Ч.Ундрах: Жилд 15-19 насны 3500-4000 охин үр хөндөлт хийлгэдэг

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 08

Жирэмсэн болон хүүхэд төрүүлсэн өсвөр насны охид, мэргэжил, боловсрол, орлогогүй залуу эмэгтэйчүүд, хүчирхийллийн хохирогч болсон охидод үйл ажиллагаагаа чиглүүлэн 20 дахь жилдээ ажиллаж буй “Гүнж” төвийн үүсгэн байгуулагч, тэргүүн Ч.Ундрахтай ярилцлаа.


-Сургуулийн амралт эхэлсэн энэ үед охид маань янз бүрийн хэлбэрээр хүчирхийлэлд өртөх нь нэмэгддэг судалгаа гарчээ. Үүнээс харахад охид сургуулийн орчинд хамгаалагдаж байдаг бол гэр бүлийн орчинд янз бүрийн хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байна. Тэгэхээр эцэг, эхчүүд охидыг нэг бол үл хайхарч эсвэл гэрийн ажил хийдэг “зарц” мэтээр хандаж, эсэргүүцсэн тохиолдолд хүчирхийлдэг. Тэгвэл эцэг, эхчүүд охидын эрхийн талаар ойлголт дулимаг байна уу?

-Манай байгууллага 2014 оноос хойш бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд шууд үйлчилгээ үзүүлдэг ажлаа больсон.

Яагаад гэвэл хүүхдүүдийг хамгаалах үйлчилгээ, тусламж, дэмжих ажлыг төр хийх ёстой юм байна гэж үзсэн. Харин манай байгууллага юу хийдэг вэ гэхээр хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг охидод олгодог. Охидын эрхийг зөрчиж байгаа асуудлуудын хүрээнд олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлнэ гэдэг бол маш чухал асуудал. Охидтой ойр хүрээлэн байгаа хүмүүст тэдний эрхийг хамгаалах талаар ойлголт, мэдлэг өгөх, охид өөрсдөө эрхээ мэддэг болоход нь тусламж үзүүлэх хэлбэрээр үйл ажиллагаа маань явагддаг.

Яг одоо хүрч ажиллаж байгаа зорилтот бүлэг бол өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн охид маань байна. Тэднийг чадавхжуулахад түлхүү анхаарал хандуулж ажиллаж байна. Асуулттай чинь холбогдуулан хариулахад бид нар охидын хөгжих эрхийн асуудлыг хөндөж ярьдаг.

Хувь хүн бүр хөгжих эрхтэй. Тиймээс охид маань ч гэсэн хөгжих үйл ажиллагаандаа цаг зарцуулах шаардлагатай байна.

Монгол охид гэрийн ажилд хөвгүүдээс нэг дахин илүү цаг зарцуулж байна гэсэн судалгаа гарсан. Дүүгээ асрах, хоолоо хийх, хувцсаа угаах, гэрээ цэвэрлэх ажлууд охидын л ажил мэт байгаад байдаг. Хүмүүс “Охинтой байж гэр чинь ямар бохир юм бэ. Охин чинь гэрээ цэвэрлэдэггүй юм уу” гэж ярьдаг. Яг л чиний асуудаг шиг гэрийн “зарц” мэт байлгадаг. Иймд охид гэрийнхээ ажилд дарагдаад дугуйлан, сургалт, өөрийгөө хөгжүүлэх зүйлд явах цаг зав байхгүй байна. Мөн судалгаанаас харахад хаана ямар орчинд амьдарч байгаагаас бас ялгаатай харагддаг. Хөдөө орон нутаг, хотын хүүхдүүд, хот дотроо хотын төв болон захад амьдарч байгаа хүүхдүүд өөр өөр байдаг. Гэхдээ нийтлэг төрхөөр нь авч үзэхэд охид үнэгүй хөдөлмөр эрхэлдэг.

Мөн юу ажиглагдсан бэ гэвэл уул уурхай давамгайлсан орон нутагт охидын эрхийг өөр түвшинд ярьж, авч үзэх ёстой юм шиг санагдсан. Бид тэнд судалгаа хийж үзээгүй ч нэлээд хэдэн кейс дээр анализ хийж үзсэн. Жишээлбэл, Өмнөговь аймгийн Ханбогд суманд “эгч ээж” гэдэг ойлголт гарсан байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр аав, ээж хоёр нь уурхайд ажилладаг, олон хоног гэрээсээ хол байгаа тохиолдолд тэр ар гэрийн ажил, дүү нараа харах үүрэг хамгийн том эгчийн нуруун дээр ирдэг. Насанд хүрсэн нэг эмэгтэй ар гэрээ аваад явахад ямар хэцүү байдаг билээ дээ. Тэгэхэд өсвөр насны охид тэр бүгдийг хийнэ гэдэг нь маш том асуудал. Ингээд үзэхээр хүүхдүүдийн “хөгжих эрх” л хамгийн их зөрчигдөж байна.

-Өмнөговь аймгийн Ханбогд суманд сургалтаа хийгээд явж байхдаа тухайн охидтой ганцаарчилсан ярилцлага хийсэн бол нэг кейс дурдаач?

-Нарийн кейс хэлж мэдэхгүй байна. Бид тус аймагт 2019 онд очиж манлайллын сургалт орж байсан. Ихэвчлэн бүлгийн ажлын сургалт зохион байгуулсан юм.

-Тэгвэл тухайн суманд өмнө нь охидын эрхтэй холбоотой сургалтууд зохион байгуулагдаж байж уу?

-Ер нь орон нутгуудад охидын эрхийн сургалт, уулзалтууд маш ховор зохион байгуулагддаг. Манайх үндэсний хэмжээний том байгууллага биш болохоор улс орон даяар хамарсан сургалтыг зохион байгуулахад боломж, бололцоо хангалтгүй байна. Ихэнх үйл ажиллагаагаа Улаанбаатар хотод явуулдаг бөгөөд зарим аймаг, сумдын засаг, захиргааны хүсэлтээр очиж сургалтаа явуулдаг.

Ер нь хөдөө орон нутгийн хүүхдүүд, ялангуяа охид эрхийнхээ талаарх мэддэг байх асуудлыг улс орон даяар ярих зайлшгүй шаардлага үүссэн. Охидын эрх гэж юу вэ, эрхээ хэрхэн хамгаалах вэ, ямар тохиолдолд эрх нь зөрчигдөж байгаа талаар мэдлэг ойлголтыг олон давтамжтай олгох хэрэгтэй.

Ийм мэдээлэл хомс учраас хөдөө орон нутагт охидын үзлэгийг одоог хүртэл хийсээр байна. Харин хот орчимд тус асуудал зогссон гэж үзэж болно. Хотын охид харьцангуй эрхээ хамгаалах мэдлэг, ойлголттой болчихсон нь анзаарагдаж байгаа. Жишээлбэл, тэднийг охидын үзлэгээр оруулна гэхэд “Бидний эрхийг зөрчөөд байна” гэж хэлээд, энэ талаар эрх зүйн чадамжтай, өөрийг нь хамгаалж болохуйц хүмүүст мэдэгддэг болсон байна. Харин орон нутгийн хүүхдүүд мэдээлэл, ойлголтгүйн улмаас орох л ёстой юм байна гэж боддог. Тиймээс хөдөө орон нутагт энэ асуудлыг илүүтэй яримаар байгаа юм.

-Хэрвээ охид эрхээ мэдээд эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд эргээд дарамтад орох, ялгаварлан гадуурхалтад өртөх эрсдэл гарч болохоор?

-Тэгэлгүй яах вэ. Тэгэхээр охидын эрхийн тухай ойлголтыг бүх хүнд тэгш өгөх ёстой болж байна. Жишээлбэл, зөвхөн охидыг чадавхжууллаа гэхэд тэр үзлэгийг зохион байгуулж, бэлэг эрхтнийг нь үзэж байгаа эмч нар, мөн хамруулж байгаа сургуулийн захиргаа, багш, эцэг, эхчүүд охидын эрхийн талаар наад захын мэдлэгтэй байх шаардлагатай. Иймд энэ асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Мэдээж хугацаа шаардагдана. 

-Охидын үзлэг нь нэг гараараа хамгаалж байгаа мэт боловч нөгөө гараараа эрхэнд нь халдаж байна. Гэвч жил ирэх тусам охид хүсээгүй жирэмслэлт, БЗХӨ-өөр өвчлөх нь өссөөр байгаа судалгаа гарсан. Иймд охидын үзлэгийг ор мөргүй байхгүй болгоно гэхэд бүүр ч их эрсдэлтэй юм шиг. Таны бодлоор охидын үзлэгийг ямар хэлбэрээр явуулбал хүний эрхийг эрхэмлэсэн байх вэ?

-Охидын үзлэг нь сайн дурын үндсэн дээр, эрүүл аюулгүй орчинд мэргэжлийн хүн хүний эрхийг дээдэлж хийх ёстой. Сайн дурын үндсэн дээр гэдэг нь тэр охин хэзээ ч үзлэгт хамрагдаж боломжтой байна гэсэн үг. Хүний эрхийг дээдэлнэ гэхээр тухайн үзлэг, эмчилгээ хийж байгаа эмчийн зан харилцаа нь сайхан мэдрэмж төрүүлэхүйц байх, мөн нууцыг нь чанад хадгалах ёстой юм. Өөрийн биед гарч байгаа өөрчлөлт, эрүүл мэндээ хамгаалах ёстой гэдгээ охид маань ухамсарлах хэрэгтэй байна. Ингэхийн тулд дахиад л мэдлэг, мэдээлэл, ойлголттой байх хэрэгтэй болж байгаа юм.

-Бусад улс орнуудад охидын үзлэг хэмээх ойлголт байдаг уу?

-Зарим улс орнуудад охидын үзлэгийг бүүр хуулиараа хориглосон байна. Тэр тусмаа ямар улсад хориглосон байна вэ гэхээр эмэгтэйчүүдийг гивлүүр зүү гэж шаарддаг Афганистанд хүртэл охидын үзлэгийг явуулах юм бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэчихсэн байна. Манайд л охидын үзлэг гэж нэрлэсэн байгаа боловч энэ нь агуулгаараа онгон эсэхийг нь шалгаж байгаа явдал юм. Бичиг баримт, судалгаа шинжилгээндээ л охидын үзлэг хийдэггүй мэт боловч яг үнэн хэрэгтээ хийгдсээр л байна.

Салбар яамны зүгээс гаргасан нөхөн үржихүйн үйл ажиллагаатай холбоотой заалт дээр нь охидыг эрт жирэмслэлтээс хамгаалах гэдэг зүйлийг хөдөө орон нутгийн эмч нар уламжлалт арга барил руу хувиргаж ажиллаж байна. Хувиргаж байна гэдэг нь цаасан дээрх заалт эцсийн бүлэгтээ охидын үзлэг л болж байгаа юм. Манай байгууллага энэ тал дээр ажиллахдаа бичиг баримт, эрх зүйн орчин нь асуудалгүй болсон юм бол тухайн үзлэгийг зохион байгуулаад байгаа эмч нарт яагаад охидын үзлэг хийж болохгүй вэ гэдэг ойлголтыг өгөхөөр зорин ажиллаж байна.

-Хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгчдийн 85 хувь нь хохирогчдын ойр дотнын хүмүүс байдаг гэсэн судалгаа гарчээ. Иймд гэмт хэрэг үйлдэгчид оноосон жилийг бууруулах, ялаас мултрах тохиолдлууд ч байдаг юм байна. Гэвч энэ бол санаатай үйлдсэн хэрэг шүү дээ. Тэр хохирогч охины хувьд насан туршид нь бодогдох хэрэг байхад ялын хэмжээг багасгаж болно гэхээр л харгис санагддаг?

-Ямар төрлийн хүчирхийлэл гэдгээсээ хамаарч өөр өөр байдаг. Ихэвчлэн бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдэж байгаа гэмт хэрэгтэн нь ураг төрлийнх нь хүн байдаг. Манай улсын хуульд хүчирхийллийг төрлөөр нь ангилж авч үздэггүй. Жишээлбэл, ураг төрлийн, болзооны, гудамж талбайн гэх мэт хүчин байвал гэдэг задалсан ангилал байхгүй бөгөөд маш цөөхөн ангилалтай. Мөн үйлдлээр нь ангилсан ойлголт ч байхгүй. Хүчингийн гэмт хэргийг төгс хүчин буюу үйлдэгдэж дууссан гэсэн байдлаар нь ял оноодог тогтолцоотой. Гаднын улс оронд хөх, бөгсийг нь барих, бусад хэсэгт хүрэх нь хүртэл зүйлчлэлтэй байдаг.

Гэтэл манайд бэлгийн хүчирхийллийн хэрэгт хойд эцэг, өвөө, ах нь ч юм уу холбогдоход ял завших, ялаас мултардаг. Үүнээс гадна хохирогч хүчирхийлэлд өртсөн гэдгээ мэдэгдэхгүй, далд хэлбэрт үйлдэгдсээр байгаа гэмт хэрэг олон байгаа.

Тэгэхээр охидыг мэдээлэлтэй болгохоос гадна бүх л хүн энэ талын ойлголттой байх нь л чухал байна. Ойр тойрны хүмүүс, багш, эмч, нийгмийн ажилтан гэх мэт хүмүүс сэжиг бүхий зүйл ажиглавал мэдээлэх нь тэдний үүрэг юм. Одоо бол нийтлэгээрээ л ойлголт, мэдлэг муу байна. Монголчууд хүүхдийг хайрладаггүй, тэднийг сонсдоггүй, хүндэлдэггүй ард түмэн учраас хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй, улам газар аваад байна. Хүүхэд уйлж л байхад тоодоггүй, ганцаараа явж байхад нь ч тэр, аав ээждээ загнуулж, зодуулж байхад нь ч үл хайхардаг. Иймд манай үндэстний хандлага нь өөрөө хүчирхийлэл нэмэгдэхэд нөлөөлж байна. Сүүлд Сонгинохайрхан дүүргийн нэг сургуулийн багш сурагчдаа элдвээр нь хэлж, харааж зүхэж байгаа бичлэг цацагдсан. Багш хүн хүртэл сурагчдаа хүчирхийлээд байхад хүчирхийлэл буурна гэж ярихад маш хэцүү шүү дээ.

-ЕБС-ийн биологи, эрүүл мэндийн хичээл дээр амьдралд ойр, тулгарч болох эрсдэлийг нь заамаар юм шиг санагддаг. Ингэснээр танай байгууллагын үйл ажиллагаанд хүртэл мэдэгдэхүйц тус болох байх?

-Тустай байлгүй яах вэ. Бид бүхэн янз бүрийн хөтөлбөр санаачилдаг. Гэвч БШУЯ тийм ч онгорхой чихтэй газар биш шүү дээ. Цөм хөтөлбөрийнхөө хүрээнд охидын эрхийн талаар заадаг ч чанарын асуудалтай зүйл байдаг. Тийм учраас л энэ хүүхдүүд олноороо жирэмсэн болж, БЗХӨ авч, хүчирхийлэлд өртөөд байна. Үүнийг том зургаар нь харахад олон жилийн дараа эдгэшгүй хүнд өвчин тусах үндэс нь болж байгаа юм. Яагаад монголчууд хавдраараа тэргүүлдэг болсон, савны хавдрын тоо өсөх болсон нь багаасаа л эрүүл мэндийн боловсрол хангалтгүй авч байсантай холбоотой. Одоо хавдрын эмнэлгийн дараалал дийлдэхгүй болсон.

-2021 онд үр хөндөлт хийл­гэсэн 12043 эмэгтэй байгаагийн 564 тохиолдол нь өсвөр насны буюу 12-17 насны охид байна гэсэн судалгаа гарсан. Үүний цаана хувийн эмнэлгээр үр хөндөлт хийлгэсэн болон үр зулбуулах эмийг хэрэглэсэн тохиолдлууд байдаг байх?

-Нэг үеэ бодвол үр хөндөлт хийдэг хувийн эмнэлгүүд харьцангуй буурсан. Д.Ламжав сайдын үед маш олон хувийн үүдэн эмнэлгүүдийн үр хөндөлт хийх эрхийг хязгаарласан. Харин одоо нэгдсэн, бүрэн үйлчилгээ үзүүлж чадахуйц эмнэлгүүд үр хөндөлт хийж байгаа. Гэхдээ үүний цаана зөвшөөрөлгүй эмнэлгүүд үр хөндөлт хийсээр байна. Дээрх 564 гэдэг тоо бол зөвхөн бүртгэгдэж байгаа л тохиолдол. Үр хөндөлт хийлгэхээс гадна үр зулбуулах эмийн замбараагүй хэрэглээ буураагүй.

Манай байгууллагын хийсэн судалгаагаар жилдээ 7000-8000 өсвөр насны охин жирэмсэн болдог бөгөөд 50 хувь нь үр хөндөлт хийлгэж, 50 хувь нь хүүхдээ төрүүлдэг аж. Тэгвэл жилд 15-19 насны 3500-4000 охин үр хөндөлт хийлгэж байна.

-Охидын хэдэн хувь нь хүсээ­гүй жирэмслэлтэд өртдөг вэ?

-Ерөөсөө л жирэмсэн болсон охидын 80-85 хувь хүсээгүй болон төлөвлөөгүй жирэмслэлт байдаг. Манай судалгаагаар 15-19 насандаа төрсөн ээжүүдийн 70 хувь нь хүүхдээ ганцаараа өсгөдөг гэж гарсан. Иймд манай байгууллага эдгээр залуу ээжүүдийн хөгжих боломжийг нээхэд нь тусалж ажилладаг.

-Хөгжих боломжийг нээхэд нь тусалж ажилладаг гэлээ. Энэ талаараа бидэнтэй хуваалцахгүй юу?

-Манайд “Залуу эхчүүдийг чадавхжуулах хөтөлбөр” гэж хэрэгждэг. Энэхүү хөтөлбөр маань хоёр том бүлэгтэй. Нэгдүгээрт, бид нар нийгмийн ажлын үйлчилгээг охидод мэргэжлийн түвшинд, онол практикийн үүднээс туслалцаа үзүүлдэг. Манайхан хүнд тусална гэдгийг сайхан сэтгэлтэй байхад болно гэж ойлгодог. Энэ нь маш буруу юм. Яагаад гэвэл хүний амьдралын асуудал нь маш эмзэг сэдэв байдаг. Тиймээс бид зөвлөгөө, бүлгийн ярилцлага, сэтгэл заслын болон дэмжих үйл ажиллагаа явуулдаг. Ийнхүү нийгмийн ажлын үйлчилгээндээ хамрагдсаны дараа чадавхжуулах ажил хийж эхэлдэг. Үүнд сургалт болон олон төрлийн үйл ажиллагаанд хамруулж, байгууллагуудтай танилцуулж, тэднийг дэмжиж ажилладаг. Түүнээс биш бид нар өсвөр насны ээжүүдэд бэлэн эд материалын туслалцаа огт үзүүлдэггүй. Хамгийн гол нь хувь хүнийг өөрийг нь чадавхжуулах л асуудал юм. Чадавхжуулах сургалт маань бүтэн жилийн турш үргэлжилдэг. Энэхүү сургалтдаа залуу эхчүүдийг хамруулснаар өөрийн гэсэн зорилго, тэмүүлэлтэй, олон төрлийн ур чадвартай залуу эмэгтэйчүүдийг бий болгохоор зорьж ажилладаг.

-Танай байгууллага 2003 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд хэч­нээн ээжид хүрч ажилласан бол?

-Манай байгууллага жилдээ 50-60 залуу ээжтэй ажилладаг. Ингээд бодоод үзэхээр бид нар хамгийн багадаа 1000 залуу ээжтэй ажиллажээ. Эдгээр ээж нартайгаа эргээд холбоотой байж, шинэ залуу ээжүүдэд амьдралын туршлагаа хуваалцдаг. Зарим ээжүүд маань энэ төвдөө ажиллаж байна.

-Дөрвөн хүүхэд тутмын гурав нь сэтгэл санааны хүчирхийлэл, гурван хүүхэд тутмын нэг нь үл хайхрах хүчирхийлэл, найман хүүхэд тутмын нэг бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгааг ХЭҮК-оос гаргажээ. Үүнээс харахад эрүүл нийгмийн харилцааг бүрдүүлэхэд маш том доголдол үүсэж байгаа харагдаж байна?

-Ер нь бол хүчирхийлэл манай улсад маш өндөр байгаа. Хүчирхийллийн хүнд хэлбэр буюу босож чадахгүй болтлоо зодуулах, хөл, гараа нь хугалуулах, хутгалуулах, хазуулах, гудамжинд хаягдах, хувцас, хоол ундгүй тохиолдлуудыг л сенсацлаад, онцолж яриад байдаг. Түүнээс гадна хүнд ч бай хөнгөн ч бай ямар нэгэн хэлбэрээр хүчирхийлэлд өртөж үзээгүй Монгол хүн байхгүй байх. Хүүхдээ олон нийтийн газар загнах, анхаарал халамж тавихгүй байх, гэрт нь хоол ундгүй, хараа хяналгүй орхих зэрэг нь үл хайхрах хүчирхийлэл болж байгаагийн л нэг хэлбэр.

-Охид, эцэг, эх, багш, асран хамгаалагч гээд охидыг хүрээлэн буй хүмүүс охидын эрхийн талаар ямар мэдээлэлтэй байх ёстой вэ?

-“Аюулгүйн төлөвлөгөө” гэдэг зүйлийг л эцэг, эх, асран хамгаалагчид хэрэгжүүлдэг болох хэрэгтэй байна. Жишээлбэл, бэлгийн хүчирхийллээс хамгаалах аюулгүйн төлөвлөгөө байх ёстой. Ямар тохиолдолд бэлгийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдэж тийм нөхцөлд хүүхдээ үлдээхгүй байхад анхаарах хэрэгтэй. Хамгийн энгийн жишээ бол “хэзээ ч нэг эрэгтэй хүнтэй эмэгтэй хүүхдийг үлдээхгүй байх” юм. Коронавирусний үед маск зүү гэдэгтэй адил хүүхдийг хүчирхийлэлд өртүүлэхгүйн тулд аюулгүй орчныг бүрдүүлэх л хэрэгтэй. Хамгийн гол нь хараа хяналт. Манайхан хараа хяналт гэхээр үргэлж хараад сууж байх юм шигээр ойлгодог. Тийм биш юм.

Хамгийн сүүлд манай дээр ирсэн нэгэн кейсийг дурдъя. Эцэг, эхтэйгээ хамт амьдардаг, гадуур хонодоггүй 13 настай охин жирэмсэн болсон байсан. Тэр эцэг, эхийн зүгээс бол “Бид хараа хяналтаа сайн тавьдаг. Өглөө ажил, сургуульдаа яваад орой гэртээ цугладаг” гэсэн юм. Гэтэл охины хичээл өдөр тардаг. Орой болтол хаагуур явж байгаа эсэхийг нь хайхраагүй л байна гэсэн үг. Тиймээс эцэг эхчүүд маань хүүхэд рүүгээ ядаж хоёр цаг тутам залгаж ярих хэрэгтэй.

-Охидын эрхийн тал дээр тогтолцооны ямар асуудлууд байна вэ?

-Охидын эрхийн талаар дэлхий нийтээрээ яриад 10 жил болж байхад манай улсын төрийн байгууллагууд үүнийг төдийлөн анхаарахгүй байна. Одоо хүртэл эрэгтэй, эмэгтэй хүүхдийг ялгаж үзэхгүй гэдэг зүйлийг ярьсаар л байгаа. Гэтэл эрэгтэй, эмэгтэй хүүхэд биологийн онцлогоосоо шалтгаалаад өөр өөр хэрэгцээ, асуудал байгаа гэдгийг олж харах ёстой. Аль ч орчинд охидын өвөрмөц байдлыг хамгаалсан, хэрэгцээг хангасан, эрхийг нь хамгаалсан тогтолцоо хэрэгтэй байгаа. Жишээлбэл, сарын тэмдэг ирдэг онцлогт нь тохирсон ариун цэврийн өрөө, ариун цэврийн хэрэглэл, хувцас солих өрөөг тогтолцоогоор нь өөрчлөх хэрэгтэй.

-“Гүнж” төв үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 20 жилийн ойн босгон дээр иржээ. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх үү?

-Үйл ажиллагаагаа өргөжүүлье гэж боддоггүй. Одоо явуулж байгаа үйл ажиллагаагаа л илүү чанартай хийж, үр дүнд хүргэх нь л бидний зорилго. Ажил маань үргэлж охидын эмзэг асуудалтай тулдаг учраас тийм ч амар биш. Гэхдээ бид цөөхүүлээ ч гэсэн хийж байгаа зүйлдээ сэтгэлээ зориулж, гүйцэтгэлээ давуулан биелүүлж, маш өргөн хүрээтэйгээр ажиллаж чадаж байна.

 

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.72.120) 2023 оны 01 сарын 09

Хүүхэдтэйгээ зэрэгцээд хүүхдийн мөнгө авч сууснаас аборт хийлгэсэн нь дээр л дээ. Тийм 2 амьтан цаашдаа яахав? Маш хүнд.

0  |  0
DR. PRADHAN(197.211.53.59) 2023 оны 01 сарын 09

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(197.211.53.59) 2023 оны 01 сарын 09

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Bujin(94.239.109.128) 2023 оны 01 сарын 09

9 nastaigaasaa l aaviin ah , duu nariin huuhdiudiig harj, geriig ni tseverledeg bsan daa, barag l zarts ni , hicheenee davtah ch zavgyu bsan daa huuhed bas min.

0  |  0
Top