөнөөс 16 зээлдэгч нь зээлээ бүрэн төлж хаасан гэх мэдээллийг Хөгжлийн банкнаас өгч байна.
Сүүлийн төлөлтүүдээс дурдахад, он гарахын өмнөхөн ТОСК ТӨҮГ-аас “Буянт-Ухаа 1, 2” хорооллыг санхүүжүүлсэн зээлийн төлбөр болох 185.6 тэрбум, "Нью яармаг хаусинг прожект"-ын 85.8 тэрбум төгрөг төлөгдөж хаагджээ. Зээлийн эргэн төлөлтийг бэлэн мөнгөөр, үнэт цаасаар, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө зэрэг төрлөөр төлүүлж буй аж.
Тэгэхээр энэ оны нэгдүгээр сард чанаргүй зээлдэгчдээ зарлаж, цаашид “орших уу, эс орших уу” дээрээ тулаад байсан Хөгжлийн банк ямар ч байсан энэ онд төлөх ёстой, Засгийн газрын баталгаатай "Самурай" бондын өр төлбөрөө төлөх хэмжээний чадавхтай болжээ.
Хөгжлийн банк 2013 онд Засгийн газрын баталгаатай, 10 жилийн хугацаатай, жилийн 1.5%-ийн хүүтэй 30 тэрбум иенийн “Самурай” бондыг олон улсын зах зээлд арилжаалсан. Тус бондын үндсэн төлбөрийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөх хуваарьтай. "Самурай” бондын үндсэн төлбөр болох 30 тэрбум иен нь өнөөгийн ханшаар нийт 762.3 тэрбум төгрөг бөгөөд Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөр бондын үндсэн төлбөрийг төлөх боломжтой болж байна.
Тодотгоход, "Самурай" бондоос өмнө ирэх аравдугаар сарын 23-нд Евро бондын 500 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 1.5 их наяд орчим төгрөгийн төлбөр төлөх ёстой.
Сангийн сайд Б.Жавхлан сүүлд мэдээлэл өгөхдөө, Хөгжлийн банкны бондын эргэн төлөлтийн талаар авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, Хөгжлийн банканд оны эцэс хүртэл төлөгдөх зээлийн эргэн төлөлтөөр 500.0 сая ам.долларын Евро бондоос хэсэгчлэн худалдан авах ажиллагааг хийхээр ажиллаж байгаа талаар мэдэгдэж байсан.
Бондуудыг хугацаанаас өмнө эргэн төлөх саналыг хөрөнгө оруулагчдад тавьснаар биднийг хүлээсэн үүргээ биелүүлэх хариуцлагаа бүрэн ухамсарлаж байгаа, мөн бондын төлбөрөө төлөх чадвартай найдвартай түнш гэдгийг илэрхийлсэн гэсэн юм. Ямартай ч одоогийн байдлаар Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс "Самурай" бондын үндсэн төлбөрийг барагдуулах 760 гаруй тэрбумыг хасахаар цаана нь 400 тэрбум төгрөг үлдэж байна. Евро бондын үндсэн төлбөр 1.5 их наяд төгрөг гээд тооцохоор Хөгжлийн банк дахиад 1 их наяд төгрөгийн зээл эргэн төлүүлэх шаардлагатай юм.
Одоогоор Хөгжлийн банк 52 зээлдэгчийн 2.6 их наяд төгрөгийн зээлийн багцын үлдэгдэлтэй байна.
Ер нь бол Хөгжлийн банк нэг бондын өрөө дарах мөнгөө зээлийн төлөлтүүдээрээ босгож чадсан ч цаашид тус банкны үйл ажиллагаа бүрэн дүүрэн эрүүлжих эсэх нь одоогоор тодорхой бус байна.
Сүүлийн үед, нийгмийн анхаарлыг татсан асуудлуудаар ерөнхий хяналтын сонсгол хийдэг болсон. Тухайлбал, Хөгжлийн банкны асуудлаарх ерөнхий хяналтын сонсгол энэ оны гуравдугаар сарын 29-нд болсон билээ. Энэ үеэр тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул Хөгжлийн банкны үйл ажиллагааг цаашид хэвийн явуулахын тулд энэ онд багтаан 2.2 их наяд төгрөгийн зээлд арга хэмжээ авах шаардлагатай гэсэн мэдээллийг өгч байв. Сангийн сайд Б.Жавхлан энэ оны сүүл гэхэд 1 их наядын зээлийн төлөлт хийгдэхгүй бол Хөгжлийн банк үүд хаалгаа барьж мэдэхээр байдалтай байна гэж байв.
Мөн манай улсад ажиллаад буцсан ОУВС-гийн Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс Хөгжлийн банкны асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Тодруулбал, Хөгжлийн Банкны тайлан тэнцэл дээр үүссэн асуудлуудыг 2023 онд төсвийн болон гадаад секторын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхгүйгээр шуурхай бөгөөд хууль журмын дагуу шийдвэрлэх ёстой. Хөгжлийн банкин дээр ужгирсан засаглалын асуудлыг шийдвэртэйгээр засахаас бусад тохиолдолд тус банкны тайлан тэнцлийн асуудлыг төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх нь түр зуурын шийдэл болох бөгөөд цаашид хэзээ нэгэн цагт төсөвт эрсдэл учруулсан хэвээр байх учир дэмжих боломжгүй гэж байсан юм.
Хөгжлийн банкны үйл ажиллагааг цаашид хэрхэн явуулах боломж нөхцөл байгаа талаар эдийн засагчид, судлаачид байр сууриа илэрхийлж буй.
Эдийн засагч Б.Отгонтөгс "Дэлхийн хэмжээнд сайн, муу түүхтэй 450 орчим “Хөгжлийн” банк ажиллаж байна. Монгол Улсын Хөгжлийн банк бол ихээхэн хэмжээний бондыг Засгийн газрын баталгаатайгаар, сүүлийн жилүүдэд баталгаагүйгээр авч чадсан, олон улсын санхүүгийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, дэлхийн санхүүгийн зах зээл дээр бонд босгож, гэрээ хэлэлцээр хийж сурж байгаа, дэлхийн санхүүгийн интеграцчлалд орсон, олон улсын санхүүгийн талбарт маш сайн түүхтэй олон улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч юм.
Нөхцөл байдал нэгэнт өнөөдөрт хүрсэн учраас бид цаашид хэрхэх вэ гэдэг дээр ярих нь зүйтэй. Нэн тэргүүнд зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх, төлүүлэх дээр төвлөрч ажиллах шаардлагатай. Ирэх жилүүдийн их хэмжээний өр төлбөрүүдийг төлөх ёстой, ямар ч байсан дефольт болгож болохгүй.
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд олгосон төсвийн шинж чанартай зээлийн багцыг зээлийн үнэт цаасны хэлбэрээр арилжаалах, муу зээлүүдийг худалдан авах гэх зэргээр санхүүгийн хоёрдогч зах зээлүүдийг бүрдүүлэх, үүнийг шийдвэрлэх эдийн засаг, эрх зүйн орчныг бүрдүүлэх боломж бий. Сангийн яам, Хөгжлийн банк, Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран ажиллахад ийм боломж бий гэж харж байна. Үе үеийн хяналт шалгалтын дараа илэрсэн зөрчлүүд, тэдгээрийг засаж залруулах зөвлөмжүүд хэрэгжээгүйгээс өнөөдрийг хүрсэн байна. Хөгжлийн банкны багийг мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх нь зүйтэй. Мэргэжлийн багийн үйл ажиллагаа үнэхээр дутагдаж байгааг энд тэмдэглэж хэлье. Өнөөдрийн хүндрэлтэй нөхцөл, асуудлыг зөвхөн олон улсын түвшний, мэргэжлийн баг л шийдвэрлэж чадна. Хэтдээ Хөгжлийн банкны үйл ажиллагаа жигдэрсэн хойно 5-8 жилийн дараа ч юмуу банкны хувь эзэмшлийг өөрчилж, 80 хувь нь Засгийн газрын, 20 хувийг нь арилжааны банкуудын эзэмшилд худалдах, бүр цаашлаад 50 хувьд хүргэх гэх зэргээр үйл ажиллагааг нь явуулбал олон улсын санхүүгийн зах зээл дээр далайцтай үйл ажиллагаа явуулах чадавхтай, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж чаддаг сайн түүхтэй банк болгох боломж байна. Улмаар улс орны хөгжлийг түүчээлэх санхүүгийн механизм бий болгох боломж бий гэж харж байна" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )
32 JIL MONGOLIIG TSULUMSUN HULGAICHUUD HAMAARAL BVHII HVMVVSTEIGEE NIILEED.\nMAN BA AN NAMIIN MAPUUD HURDAN TUL.
32 JIL MONGOLIIG TSULUMSUN HULGAICHUUD HAMAARAL BVHII HVMVVSTEIGEE NIILEED.\nMAN BA AN NAMIIN MAPUUD HURDAN TUL.