Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн хэд, хэдэн хуулийг УИХ-аас баталсан. Тэдгээрийн нэг нь Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль юм. Тус хуулийн ач холбогдол болон чухал заалтуудын талаар хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс тодрууллаа.
-Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Тус хуулийн ач холбогдол, давуу тал нь юу байгаа вэ?
-УИХ-д сонгогдохдоо “Бүх Монголоо эмчилнэ” гэсэн зорилго тавьж, сонгуулийнхаа уриа болгосон. Энэ нь мэдээж шууд мэс заслын хутга бариад эмчилнэ гэсэн үг биш. Харин эрх зүйн орчныг нь сайжруулж, монгол хүн дэлхийн анагаах ухааны ололтыг эх орондоо санхүүгийн дарамтгүй хүртэх боломжийг нээж өгөх юм. Ингэхийн тулд өртөг зардал ихтэй, өндөр чадвартай боловсон хүчин хэрэгтэй дэвшилтэд технологиудыг Монголд оруулж ирэх ёстой.
Өнгөрсөн хугацаанд манай эрүүл мэндийн салбарынхан өөрсдийнхөө идэвх зүтгэл, санаачилгаараа олон зүйлийг бүтээн байгуулж, босгож чадсан л даа. Үүний хамгийн тод жишээ бол элэг болон бөөр шилжүүлэн суулгах хагалгаа. Хэдхэн жилийн өмнө л гэхэд энэ төрлийн өвчтэй хүмүүс орон сууцаа хүртэл зараад Энэтхэг, Солонгос явдаг байсан. Тэгвэл 2020 оны сонгуулиар бүрдсэн УИХ хамгийн түрүүнд Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт байсан юм. Энэ дотроо төрөөс даах тусламж, үйлчилгээ тодорхой болсон. Хамгийн сайхан мэдээ нь хамтын төлбөр байхгүй. Элэг шилжүүлэн суулгах хагалгаа л гэхэд 113 сая төгрөг. Хамтын төлбөр төлбөл 30 сая төгрөг. Бас л хүнд тусна.
Ингээд санхүүгийн асуудал нь шийдэгдтэл өмнөх хуулиараа 25 нас хүрсэн болон түүнээс дээш настай хүн аав, ээж, өөрийн хайртай хүмүүстээ тал эрхтнээ өгөх эрх нь нээгддэг байсан. Гэтэл 2020-2022 оны хооронд 24 нас, 11 сартай хүн өөрийнхөө аавд элгээ өгч чадахгүй байсаар байгаад аав нь өөд болчихсон. Энэ бол үнэхээр харамсалтай. Үүнтэй адилхан тохиолдлууд олон байгаа учраас байгаа бүхнээ шавхаад ч хамаагүй 21 настай хүнд хагалгаа хийж болдог улсууд руу явсан. Гадагшаа гарч байгаа валютын урсгал тэр хэрээр нэмэгдэнэ. Тиймээс энэ хуульд хамгийн түрүүнд оруулсан гол заалт бол 25 насыг 21 нас болгосон явдал.
-Чухам яагаад 21 нас юм бэ?
-Тухайн хүн 21 нас хүрсэн бол хэн нэгний дарамт, шахалтгүйгээр шийдвэр гаргах боломжтой. Дэлхийн ихэнх улс орон 18 наснаас амьд донор болохыг хүлээн зөвшөөрдөг. Харин түүнээс доош бол бага насны хүүхдийг айлган сүрдүүлсээр байгаад эрхтнийг нь авах эрсдэл байдаг. Дээрээс нь Монгол Улсын эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны хамгийн чухал баримталдаг зарчим бол хүний эрхтний наймаа байж болохгүй. Санхүүгийн боломжгүй байдлыг нь далимдуулж эрхтнийг нь худалдан авч болохгүй шүү дээ.
Мөн дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг конвенцид манай улс элссэн байдаг. Мөн өөрийнхөө эд, эс, эрхтнийг хайртай хүмүүстээ өгч байгаа хүмүүс чинь баатарлаг үйлстнүүд. Өнгөрсөн хугацаанд их ч олон хүнтэй харилцсан. Тэгэхэд яг цаг нь тулаад ирэхээр хүн "за" гэж хэлж чаддаггүй юм. Тиймээс сайн дураараа эрхтнээ өгсөн баатарлаг үйлстнүүдээ жилд нэг удаа сувилалд хамруулж, эрүүл мэндэд нь анхаарал хандуулах боломжийг энэ хуулиар олгож өгсөн. Тэгэхгүй бол эрхтнээ өгсөн хүн эрхтнийг нь авсан хүнээ дарамтлаад байвал яах билээ. Өнгөрсөн хугацаанд ийм тохиолдол гарч ч байсан.
Гуравдугаарт, эрхтний наймаа, хэн нэгэн эрх мэдэлтэн бусдад давуу байдал олгож, дарааллын урдуур оруулах асуудлыг цэгцлэх зорилгоор Эрхтэн шилжүүлэн суулгах Ёс зүйн хороо гэдгийг салбар яамны дэргэд байгуулж байгаа. Мөн дараалалд байгаа хүмүүсийн мэдээлэл нь тодорхой эрх бүхий хүмүүст ил тод байхаар тусгасан. Хувь хүний нууц учраас олон нийтэд ил болгож болохгүй. Тиймээс тэр мэдээллийг нь нууцыг хадгалах харах эрх бүхий хүмүүс харж болно гэж оруулсан. Амьдрал дээр нэг амьгүй донороос элэг гараад ирлээ гэж бодъё. Үүнийг бид “Бурхны бэлэг” гэж ярьдаг юм. Талийгаачийн ар гэрийнхэн нь буян бодоод өвчтэй хүмүүст өгөх шийдвэр гаргалаа гэхэд хэн нэгэнд нь давуу эрх олгож болохгүй. Тиймээс үүнийг хянах зорилгоор мэдээллийг нь эрх бүхий хүмүүст ил болгож байгаа юм.
-Дараалалд байгаа хүмүүсийн дарааллыг хэрхэн тогтоодог вэ. Эмнэлэгт хандсан хугацаагаар нь юм уу. Аль эсвэл өвчлөлийн зэрэг, амь насанд халтай гэдгийг нь авч үздэг үү?
-Энэ бол үнэхээр чухал асуудал. Дарааллыг тогтоох онооны систем гэж байдаг. Үүнд нэгдүгээрт, хэзээ эмнэлэгт хандсан гэдгийг нь авч үзнэ. Мөн амь нас нь эрсдэх магадлал нь хэр өндөр байна, түүнийг дарааллыг урагшаа татах боломж байдаг.
Нэг ёсондоо элэгний хатууралтайгаа зургаан сараас дээш хугацаагаар амьдрах боломжтой хүн байхад хамгийн сүүлд эмнэлэгт хандсан ч 14 хоногийн дараа амь насаа алдах гэж байсан хүн байж болно.
Тиймээс энэ хоёр үзүүлэлтийг хамтад нь харгалзаж үзээд, дарааллыг комисс шийдвэрлэнэ. Дээр хэлсэн Ёс зүйн хороо энэ асуудлыг хариуцна гэсэн үг.
-Ёс зүйн хорооны гишүүдийг хэн, хэрхэн сонгох вэ?
-Эрүүл мэндийн яам буюу Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захирамж гаргаж, ямар хүмүүс байхыг шийднэ.
-Амьгүй донор зөвхөн ар гэр нь эмнэлгийн байгууллагад хандсанаар болох уу. Үгүй бол тухайн хүн амьд ахуйдаа гэрээслэл маягаар хандаж болох уу?
-Хуульд юу гэж байгаа вэ гэхээр амьд сэрүүн, эрүүл саруул байгаа хүмүүс өөрийн санаачилгаараа ямар нэгэн золгүй явдалтай учирвал миний эд, эс, эрхтнийг хэн нэгэнд буян болгож авч болно гэсэн зөвшөөрөл өгдөг. Харин ийм гэрээслэл үлдээгээгүй байгаад золгүй явдалтай учирсан тохиолдолд заавал ар гэртэй нь зөвшилцөж шийдэх ёстой. Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгалтыг зохицуулах алба гэж 2020 онд байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд энэ алба 50-иад тохиолдол дээр хэлэлцээр хийгээд тал хувийг нь зөвшөөрүүлж чадсан. Үнэхээр хэцүү хэлэлцээр шүү дээ.
Хэдийгээр тархи нь эргэшгүй үхэлд орчихсон ч зүрх нь цохилоод байгаа учраас ар гэр нь амьдраасай гээд хүсээд байдаг. Тийм хүмүүс дээр очоод эд, эс, эрхтнийг нь авъя гээд ярих үнэхээр төсөөлшгүй хүнд. Ар гэрийнхэн нь хэлэлцээрт орж байгаа хүмүүсээс “Бидэнд ямар туслалцаа үзүүлэх вэ” гэж асуудаг гэж байгаа. Тиймээс бид уг хуульд талийгаачийн оршуулгын зардалд 3.5 сая төгрөг олгохоор тусгаж өгсөн. Энэ асуудалд ХНХ-ийн сайд асан А.Ариунзаяа үнэхээр их хүчин чармайлт гаргаж ажилласанд мөн талархал илэрхийлье. Ер нь бол даатгалаа төлдөг хүн бурхан болоход нэг сая төгрөг л өгдөг шүү дээ.
-Ах дүү, өөрийн төрөл садангийн хүнд л эд, эс эрхтнээ өгөх ёстой юу?
-Хүний эрхтний наймаанаас сэргийлэх конвецийн гол үзэл санаа бол заавал цусан төрлийн хамаатан байх ёстой юм. Түүнээс биш гудамжинд яваа хүний эд, эрхтнийг авбал энэ чинь хүний эрхтний наймаа болж хувирна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 6 )
ЧИНБҮРЭЭЭН БИДЭНД ЯМАР ВАКЦИН ХИЙГЭЭД ДАРАА НЬ АМЬ АМИА БОД ГЭСЭН БЭ ХЭЛЭЭД ӨГӨӨЧ ГИШҮҮНЭЭЭ
Элгээр өвдсөн хүмүүсийн зовлонгоор хоолоо олж иддэг нүгэлт амьтан даа. Үхэж байгаа хүнээс мөнгийг нь авахыг л боддог. Эмчлэгдэхгүй хүнийг улам шаналгаж, ар гэрийг нь зовоож мөнгийг нь саадаг.
Ene hun hulgai hiihgyugeer amidarch chgyu l yum bh daa
Луйварчин этгээд. Шалгавал маш их юм гарна даа
No no
Unen zaligai khulgaich daa khavdadiin emnelgees tursun terbumtan yavakhdaa naiz erdenekhuuger avchirch emnelgiin darga bolgood uuriikhuu mungunii ursgaliig aldaagui khulgaich deee chi muu